Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/117

 

 

      2023         01           26                                         2023/ДШМ/117

Т.Мад холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Улсболд,

шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/920 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Мад холбогдох 2202 00565 0380 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Т-ийн М, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр ..... аймагт төрсөн, .... настай, э...., .... боловсролтой, .... мэргэжилтэй, “....” авто худалдааны төвд борлуулалтын менежер ажилтай, ам бүл ..., .... нарын хамт ..... дүүргийн .... дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:....../,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 398 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан.

 

Т.М нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Техник импортын автомашины зогсоолд байрлуулсан 09-62 УБЯ улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтад багтдаг “Өвс” гэх нэршилтэй 2.3 грамм дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Т.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Т-ийн М-ыг “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мад оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1.9 грамм ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, АО6980694 дугаартай 1 ширхэг 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банканд шилжүүлж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байх тул миний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмт үйлдлийнхээ талаараа маргаагүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялаас 6 сарыг хасан хөнгөрүүлж, 1 жилийн хорих ял болгон өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Т.Мын өмгөөлөгч Т.Мөнхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийтгэсэн бөгөөд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар гомдол гаргаж байна. Би Т.Мын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэсэн байх ба Т.М нь анх удаа энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтаас анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлж ирсэн юм. Т.Мын өмнөх гэмт хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн Өршөөлийн хуулинд хамрагдсан зэргээр Т.М нь тус хэргийг анх удаа үйлдсэн, хөнгөн гэмт хэргийг ангилалд багтаж байгаа. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг хэт хүндээр дүгнэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялын төрөлтэй. Иймд анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Т.Мад оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэв.

 

Прокурор Н.Улсболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд шүүгдэгч Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Уг гэмт хэргийг 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-оор тусгайлан зохицуулсан. Шүүгдэгч Т.М нь тухайн мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг өөрийн унаж явсан тээврийн хэрэгсэлдээ хадгалсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Мөн мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг эмнэлгийн байгууллагын зөвшөөрлийн дагуу л олж авах ёстой байдаг. Хэрэгт энэ нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар дүгнэсэн” гэх агуулгаар тайлбарлаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Мөн хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Т.М нь урьд нь хоёр удаа санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан буюу мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг үйлдэж шүүхээс 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэн харгалзаж байсан болох нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санцктай буюу зорчих эрхийг хязгаарлах эсхүл хорих ял шийтгэнэ. Анхан шатны шүүхээс уг гэмт хэргийг дүгнэхдээ нийгмийн аюулын хор уршиг, хор хөнөөл ,цаашид гарах үр дагавар зэргийг харгалзан улсын яллагчийн саналын дагуу 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих болон хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Т.М нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Техник импортын автомашины зогсоолд байрлуулсан 09-62 УБЯ улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтад багтдаг “Өвс” гэх нэршилтэй 2.3 грамм дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан болох нь:

гэрч Т.Мөнхбаярын “...Миний нэр дээр байгаа 09-62 УБЯ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэл бол миний эзэмшлийн ...тээврийн хэрэгсэл байгаа юм. Би өөрийн ажилтан болох төрсөн дүү Мад түр унуулж хэрэглүүлж байгаа тээврийн хэрэгсэл юм. ...” /хх 26/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4556 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “М 2022.9.15” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. “М 2022.9.15” гэж хаягласан шээснээс Тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илрэв. Шинжилгээнд илэрсэн Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг. ...” /хх 37-39/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4555 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан зиплок гялгар ууттай цаасанд боосон ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илрэв. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн цаастай жин нь 7.3 грамм, цэвэр жин нь 2.3 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 1.9 грамм болов. ...” /хх 42-44/ гэсэн дүгнэлтүүд,

2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 09-62 УБЯ улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-10/, шүүгдэгч Т.Мын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 20-21/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хэрэгт авагдсан нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Т.Мыг “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Т.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нар нь “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Шүүгдэгч Т.М нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/920 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.1-д “ ...орчноо мэдрэх чадваргүй, цаг хугацаа орон зайн баримжаа алдагдсан, зан ааш болон үйл хөдлөл тогтворгүй, хэт хөөрч баярлах, гутрах, айж цочирдох, хүүхэн хараа гэрлийн урвал өгөхгүй байх, хэл яриа, хөдөлгөөний тэнцвэр алдагдсан” гэж согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнээс илрэх шинжүүдийг тодорхойлсон бөгөөд эдгээр шинж илэрсэн тохиолдолд тухайн этгээд рүү чиглэсэн аливаа ажиллагаа явуулж болохгүй. Учир нь:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүнээс мэдүүлэг авах ажиллагааг явуулахад тухайн этгээд сэтгэцийн эмгэг болон бусад байдлаар согтуурсан, мансуурснаас үүдэн өөртөө хяналттай, ухамсартай байгаа эсэхийг тэргүүн ээлжинд дээрх хамтарсан тушаалд тэмдэглэгдсэн шинжүүдээр тогтоох, цаашлаад шинжилгээний аргыг ашиглан тогтоох бөгөөд энэхүү ажиллагааг явуулах шалтгаан нь Үндсэн хууль, Олон Улсын гэрээ, хүний эрхийн баримт бичгүүдээр хүлээн зөвшөөрсөн “Өөрийн болон гэр бүлийн гишүүд эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх” эрхийг ухамсартайгаар эдлэх бололцоог олгодог.

            Энэ хэргийн тухайд 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Т.Мын биеэс биологийн дээж авч, тестийн үр дүнг харуулсан зураг, мөн өдрөө гэрчээр асуусан тэмдэглэлээр “дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах бодис хэрэглэсэн гэж урьдчилсан байдлаар хариу гарсан байна” гэж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байхад мэдүүлэг авсан нь буруу бөгөөд цаашид эрх бүхий байгууллага анхаарч ажиллахыг энэхүү магадлалд дурдав.

Шүүгдэгч Т.М нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 26-ны энэ өдрийг хүртэл 50 /тавь/ хоног цагдан хоригдсон бөгөөд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн тул ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/920 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мын 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 50 /тавь/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ