| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Оюунбат |
| Хэргийн индекс | 107/2018/0007/Э |
| Дугаар | 08 |
| Огноо | 2018-01-16 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 08
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, А.Ц-ид холбогдох эрүүгийн 1704001270003 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Шүүгдэгч А.Ц- нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хот - дүүрэгт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, 14 настай охин Н-ийн хамт Багануур дүүргийн .. дугаар хороо.. тоот хашаанд оршин суух, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 76 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жил 1 сар хорих ял шийтгэгдсэн, Б овогт А-ийн Ц- /РД: /.
Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас:
А.Ц-ийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /2017 оны 10 дугаар сарын 22-ны орой 18 цагийн үед/ Багануур дүүргийн .. тоот өөрийн хашаанд Б.Б-ийг согтуугаар машин жолоодож явах гэлээ гэж маргалдан түүнийг газар унагааж цээж рүү нь 2-3 удаа өшиглөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүхээс А.Ц-ид холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн бодит байдлын талаар дүгнэхэд:
А.Ц- нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны орой 18 цагийн үед Багануур дүүргийн ... тоот өөрийн хашаанд Б.Б-ийг согтуугаар машин жолоодож явах гэснээс маргалдаж, түүнийг газар унагаж, цээж рүү нь хэд хэдэн удаа өшиглөж зүүн талын 5 болон 9 хавирганы зөрөөтэй хугарал, 6, 7 дугаар хувирганы зөрөөгүй хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт зэрэг гэмтэл учруулсан нь хохирогч Б.Б-ийн Би Ц-ийн гэрт 0.75 литрийн нэг шил архитай очиж Ц- бид хоёр уусан. Бид хоёр юунаас болж хэрэлдэж маргалдсаныг мэдэхгүй, намайг газар хэвтэж байхад Ц- миний цээжний зүүн тал руу хүчтэй өшиглөсөн. Би хэнийг ч зодож цохиогүй. Эмчилгээний зардал 200.000 төгрөг нэхэмжилснийг Ц- барагдуулсан тул гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9, 36 дугаар хуудас/, шүүгдэгч А.Ц-ийн “...2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагт гэртээ ирээд байж байтал Болор 0.5 литрийн архи авчраад хувааж уусан. Онцгой байдал орж ажлаа бүтээгээд найз хүүхэн М-ын найз Э-ыг авчирсан. Би хэсэг унтсан байсан. Гэтэл М- татаад С- чинь /Б-ийг ингэж дууддаг/ машиныг чинь барьж явах гээд байна гэсэн. Би гарч Б-аас түлхүүрээ булааж аваад маргалдаж цээж рүү нь түлхэн заамдаад барьцалдсан. Б-тай ноцолдож байгаад намайг боох гэхээр нь татахад мөргөлдөж бид хоёрын хамраас цус гарсан. Түүнийг газар унахаар нь цээж рүү нь өшиглөөд орхичихсон. Түүнийг М-, Э- хоёр өргөж гэрт оруулсан. Удалгүй утас нь дуугараад ах ирлээ гээд гарч явсан. Хохирол 200.000 төгрөгийг төлсөн...” гэсэн мэдүүлэг /хх-77, шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч С.Б-н “...Би 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр жижүүрийн эмчийн үүрэг гүйцэтгэж байхад 19 цагийн үед Б-ын Б- гэж хүн биеийн байдал дунд, цээжээр өвдөнө, амьсгалж болохгүй байна гэсэн зовиуртай ирсэн. Үзлэгээр зүүн талын 6, 7 дугаар хавирганд эмзэглэлтэй байсан. Ингээд рентгенд харахад хавирганы хугарал харагдахгүй байхаар нь 13А маягтаар Улаанбаатар хот руу дахиж үзүүл гээд явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80 дугаар хуудас/, гэрч Б.Наранболорын “...Миний төрсөн дүү Б- өөрийнхөө утсаар Нарийны 9 дүгээр гудамжны 06 тоот айлаас ирээд аваач, ирэхдээ эмч аваад ир гэж хэлсэн. Би түүнийг Нарийны 7 дугаар гудамжны 09 тоот блокон хашааны үүдэнд ганцаараа сууж байхад нь аваад эмнэлэг дээр ирсэн. Манай дүү бага зэрэг халамцуу, ярьж, дуугарч чадахгүй, амьсгаа бүтэн авч чадахгүй, хамраас нь цус гарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч Т.Э-ын “...Д-гийн /Ц-ийн/ найз согтуу гэрээс гарч ирээд чамд мөнгө байна уу, нэг шил архи аваад өг гээд байсан. Би чадахгүй гээд байж байтал нөгөө залуу машиныг авч явах гэхэд, М- явуулахгүй гэж байгаад Д-г дуудаж бид хоёр гэр лүү ороход Д- найзтайгаа гадаа үлдсэн. Бид хоёрыг гэрт байхад хашааны хаалга хоёр удаа дуугарч байсан. Удалгүй Д-гийн хамраас цус гарсан, баруун нүд нь хөхөрсөн байдалтай орж ирсэн. Б- гэрийн гадна дээшээ хараад хэвтэж байсан. Гадаа хүйтэн цас орсон байсан учраас даарчихаж магадгүй гэж бодоод М- бид хоёр гэрт оруулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14, 43 дугаар хуудас/, гэрч С.М-ын “...Ц-, С- /Б-/ хоёр гадаа үлдсэн, хашааны хаалга дуугарч байгаа сонсогдсон. Ойролцоогоор 10 минутын дараа Ц-ийн хамраас цус гарсан, баруун талын нүд хавдсан орж ирсэн. Би түлхүүрээ аятайхан авч чаддаггүй юм уу нөгөөдөх чинь хаана байна гэхэд гадаа байна орж ирэх байх гэсэн. Тэгээд орж ирэхгүй болохоор нь гарахад Б- гэрийн хажууд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Ёох ёох гээд байхаар нь Э-ын хамт өргөж оруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “...Б.Б-ийн биед зүүн талын 5, 9 хавирганы зөрөөтэй хугарал, 6, 7 дугаар хувирганы зөрөөгүй хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой..” гэсэн 09шэ/283 тоот дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Хэргийн бодит байдлыг тогтоосон нотлох баримтуудыг дүгнэхэд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж журмын дагуу бэхжүүлж авсан, мэдээллийг хаанаас хэрхэн олж авсан нь тогтоогдсон, мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр давхар батлагдсан. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Дээрх нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр шинжилж судалсан болно.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн бодит байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
А.Ц- “согтуугаар машин жолоодож явах гэлээ” гэж Б.Б-тай маргалдаж, улмаар бие махбодид нь хүч хэрэглэн халдсан үйлдэлдээ шууд санаатай хандсан нь шүүгдэгчийн болон гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. А.Ц-ийн санаатай үйлдлийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн “...Б.Б-ийн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тодорхойлогджээ.
А.Ц- нь иргэн Б.Б-ийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Иймд А.Ц-ийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Мөн хохирогчид учирсан хор уршиг 167.900 төгрөгийг төлж, хохирогчтой эвлэрсэн нь талуудын эвлэрлийн гэрээнээс /хх-ийн 60 дугаар хуудас/ харагдаж байна. Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нь батлагдаж байна.
Прокуророос яллагдагч А.Ц-ид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэвэл зохино.
Хохирогч Б.Б- нь энэ хэргийн улмаас рентген зураг авахуулах, компьютер томограф зураг авахуулах, анхны тусламж, зөвлөгөө, эмчилгээ хийлгэх зэрэгт 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 150.000 төгрөг төлсөн нь кассын орлогын ордероор /хх-ийн 38, 39 дүгээр хуудас/, эмийн үнэд 17.900 төгрөг зарцуулсан нь “Ухаа булаг” ХХК-ийн орлогын баримтаар /хх-ийн 40 дүгээр хуудас/ тус тус нотлогдсон ба нийт 167.900 төгрөгийн хор уршиг учирсан нь тогтоогджээ. Шүүгдэгч хохирогчийн хор уршгийг арилгахаар 200.000 төгрөг төлсөн нь хохирогчийн шүүхэд ирүүлсэн хохиролгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбараар нь /хх-ийн 106 дугаар хуудас/ нотлогдсон.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор шаргал өнгийн босоо захтай ноосон цамц 1 ширхэг, цайвар өнгийн давуун өмд 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНБАТ