Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2024/0397

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э******* нарыг оролцуулан “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Горхи-Тэрэлж байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд болон шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Манайх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан. Э******* ХХК-ийн газар ашиглах эрхийг хугацааг сунгуулах нийтийн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг болон уг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг хариуцагчаар оролцуулахаас татгалзаж байгааг үүгээр илэрхийлж байна. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг бүрэн хийх шаардлагатай гэж үзэж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Э*******” ХХК-иас Г******* байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан гаргасан “Э*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг хугацааг сунгуулах нийтийн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзах хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй” гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2-т ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй тухай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг шүүхээс нэхэмжлэгчид танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Горхи-Тэрэлж байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд холбогдох Э******* ХХК-ийн газар ашиглах эрхийг хугацааг сунгуулах нийтийн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч хэсэгчлэн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  М.БАТЗОРИГ