Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2023/0549/З |
Дугаар | 128/ШШ2024/0520 |
Огноо | 2024-06-17 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2024/0520
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Шар-Өвгөний Эрдэнэтуяа /РД:ЗЮ70102368/,
Хариуцагч: Биокомбинат ТӨХХК,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс /гишүүн эмч Л.Мэдэхгүй/,
Маргааны төрөл: хурц хордлогын дүгнэлт гаргуулах, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон актыг дахин гаргуулах, энэ хугацааны цалин гаргуулахаар маргасан хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч "Биокомбинат" ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мандахсайхан, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн төв комиссыг төлөөлж Ц.Гансүх, хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлалын комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0528890 дугаартай хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон актыг хүчингүй болгуулах, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01-06-079/126 тоот Хурц хордлогын тухай дүгнэлтийн дагуу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоохыг даалгах, хөдөлмөрийн чадвар алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар сэргээгдэх эсхүл тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох хүртэл хугацаанд цалин тэтгэмж олгуулах, цалингийн зээл 12,893,649 төгрөг, түүнийг хурц хордлогод орсон хугацаанд асарсан дүү н.Туяагийн цалингийн зээл 13,677,661 төгрөг гаргуулах.
Хоёр. Маргааны үйл баримтын талаар.
1. Биокомбинат УТҮГ-ын дэргэдэх үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын 2020 оны 02 дугаар сарын 06, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрүүдийн актаар Биокомбинат УТҮГ-ын ажлын байранд Суперкил, Ликон нэртэй бодисоор ариутгал халдваргүйжүүлэлт хийсэнтэй холбоотой нэр бүхий ажилтнууд хурц хордлогод өртсөнийг тогтоосон, нэхэмжлэгч Ш.Эрдэнэтуяаг ажлын чиг үүрэгтээ хайхрамжгүй хандсанаас уг хордлого үүссэн үндэслэлээр түүнд хурц хордлогын байдал тогтоогдоогүй гэж[1] үзсэн.
2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Хурц хордлогын тухай 01-06-079/126 дугаар дүгнэлтээр Биокомбинат УТҮГ-ын дэргэдэх үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын актыг хянаад Ш.Эрдэнэтуяаг ажил олгогчийн шийдвэрийн дагуу үүргээ гүйцэтгэх явцад химийн бодисын хурц хордлогод өртсөн, хордлогын шинж тэмдгээр Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн байх тул комиссын шийдвэр гаргах үндэслэлтэй гэжээ.[2]
3. Ш.Эрдэнэтуяа нь комиссын шийдвэрийг эс зөвшөөрч, үйлдвэрлэлийн ослоос үүдэлтэй тэтгэмж тогтоолгох тухай хүсэлтээ Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2021, 2022 онуудад гаргаж, хариу авч байжээ.
4. Тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2/50 дугаартай албан бичгээр ...комиссын шийдвэр болон улсын байцаагчийн дүгнэлт зөрүүтэй, уг асуудал шүүхийн шатанд байгаа тул хурц хордлогын шалтгаанаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох боломжгүй гэх[3], 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ...шүүхийн шийдвэрээр улсын байцаагчийн дүгнэлтийг хэвээр үлдээсэн тул Засгийн газрын 2021 оны Дүрэм шинэчлэн батлах тухай 67 дугаар тогтоолоор батлагдсан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 4 дэх хэсгийн 4.10.3-д заасны дагуу Ш.Эрдэнэтуяагийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг яаралтай шийдвэрлэ... гэх албан бичгийг Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комисст хүргүүлсэн байдаг.[4]
5. Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дэргэдэх Мэргэжлээс шалтгаалсан өвчний Эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комиссын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0528890 дугаар актаас Ш.Эрдэнэтуяагийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар 12 сараар тогтоож шийдвэрлэжээ.[5]
6. Нэхэмжлэгч Ш.Эрдэнэтуяа нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд хандаж ...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын ахлах байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01-06-079/126 тоот хурц хордлогын тухай захиргааны эрх зүйн актын биелэлтийг албадан гүйцэтгэхийг даалгах, нэхэмжлэгч Ш.Эрдэнэтуяад Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0528890 дугаартай хөдөлмөрийн чадвар алдсан хувь, хугацааг тогтоосон актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Биокомбинат ТӨХХК, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс /гишүүн эмч Л.Мэдэхгүй/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Мэргэшлээс шалтгаалах өвчний Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс /орлогч дарга Ц.Гансүх/ нарт холбогдуулан гаргасны дагуу захиргааны хэрэг үүсгэсэн.
Гурав. Маргаж буй үндэслэлүүд.
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: 1/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын ахлах байцаагчийн дүгнэлт 2020.04.09 өдрийн 01-06-079/126 тоот Хурц хордлогын тухай захиргааны эрх зүйн актын биелэлтийг албадан гүйцэтгэхийг даалгах, 2. нэхэмжлэгч Ш.Эрдэнэтуяад Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын 2022 оны 10 сарын 27 өдрийн 0528890 дугаартай хөдөлмөрийн чадвар алдсан хувь, хугацааг тогтоосон актыг хүчингүй болгуулах,
Осолдогч-хохирогч-даатгуулагч Ш.Эрдэнэтуяагийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын ахлах байцаагчийн дүгнэлт 2020.04.09 өдрийн 01-06-079/126 тоот Хурц хордлогын тухай захиргааны акт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д захиргааны эрх зүйн актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй нөхцөлөөр хуульчлагдсан. 62.1.1 эрүүл байх, амьд явах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх зүйн акт, 62.1.2 тэтгэмж цалин, тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоолгох эрх зүйн акт, 62.1.4-д хуульд заасан тохиолдолд гэдэг нь: хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29.1, 28.4 Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар тахир дутуугийн тэтгэвэр, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж-цалин 100 хувь, хөдөлмөрийн чадвар түр алдсаны улмаас тахир дутуу болсон хөдөлмөрийн чадваргүй болсон даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийг сувилахад ногдох тусламж үйлчилгээ хувьсах зардал болон бусад хуульд заасан эрхийг эдлүүлэхээр ажил олгогч Энх-Амар болон бусад хариуцагчид шүүхээр үл маргах журмаар хэрэгжүүлэхээр хуульчлагдсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 327 шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.07.06-ны өдрийн 476 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2022.10.06-ны өдрийн 388 дугаар тогтоолоор улсын байцаагчийн акт хуульд нийцсэн бөгөөд Ш.Эрдэнэтуяад хурц хордлогын тухай акт гаргах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх шийдвэрээ гаргасан.
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ. Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа богино хугацаанд цацраг идэвхт буюу химийн бодисын нөлөөгөөр хордохыг хурц хордлого гэнэ. Хурц хордлогыг үйлдвэрлэлийн осолтой адилтган үзнэ гэж заасан. 2/ Дараахь нөхцөл байдалд гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод даатгуулагч өртсөн тохиолдолд энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгоно: 1/ ажлын байрандаа болон бусад газарт ажил үүргээ гүйцэтгэх явцад; 5.1. Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар буюу байнга алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. 2. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 30.2.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас бий болсон хөдөлмөрийн чадвар алдалт, түүний хувь хэмжээ, хугацааг Эрүүл мэндийн магадлалын зөвлөл шийдвэрлэнэ гэж хуульчилсан.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 29.3-д Нийгмийн даатгалын төв байгууллагын дэргэд эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, аймгийн болон нийслэлийн дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын дэргэд эмнэлэг хөдөлмөрийн магадлах орон нутгийн комисс ажиллана гэж заасан.
Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолоор баталсан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм 4.10.11.үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтооход энэ дүрмийн 4.10.2-т зааснаар... харьяа дүүргийн эрүүл мэндийн төвийн хяналтын эмч орон нутгийн комисст Хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын ахлах байцаагчийн дүгнэлт 2020.04.09 өдрийн 01-06-079/126 тоот Хурц хордлогын тухай захиргааны эрх зүйн актыг үндэслэн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан хувь хэмжээ хугацааг тогтоохоор хуульчилсан байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт хэвтэх үеийн өвчний түүх оношийн талаар ирүүлсэн лавлагаа цианид аюулт бодисын дэгдэлтэд өртсөнөөр олон эрхтэн тогтолцооны бүтэц үйл ажиллагаа алдагдаж, олон эрхтний дутагдалд орж, амь тэмцэхэд хүрч...шинжилгээний хариунууд баримтуудыг шүүх шинжлэн судалж шийдвэрээ гаргасан.
Хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалтын 2-н Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалтын 2.6-д Бусад органик бус бодисын хордого, цианид, бусад органик бус бодисуудад хордсон өвчний 2.2.6-4/г/ өвчний хүнд үе 2.2.6 /г/ гэсэн заалтаар,
Хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын ахлах байцаагчийн дүгнэлт 2020.04.09 өдрийн 01-06-079/126 тоот Хурц хордлогын тухай, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, Онош: Үндсэн оношийн код Т57 цианид, бусад органик бус бодисуудад хордсон.
Хөдөлмөрийн чадвар алдалтыг 88 хувиар 24 сараар нөхөн тогтоож, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 9-р зүйлд тахир дутуу болсныг нөхөн тогтоох, тэтгэврийг нөхөж олгох, энэ зүйлийн 9.2-д зааснаар Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар нь нөхөн сэргээгдэхгүйгээр тогтоогдсон бол тухайн хугацааны тэтгэврийг бүрэн нөхөж олгуулахаар заасны дагуу Ш.Эрдэнэтуяад нөхөн тогтоолгож, тухайн хугацааны тэтгэврийг бүрэн нөхөн олгуулахаар, хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссынгишүүн эмч Л.Мэдэхгүйгээр албадан гүйцэтгүүлж өгнө үү.
2/ Хариуцагч Биокомбинат ТӨХХК ажил олгогч Энх-Амар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29.1.Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн иргэн, ажилтныг өөрийн зардлаар эмнэлэгт хүргэх, шаардлагатай үзлэг шинжилгээний зардлыг хариуцах, осол, хурц хордлогын хор уршгийг 24 цагийн дотор арилгаж, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн ажиллах журмынхаа 3.13-д заасны дагуу 72 цагийн дотор осолдогч даатгуулагч Ш.Эрдэнэтуяагийн улсын байцаагчийн дүгнэлтийн биелэлтийг гүйцэтгүүлэхээр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргэж тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгуулах үүргээ биелүүлээгүй орхигдуулсан.
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцож олгоогүй, 15 дугаар зүйлийн 15.1-д хөдөлмөрийн чадвар алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар сэргээгдэх эсхүл тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох хүртэл хугацаанд цалин тэтгэмж олгоогүй хохироосон.
Энэ хуулийн 4-р зүйлд зааснаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн даатгуулагчид шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан тэтгэмж 2019 оны 10 сараас 2023 оны өнөөг хүртэл цалин тэтгэмж олгоогүй хохироосон, цалин хөлс тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан, хожимдуулсан хоног тутам 0.3 хувийн алданги тооцож олгоогүй хохироосон, тахир дутуугийн тэтгэврийг олгоогүй хохироосон, хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр 45.288.000 төгрөг олгоогүй хохироосон, Хөдөлмөрийн хуулийн 97-р зүйлийн 97.1.1-д зааснаар нөхөн төлбөр 846.592*18 сар 15.238.656, 3 жилийн хугацаанд 45.715.968 төгрөгийн нөхөн төлбөр олгоогүй хохироосон
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.4-т зааснаар амь нас эрүүл мэндийн даатгалд 30.477.312 төгрөг олгоогүй, цалингийн зээл 13,677,661 төгрөг төлөөгүй хохироосон, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, сэтгэл санааны хохирол барагдуулаагүй хохироосон, нэр төр алдар хүндийг гутаан доромжилсон тул зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлж, хохиролгүй болгож өгнө үү.
Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Мэргэшлээс шалтгаалах өвчний Эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комисс хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгааныг илт үндэслэлгүй, хувь хэмжээ хугацааг буруу тогтоосон. Улсын байцаагчийн болон шүүхийн шийдвэрийг үндэслээгүй.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлсэн.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д Ажил олгогч энэ зүйлийн 29.1, 29.2-т заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл үйлдвэрлэлийн осол гарсан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг иргэн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо хөдөлмөрийн мэргэжлийн хяналтын байгууллага болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэсэн заалтыг үндэслэсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэхүү заалт нь ажил олгогч ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүргээ биелүүлээгүй, ослын актыг тогтоогоогүй, осол, хурц хордлогоос үүдэлтэй тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсийг өгөөгүй, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоох эрх зүйн акт гаргаж өгөөгүй бол ажилтан буюу гуравдагч этгээд би шүүхэд гомдол гаргах эрхтэй. Гэтэл миний шүүхэд гомдол гаргах хуулийн заалтыг үндэслээд ажил олгогч нэхэмжлэл гаргасан байдаг.
Миний бие 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цаг 00 минутаас 16 цаг 40 минут хүртэл 2 цаг 40 минут ариутгал, халдваргүйжүүлэлтийн голомтод ажилласан. Манай байгууллага малын эмийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага. Гэтэл ажилчдаа ахуйн хүрээнд хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны чиг үүргийн тодорхойлолтод тусгагдаагүй ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг Ш.Эрдэнэтуяа надаар 2019 оны 04 дүгээр сарны 20-ны өдрөөс хойш гүйцэтгүүлсэн. Ариутгал, халдваргүйжүүлэлтийг ажлыг тусгай зөвшөөрөлтэй байгууллага хийдэг. Мөн тухайн жил бүр ахуйн хүрээнд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил хийх бодисын жагсаалт гэж гардаг. Гэтэл Super kill болон ликон гэсэн бодисууд нь ахуйн хүрээнд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил хийх бодисын жагсаалтад бүртгэгдээгүй байна. Энэ талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Би ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг 2 цаг 40 минут гардан гүйцэтгэсэн учраас богино хугацаанд хурц хордсон. Улсын байцагч бодисыг хураан авч явахдаа ахуйн хүрээнд ашиглах ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын жагсаалтад бүртгэгдээгүй болохыг хэлсэн. Гэтэл биднээр байгууллагын бүх өрөө, тасалгаанд тухайн бодисоор мөөгөнцрийн эсрэг ариутгалын ажил хийлгэсэн. Нэгдүгээр бодисыг зориулалтын бусаар ашигласан байна. Хоёрдугаарт тухайн Super kill болон ликон гэсэн бодисын хор аюулын лавлах мэдээлэл, шинжилгээ баталгаажилтыг, найруулах аргачлал, зааврыг үйлдвэрлэсэн байгууллага бүрэн хариуцна гэж хуульд заасан. Гэтэл Super kill гэсэн бодисыг 2014 оноос эхлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын компани нийлүүлсэн байдаг. Super kill гэсэн бодисыг мал эмнэлгийн зориулалтаар ашиглах, малын өтөг, бууц, хашаа, хороог ариутгах бодисын жагсаалтад бүртгэлтэй байдаг. Харин Ликон гэх бодис нь аль, алинд нь бүртгэлгүй болохыг нотолсон баримтыг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Ажил олгогч маань 48 цагийн дотор ослын актыг судлан бүртгэх үүрэгтэй. Хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэж яваад миний бие хурц хордсон. Би 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр буюу баасан гарагийн 18 цаг гэж гэртээ очоод хамраас цус гарч, бөөлжиж, дотор муухайрсан. Даваа гарагт байгууллагадаа миний эрүүл мэндийн байдал маш хүнд байна, би химийн бодист хордчихлоо, энэ ажлыг биднээр битгий хийлгэ, тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар нь ариутгал, халдваргүйжүүлэлтийг ажлыг гүйцэтгүүл гэж хэлсэн. Би 09 дүгээр сарын 24-ний өдөр ажилдаа очиход ариутгалын ажил хийсэн хүмүүс бидний бие маш хүнд байна, мэргэжлийн хяналтын байгууллага дуудахгүй байна, бодисын найрлага тодорхойгүй байхад дур мэдэн эмчлээд байна гэсэн. Иймд би мэргэжлийн хяналтын байгууллага дуудсан. Миний дуудлагаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч З.Мөнхтуул, н.Зураач нар ирж шалгасан. Мөн миний гомдлоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас улсын байцаагч н.Удвал, н.Мөнхбат нар болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн улсын байцаагч н.Гантөмөр ирж манай байгууллагад шалгалт хийгээд тусгай зөвшөөрөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзээд албан даалгавар хүргүүлсэн байдаг. Богино хугацаанд хурц хордсон бол Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Засгийн газрын 269 дүгээр тогтоолыг үндэслээд зайлшгүй ослын акт тогтоох ёстой байтал тогтоохгүй байсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2019 оны 12 дугаар 26-ны өдрийн албан бичгээр ...таны өргөдлийн дагуу шалгалт хийлээ. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хийгдсэн ариутгалын улмаас гарсан хурц хордлогыг судлан бүртгэх акт үйлдэн мэргэжлийн хяналтын байгууллагаар баталгаажуулаагүй байх тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд заасны дагуу хурц хордлогыг судлан бүртгэж, акт үйлдэн мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлэх тухай албан бичгийг явууллаа гэсэн хариуг надад ирүүлсэн. Би маш олон эмнэлэгт хандсан. Эмнэлгээс ямар найрлагатай, ямар бодисоор ариутгал хийсэн бэ гэж асууж байсан. Гэтэл бидэнд бодисын найрлага байгаагүй. Тухайн бодисын найрлага тодорхойгүй байсан учраас олон эмнэлэгт хандсан. Энэ хугацаанд миний элэгний эс задарсан, элэг маань хатуураад маш жижиг болсон. Уушгины угийн бүтэц хатуурсан, уушгинаас зүрхэнд хүрдэг артерийн судас цүлхийлсэн, голын судас хатуурсан, зүрхний булчингийн үйл ажиллагааг алдагдуулсан. Үүний улмаас ямар ч хөдөлмөрлөх чадваргүй болоод байна. Үүнтэй холбоотой нотлох баримтуудыг хавтаст хэрэгт өгсөн. Энэ нь богино хугацаанд хурц хордсоноос болсон. Миний хөдөлмөрийн чадвар алдалт, хувь хэмжээ, хугацааг харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтоох үүрэгтэй. Гэтэл ажил ажил олгогч ослын актыг бүртгэж, тогтоогоогүй. Холбогдох байгууллагуудаас хуульд заасан үүргээ биелүүлэхийг шаардсан албан бичгийг явуулсны дагуу 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр надад ганцхан ослын акт тогтоогүй, бусад хүмүүст ослын акт тогтоосон байдаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.2-т заасныг үндэслээд ослын актыг хүлээн зөвшөөрөөгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй гэж хянан баталгаажуулаад чиг үүргээ хэрэгжүүлэн дүгнэлт гаргасан байдаг. Дүгнэлтэд ариутгал, халдваргүйжүүлэлтийн голомтод ажилласны дараа эрүүл мэнд нь өвчилсөн учраас энэ хүнд ослын акт тогтоох үндэслэлтэй. Ослын актыг буруу тогтоосон учраас улсын ахлах байцаагч дүгнэлтээ гаргасан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүргээ биелүүлэхгүй, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж олгохгүй гэдэг.
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 3.13-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судалж бүртгэсэн акт, дүгнэлтийг 4 хувь үйлдэж, харьяа нийгмийн даатгалын хэлтэс, орон нутгийн хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хүргүүлэх бөгөөд осолдогч буюу түүний гэр бүлд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судалж бүртгэсэн актыг өгнө гэж заасан. Гэтэл Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст акт, дүгнэлтийг өгөөгүй учраас Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс ...ослын акт гараагүй. Хурц хордлогын заалт байхгүй тул Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/39, А/12 дугаар тушаалаар даатгуулагч иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн өвчний жагсаалтыг хувь хэмжээ, хугацааг ердийн өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох боломжгүй байна гэсэн шийдвэр гаргасан байдаг.
Ослын актыг 48 цагийн дотор ажил олгогч тогтоох үүрэгтэй. Гэтэл ослыг актыг тогтоохгүй байсан. Удаа дараа мэргэжлийн хяналтын байгууллагад гомдлоо гаргахад ослыг актыг тогтоох шаардлага тавьсан. Гэтэл надад холбогдох ослын актыг санаатай буруу тогтоосон байсан. Ослын актыг тогтоохдоо шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтийг үндэслэхгүй. Өвчилсөн, гэмтсэн, амь насаа алдсан бол ослын актыг тогтоох ёстой. Ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байгаад эрүүл мэнд нь гэмтсэн, бэртсэн, осолдсон, өвчилсөн, амь насаа алдсан бол ослын акт зайлшгүй тогтоох ёстой. Гэтэл санаатайгаар ослын актыг буруу тогтоосон байсан. Би богино хугацаанд хурц хордсон байсан. Гэтэл надад ганцхан ослын акт тогтоогоогүй үндэслэлээ Ш.Эрдэнэтуяад холбогдуулан шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт гараагүй гэж тайлбарладаг. Намайг химийн бодисын тунг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр цагдаагийн байгууллагад хандсан. Гэтэл Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн дагуу шалгаж байна. Ш.Эрдэнэтуяаг гэм буруутай гэж тогтоох үндэслэл байхгүй учраас хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзлаа гэсэн прокурорын тогтоол гарсан. Гэтэл шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж мэргэжлийн хяналтын улсын байцаагч дүгнэлтээ гаргахгүй, байгууллага ослын актаа тогтоохгүй. Тухайн үед байгууллагын өрөө тасалгааг ариутгаж ажиллаад химийн бодисын нөлөөгөөр миний эрүүл мэнд өвчилсөн. Үүнийг үндэслэж ослын акт тогтоох байсан. Гэтэл тун хэтрүүлсэн, гэмтлийн зэрэг тогтоогоогүй учраас манайх ослын акт тогтоохгүй гэсэн байдаг. Үүнийг мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн дагуу шалгаж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.2-т заасныг үндэслэж энэ нь хурц хордлого байна, ажил үүргээ гүйцэтгэж байгаад эрүүл мэнд өвчилсөн байна, өвчилсөн учраас ослын акт тогтоох тул актыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хянан баталгаажуулж дүгнэлт гаргасан гэжээ.
2. Хариуцагч Биокомбинат ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мандахсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээг тогтоогоогүй гэж маргаж байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь эрүүл мэндийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнаар ажиллаж байсан. "Биокомбинат" ТӨХК-ийн захирлын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/192 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулж, 2019 оноос 2020 оны үйлдвэрлэлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, ариутгалын ажлыг хийхээр ажлын хэсгийн ахлагчаар нэхэмжлэгчийг томилсон. Ш.Эрдэнэтуяа нь уг тушаалын дагуу ажиллахдаа хоёр ажилтандаа ариутгалын бодис хэрхэн найруулах, цацах талаар чиглэл, нарийн зааварчилгаа өгөхгүйгээр жижигхэн канондсон цаас өгөн үүнийг цацаарай гээд үлдээсэн байсан. Гэтэл дараагийн ажлын өдөр буюу нэг дэх өдрийн өглөө үйлчлэгч цэвэрлэгээ хийсний дараа идэмхий бодис чийгийн улмаас агаарт дэгдэн хордсон гэдэг. Тухайн үед хамт ажиллаж байсан бүх хүмүүс хордож Шүүх эмнэлэгт үзүүлэхэд Ш.Эрдэнэтуяа ганцаараа үзүүлээгүй. Нэхэмжлэгч хордсон гэж эмнэлэгт 3 хоног хэвтэн эмчлүүлсэн гэсэн боловч тухайн идэмхий бодисын улмаас хордсон гэх шинжилгээний хариу байдаггүй. Тухайн үед Ш.Эрдэнэтуяагийн буруутай, хайхрамжгүй байдлын улмаас олон хүн хордсон. Ажилчид мөн Ш.Эрдэнэтуяад гомдолтой байгаа талаар дурдаж байсан. Гэтэл Ш.Эрдэнэтуяа ганцаараа хордсон мэт шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байгаа. Ш.Эрдэнэтуяа ажлын хэсэгт ажиллаж байхдаа хордсон гэж өргөдөл гарган 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр эрүүл ахуй хариуцсан ажилтнаас чөлөөлөгдөж тухайн өдрөө 317 дугаар тушаалаар эсрэг ийлдэс хариуцсан цехэд технологичоор ажиллаж эхэлсэн. Технологичоор томилогдсоноосоо хойш Ш.Эрдэнэтуяа дандаа өвчтэй гэж акт аван ажлаа хийдэггүй байсан. Өвчтэй байхдаа хурц хордлогод хордсон гэж лист, акт аваагүй. Мөн ажиллаж байх хугацаандаа эрүүл мэндийн улмаас групп тогтоолгосон байдаг. Ингэхдээ эмэгтэйчүүд, тархи, сэтгэцийн эмчилгээ зэргээр акт гаргуулж, хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгож байсан. Харин хурц хордлогод орсон гэж тогтоолгож байгаагүй. Гэтэл одоо хурц хордлого гэж тогтоолгон, их тэтгэмж тогтоох ёстой байтал тэтгэмжийг багаар тогтоосон гэж гомдол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Ш.Эрдэнэтуяа хариуцлага алдсан тухайд "Биокомбинат" ТӨХК-ийн даргын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай А/32 дугаар тушаалаар батлагдсан журмын 6.15.8-д заасан ажилд ирээгүй шалтгаанаа мэдэгдээгүй хоёроос дээш хоносон бол ажил тасалсанд тооцно, байгууллага, ажилтанд чөлөө олгоно гэх мэтчилэн дотоод журмуудаа огт баримтлаагүй. Хариуцагч "Биокомбинат" ТӨХК-ийн зүгээс нэхэмжлэгчид нэг удаа тэтгэмж өгсөн байдаг. Мөн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах төв комиссын албан ёсны шийдвэр гарах юм бол компанийн зүгээс татгалзах зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого судлан бүртгэх дүрмийн 7.2-т "үйлдвэрлэлийн осол хурц хордлогоор гарснаас хойш 6 сар өнгөрсөн бол тухайн акт дүгнэлтийг нөхөж гаргаж болохгүй" гэж заасан. Анх акт гаргахдаа Ш.Эрдэнэтуяагийн ажлын хариуцлагатай холбоотой учраас хурц хордлоготой эсэх талаар акт гаргаагүй байсан. Гэтэл 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт гаргахдаа суперкилл гэх бодисын хэмжээг 1л усанд 0,1-1 гр хүртэл хэмжээтэй хийх ёстой байтал тун, хэмжээг хэтрүүлж 15 л багтаамжтай ариутгалын төхөөрөмжийн саванд 1,5 кг бодис найруулж хольсон тул байгууллагын ажилтнуудын эрүүл мэндэд хордлогын шинж тэмдэг илэрсэн гэсэн дүгнэлтийг акт тогтоосон комиссын дарга Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Б.Түвшинжаргал болон бусад ажлын хэсгийн гишүүд гаргасан.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байх хугацаанд дахин акт, дүгнэлт үйлдэх 6 сарын хугацаа өнгөрсөн учраас "Биокомбинат" ТӨХХК дүгнэлтийг нөхөн гаргах боломжгүй болсон. Өмнөх шүүхийн шийдвэрээр "Биокомбинат" ТӨХХК-д ямар нэгэн үүрэг даалгавар өгөөгүй, даалгах шийдвэр гараагүй. Дээрх үндэслэлүүдийн дагуу бид хууль зөрчиж болохгүй учраас харьяа эрүүл мэндийн газруудад хандан акт, дүгнэлтүүдээ гаргуулах боломжтой талаас нь тайлбарлаж байсан. Үүний дагуу Ш.Эрдэнэтуяа хөдөлмөрийн чадвар алдалтыг хувь, хугацааг тогтоолгосон байдаг. Мөн нэхэмжлэгч нь групп хэрхэн яаж тогтоолгох нь тодорхойгүй байдаг. Хавтаст хэрэгт Ш.Эрдэнэтуяагийн ажлын байрны тодорхойлолт нотлох баримтаар авагдсан. Энэ тодорхойлолтод осол, эрсдэлээс сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг компанийн хэмжээнд хангах, ажилчдадаа дүрэм, журмыг танилцуулж мөрдүүлэх зэрэг үүргүүдийг тодорхойлсон. Гэтэл энэ үүргээ хэрэгжүүлээгүй талаараа огт дурддаггүй. Нэхэмжлэгчийн эмнэлгийн хуудаснуудаас харахад хамгийн сүүлд 2020 оны 3 сард лист өгснөөс, чөлөө авснаас хойш холбогдоогүй, лист өгөөгүй. Мөн групп тогтоолгож, тэтгэмж авсан баримтууд нь эмэгтэйчүүдийн эсхүл элэгний өвчтэй холбоотой асуудлууд байдаг. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгохдоо мэдрэлийн асуудалтай холбоотойгоор хөдөлмөрийн чадвараа алдалтыг тогтоосон. Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь хорт бодисын улмаас хордсон гэх баримт байхгүй. Хариуцагч "Биокомбинат" ТӨХКК-ийн хувьд гомдолтой байгаа. Ш.Эрдэнэтуяагийн хариуцлагагүй байдлаас болж бодисын улмаас ажилчид хордож эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед ариутгал хийхэд нэхэмжлэгч өөрөө байгаагүй, 2 ажилтанд нарийн заавар зөвлөмж өгөөгүй, ариутгал хийхийг даалгаад явсан. Хөдөлмөрийн чадвар алдалтаа 88 хувь эсхүл 95 хувиар тогтоолгоё гэдэг. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг одоо нөхөн сэргээх боломжтой эсэх зэрэг асуудлаас эхлэн дараагийн ажиллагаанууд хийгдэх ёстой байтал дүгнэлтээ өгөхгүй, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй учраас манай зүгээс дүгнэлт гараагүй. "Биокомбинат" ТӨХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон зүйл байхгүй. Гэтэл нэхэмжлэгч цалин өгөхгүй байгаа учраас алданги тооцож байгаа, цалингийн зээл төлөөгүй, өөрийг нь асарч байгаа дүү н.Туяагийн цалингийн зээл зэрэг асуудлуудыг ярьдаг хэр нь н.Туяа гэдэг хүний асаргаанд байгаа талаарх баримт байхгүй. Иймд шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар тогтоосон дүгнэлтийг хүчингүй болгуулж, Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах төв комиссоор дахин хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгохоор нэхэмжлэл гарган маргаж байгаа. Дахин хөдөлмөрийн чадвар алдалтын дүгнэлт гаргуулахад үйлдвэрлэлийн осол мөн эсэх асуудал дахин яригдах юм. Учир нь үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх дүрэм гэж бий. Үйлдвэрлэлийн осол гарсны дараа үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэж, үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт гаргадаг. Тухайн актыг үндэслэн Нийгмийн даатгалын байгууллагаас даатгуулагч, осолдогчийн хөдөлмөрийн чадвар алдсан хувийг тогтоодог. Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг баталсан. Энэхүү дүрмийг Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй бүх шатны байгууллагууд дагаж мөрдөх ёстой. Уг хэрэг маргааны тухайд Үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх комиссын гишүүд хуралдаж үйлдвэрлэл осол биш гэж эхний удаа дүгнэлт гаргасан. Мэргэжлийн хяналтын байцаагч З.Мөнхтуул нь Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд заасан эрхийнхээ дагуу тухайн үйлдвэрлэлийн осол, хурц хордлого судлан бүртгэсэн актыг зөвшөөрөхгүй байх боломжтой байсан. Гурван шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэгч Ш.Эрдэнэтуяа хариуцагч "Биокомбинат" ТӨХХК нар үйлдвэрлэлийн осол, хурц хордлого мөн эсэх талаар маргаж байсан. Энэ асуудалд нийгмийн даатгалын байгууллагууд ямар нэгэн байдлаар оролцоогүй байдаг. Учир нь акт гарсны дараа даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоох юм.
Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс нэхэмжлэгчийн асуудлыг хүлээн авч шийдвэрлэх гэхэд акт нь байдаггүй. Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолд заасан ажиллагаа явагдаагүй. Үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг тогтоохын тулд үндэслэх гол баримт нь Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын ажиллах дүрэм юм.
Үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хугацаанд Ш.Эрдэнэтуяа маш олон газруудад өргөдөл, гомдол өгсөн байдаг. Манай байгууллагад Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах төв комиссоос Ш.Эрдэнэтуяагийн үйлдвэрлэлийн осолтой холбоотой маргаан шийдвэрлэгдсэн байна. Иймд Ш.Эрдэнэтуяагийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтооно уу гэсэн сайдын албан бичиг ирсэн байдаг. Үүний дагуу Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс үйлдвэрлэлийн ослын актыг гаргасан. Энэ хэргийг нэг талаас харахад даатгуулагч Ш.Эрдэнэтуяагийн үйлдвэрлэлийн ослын хэлбэр нь хурц хордлого гэдэг. Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолоор баталсан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын ажиллах дүрэм-ийн 4.10.3-д "сэтгэцийн өвчин болон хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс шалтгаалсан хөдөлмөрийн чадвар алдалтын байдлыг Сэтгэцийн эрүүл мэндийн төв байгууллага, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв байгууллагын эмнэлэг хяналтын комиссын дүгнэлтийг даатгуулагч (иргэн)-ийн хяналтын эсхүл эмчлэгч эмч нь салбар комиссын хуралд танилцуулна" гэж зааснаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох юм. Ийнхүү Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын төв комисс нь дээд шатны байгууллагын албан бичгийг хүлээн авч нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувь, хурц хордлого гэж тогтоосон.
Нэхэмжлэгч нь уг актынхаа нэг хувийг нь авч ирж тэтгэврээ тогтоох боломжтой. Гэтэл нэхэмжлэгч миний хөдөлмөрийн чадвар алдалтыг буруу тогтоосон, танай байгууллагаар заавал тогтоолгоно гэдэг. Хуулийн дагуу Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох боломжгүй учраас бидэнд хууль зөрчих эрх байхгүй. Л.Мэдэхгүй эмч болон Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын зүгээс энэ хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй нь холбогдуулан манай байгууллага болон Л.Мэдэхгүй эмч захиргааны акт гаргах эрхтэй этгээд биш. Нэхэмжлэгч нь хууль зөрчсөн гэж амаар тайлбар хэлдэг боловч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох боломжгүй гэсэн ямар нэгэн албан бичиг, захиргааны байгууллагын акт гараагүй, ямар нэгэн эс үйлдэхүй байхгүй. Нэхэмжлэгчийн үндэслэлдээ дурдаж буй хуулиуд нь үндэслэлгүй юм. Мөн Ш.Эрдэнэтуяад ямар нэгэн тайлбар хэлэхэд хүлээж авдаггүй, бүдүүлэг ханддаг. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Мэргэшлээс шалтгаалах өвчний Эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комисс /орлогч дарга Ц.Гансүх/ тайлбартаа: Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс нь аймаг, дүүрэг болгонд орон нутгийн комисс ажилладаг. Төв комиссын дэргэд сэтгэцийн өвчний эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комисс, Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комисс гэсэн хоёр салбар комисс ажилладаг. Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комисс нь Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолоор баталсан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн дагуу тухайн даатгуулагчийн мэргэжлээс шалтгаалсан өвчний хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоодог. Мөн үүний зэрэгцээ хурц хордлогын үеийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох чиг үүрэгтэй ажилладаг. Нэхэмжлэгч Ш.Эрдэнэтуяа үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын акт баталгаажаагүй байх үед Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисст удаа дараа хөдөлмөрийн чадвар алдалтын байдлаа тогтоолгохоор хандаж байсан. Тухайн үед үйлдвэрийн осол мөн эсэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан байсан тул шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа хөдөлмөрийн чадвар алдалт, хугацааг тогтоолгох асуудлаа шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг албан бичгээр өгч байсан. 2022 онд гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гэж тогтоосон акт гарсан. Үүний дараа нэхэмжлэгч Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүний эрхийн комисст хандан би үйлдвэрлэлийн осолд өртсөн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул миний хөдөлмөрийн чадвар алдалтыг яаралтай шийдвэрлэж өгнө үү гэсэн агуулгатай хүсэлтээ гаргасан байдаг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Хүний эрхийн комиссоос уг хүсэлтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд шилжүүлсэн. Энэ өргөдлийг шийдвэрлүүлэхээр Нийгмийн даатгалын ерөнхий газраас Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах төв комиссын дүрэмд заасны дагуу Мэргэжлээс шалтгаалсан өвчний эрүүл мэндийн салбар комисст Ш.Эрдэнэтуяагийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг актыг үндэслэн хөдөлмөрийн чадвар алдалт, хугацааг яаралтай шийдвэрлэж, хариу өгнө үү гэсэн үүрэг даалгавар өгсөн. Ийнхүү Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос Ш.Эрдэнэтуяагийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон. Нэхэмжлэгч Ш.Эрдэнэтуяад бид удаа дараа энэ асуудлыг тайлбарласан боловч ойлгодоггүй.
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0528890 дугаартай комиссын шийдвэрийн 9-д хөдөлмөрийн чадвар алдсан шалтгааныг дурдсан. Энэ хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаанд ердийн өвчин, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчин гэх мэтчилэн өвчний шалтгааныг тогтоодог. Ш.Эрдэнэтуяагийн тухайд гурван шатны шүүхийн шийдвэр, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн баталгаажуулсан актыг үндэслэн хурц хордлогын шалтгаантай хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг 69 хувь, хугацааг 12 сараар тогтоосон. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт нь 2 хэсгээс бүрддэг ба 2 дахь хэсэгт Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комиссын шийдвэрт 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн суурин хурлаар даатгуулагч иргэн Ш.Эрдэнэтуяа мэргэжлийн өвчний жагсаалтын 2-2-6-3 гэх хурц хордлогын заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар 12 сараар тогтоож шийдвэрлэсэн ба шийдвэрийн хүчинтэй хугацааг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дуустал тогтоосон.
Эрүүл мэндийн сайд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг тогтоох жагсаалтыг баталдаг. Сайд нарын хамтран баталсан тушаалын 1 дүгээр хавсралтаар ердийн өвчний жагсаалтыг баталдаг. Ердийн өвчний жагсаалтад ахуйн осол, үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох өвчний жагсаалтууд хамаардаг. Харин 2 дугаар хавсралтаар мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын үеийн заалтууд батлагддаг. Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комисс нь дээр дурдсан 2 дугаар хавсралтаар баталсан жагсаалтын хүрээнд хөдөлмөрийн чадвараа алдалтын хувь, хэмжээ, хугацааг тогтоох ажлыг эрхлэн гүйцэтгэдэг. Бусад аймаг, дүүрэг, Сэтгэцийн өвчний эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссууд 1 дүгээр хавсралтын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоодог юм. Нэхэмжлэгчийн тухайд үйлдвэрлэлийн ослын шалтгаантай хурц хордлого гэж тогтоогдсон. Тус жагсаалтад бусад органик бус бодисын хордлого гэдэгт хүнцэл, фосфор, марганц, цианид зэрэг бодисуудаар хордсон үед хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоохоор тусгасан. Тухайн үед комисс хэлэлцээд мэргэжлийн эмч нарын үзлэг, дүгнэлт, Ш.Эрдэнэтуяагийн амбулаторийн карт зэрэгтэй танилцаж 2 дугаар хавсралтад заасан жагсаалтын 2.6-ийн В-д заасныг үндэслэн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон. Энэ талаар удаа дараа нэхэмжлэгчид танилцуулж байсан.
Чиг үүргийнхээ хувьд аймаг, дүүргийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь ердийн өвчний жагсаалт буюу 1 дүгээр хавсралтаар батлагдсан жагсаалтын хүрээнд хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоодог. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг тусад нь 2 салгасан байдаг. Үйлдвэрлэлийн ослыг осол гэмтлийн шалтгаантай гэдгээр нь аймаг, дүүргийн салбар комисс тогтооно. Харин хурц хордлогыг мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтоодог. Жагсаалтын 2.6-ийн В гэх энэ заалт нь дотроо хөнгөн, дунд, хүнд үе гэсэн шаттай ба дунд үе нь бас 2 хуваагддаг. Хөнгөн үе нь хоол боловсруулах эрхтэн, зүрх судасны өвчнүүд, биологийн материалд хорт бодисууд илэрсэн бол 40 хувиар 1 жил, дунд үеийн эхний заалтад нь хордлогын шалтгаантай элэгний үрэвсэл, бөөр, уушги, зүрх судасны системийн өөрчлөлтүүд болон цусны шинжилгээний өөрчлөлтүүд, цус багадалттай байх юм бол 41-55 хувиар 1 жил, дунд үеийн 2 дахь заалтын хувьд ходоод гэдэсний шархлаа, элэгний хатуурал, цусны эсүүдийн гүнзгий өөрчлөлтүүд, бамбай булчирхайн эмгэг, тархины хэсэгчилсэн голомтот шинжүүд, бодисын солилцооны хүчилшилт илэрсэн тохиолдолд 56-69 хувь хүртэл 1 жил, хүнд үе нь архаг цус багадалт, бусад эрхтэн системийн хавсарсан дутмагшил, хордлогот энцефалопатийн шинжүүд, ходоод, гэдэсний хавдар, элэгний цирроз, цусархаг хам шинж илэрсэн тохиолдолд 70-90 хувиар 2 жил хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон байгаа.
Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комисст дотрын, мэдрэлийн, мэс заслын, дүрс оношилгооны гэсэн 4 төрөлжсөн мэргэжлийн эмч нар ажилладаг. Тухайн үед комиссын даргаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд судлалын төвийн Мэргэжлийн өвчин судлалын газрын дарга ажиллаж байсан. Бусад салбаруудын төлөөлөл, үйлдвэрчний эвлэл, ажил олгогч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллүүдийг оролцуулан комисс хуралддаг.
Мэргэжлээс шалтгаалах өвчний хувьд нэг онцлог бий. Ерөнхийдөө мэдрэлийн эмч хордлогын эмчийн үүргийг хавсран гүйцэтгэдэг. Яамнаас Ш.Эрдэнэтуяагийн хөдөлмөрийн чадвар алдалтын асуудлыг шийдвэрлэ гэсэн. Тухайн үед Ш.Эрдэнэтуяаг Мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлэгт хүргэж хордлогын эмчид үзүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон акт гаргуулна гэж яаманд хандсан байсан. Мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурал хуралдаж байх үед яамны мэргэжилтэн Ш.Эрдэнэтуяаг дахин авч ирж даатгуулагчийн асуудлыг шийдвэрлэ гэсний дагуу хэлэлцээд шийдвэрлэсэн байдаг гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагаас дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0528890 дугаартай хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон актыг хүчингүй болгуулах, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01-06-079/126 тоот Хурц хордлогын тухай дүгнэлтийн дагуу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоохыг даалгах, хөдөлмөрийн чадвар алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар сэргээгдэх эсхүл тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох хүртэл хугацаанд цалин тэтгэмж олгуулах, цалингийн зээл 12,893,649 төгрөг, түүнийг хурц хордлогод орсон хугацаанд асарсан дүү н.Туяагийн цалингийн зээл 13,677,661 төгрөг гаргуулах гэх агуулгаар тодорхойлон,
Маргаж буй үндэслэлээ ...Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах салбар комисс хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгааныг илт үндэслэлгүй тогтоосон, хувь хэмжээ, хугацааг буруу тогтоосон тул үндэслэлгүй[6], Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01-06-07-9126 дугаартай дүгнэлтийг хуульд нийцсэн гэж шүүхийн шийдвэрээр тогтоосон, үйлдвэрийн осолд орсон хугацаанд цалин, тэтгэмжийг олгоогүй хохироосон... гэх агуулгаар тайлбарласан байна.
Шүүх нэхэмжлэлийн ...захиргааны актыг албадан гүйцэтгүүлэх... хэмээн томьёолсон шаардлагыг агуулгаар нь захиргааны актын дагуу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон шийдвэр гаргахыг даалгах гэж нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцүүлэн ойлгож нэхэмжлэлийн үйл баримтыг урьд дүгнэсэн шүүхийн шийдвэр, талуудын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, эрх зүйн хэм хэмжээг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.
2. Нэхэмжлэлийн шаардлагаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоолгуулах үндэслэл болгосон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч З.Мөнхтуулын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Хурц хордлогын тухай 01-06-079/126 дугаар дүгнэлтээр Ш.Эрдэнэтуяаг Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.1.1 дэх заалтыг үндэслэн комиссын шийдвэр гаргах үндэслэлтэй гэж шийдвэрлэжээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч З.Мөнхтуулын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Хурц хордлогын тухай 01-06-079/126 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулахаар Биокомбинат ТӨХК нэхэмжлэл гарган өмнө маргасныг тус шүүхийн 2022 оны 327 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй хэмээн дүгнэгдсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй захиргааны хэргээс дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
2.1. Биокомбинат УТҮГ /хуучнаар/-ын ажлын байранд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хийгдсэн ариутгал, халдваргүйтгэлийн улмаас Superkill, likon нэршилтэй химийн бодист нэхэмжлэгч Ш.Эрдэнэтуяа хордож Цэргийн төв эмнэлэгт амьсгалын замаар нэвтэрсэн химийн бодисын хурц хордлого оноштойгоор 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 27-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн болох нь өвчний түүх, эмнэлгийн тодорхойлолт, оношийн лавлагаагаар тогтоогдсоныг, тухайн өдөр түүнтэй хамт ариутгал хийсэн нэр бүхий ажилтнуудыг тус үйлдвэрийн газрын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын 2020 оны 2 дугаар сарын 06, 3 дугаар сарын 02-ны өдрийн актаар хурц хордлогод тооцсоныг тус тус дүгнэсэн байдаг.
2.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10, 29 дүгээр зүйлийн 29.4.2, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг баримтлан Биокомбинат ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүх ...Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамаарах эсэхээс үл хамаарч химийн бодис гэдэг нь тодорхой бөгөөд уг бодисын үйлчлэлийн улмаас Ш.Эрдэнэтуяа нь ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа хордсон болох нь нотлогдсон гээд хурц хордлогын дүгнэлт гаргуулах улсын байцаагчийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд Ш.Эрдэнэтуяаг үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.1.1 дэх заалтыг үндэслэн комиссын шийдвэр гаргах үндэслэлтэй, Биокомбинат УТҮГ /хуучнаар/-ын байранд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ариутгалын ажлыг хийж гүйцэтгэхдээ /Superkill, likon нэршилтэй/ химийн бодист хордсон болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон байх тул уг маргааны хүрээнд энэ талаарх үйл баримтыг дахин үнэлж дүгнэхгүй.
4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т хурц хордлого гэж цацраг болон биологийн идэвхт бодис, химийн хорт бодисын нөлөөгөөр хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд хордохыг ойлгох-оор, 29 дүгээр зүйлийн 29.2-т Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулах-аар, 29.3-т ... үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянах-аар, 29.4.2-т ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах-аар, 29.5-д Ажил олгогч энэ зүйлийн 29.1, 29.2-т заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл үйлдвэрлэлийн осол гарсан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг иргэн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо улсын байцаагч болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлэх-ээр тус тус заасан.
5. Шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсгийн 2 дахь бүлэгт дурдсанаар Биокомбинат УТҮГ-ын дэргэдэх үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын 2020 оны 02 дугаар сарын 06, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрүүдийн актаар нэг үйл баримтаар хурц хордлогод өртсөн бусад ажилтнуудад дүгнэлт гаргаж хурц хордлогод тооцсон атлаа, Ш.Эрдэнэтуяад хурц хордлогын байдал тогтоогдоогүй гэж[7] дүгнэснийг улсын байцаагчийн шийдвэрээр үндэслэлгүй гэж үзсэн, энэ талаарх үйл баримтыг шүүхийн шийдвэрээр тогтоосон буюу Ш.Эрдэнэтуяа нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хурц хордлогод өртөж хөдөлмөрийн чадвараа алдсан болохыг тогтоосон байхад ажил олгогчийн зүгээс хурц хордлогын дүгнэлт гаргаагүй нь хууль бус байна.
Иймд ажил олгогч буюу Биокомбинат УТҮГ-аас хууль буюу Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын дагуу ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ хурц хордлогод өртсөн талаарх комиссын шийдвэрийг гаргах үүрэгтэй.
6. Энэхүү маргааныг шийдвэрлэх мөчид Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байх боловч шүүх энэхүү маргааны хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /1994 оны/-ийг хэрэглэнэ.
6.1. Учир нь, маргаж буй Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын дэргэдэх Мэргэшлээс шалтгаалах өвчний эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комиссын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 69 хувиар нэг жилээр тогтоосон 0528890 дугаартай акт нь Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /1994 оны/, түүнийг дагаж гарсан Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2021 оны А/758, А/197 дугаар тушаалыг баримталж үйлдэгдсэн, өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ болон түүнийг тогтоох субьект өөр байх тул шүүх тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийг хэрэглэнэ.
6.2. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /1994 оны/-ийн 2 дугаар зүйлийн 1-д Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ. Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа богино хугацаанд цацраг идэвхт буюу химийн бодисын нөлөөгөөр хордохыг хурц хордлого гэнэ. Хурц хордлогыг үйлдвэрлэлийн осолтой адилтган үзнэ, 2 дахь хэсэгт Дараахь нөхцөл байдалд гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод даатгуулагч өртсөн тохиолдолд энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгоно, 1/ ажлын байрандаа болон бусад газарт ажил үүргээ гүйцэтгэх явцад, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар буюу байнга алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй, 2 дахь хэсэгт Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтооно гэж тус тус заасан.
7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 327 шийдвэрээр ...Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамаарах эсэхээс үл хамаарч химийн бодис гэдэг нь тодорхой бөгөөд уг бодисын үйлчлэлийн улмаас Ш.Эрдэнэтуяа нь ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа хордсон болох нь... нотлогдож байна, дээрх үндэслэлээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын дүгнэлт гаргуулахаар улсын байцаагчийн дүгнэлт бичсэн нь хуульд нийцсэн-ийг, Ш.Эрдэнэтуяагийн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгааныг нэгэнт дүгнэсэн бөгөөд Ш.Эрдэнэтуяа нь ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэх явцдаа химийн хорт бодисоос үүдэлтэй хурц хордлогод өртсөн үндэслэлээр хуульд заасан тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй, энэ эрхээ зөрчигдсөн хэмээн маргасан нь үндэслэлтэй байна.
Энэ эрхийг хангах үүднээс Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс хууль тогтоомжид заасан чиг үүрэг, процессыг баримтлан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг бодитой тогтоох үүрэгтэй байна.
Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын дэргэдэх Мэргэшлээс шалтгаалах өвчний Эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комиссын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0528890 дугаартай актаар органик бус бодисын хордогын дунд үе гэж дүгнэн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 69 хувиар, нэг жилээр тогтоосон нь үндэслэл муутай болжээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01-06-07-9126 дугаартай дүгнэлтийг хэрэгжүүлж, хурц хордлогын үеийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацаа тогтоосон акт гаргахыг харьяаллын дагуу хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисст даалгах нь зүйтэй байна.
8. Түүнчлэн Ш.Эрдэнэтуяа нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан хугацаанд хуульд заасан хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр, тэтгэмж авах эрхээ эдлээгүй байх тул Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /1994 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар нь нөхөн сэргээгдэхгүйгээр тогтоогдсон бол тухайн хугацааны тэтгэврийг бүрэн нөхөж олгоно гэж заасны дагуу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр хангагдах хүртэл хугацаагаар нөхөн тогтоосон акт гаргахыг хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисст даалгаж шийдвэрлэлээ.
9. Мөн нэхэмжлэгчид ажил олгогчоос үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар байнга алдсаны тэтгэвэр тогтоолгон авах хүртэлх хугацааны цалин, хөдөлмөрийн хөлсийг тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Тодруулбал 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 08-ны өдөр, 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 19-ний өдөр, 02 дугаар сарын 07-ны өдрөөс 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл түүнд цалин, хөдөлмөрийн хөлс ч олгогдоогүй, үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж ч олгогдоогүй нь Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /1994 оны/-ийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх-ийг зөрчсөн байна.
10. Харин хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг нөхөн тогтоох хүртэлх бүхий л зардалтай холбоотой бусад шаардах эрх үүсэх зохицуулалт хуульд байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн зээлийн төлбөр 12,893,649 төгрөг, дүү н.Туяагийн цалингийн зээлийн төлбөр 13,677,661 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй юм.
11. Шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Ш.Эрдэнэтуяад мэдэгдсэн боловч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ ирүүлсний дагуу шүүхээс хойшлуулах үндэслэлийг нягтлан үзэхэд тухайн үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүй тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно, 91.5 дахь хэсэгт Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ. гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.7, 106.3.13 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /1994 оны/-ийн 2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 1, 5 дугаар зүйлийн 1, 2, 9 дүгээр зүйлийн 2, 13 дугаар зүйлийн 1, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.4.2, 29.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын дэргэдэх Мэргэшлээс шалтгаалах өвчний Эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комиссын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 69 хувиар нэг жилээр тогтоосон 0528890 дугаартай актыг хүчингүй болгож, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01-06-07-9126 дугаартай дүгнэлтийг хэрэгжүүлж, хурц хордлогын дүгнэлт гаргахыг хариуцагч Биокомбинат ТӨХХК-д даалгаж, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөр нөхөн тогтоож акт гаргахыг хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисст даалгаж, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 08-ны өдөр, 11 дүгээр сарын 09-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 19-ний өдөр, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх нэхэмжлэгчийн цалинг Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэмэгдлийн хамт тооцож "Биокомбинат" ТӨХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн зээлийн төлбөр 12,893,649 төгрөг, дүү н.Туяагийн цалингийн зээлийн төлбөр 13,677,661 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА