Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2024/0306/З |
Дугаар | 128/ШШ2024/0482 |
Огноо | 2024-06-13 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2024/0482
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Церкон геологи ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Маргааны төрөл:
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Церкон геологи ХХК-ийн XV-021724 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тус компанийн өргөдлийг хүлээн авч хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах
Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Тус хэлтсээс 2021 онд "Церкон геологи" ХХК /5961149 регистрийн дугаартай/- д Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын "Дэлгэрцогт" нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын XV-021724 тоот дугаартай тусгай зөвшөөрлийг 2024 оны 01 сарын 25-ны өдөр дуустал 3 жилийн хугацаагаар олгосон. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахаар хуульчилсан ба
Церкон геологи ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр /30 хоногийн өмнө/ тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хууль журамд заасан холбогдох бичиг баримтын бүрдлийг ханган АМГТГ-ын Кадастрын хэлтэст өгөх гэсэн боловч
тус газрын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах, дахин олгох, барьцааны бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Хэрлэнчимэг нь "1 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна, систем бүртгэхгүй" гэж манай өргөдлийг хүлээн авахаас татгалзсан байна. Уг хууль бус үйлдлийг эс зөвшөөрч дээд шатны албан тушаалтан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнайд 2024 оны 01-р сарын 09-ний өдөр гомдол гаргасан боловч мэргэжилтэн Н.Хэрлэнчимэгийн үйлдлийг зөвтгөж, өргөдлийг хуулийн хугацаанд гаргаагүй үндэслэлээр өргөдлийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн 2024 оны 01-р сарын 16-ны өдрийн 10/211 тоот хариу албан бичгийг манай компанид өглөө. "Церкон геологи" ХХК-н гүйцэтгэх захирал О. Тогос би хөдөө орон нутагт өвөлжилт хүндэрч буйтай холбогдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд 2023 оны 12-р сарын 22-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд ажиллаж сумын иргэдэд тодорхой хэмжээний буцалтгүй тусламж үзүүлж ажиллахаар явсан хэдий ч ажил удааширч 1 хоногоор сунгагдаж, улмаар 2023 оны 12-р сарын 25-ны өдөр гэнэт зүрхний хэм алдан биеийн байдал муудаж Улаанбаатар хотод хүргэгдэж ирсэн ба "Бүрэн мед" эмнэлэгт эмнэлгийн анхан шатны тусламж авч, хүчилтөрөгчийн аппаратанд орж, эрүүл мэндийн байдал сайжиртал тухайн өдөртөө эмнэлгийн хяналтанд байсан тул өргөдлийг 2023 оны 12-р сарын 26-ны өдөр буюу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хариуцагч байгууллагад гаргасан. Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3, 7.1.6 дахь хэсэгт тус тус зааснаар аливаа төрийн байгууллага өөрийн чиг үүрэгт хамаарах иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэж хариуг өгөх үүрэгтэй ба харин өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрх хуулиар олгогдоогүй байна. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг уг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргах үүрэгтэй байх боловч энэхүү хугацаанд өргөдөл гаргаагүй нь өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрхийг төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хуулиар олгоогүй байх ба мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлд мөн хамаарахгүй байна. Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа зөвхөн хуульд үндэслэх, хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулах, хориглосноос бусдыг зөвшөөрөх эрх зүйн зарчимтай. мөн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд сунгуулах өргөдөл гаргах нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх байх бөгөөд харин төрийн захиргааны байгууллага өргөдлийг хүлээн авч түүнд хавсаргасан бичиг баримтын бүрдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 7.1, 7.2, 31-33 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж буй эсэхийг хянаж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх шийдвэр гаргах үүрэгтэй болохыг хуулийн 22.2, 22.4 дэх хэсэгт тодорхой заажээ. Мөн Ашигт малтмал газрын тосны газрын даргад 2024 оны 01-р сарын 17-ны өдөр гомдол гаргасан боловч газрын дарга Л.Баярмандал нь "... тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд гаргаагүй байна. гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй... гэсэн хариуг 2024 оны 02-р сарын 16- ны өдрийн 1/677 тоот "Хариу хүргүүлэх тухай албан бичгээр өгсөн юм. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс дээрх хүндэтгэн үзэх шалтгаанаас гадна тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд нэхэмжлэгч хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл, гомдлыг хариуцагчид гаргасан боловч өргөдлийг хүлээн авахгүй буцааж, энэ талаар дээд албан тушаалтанд гаргасан манай компанийн гомдлыг хариуцагч татгалзаж шийдвэрлэх хугацаанд тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусч манай компанийн эрх, ашгийг зөрчиж хохироож байна. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргаагүй нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах үндэслэл болохгүй, мөн нэхэмжлэгч компани 1 хоногийн хугацаа хэтрүүлсэн хүндэтгэх үзэх шалтгаанаа тайлбарлаж, нотлох баримтыг гомдлын хамт гаргаж өгсөн байхад хэт нэг талыг барьж, өргөдлийг хүлээн авахаас татгалзаж буй нь хуулийн үндэслэлгүй байна. Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 37.1, 37.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн XV-021724 moom хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн өргөдлийг хүлээн авч хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах; гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс 2021 онд "Церкон геологи" ХХК-д Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Дэлгэрцогт нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын XV-021724 дугаартай тусгай зөвшөөрлийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаатай олгосон. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахаар хуульчилсан ба "Церкон геологи" ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр буюу нэг өдрийн хугацаа хоцроож тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хууль журамд заасан холбогдох бичиг баримтын бүрдлийг хангаж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст өгөх гэсэн боловч тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах, дахин олгох, барьцааны бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн н.Хэрлэнчимэг нь "1 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна, одоо систем бүртгэхгүй" гэж нэхэмжлэгчийн өргөдлийг хүлээн авахаасаа татгалзсан Уг хууль бус үйлдлийг эс зөвшөөрч дээд шатны албан тушаалтан болох Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнайд 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гомдол гаргасан. Гэтэл ажилтан н.Хэрлэнчимэгийн үйлдлийг зөвтгөж, хуульд заасан хугацаанд өргөдлийг гаргаагүй тул хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн хариуг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10/211 тоот албан бичгээр "Церкон геологи" ХХК-д өгсөн. Нэхэмжлэгч компанийн хувьд үүнийг зөвшөөрөхгүй байгаа тул 2 үндэслэлээр маргаж байгаа. "Церкон геологи" ХХК-ийн хувьд гүйцэтгэх захирал О.Тогос хөдөө орон нутагт өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд ажиллаж, сумын иргэдэд тодорхой хэмжээний буцалтгүй тусламж үзүүлж ажиллахаар явсан бөгөөд 25-ны өдөр буцаж ирэхээр төлөвлөж байсан боловч 25-ны өдөр гэнэт зүрхний хэм алдагдаж биеийн байдал нь муудаж Улаанбаатар хотод хүргэгдэн Бүрэн мед эмнэлэгт эмнэлгийн тусламж авч, хүчилтөрөгчийн аппаратад орон эрүүл мэндийн байдал нь сайжиртал бол тухайн өдрөө эмнэлгийн хяналтад байсан тул хугацаа сунгах өргөдлийг нэг хоног хоцорч 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр буюу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хариуцагч байгууллагад гаргасан.
Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3, 7.1.6 дахь хэсэгт зааснаар аливаа төрийн байгууллага өөрийн чиг үүрэгт хамаарах иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэж, одоо хариу өгөх үүрэгтэй. Харин энэ өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрх бол хуулиар олгогдоогүй гэж үзэж байгаа. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргах үүрэгтэй боловч энэ хугацаанд өргөдөл гаргаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрхийг төрийн байгууллагад хуулиар олгоогүй байна. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр 21.1.5-д зааснаар төрийн захиргааны байгууллага өргөдлийг хүлээн авч, түүнд хавсарсан бичиг баримтын бүрдэл нь одоо Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 31-33 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянаж тусгай зөвшөөрлийг сунгах эсэх хариуг өгөх үүрэгтэй гэж үзэж байгаа. Хариуцагчаас тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүй гэсэн хариу өгснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5,106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч компанийн XV-021724 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн өргөдлийг хүлээн авч хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү. гэв.
Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаар "сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай" шийдвэрээр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг "Дэлгэрцогт" нэртэй 625.66 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ-021724 дугаартай тусгай зөвшөөрлийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар "Церкон геологи" ХХК-д олгосон байна. Тус компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-т "энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах" гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын ХВ-021724 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдлийг хуулийн хугацаанд гаргаагүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана" гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1 "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар", 22.1.2 "үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод Хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт", 22.1.3 "байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт", 22.1.4 "хайгуулын тухайн үе шатны ажлыг Гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт" зэргийг тус тус Хэсэгт зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана үүрэг болгосон байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хугацаанд "Церкон геологи" ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах өргөдлийг гаргаагүй тул ашигт малтмалын хайгуулын ХВ-021724 дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссаныг бүртгэсэн байна. Тодруулбал, "Церкон геологи" ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй, сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлээгүй тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна. Мөн түүнчлэн "Церкон геологи" ХХК-аас манай газарт хандсан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахыг хүссэн албан бичигт Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10/211 дугаар, тус газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1/677 дугаар албан бичгээр "...2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө хугацаа сунгуулах өргөдлийг гаргах эрхтэй байсан бөгөөд төрийн захиргааны байгууллагад хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд гаргаагүй тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй" гэсэн хариуг тус тус хүргүүлсэн байна. Иймд "Церкон геологи" ХХК-ийн гаргасан тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн өргөдлийг хүлээн авч хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: "Церкон геологи" ХХК нь 2021 онд сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөө 3 жилийн хугацаатай авсан байдаг. Хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөө 3 жилийн хугацаатай авч, 3 удаа хугацаа сунгуулах эрхтэй байдаг. Нэхэмжлэгч тайлбартаа анх удаа тусгай зөвшөөрөл авсан туршлагагүй, өмнө тусгай зөвшөөрлийг сунгуулж байгаагүй гэж дурдаж байна. Эрх зүйн мэдлэггүй байх нь зөвтгөх шалтгаан биш. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал олгов гэж дурдсан байгаа. Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хугацаагаа 3 жилээр сунгуулах хүсэлт гаргахдаа 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс урагшаа 1 сарын хугацаа тооцох буюу 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө хүсэлтээ өгөх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч хугацаагаа тулгасан мөн захирлын эрүүл мэндийн байдлын улмаас хугацаа хожимдуулсан. Гэтэл нэхэмжлэгч хугацаагаа тулгасан мөн захирлын эрүүл мэндийн байдлын улмаас хугацаа хожимдуулсанд төрийн захиргааны байгууллагатай маргах шаардлага байхгүй. Хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь Манай бүх үйл ажиллагаа цахим болсон. Гэтэл анх удаагийн хугацаа сунгах хүсэлтээ гаргахаар орон нутгаас бичиг баримтаа аваад материалаа бүрдүүлээд өгөхөд нэг хоног хэтрүүлсэн тул бүртгэх боломжгүй гэсэн хариу хэлсэн гэж дурдаж байна. Хугацаа сунгах хүсэлтийг нэг цэгийн үйлчилгээний тухайн асуудлыг хариуцаж байсан мэргэжилтэн хүлээн авч хуулийнхаа хугацаанд хүсэлтээ гаргаагүй бол хүсэлтийг системд бүртгэж авах боломжгүй байдаг. Нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Кадастрын хэлтсийн даргад хандан эмнэлийн баримт зэрэг холбогдох баримтуудын хамт хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан байдаг. Уг хүсэлтийг Кадастрын хэлтсийн дарга хянаад хуульд заасан хугацаагаа хэтрүүлсэн учраас хүсэлтийг хүлээн авч, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулийн хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтээ гаргаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай 13 дугаар шийдвэрээр Церкон геологи ХХК-д Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт орших Дэлгэрцогт нэртэй 625.66 га бүхий /СШ-45-6/ талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал гурван жилийн хугацаагаар олгосон байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №10/211 тоот болон Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №1/677 тоот албан бичгүүдээр XV-021724 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дуусах бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж... гэж заасан ба танай компани хугацаа сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргаагүй тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй. гэсэн агуулгатай хариуг нэхэмжлэгчид өгсөн байна.
Нэхэмжлэгч нь XV-021724 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд уг тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ гаргасан болох нь нэхэмжлэгчийн гаргаж байсан хүсэлтүүд, дээр дурдсан 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №10/211 тоот болон 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №1/677 тоот албан бичгүүдээр тогтоогдож байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно: 53.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан;, 53.1.2-д тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан өгсөн; 53.1.3-д төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцалсан. гэж тус тус заасан.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэлүүдэд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгуулах өргөдлийг гаргаагүй гэсэн үндэслэл байхгүй байна.
Тодруулбал Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахаар заасан боловч энэ нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох үндэслэл биш байна.
Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтуудаас үзэхэд, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргаагүй бол уг тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах эрхийг төрийн захиргааны байгууллага, түүний албан тушаалтанд хуулиар олгоогүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ:, 21.1.5-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах; гэж заасан ба тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан нөхцөлд тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах эрхтэй байна.
Дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд, нэхэмжлэгч нь маргаан бүхий тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд багтаан тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ гаргасан, мөн тусгай зөвшөөрөл дуусгавар болох хуульд заасан үндэслэлүүдэд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө сунгуулах хүсэлт гаргаагүй бол гэсэн үндэслэл байхгүй байх тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа хариуцагчийн үйлдэл хуульд нийцэхгүй, иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн тусгай зөвшөөрөл дуусгавар болох хуульд заасан үндэслэлүүдэд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө сунгуулах хүсэлт гаргаагүй бол гэсэн үндэслэл байхгүй байх тул нэхэмжлэгчийн өргөдлийг хүлээн авч хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлээ.
Харин Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ. гэж заасан байх ба үүнээс үзэхэд, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх нь хариуцагчийн эрх хэмжээний асуудал байх тул даалгах шаардлагыг шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн өргөдлийг хүлээн авч, сунгах эсэхийг ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасан байдлаар томьёолсон болно.
Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Церкон геологи ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Церкон геологи ХХК-ийн XV-021724 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, тус компанийн өргөдлийг хүлээн авч, XV-021724 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэхийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Церкон геологи ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ