| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/02803/И |
| Дугаар | 181/ШШ2024/03634 |
| Огноо | 2024-09-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2024/03634
2024 09 30 181/ШШ2024/03634
Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С...тоот хаягт байрлах, БӨХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоот хаягт байрлах, ЦУ ХХК /РД:6051669/-т холбогдох,
Гэрээний үүрэгт 90,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга П.Жанбота оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын хуулийн этгээд болох "БӨ" ХХК нь бетон зуурмаг тасралтгүй зуурагч, помп үйлдвэрлэх үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр "ЦӨ" ХХК-ийн захирал Б.Б, менежер Ц.Д гэх хүмүүс үйлдвэр дээр ирж уулзан "Тасралтгүй зуурагч" гэх тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт 110'000'000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож "Худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан бөгөөд гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа төлбөрт 50'000'000 төгрөг шилжүүлж, тоног төхөөрөмж суурилуулах 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үлдэх 60'000'000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцсон юм. Гэрээ ёсоор "ЦӨ" ХХК-ийн зүгээс гэрээ байгуулсан өдөр Ц.Дгийн ХБны ... дугаартай данснаас захирал П.Аийн ХБны ... тоот данс руу урьдчилгаа төлбөр болох 50'000'000 төгрөгийг шилжүүлж, "БӨ" ХХК-ийн зүгээс худалдан авагчийн заасан газар "Тасралтгүй зуурагч" 1 ширхэг, НВТ50 помп зэргийг дагалдах хэрэгслийн хамт 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр суурилуулж хэвийн ажиллагаанд оруулж өгсөн байдаг. Худалдан авагч тал болох "ЦӨ" ХХК нь гэрээнд заасны дагуу тоног төхөөрөмж суурилуулсан өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үлдэгдэл төлбөр болох 60'000'000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцсон атал янз бүрийн арга саам хайж, худал хэлж, зугтаасаар өнөөдрийг хүрлээ. Гэрээ байгуулах үед гэрээний 6.1-д "Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд талууд гэрээгээр гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно." гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасанд нийцүүлэн 30'000'000 төгрөгийн алданги нэхэмжлэхээр байна. Иймд "ЦӨ" ХХК-аас талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 0013 дугаартай "Худалдах, худалдан авах гэрээ"-ний үүргийн гүйцэтгэл болох үндсэн төлбөр 60'000'000 төгрөг, алданги 30'000'000 төгрөг, нийт 90'000'000 /ерэн сая / төгрөг гаргуулж, худалдагч талд буюу "БӨ" ХХК-д олгуулж өгнө γγ гэжээ.
Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Тус иргэний хэрэгт талууд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж байна. Үндсэн төлбөр 60,000,000 төгрөгийг бүрэн төлж алданги 30,000,000 төгрөгийг 15,000,000 төгрөг болгон багасгаж, нийт 75,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч БӨХХК нь хариуцагч ЦУ ХХК-д холбогдуулан Гэрээний үүрэгт 90,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нар нь эвлэрэн хэлэлцсэн талаар тайлбарлаж эвлэрлийн гэрээ байгуулж, шүүхэд тайлбар гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна, 106.6. дахь хэсэгт Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэж тус тус заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 90,000,000 төгрөгийн 15,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл төлбөр болох 75,000,000 төгрөгийг хариуцагч нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөө хүлээн зөвшөөрсөн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, ЦУ ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч БӨХХК нь нэхэмжлэлийн шаардлага 90,000,000 төгрөгийн 15,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл төлбөр болох 75,000,000 төгрөгийг хариуцагч ЦУ ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч БӨХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 608,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЦУ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 532,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА