Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/136

 

 

 

 

         2023           01            31                                    2023/ДШМ/136

 

Б.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гэрэлбаатар,

яллагдагч Б.А, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, Ц.Баярмаа,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 2022/ШЗ/2814 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Гэрэлбаатарын бичсэн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1 дүгээр прокурорын эсэргүүцэл, яллагдагч Б.Агийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, Ц.Баярмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Б.Ад холбогдох 2209000000547 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.А нь 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 15 цаг 10 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла молл” худалдааны төвийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Томн Томмс” нэртэй кофе шоп дотор Б.Атай “над руу харлаа, намайг таньдаг юм уу” гэх мэт үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүнийг баруун хөлөөрөө өшиглөж, зүүн гартаа барьж явсан халуун кофег толгой дээр нь асгах байдлаар биед нь халдаж эрүүл мэндэд нь “баруун зулайн хуйх, баруун чамархай, духны баруун дээд хэсэгт 2 дугаар зэргийн түлэгдэл” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “F” гэх нэртэй пабад үйлчлүүлж байхдаа бусадтай маргалдсаны улмаас тус пабын хөргөгчийн шилэн хаалгыг хагалж, пивонууд хагалж устгасан, текийг пивоны шилээр цохин эвдэлж гэмтээн хохирогч Х.Жд нийт 516.700 төгрөгийн хохирол учруулан эд хөрөнгө устгаж, гэмтээсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Нэг: Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд яллагдагч Б.А нь 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр буюу хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд өөрийн найз эмэгтэйтэй хамт явсан талаар мэдүүлсэн ба энэ нь насанд хүрээгүй гэрч Б.Номин-Эрдэнийн “тэр эмэгтэй нэг найз бололтой эмэгтэйтэй хамт явж байсан” гэсэн мэдүүлгээр батлагджээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд тухайн өдөр хохирогчтой хамт явж байсан гэх нэр бүхий этгээдүүдийг гэрчээр оролцуулан мэдүүлэг авсан боловч яллагдагчтай хамт явж байсан тухайн эмэгтэйгээс мэдүүлэг авах ажиллагаа огт хийгдээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заажээ.

Иймд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгчөөс “мөрдөгч зөвхөн хохирогчийн найз, нөхөд болох хамт байсан хүмүүсээс мэдүүлэг авсан атлаа тухайн нөхцөл байдлыг мэдэх Б.Атай хамт явсан  Наас мэдүүлэг аваагүй тул дээрх ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай” гэж үзсэн хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.

Хоёр: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т яллах дүгнэлтэд “...яллагдагчийн ...биеийн байцаалттай холбоотой бусад мэдээлэл”-ийг тусгана гэжээ.

2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 720 дугаар яллах дүгнэлтэд яллагдагч Б.Аг “оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй” гэжээ. Яллагдагч нь суралцдаг бол хаана, ямар сургуульд суралцдаг болон түүний хувийн байдлыг тогтоосон талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд дээрх ажиллагааг хийж гүйцэтгэх нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж шүүхээс үзэв.

Гурав: Яллагдагчийн өмгөөлөгчөөс тухайн нөхцөл байдалд Б.А нь сэтгэл санаа нь цочрон давчдасны улмаас дээрх үйлдлийг гаргасан учир сэтгэцийн байдлыг нь тогтоолгох шаардлагатай гэх хүсэлтийг гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр шинжээч томилж яллагдагчийн сэтгэцийн байдлыг заавал тогтоохоор заасан байна. Өмгөөлөгчийн хүсэлт дээр дурдсан үндэслэлд хамаарахгүй ч шүүхээс яллагдагчийн сэтгэцийн байдлыг тогтоох нь гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг тогтооход ач холбогдолтой гэж үзсэн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаар шийдвэрлэлээ.

Дээрх ажиллагааг шүүх хуралдааны шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна.

Өмгөөлөгч нараас гаргасан бусад хүсэлтийн тухайд: хохирогч Б.Ан биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 3682 тоот дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ын эд хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3, 27.4, 27.6 дугаар зүйлд заасныг зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй тул дахин шинжилгээ хийлгэхээр гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж, гэмт хэрэг үйлдсэн газар болох Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “F” нэртэй паб-ыг Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан баримтыг холбогдох байгууллагаас гаргуулан хэрэгт хавсаргах боломжтой болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэргийн хамт хүргүүлж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, яллагдагчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Гэрэлбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: : “...Шүүх хэргийг хүлээн аваад шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдөр шүүгдэгч Б.Ад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хянан хэлэлцээд, 2022/ШЗ/2814 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шийдвэрийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Нэг: Шүүгчийн захирамжид “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заажээ. Иймд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгчөөс мөрдөгч зөвхөн хохирогчийн найз нөхөд болох хамт байсан хүмүүсээс мэдүүлэг авсан атлаа тухайн нөхцөл байдлыг мэдэх Б.Атай хамт явсан  Наас мэдүүлэг аваагүй тул дээрх ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай гэж үзэн хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй байна” гэжээ.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн хохирогч Б.Ан “...тэр эмэгтэй шууд миний баруун хөлийн шилбэ хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд эргэж хараад шууд явах гэж байхад нь би араас нь цамцны булангаас нь татаад уучлаарай энийгээ гөвөөрэй гэж хэлсэн. Тэгэхэд тэр эмэгтэй над руу ойртоод би чам дээр кофе асгачих уу гэж хэлээд зүүн гартаа барьсан байсан аягатай кофегоо миний толгой дээрээс асгасан..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 7-9/,

Насанд хүрээгүй гэрч Э.Сын “...энэ эмэгтэй миний толгой дээрээс халуун кофе асгачихлаа гээд уйлсан. Би Аг аргадаад нөгөө эмэгтэй рүү хандаад яасан гэж толгой руу нь кофе асгаж байгаа юм бэ гэхэд тэр эмэгтэй миний хэлсэн үгийг тоохгүй намайг хэл амаар доромжилж эхэлсэн...”гэх мэдүүлэг/1хх-ийн 14-16/,

Гэрч М.Бийн “...нэг охин ширээн дээр сууж байсан нэг охины толгой дээр аягатай кофе асгасан байдалтай байсан. Тэгээд кофе асгасан охин шууд дээшээ гараад явсан. Манай ус буцалгагч өөр дээрээ градус хэмжигчтэй байдаг ба 90 градусыг заадаг ерөнхийдөө бэлэн болсон кофе нь 80-90 градусын халуунтай гардаг...”гэх мэдүүлэг /1хх-ийн 23-24/,

Насанд хүрээгүй гэрч А.Сын “...тэр эмэгтэй кофегоо толгойн дээр чинь асгачих уу гэсэн, тэгснээ тэр эмэгтэй Ан толгой дээр нь барьж байсан кофегоо асгачихаад шууд дээшээ гараад явсан...”гэх мэдүүлэг /1хх-ийн 28-29/,

Насанд хүрээгүй гэрч Б.Бийн “...А эгч хувцаснаас нь татаад энэ шороо болгосон өмдөө гөв гэж хэлэх шиг болсон. Тэгсэн нөгөө танихгүй эгч гартаа барьж байсан кофег А эгчийн толгой дээр асгасан...”гэх мэдүүлэг /1хх-ийн 32-33/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 3683 дугаартай “Б.Ан биед баруун зулайн хуйх, баруун чамархай, духны баруун дээд хэсэгт 2 дугаар зэргийн түлэгдэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн хэсэг газрын үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1хх-ийн 35-36/,

-Камерын бичлэг болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 49-50/,

-Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /1хх-ийн 124/ зэрэг нотлох баримтууд авагдсан байна.

Дээрх нотлох баримтуудаар яллагдагч Б.Агийн гэм буруутай эсэх асуудпыг хянан хэлэлцэх бүрэн боломжтой байна.

Харин дахин  Н гэх хүнийг олж тогтоон гэрчийн мэдүүлэг авах нь хэргийн бодит байдлыг тогтооход болон яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооход чухал ач холбогдолтой нотлох баримт болохооргүй байна.

Хоёр: Шүүгчийн захирамжид “...А нь оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй гэжээ. Яллагдагч суралцдаг бол хаана ямар сургуульд суралцдаг болон түүний хувийн байдлыг тогтоосон талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд дээрх ажиллагааг хийж гүйцэтгэх нь хэрэг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж шүүхээс үзэв” гэж хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна.

Яллагдагчийн хувийн байдлын талаарх баримтууд хэрэгт авагдсан. Яллагдагч Б.Агийн хаана, ямар сургуульд суралцдаг нь түүний гэм буруутай эсэхийг тогтооход ач холбогдолгүй юм.

Гурав: Шүүгчийн захирамжид: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр шинжээч томилж яллагдагчийн сэтгэцийн байдлыг заавал тогтоолгохоор заасан байна. Өмгөөлөгчийн хүсэлт дээр дурдсан үндэслэлд хамаарахгүй ч шүүхээс яллагдагчийн сэтгэцийн байдлыг тогтоох нь гэмт хэргийн сэдэлт зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг тогтооход ач холбогдолтой гэж үзсэн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаар шийдвэрлэлээ” гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлох” гэсэн үндэслэлээр шинжилгээ хийлгэнэ гэж заасан байна. Шүүхээс хэргийг прокурорт буцааж байгаа үндэслэл нь хуульд заасан дээрх үндэслэлд хамаарахгүй, хэрэгт ач холбогдолгүй байна.

Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЗ/2814 дугаар шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч Б.Агийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, Ц.Баярмаа нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2814 дугаар захирамжийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3683 дугаар шинжээчийн дүгнэлтэд Цагдаагийн байгууллагаас тавьсан 7 төрлийн асуултаас 4, 5, 6 дугаар асуултуудад албан ёсны үндэслэл бүхий бичгэн хариулт өгөөгүй орхигдуулсан нь хэргийн гол шалтгаант холбоог тодруулах, шинжээчийн дүгнэлт үнэн зөв байх нөхцөлийг алдагдуулсан гэж үзэж байгаа тул асуултуудад бүрэн хариулж, тодорхой, ойлгомжтой дүгнэлт гаргуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх, 27.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Шүүх шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан дахин шинжээч томилуулах талаар хүсэлтийг мөрдөн байцаалт, прокурорын хяналт, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт зэргээр удаа дараа гаргаж байсан. Үүнд:

1. Хохирогч гэх Б.Ан биед учирсан гэмтэл тухайн өдөр үүссэн эсэхийг тогтоолгох,

2. Одоогийн байдлаар Б.Ан биед учирсан гэх гэмтлээс үлдэц буюу шарх, сорви үлдээгүй байгаа нь хөнгөн зэргийн гэмтэлд тооцогдохгүй болохыг тогтоолгох /2 дугаар зэргийн гэмтэл шарх сорви үлддэг/,

3. Тухайн үед учирсан гэх гэмтлээс болж Б.Ан хөдөлмөрийн чадвар алдалт хэд хоногоор алдагдсан гэдгийг тогтоолгох /хөнгөн гэмтэлд заавал дурдагддаг үндсэн шинж/,

4. Бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулж Б.Ан биед учирсан гэх гэмтэл нь түлэгдэлтийн 2 дугаар зэрэгт /халуун шингэн арьсны гүн давхаргыг хэрхэн нэвтэрч аль хэр хэмжээтэй гэмтлийг ямар эмнэл зүйн шинжээр учруулсан/ тооцогдох шинж тэмдгүүдийг хангаагүй гэдгийг тогтоолгох.

Мөн шинжээч түлэгдэлтийн зэргийг тогтоохдоо тухайн кофены шингэний хэмжээ 20 грамм хүрэхгүй /шингэний хэмжээ маш бага байх нь түлэгдэлт үүсгэж чадахгүй буюу гэмтэл учруулах боломжгүй/ байгааг анхаарч үзээгүй нь түлэгдэлтийг 2 дугаар зэргийн гэмтэл гэж буруу дүгнэхэд хүргэсэн. Өөрөөр хэлбэл дүрс бичлэгт 1 секунд хүрэхгүй хугацаанд шингэн урсан гарч байгаа харагдах бөгөөд энэ хэмжээтэй кофе нь хүний биеийг гэмтээх хэмжээний халуун шингэн биш маш бага хэмжээтэй шингэн байсан нь хүний биеийн гадаргууг дүгнэлтэнд заасан хэмжээгээр түлэх боломжгүй гэж үзэж байна. Мөн заалны, гадаа гудамжны бичлэг зэргээр тухайн хамгийн бага хэмжээтэй /small-150 гр/ кофей бараг асгараагүй маш их хэмжээтэй шингэн аяганд үлдсэн байгааг нотолдог.

Тухайн үед хохирогч гэх Б.Ан толгойн /дух/ хэсэгт ил харагдах ямар ч шарх, улайлт цайралт байгаагүй, энэ нь камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно. 2 дугаар зэргийн түлэгдэлт нь арьсны зузаан гүн давхаргыг нэвтрэн орж хялгасан судсыг таслан зөөлөн эдийн хэсгүүд /мах/ товойн гарч шарх үүсгэх бөгөөд энэ тохиолдолд хохирогчийн биед ямар нэгэн шарх сорви үүсээгүй байна. Шинжээч эмч "... 2 дугаар зэргийн түлэгдэлт ...” гэж Б.Ан биед учираагүй гэмтлийг бодит байдлаас зөрүүтэй тогтоож, түүнийгээ үндэслэн "... хөнгөн зэргийн гэмтэл ...” гэж үндэслэлгүй дүгнэсэн. Шүүх шинжилгээний тухай хуулийн 14.1.1 дэх хэсэгт “шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх” гэж заасны дагуу Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасгийн мэргэжлийн эмчийн үзлэгийн дүгнэлтэнд тулгуурлан шүүх эмнэлгийн шинжээч эмч гэмтлийг тогтоох нь хуульд нийцнэ гэж үзнэ. Түүнчлэн халууны түлэгдэлтийн 1 дүгээр зэргийн эмнэл зүйн шинж нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаггүй тул шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах нь шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, тухайн үед гэмтлийн зэргийг тогтоохдоо хохирогч нь Б.А мөн болохыг гэрчилсэн ямар нэгэн зураг, дүрс бичлэг хавтас хэрэгт байхгүй байгаа нь шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Түлэгдэлтийн 1 дүгээр зэргийн улайлтанд тооцогдох гэмтлийг шинжээч эмч 2 дугаар зэргийн ангиллаар дүгнэсэн байна. Гэтэл түлэгдэлтийг дотор нь 7 төрөлд ангилдаг байх ба халууны гэмтэл нь арьсны гүнийг хамрах эсэх нь хавьтсан халуун, эх үүсвэртэй харьцсан хугацаа болон арьсны зузаанаас хамааран зэрэглэл үүсдэг. Хүний арьс маш зузаан байдаг тул түргэн хугацааны халуун түлэлтийн ихэнх нь дермийн хэсэг болон епидермийг хамардаг. Өнгөц буюу эпидермийн түлэгдэлт нь арьсны зөвхөн эпидермийн /өнгөн хөрс/ давхаргыг хамардаг. Хэрэв гэмтсэн бол 2-3 дахь өдөрт улайлт болон өвдөлт буурч 4 дэх өдрөөс шинэ эрүүл эпедерми үүсч гэмтсэн эпителийн арьс гуужна. Өөрөөр хэлбэл 6 дахь өдөртөө сорвигүй эдгэнэ. Энэ үйл явц нь наранд түлэгдэх, Цельсийн 120 градусаас доошхи хэмийн усны үйлчлэлийн хурдан хугацааны өнгөц түлэгдэлтийн явцад нийтлэг илэрдэг тул “...гэмтлийн хөнгөн зэрэгт ...” тооцогддоггүй болох нь батлагджээ. Үүнээс харахад Б.Ад учирсан гэмтэл гэх эмнэл зүйн өөрчлөлтөд бага зэргийн улайлт ажиглагдсан байж болох боловч энэ нь жинхэнэ арьсны гүн рүү нэвчсэн 2 дугаар зэргийн гэмтэлд тооцогдохгүй бөгөөд тусгай нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлтээр бидний баримталж буй байр суурь нотлогдох юм. Хүний биед үүссэн 2 дугаар зэргийн гэмтэл нь заавал сорвижилт үүсгэн эдгэдэг тул өнөөдөр хохирогчийн биед ямар нэгэн сорви байхгүй байгаагаар гомдлын үндэслэл нотлогдох болно. Мөн хэрэгт хавсаргагдсан хохирогчийн түлэгдсэн дух хэсэг гэх фото зураг нь Б.Ан зураг биш бөгөөд үүнийг интернетэд түгээмэл байх зурагнаас хуулбарлан авч шинжээчийн дүгнэлтийг нотлох зорилгоор хэрэгт хавсаргасан байгаа нь нотлох баримтаас хасуулах үндэслэлийг бий болгож шинжээчийн дүгнэлт хуурамч баримтад үндэслэгдсэн болохыг нотолж байна.

2/ Эд хөрөнгийн үнэлгээг буруу хийсэн талаар удаа дараа гомдол гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй. Б.Аг 10 ширхэг Tiger, 10 ширхэг Carlsberg нийт 20 ширхэг шар айраг хагалсан гэж үзэж үнэлгээ хийлгэхдээ зөвхөн хохирогч Х.Жгийн мэдүүлэгт үндэслэсэн. Гэтэл бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11/-ээс үзэхэд газар унасан шар айрагны тоо 6-7 шил л харагддаг. Хэдэн шил шар айраг хагарсныг эргэлзээгүй тогтоогоогүй, бичлэгт дахин үзлэг хийлгэж, хохирлын хэмжээг үнэн зөв, эргэлзээгүй тогтоолгох хүсэлт гаргахад шийдвэрлээгүй. Мөн үнэлгээг хэт өндрөөр гаргасан байгаа зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасныг нотлоогүй, хийгдвэл зохих ажиллагааг хийгээгүй байгааг ойлгоно. Үнэлгээг дахин хийлгэж хохирлын тооцоог бодитоор үнэн зөв гаргах нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

Иймд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2814 тоот захирамжийг өөрчилж, дээрх ажиллагаануудыг нэмж хийлгүүлэхээр өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Б.Агийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгадаг. Гэмт хэрэг нь мөн эсэх нь хохирлын үнийн дүнгээс шалтгаалдаг. Өмгөөлөгчийн зүгээс “хохирлыг үнэн зөв тогтоож өгнө үү” гэх агуулгаар удаа дараа гомдол гаргасан. Миний үйлчлүүлэгч Б.Аг хөлдөөгчний хаалга хагалж нийт 370.000 төгрөгийн хохирол учруулсан гэдэг. Гэвч уг үнэлгээ нь тухайн үеийн зах зээлийн буюу 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн үнийн ханшаас дээгүүр үнэлсэн байдаг. Хөргөгчийн үнийг судалж үзэхэд 1 метр квадрат нь 50.000 төгрөгөөр шилэлдэг байсан. Эд хөрөнгийн үнэлгээг буруу, зөрүүтэй хийсэн. Б.Аг 10 ширхэг Тiger, 10 ширхэг Carlsberg нийт 20 ширхэг шар айраг хагалсан. Мөн хөлдөөгчийн шил өшиглөж хагалсан гэдэг. Гэтэл тухайн үеийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд хүмүүстэй зууралдан савж унахдаа 5-6 ширхэг шар айраг газар унаж байгаа харагддаг. Хүний хувь заяа шийдэгдэх гэж байгаа асуудал тул хохирлын үнэлгээг дахин хийж өгнө үү гэж хүсэлт гаргасан. Б.А нь эд зүйлийг санаатай өшиглөж хагалсан эсэх, эсхүл савж унасны улмаас хэдэн ширхэг шар айраг хагалсан эсэхийг бичлэгт үзлэг хийх замаар дахин нарийн сайн тодруулж өгнө үү гэж хүсэлт гаргасныг дэмжиж байна. Нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж байгаа шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Өмгөөлөгч нарын зүгээс давж заалдах гомдолд дурдсан 2 хүсэлтийг нэмж хангуулах хүсэлтэй байна. Анхан шатны шүүх өмгөөлөгч нарын гэрч  Наас мэдүүлэг авах тухай хүсэлтийг хангасан. Үүнийг прокурор эсэргүүцсэн.  Н нь миний үйлчлүүлэгчтэй найзууд бөгөөд анхнаасаа кофе шоф-д хамт байсан. Гадаа болсон үйл явдлыг харсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.А болон түүний тухайн үед сүүлд ирсэн найзуудаас гэрчийн мэдүүлэг авсан атлаа Б.Агийн хамт байсан найз  Наас мэдүүлэг аваагүй нь хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байна. Тухайн цаг хугацаанд байсан бүх гэрчийг ялгаварлахгүйгээр асууж өгнө үү гэж хүсэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй байна. ...” гэв.

Яллагдагч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцэл, яллагдагчийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, Ц.Баярмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад яллагдагч Б.Ад холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Шүүгчийн захирамжид заасан “...Б.Атай хамт явсан  Наас мэдүүлэг аваагүй тул дээрх ажиллагааг хийж гүйцэтгэх, яллагдагчийн хувийн байдлыг тогтоох, яллагдагчийн сэтгэцийн байдлыг тогтоох шаардлагатай. ...” гэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий байх бөгөөд эдгээр үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн хангагдана.

Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой. Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагад шууд нөлөөлдөг тул үүнийг заавал тогтоож, тодорхойлох нь зүйтэй.

Харин яллагдагч Б.Агийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, Ц.Баярмаа нарын хамтран гаргасан “...хохирогч Б.Ан биед учирсан гэмтэл тухайн өдөр үүссэн эсэхийг тогтоолгох, хөнгөн зэргийн гэмтэлд тооцогдохгүй болохыг тогтоолгох, Б.Ан хөдөлмөрийн чадвар алдалт хэд хоногоор алдагдсан гэдгийг тогтоолгох, Б.Ан биед учирсан гэмтэл нь түлэгдэлтийн 2 дугаар зэрэгт тооцогдох шинж тэмдэгүүдийг хангаагүй гэдгийг тогтоолгох, “F” гэх нэртэй пабын эд зүйлийн үнэлгээг дахин хийлгэх. ...” гэх гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ. ...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ. ...” гэж тус тус заасан бөгөөд энэ хэрэгт прокуророос шинжээч эмч томилж, тусгай мэдлэгийн хүрээнд хүний биед болон эд зүйлд үзлэг хийлгэсэн байх тул дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзлээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурорын эсэргүүцэл болон яллагдагчийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, Ц.Баярмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 2022/ШЗ/2814 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 2022/ШЗ/2814 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Гэрэлбаатарын бичсэн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1 дүгээр прокурорын эсэргүүцэл, яллагдагч Б.Агийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, Ц.Баярмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.АЛДАР

 

                                  ШҮҮГЧ                                                              Т.ӨСӨХБАЯР

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ