Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2024/03635

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 30 181/ШШ2024/03635

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ...тоотод оршин суух, ...овогт ВД /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ӨНХ ХХК /... тоотод байрлах РД:.../-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 40,022,325 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Жанбота нар оролцов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т нь өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1 ӨНХ" ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр хонь, үхэр, ямаа нийлсэн 235 ширхэг малын махыг тус тусын кг-ийн үнээр тооцож нийт 40,471,100 төгрөгийн махыг худалдан авахаар болсон. Төлбөрийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 4 сарын хугацаанд сар болгон 10,117,775 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцож гэрээг байгуулсан. Гэтэл ӨНХ" ХХК нь үндсэн төлбөрөөс 13,735,550 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 26,681,550 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд үлдэгдэл төлбөрийг гэрээний 5.1-д заасны дагуу худалдан авагч нь гэрээгээр тохиролцсон төлбөрийг хуваарийн дагуу хугацаандаа төлж барагдуулаагүй бол хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцно" гэсний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-ийн алданги 13,340,775 төгрөгийн хамт нийт 40,022,325 төгрөгийг ӨНХ" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч А.Б нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээний хувьд хуулийн хүчин төгөлдөр шаардлага хангасан буюу гэрээг хүчингүйд тооцох үндэслэл байхгүй байна. Гэрээ хүчин төгөлдөр, талуудаас тамга тэмдгээ дараад гарын үсгээ зурсан байна. Гэрээнд заасны дагуу тухайн өдрөө бараа бүтээгдэхүүнийг хүлээж авсан учраас нэхэмжлэхээр хэдэн төгрөг төлөх нь үнэн гэдэг байдлаар тооцоог үйлдсэн байна. Худалдагч талын хувьд бараа бүтээгдэхүүний хувьд тухайн өдрөө бэлэн төгрөгөөр 100% биелүүлж өгсөн байна. Худалдан авагчийн хувьд гэрээний 2.8-д заасны дагуу 4 хувааж төлбөрөө төлөхөөр заасан.

Гэтэл гэрээнд заасан үүргээ зөрчсөн, гэрээний үүргээ зөрчсөний улмаас худалдагч үндсэн үүргээ биелүүлээгүй улмаас гэрээний 5.1-д заасны дагуу хугацаа хэтэрсэн хугацаанд 0,2%-аар алданги тооцсон байна. Ийм учраас Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан үндсэн зээлийн худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 26,681,550 төгрөг, алданги 2,358,265 төгрөг, нийт 29,039,816 төгрөгийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна. Нийт нэхэмжлэлийн шаардлагаас 10,982,509 төгрөгийг хасаад багассан байдлаар шаардаж байна. Дээрх шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Талууд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр "Худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулсан. Уг гэрээний дагуу худалдагч нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу мах нийлүүлэх, худалдан авагч төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэрээнд заасны дагуу 40,471,100 төгрөгийн мах нийлүүлэх тохиролцсон. Уг төлбөрөөс "ӨНХ" ХХК нь зохих төлбөрийг буцаан төлсөн.

Түүнчлэн талууд гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д "...2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг гэхэд төлбөр төлөгдөж дуусна..." гэж тохиролцжээ. Нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Тиймээс 13,340,775 төгрөгийн алданги шаардсан нь үндэслэлгүй. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би хүндэтгэн үзэх шалтгаан (шүүх хуралдаан давхацсан)-ы улмаас биечлэн оролцох боломжгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс хариу тайлбарыг бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг миний эзгүйд явуулж өгнө үү гэжээ.

 

3. Хэргийн оролцогчдоос болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

3.1 Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: улсын тэмдэгтийн хураамж 358,061 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэх, депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд хуулбараар, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэгчээс Б.Нт олгосон итгэмжлэл, өмгөөлөгч А.Быг оролцуулах тухай хүсэлт,

 

3.2 Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд: 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр У.Тд олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

 

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтгүй.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч В.Д нь хариуцагч ӨНХ ХХК-нд холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 40,022,325 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

5.1 Гэрээний үүргийн үндсэн төлбөрт хариуцагчаас 13,735,550 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 26,681,550 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги 13,340,775 төгрөгийг нийт 40,022,325 төгрөгийг гаргуулах үндэслэлийг заасан.

 

5.2 Гэвч шүүх хуралдааны явцад гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги 13,340,775 төгрөгийг гаргуулах тухай шаардлагаас 10,982,509 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж, алданги 2,358,265 төгрөг гаргуулах, нийт 29,039,816 төгрөг гаргуулна гэжээ.

 

6. Хариуцагч ӨНХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээний төлбөрөөс зохих төлбөрийг буцаан төлсөн, талууд гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д "...2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг гэхэд төлбөр төлөгдөж дуусна..." гэж тохиролцсон, нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан учир 13,340,775 төгрөгийн алданги шаардсан нь үндэслэлгүй гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.

 

7. Шүүх хэрэгт авагдсан хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтууд, зохигчийн тайлбарыг харьцуулан дүгнэн үзэж, дараах дүгнэлтийг хийв. Үүнд:

 

7.1 Зохигчийн хооронд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ байгуулсанд зохигч маргаангүй.

 

7.2 Тус гэрээгээр худалдагч нь эрхийн доголдолгүй барааг бэлдэж түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь барааг хүлээн авч, төлбөрийг төлөх, 235 тоо мал мах нийлүүлэх, гэрээний үнэ 40,471,100 төгрөг гэжээ.

 

7.3 Худалдах, худалдан авах гэрээний 2.7-д Төлбөр төлөгдөж дууссанаар гэрээний үүрэг буюу гэрээний үйлчлэх хугацаа дуусгавар болно. 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төлбөр төлөгдөж дуусна, 2.8-д Төлбөрийг 4 хувааж төлнө. 2024 оны 01 дүгээр сарын 29-нд 10,117,775 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 28-нд 10,117,775 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 29-нд 10,117,775 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 29-нд 10,117,775 төгрөг гэж тохиролцсон байна.

 

7.4 Дээрх гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний харилцаа үүсжээ.

 

7.5 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлд хариуцагчийн гэрээний үндсэн төлбөрт нийт 13,735,550 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 26,681,550 төгрөг гэж тусгасан ба нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан, хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа зохих төлбөрийг төлсөн гэж тайлбарлаж төлбөрийг талаар мөнгөн дүнгээр илэрхийлж, баримтаар нотлоогүй байх тул төлсөн төлбөрийг 13,735,550 төгрөг гэж үзэх үндэслэлтэй.

 

7.6 Зохигчийн байгуулсан 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ний нийт үнэ 40,471,100 төгрөг байх ба үүнээс төлсөн 13,735,550 төгрөгийг хасаж тооцон хариуцагчийн төлбөл зохих төлбөрийн үлдэгдэл 26,735,550 төгрөг гэж үзэв.

 

7.7 Нэхэмжлэгч тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги 13,340,775 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг шүүх хуралдааны явцад багасгаж 2,358,265 төгрөг гэж тооцоолж тайлбараа гаргасан ба анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нийт 10,982,509 төгрөг гаргуулах шаардлагыг багасгаж 29,039,816 төгрөг гаргуулна гэжээ.

7.8 Шүүх алдангийг тооцоолохдоо талуудын байгуулсан гэрээний 5.1-д Худалдан авагч нь гэрээгээр тохиролцсон төлбөрийг хуваарийн дагуу хугацаандаа төлж барагдуулаагүй бол хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0,2 хувийн алданги тооцож, худалдагч талд төлнө гэж заасны дагуу мөн гэрээний 2.7-д заасан төлбөр төлөх 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 10 хоногийн хугацаанд алданги тооцов.

Гүйцэтгээгүй үүрэг 26,681,550 төгрөгийн 0,2 хувь нь 53,363 төгрөг байх ба уг дүнг хугацаа хэтэрсэн 10 хоногт үржүүлэн 533,630 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358,061 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ӨНХ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 294,026 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ӨНХ ХХК-иас Худалдах худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 26,681,550 төгрөг, алданги 533,630 төгрөг нийт 27,215,180 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.Дид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,824,636 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн 40,022,325 төгрөг гаргуулах тухай шаардлагыг 10,982,509 төгрөгөөр багасгасан болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358,061 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ӨНХ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 294,026 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА