Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 09

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.А-т холбогдох эрүүгийн 1804000000004 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:                     

 Нарийн бичгийн дарга                               З.Ганцоож

 Улсын яллагч                                                Ж.Бүрэнжаргал

 Шүүгдэгч                                                  О.А- нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, одоо ... ажилладаг, ам бүл 4, эхнэр О.Н, 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр  тоот орон сууцанд оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай БН овгийн О-ийн А- /РД:/

Прокурорын яллах дүгнэлтэд:

Шүүгдэгч О.А- нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18 цагийн үед Багануур дүүргийн ..дугаар хороо, .. тоот хаашаанд байрлах Ц.Э-ын гэрт Д.М-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч О.А-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлын газрын Амартүвшин, Мөнх-Энх, М- нарын хамтаар Багануур дүүргийн .. дугаар хороо, ..тоот хашаанд байрлах Ц.Э-ын гэрт 17 цагийн үед очиж 2 шил 0.75 граммын архи ууцгаасан. Тэгээд 19 цагийн үед намайг архи хундагалаад сууж байтал М- над руу хандан чи намайг алгасчихлаа надад архи өгсөнгүй гэж уурлан над руу сандал шидсэн. Бид хоёрыг хажууд байсан хүмүүс салгах үед би М-ийн нүд рүү нь өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            Хохирогч Д.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн үед хамт ажилладаг Ц.Э-ын гэрт А-, Г, А, М, А бид нар архи ууцгаасан. А- бид 2 хоорондоо хувийн харьцаанаас болж маргалдсан. Улмаар О.А- намайг өшиглөж миний зүүн нүдний дээд зовхийг задалсан байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,

             Гэрч Ц.Э-ын мөрдөн байцаалтын шатанд: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн үед  манай ажлын газрын хүмүүс ирсэн. Тэгээд бид нар хоол унд идээд, 2 шил архи хувааж ууцгаасан. Оройн 19 цагийн үед М-, А- нар ялихгүй зүйл дээрээс маргалдсан. Тэгэхээр нь бид нар салгасан. Би удалгүй гарч хойд талынхаа байшин руу ороод гарч иртэл А-, М-ийн нүүр рүү өшиглөсөн байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/

           Гэрч Л.М.......ийн мөрдөн байцаалтын шатанд: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн үед М-, А..., А- нарын хамтаар хамт ажилладаг Ц.Э-ын гэрт 2 шил 0.75 граммын архи аваад очсон. Тэднийд хоол унд идээд, архи уугаад сууж байхад А-, М- нар маргалдсан. Тэгээд А-, М-ийг цохиод автал М- сандалаар А-ийн толгой руу цохьсон. Бид нар тэр хоёрыг салгаад А-ийг гадаа гаргасан байхад А- буцаж орж ирээд М-ийн нүд рүү нь өшиглөсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/

           Гэрч О.Н..........ын мөрдөн байцаалтын шатанд: “...Манай нөхөр О.А- их цагаахан сэтгэлтэй, бусдад тусархуу, үнэнч шударга зантай, хамт олон дундаа нэр хүнд сайтай, цагийг сайн баримталдаг хүн байгаа юм. Бидний хувьд 2001 онд гэр бүл болж 2 хүүхдийн хамтаар амьдарч байна. Мөн урьд хэрэг төвөгт холбогдож байгаагүй, хааяа баяр ёслолын үеэр архи хэрэглэдэг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/

Шүүгдэгч О.А-ийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/

           Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ө.Ш-гийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 09шэ/029 дугаартай “...Д.М-ийн биед зүүн талын нүдний дээд зовхинд язарсан шарх, салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 12 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...Багануур дүүргийн .......... хашаанд байрлах Ц.Э-н гэрт согтуу хүмүүс зодолдоод байна...” гэсэн тэмдэглэл, /хх-ийн 1 дугаар хуудас/,

Хохирогч Д.М-ийн “... О.А-тэй эвлэрсэн, одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-ийн 35 дугаар хуудас/ зэрэг дээрхи нотлох баримтууд болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

 Хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх ба уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон түүнд учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

Шүүгдэгч О.А- нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 16 дугаар гудамжны 17 тоот хашаанд байрлах Ц.Э-ын гэрт Д.М-той муудалцаж, улмаар түүний нүүрэн тус газар өшиглөж, хөмсгийг нь задалсан шарх гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн “...би М-ийн нүд рүү нь өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн “…А- бид 2 хоорондоо хувийн харьцаанаас болж маргалдсан. О.А- намайг өшиглөж миний зүүн нүдний дээд зовхийг задалсан байсан …” гэсэн мэдүүлэг, гэрч Л.М, Ц.Э- мэдүүлэг, шинжээч эмчийн 09шэ/029 дугаартай дүгнэлт зэрэг дээрхи нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “...Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Шүүгдэгчийн үйлдэл, хор хохиролд санаатай хандсан нь хохирогчтой маргалдаж, таарамжгүй харилцаа үүсгэсэн зэрэг үйлдлээр нь тогтоогджээ.

Шүүгдэгч О.А- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хохирогчийн “эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд” ноцтой халдсан байна.

Иймд О.А- Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Иймд прокурорын санал, шүүгдэгч О.А-ийн хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг ялтны гаргасан хүсэлт, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчилэн төлүүлэхээр байна.

            Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч БН овгийн О-ийн А-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Буурал Найдан овгийн Отгондэмбэрэлийн А-ийг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2018 оны 4 дүгээр сарын 1-ны өдрийн дотор биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан О.А-т мэдэгдсүгэй.
  4. Хохирогч Д.М- нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
  5. Тогтоол хүчин төгөлдөр болтол О.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. О.А-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

          ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     А.БЯМБАЖАВ