Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2024/03696

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 02 181/ШШ2024/03696

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: НУ ХХК /.. хаягт байрлах, РД:..-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, ... овогт Д.З /ИҮД: ..., РД:../-т холбогдох,

 

Ашиглалт, хадгалалт, хамгаалалтын зардалд нийт 6,035,986 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, Э.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч НУ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Манай "НУ" ХХК нь 2009 оноос хойш барилга угсралт, зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах 30-р байр буюу үйлчилгээтэй, орон сууцны 10 давхар барилгыг манай компани 2017 онд барьж, ашиглалтад оруулсан. Барилгын 02 давхараас 08 давхар хүртэл орон сууцны чиглэлээр ашигладаг бөгөөд одоогоор нийт 10 гаруй айл өрх байдаг. Орон сууцны хэмжээнд СӨХ гэж байгуулаагүй ба учир нь оршин суугчдаас СӨХ байгуулах асуудлаар аливаа санал, хүсэлт уламжилж байсан удаагүй болно.

Иймээс орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн арчлалт, харуул хамгаалалт, үйлчилгээний менежментийг барилгын ажлыг гүйцэтгэгч "НУ" ХХК өнөөдрийг хүртэл хариуцаж, мөн өөрийн эзэмшлийн цахилгаан дэд станцаас эрчим хүчээр хангах байдлаар ажиллаж ирсэн байдаг.

Манай компани нь барилгынхаа 1 болон 9 дүгээр давхрыг компанийн оффисын зориулалтаар ашигладаг тул нийт барилгын дундын өмчлөлийн зүйлийн арчлалт, харуул хамгаалалт, үйлчилгээний нийт зардлын дийлэнх хувийг өөрөө хариуцаж тодорхой хувийг айл өрхүүдэд хуваарилж ажилладаг болно.

Дундын өмчлөлийн зүйлийн арчлалт, хамгаалалт, үйлчилгээний зардлыг манай компани дур мэдэн тогтоосон зүйлгүй бөгөөд нийт оршин суугчдын дунд удаа дараа уулзалт, хурал хийсний үр дүнд харилцан тохиролцсон байдаг бөгөөд бусад айл өрх, хуваарийн дагуу хэвийн төлөлт хийж байна. Мөн 41 тоотны оршин суугч нь энэхүү харилцан тохиролцсон төлбөрийг төлөхөө амаар болон бичгээр график гарган илэрхийлж, урьд нь төлөлтүүдийг хийж байсан удаатай.

Гэтэл 41 тоотод оршин суугчийн зүгээс гэнэт орон сууцны барилгын дундын өмчлөлийн зүйлийн арчлалт, хадгалалт, хамгаалалттай холбогдсон зардал болон тухайн сууцны ашиглалтын төлбөрөө төлөхөөс татгалзаж, авлагын хуримтлал үүсгээд байна. ... орон сууцны харуул хамгаалалт, аюулгүй байдал, цэвэрлэгээ үйлчилгээ, нийтийн эзэмшлийн талбайн зам талбайн гэрэлтүүлэг, лифтний ашиглалт түүний засвар, үйлчилгээ, хог ачилт, сангийн шугам хоолойн ариутгал, халдваргүйжүүлэлт болон бусад бүхий л үйлчилгээг ямар нэгэн саадгүй, чанартай гүйцэтгэж байна. Мөн айл өрх сантехникийн болон цахилгааны доголдлын үед шуурхай дуудлагаар үнэ төлбөргүй засвар үйлчилгээг үзүүлж, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог хангаж ирсэн байдаг.

Мөн манай компанийн зүгээс 2022 оны 07 сарын 26-ны өдөр 01/158 тоот мэдэгдэл, 2023 оны 04 сарын 06-ны өдөр 01/52 тоот мэдэгдэл, 2022 оны 12 сарын 23-ны өдрийн 01/254 тоот мэдэгдлийг тухай бүр 41 тоотын оршин суугчид хүргүүлж байсан удаатай.

Аливаа үүрэг хууль эсхүл гэрээнд заасны дагуу үүсдэг. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т "Орон сууц өмчлөгч нь дараах үүрэг хүлээнэ" гээд 148.2.3-т дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох" гэж заасан үүргээ биелүүлэхгүй байна. Мөн хариуцагчийн зардал төлөхөөс татгалзаж буй нь хуульд нийцэхгүй буюу Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж заасныг зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

1.2 Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууцны хэмжээнд Сууц өмчлөгчдийн холбоог огт байгуулаагүй бөгөөд оршин суугчид нь СӨХ байгуулах талаар аливаа санал хүсэлт гаргаж байгаагүй буюу СӨХ байгуулах эрхээ өөрсдөө хэрэгжүүлж байгаагүй. Оршин суугчдын зүгээс Сууц өмчлөгчдийн холбоо байгуулаагүй тул манай байгууллага нь орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн арчлалт, харуул хамгаалалт, үйлчилгээний менежментийг өнөөдрийг хүртэл хариуцан мөн өөрийн эзэмшлийн цахилгаан дэд станцаас эрчим хүчээр хангах байдлаар ажиллаж сууц өмчлөгчдийн холбооны үүргийг гүйцэтгэж, тус компанийн мэргэжлийн хамт олон оршин суугчдад чадварлаг менежментийн үйлчилгээ үзүүлсээр ирсэн.

Үүнийг тодруулбал НУ ХХК нь хавтаст хэргийн 70-77 дахь талд авагдсанчлан 30 дугаар байрны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт хамгаалалтыг ханган ажиллах зорилгоор тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн А/02 дугаартай тушаалын дагуу Хамгаалалтын аюулгүй байдлын алба, үйлдвэрлэх ашиглалтын алба, сантехникийн алба, холбоо дохиоллын болон цахилгааны алба, ашиглалт үйлчилгээний алба гэсэн зохион байгуулалтад оруулж, алба нэг бүрийг хариуцан ажиллах чиг үүргийг тодорхойлох замаар 30 дугаар байрны нийт оршин суугч нар мэргэжлийн үүднээс иж бүрэн үйлчилгээ үзүүлж ажиллаж байгаа юм. Тус компанийн хамгаалалт, аюулгүй байдлын алба нь 30 дугаар байрны аюулгүй байдлыг хангах зорилгоор 24 цаг 72 цагийн зохион байгуулалттайгаар нийт 3 ээлжийн харуул хамгаалалтын ажилтан тогтмол ажилладаг. Барилгын дотор болон гадна талд хоногийн 24 цагийн турш хараа хяналт тавих камерын систем, галын дохиоллын систем, болзошгүй эрсдэлийн үеийн мэдээлэх систем зэргийг НУ ХХК нь 100% өөрийн зардлаар бүрэн суурилуулж, хамгаалалтын үйлчилгээгээ сайжруулж ажиллаж байгаа. Мөн хамгаалалтын ажлыг сайжруулах зорилгоор НУ ХХК хамгаалалт, аюулгүй байдлын хэлтсийн дарга гэж ажлын байр, мөн цэрэг, цагдаагийн байгууллагад ажиллаж байсан дадлага туршилтууд хүний нөөцийн бүрдүүлэлтээр сонгон шалгаруулаад ажиллуулж байгаа. Хамгаалалт, аюулгүй байдлын хэлтсийн даргын албан тушаалын зардлыг НУ ХХК өөрөө хариуцаж байгаа. Харин ашиглалт үйлчилгээний албанд 1 аж ахуйн менежер, 3 үйлчилгээний ажилтны бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг. Үйлчилгээний ажилчид нь батлагдсан хуваарийн дагуу 30 дугаар байрны гадна дотно талбайн цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж, хийж гүйцэтгэсэн ажлаа аж ахуйн менежер дээр нь хянуулах зүйл зэргээр ажилладаг. Аж ахуйн менежер нь өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ 30 дугаар байрны оршин суугчдын фейсбүүкэд постолж мэдээлэл тавьж, ажилладаг. Үл хөдлөх ашиглалтын алба нь 30 дугаар барилгын бүрэн бүтэн байдал, эзэмшил, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, үр ашигтай байлгахад хяналт тавиад давхар ашиглалт үйлчилгээний албанд хяналт тавьдаг. Мөн байрны эрсдэлийн үнэлгээ гарч үнэлгээг гаргаж гарч болох эрсдэлийг тооцоолсны үндсэн дээр 30 дугаар барилгыг хөрөнгийн даатгалын байгууллагад бүтэн даатгуулах ажил дээр хариуцан зохион байгуулж ажилладаг.

Хэрэг шүүхэд хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага 2 удаа ихэсгэсэн. Хамгийн сүүлийн байдлаар ихэсгэсэн шаардлагаа тайлбарлая 2019 оны 02 дугаар сараас 2024 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны цахилгааны төлбөрт 141,889 төгрөг, дулааны төлбөрт 124,816 төгрөг, цэвэр бохир усны төлбөрт 27,893 төгрөг, менежментийн зардал буюу 30-р барилгын дундын өмчлөлийн зүйлийн арчлалт тордолт, хадгалалт, хамгаалалтын төлбөрт 6,035,986 төгрөг, нийт 6,330,585 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.1 Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НУ ХХК нь барилга угсралт, зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо /цаашид "холбоо" гэх/-г байгуулна гэж заасны дагуу Сууц өмчлөгчдийн холбооны чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй субъект биш байна.

Хариуцагч Д.З нь өөрийн өмчлөлийн орон сууцны зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр бохир ус, ариутгал хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх харин дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө. Д.З нь ..тоот хаягт амьдардаг, өөрсдийн хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны төлбөрийг цаг тухай бүрд нь төлөөд явдаг. Манай оршин суугчид СӨХ байгуулъя гэдэг шаардлагыг удаа дараа тавьж байсан боловч, ойлголцолд хүрэхгүй шалтгаанаар өнөөдрийг хүртэл СӨХ байгуулагдаагүй.

НУ компани нь өөрсдийнхөө ашиглалт харуул хамгаалалт, менежментийн зардлыг өөрсдөө төлөхгүй оршин суугч нараар СӨХ гэсэн нэрийн дор төлүүлэх гэсэн 104,400 мянга төгрөг, 114,400 төгрөг гэсэн ялгамжтай тоонуудыг компани өөрсдөө дур мэдэн зохиосон хууль зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал нийтийн өмчлөлийн орон сууц, дундын эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т ямар тохиолдолд зарим сууц өмчлөгч нараас авах төлбөрийн хэмжээг бусдаас өндөр авах бол үүнийг нийт сууц өмчлөгчдийн холбооны гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтыг үзвэл айл өрхөөс авах төлбөрийн хэмжээ нь 104,400, 114,400 мянга төгрөг гэсэн хоёр ялгамжтай дүнгүүд болж байна. Тэрхүү төлбөрийн хэмжээг тогтоосон, задаргаа гэх баримтыг 12 айлын гэрийн хаягийг бичээд оршин суугчдын гарын үсэг мөн эсэх нь эргэлзээтэй, санхүүгийн тэмдэг дарсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Сууц өмчлөгчдийн холбооны хурлаар төлбөрийн хэмжээг тогтоогоогүй, бүх оршин суугчдын хурлын тэмдэглэл байхгүй байна. Хуульд зааснаар НУ ХХК нь сууц өмчлөгчдийн холбооны тарифын хэмжээг тогтоох эрх байхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

 

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж 98,590 төгрөг төлсөн баримт, НУ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Э.М, Б.У нарт олгосон итгэмжлэл, ашиглалтын төлбөрийн гүйцэтгэлийн гэх баримтууд, НУ ХХК-ийн мэдэгдэл хүргүүлэх тухай, шаардлага хүргүүлэх тухай албан тоотууд, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хариу хүргүүлэх тухай албан тоот, СӨХ ашиглалтын төлбөрийн гүйцэтгэлийн хуулбар, Ашиглалтын Зардлын задаргааны хуулбар, Х.Даваад олгосон итгэмжлэл, ашиглалтын төлбөрийн нэхэмжлэх 03-р сар, ашиглалтын төлбөрийн гүйцэтгэл, улсын тэмдэгтийн хураамж 107,088 төгрөг төлсөн баримт, НУ ХХК-ийн Захирлын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар А/002 тушаал, НУ ХХК-иас 30-р барилгын оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор төр, захиргааны байгууллагад гарган өгсөн гомдол мэдээллүүд, 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс 2024 оны 3 дугаар сарын 31-нийг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийн гүйцэтгэл, 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс 2024 оны 3 дугаар сарын 31-нийг хүртэл хэрэглэсэн цэвэр, бохир усны төлбөрийн гүйцэтгэл, НУ ХХК-аас орон сууцны барилгыг цахилгаан эрчим хүч, дулаанаар хангуулахтай холбогдуулж төрийн захиргааны байгууллагатай байгуулсан гэрээнүүд, НУ ХХК-иас 30 дугаар барилгын дундын өмчлөлийн зүйлийн арчлалт, тордолт, хадгалалт хамгаалалтыг хангах зорилгоор бусад аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан төлбөрт үйлчилгээний гэрээ, 2020 оноос 2024 он хүртэлх ажилчдын цалин, цалингийн задаргаа, НУ ХХК болон М ХХК нарын хоорондын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаар NUP201894 Гэрээт харуул, хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн NUP201894 тоот Гэрээт харуул, хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээний сунгалт, НУ ХХК болон М ХХК нарын хоорондын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар NUP202203 Гэрээт харуул, хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн NUP202203 тоот Гэрээт харуул, хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээний сунгалт, 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний нэмэлт хавсралт, УЭ ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 24/21 тоот мэдэгдэл, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний нэмэлт хавсралт, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаар 38/2000 Хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Ажлын байрны тодорхойлолтын хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар 042 Хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2023 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл, 2024 оны 01 дүгээр сараас 2024 оны 08 дугаар сар хүртэл хугацааны ашиглалтын төлбөрийн нэхэмжлэх, 2019 оны 02 дугаар сарын ашиглалтын төлбөрийн гүйцэтгэл, улсын тэмдэгтийн хураамж 9,000 төгрөг төлсөн баримт, Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01/992 тоот, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх төлбөрийн түүх, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх төлбөрийн түүх, УЭ ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 24/04/ тоот, НУ ХХК болон УЭ ХХК нарын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дугаар NU2024/10 Цахилгаан шатанд техникийн үйлчилгээ, засварын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, Мандал даатгал ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 24/1033 тоот тодорхойлолт, Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээний хуулбар, Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, 30 дугаар байрны Оршин суугчдад үзүүлж буй үйлчилгээний буюу Менежментийн зардлын задаргаа, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, шилжүүлгийн мэдээлэл, СӨХ ашиглалтын төлбөрийн гүйцэтгэлийн хуулбар

 

3.2 Хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд: 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А.Бд олгосон итгэмжлэл, хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, орон сууцны төлбөрийн нэхэмжлэхүүд, ашиглалтын төлбөрийн нэхэмжлэх, оршин суугчдаас гаргасан тайлбар,

 

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл,

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

4.1 Нэхэмжлэгч НУ ХХК нь хариуцагч Д.Зоос 2019 оны 02 дугаар сараас 2024 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны цахилгааны төлбөрт 141,889 төгрөг, дулааны төлбөрт 124,816 төгрөг, цэвэр бохир усны төлбөрт 27,893 төгрөг, менежментийн зардал буюу 30-р барилгын дундын өмчлөлийн зүйлийн арчлалт тордолт, хадгалалт, хамгаалалтын төлбөрт 6,035,986 төгрөг, нийт 6,330,585 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан.

 

4.2 Хариуцагч Д.Зийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас ус, дулаан, цахилгааны төлбөр нийт 294,589 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.

 

4.3 Иймд шүүх хариуцагчийн 294,589 төгрөгийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, үлдэх 6,035,986 төгрөг гаргуулах тухай маргаж буй шаардлагын хүрээнд дүгнэлт хийх нь зүйтэй.

 

5. Нэхэмжлэгч НУ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 6,035,986 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлийг дундын өмчлөлийн зүйлийн менежментийн зардал буюу харуул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээ, лифт, гэрэлтүүлэг, хог ачилтын зардал гэж тайлбарлаж байна.

 

6. Хариуцагч Д.Зийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь оршин суугчдын хурлаас байгуулагдаагүй Сууц өмчлөгчдийн холбоо бус, Сууц өмчлөгчдийн холбооны чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй субъект биш, ялгамжтай төлбөрүүдийг дур мэдэн нэхдэг гэх үндэслэлүүдээр татгалзлын үндэслэлийг тайлбарласан.

 

7. Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

7.1 Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 30 дугаар байрны 41 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагчийн өмчлөлийн хөрөнгө болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар нотлогдож байх ба зохигч уг үйл баримтад маргаагүй. /1-р хх-ийн 38-р тал/

 

7.2 Нэхэмжлэгч НУ ХХК нь Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 30 дугаар байрны барилгыг барьж ашиглалтад оруулсан, тус 30 дугаар байр, орон сууцны ашиглалт, засвар, үйлчилгээг НУ ХХК нь хариуцан ажиллаж байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт нэхэмжлэгч талаас гарган өгсөн баримтуудаар нотлогдож байна.

 

8. Хариуцагчаас нэхэмжлэгчийг Сууц өмчлөгчдийн холбооны чиг үүргийг хэрэгжүүлэх эрхгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байх боловч оршин суугчид дундаасаа Сууц өмчлөгчдийн холбоогоо байгуулсан талаарх баримт хэрэгт гаргаж өгөөгүй, байгуулаагүй болох нь зохигчийн тайлбараар маргаангүй.

 

8.1 Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасан.

Түүнчлэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулна. гэж заасан.

Иргэний хуулийн 148 дугаар зүйлд орон сууц өмчлөгчийн үүргийг заасан ба 148.2.3 дахь хэсэгт дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж заасан өмчлөгчийн хүлээх үүргийг сууц өмчлөгчдийн санаачилгаар холбоог байгуулах хурлыг хуралдуулаагүй оршин суугчдын үүргээ биелүүлээгүй үйлдлээр зөвтгөн, уг үүргээс чөлөөлөх үндэслэлгүй.

Иймд шүүх нэхэмжлэгчийн шаардсан дундын өмчлөлийн зүйлийн менежментийн зардал буюу харуул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээ, лифт, гэрэлтүүлэг, хог ачилтын зардлыг оршин суугч, үйлчилгээ авч буй иргэн төлөх үүрэгтэй гэж үзэв.

 

9. Нэхэмжлэгч НУ ХХК нь Ашиглалтын зардлын задаргаа гэх баримтыг хэрэгт гарган өгсөн ба уг баримтаар нийт оршин суугч айл өрх оролцож төлөх төлбөрийн хэмжээг зөвшөөрсөн байх тул төлбөрийн хэмжээг оршин суугчид тогтоож саналаа оруулсан гэж үзэх үндэслэлтэй. /1-р хх-ийн 22-р тал/

 

10. Хариуцагч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбоотой нэхэмжлэгч байгууллагаас авч буй үйлчилгээний чанар, үйлчилгээ авсанд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 214,678 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 214,678 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Зоос дундын өмчлөлийн зүйлийн менежментийн зардал буюу харуул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээ, лифт, гэрэлтүүлэг, хог ачилтын зардалд нийт 6,035,986 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч НУ ХХК-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар ус, дулаан, цахилгааны төлбөр нийт 294,589 төгрөгийг хариуцагч тал төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, зөвшөөрсөн дүнд хамаарах хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,678 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас Д.Зоос 214,678 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА