Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2024/03633

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 30 181/ШШ2024/03633

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ...байранд байрлах, ХБ ХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, Н.Тт /РД:.../-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 26,784,783 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, хариуцагч Н.Т, нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.Т нь ХБтай 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ... дугаартай Зээлийн гэрээ байгуулан 27,100,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, Өрхийн хэрэглээний зориулалтаар, онлайн зээлийг цахим хэлбэрээр авсан.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон ... дугаартай зээлийн гэрээний холбогдох заалтын дагуу гэрээг цуцалж төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 24,390,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаарх хүү 2,351,354 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,431 төгрөг, нийт 26,784,783 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Н.Т миний бие ХБ ХК-аас авсан 26,784,783 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХБ ХК нь хариуцагч Н.Тт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 26,784,783 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна, 106.6. дахь хэсэгт Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэж тус тус заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 26,784,783 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөө хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, Н.Тт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХБ ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүргийн 26,784,783 төгрөгийг хариуцагч Н.Т нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 291,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Таас улсын тэмдэгтийн хураамж 291,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА