| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 181/2024/04085/И |
| Дугаар | 181/ШШ2024/04335 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2024/04335
2024 11 06 181/ШШ2024/04335
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн би,
Нэхэмжлэгч: ................. оршин суух Х нар овогт Б.Т г /РД:___________5/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: _______________тоотод байрлах АЭ ХХК /РД:............/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 15,833,550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...Иргэн Б.Т би АЭ ХХК-тай харилцан тохиролцож 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Эд хөрөнгө өмчлөлд түр шилжүүлэх №ЭХӨТШГ202317 тоот гэрээ-г, улмаар 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Харилцан тохиролцооны гэрээ-г тус тус байгуулж, өөрийн өмчлөлийн дараах тээврийн хэрэгслийг 2 ширхэг чиргүүлийн хамт нийт 340,000,000 төгрөгөөр тооцон АЭ ХХК-д худалдаж, эзэмшил өмчлөлд нь шилжүүлэн өгсөн байдаг. Үүнд:
-улсын 7389УБВ дугаартай, арлын LZGJL5V43PX011279 дугаартай, Shaanxi.SX42555V344 загварын зүтгүүр буюу том оврын тээврийн хэрэгсэл,
- улсын 7389МЧ дугаартай, арлын LJRP13380PNС30418 дугаартай чиргүүл,
- улсын 7389ТЧ дугаартай, арлын LJRP13380PNС30351 дугаартай чиргүүл,
Талуудын хооронд байгуулсан Харилцан тохиролцооны гэрээ-ний төлбөр төлөх нөхцөлийн 4 дүгээр зүйлд зааснаар АЭ ХХК нь худалдан авсан тээврийн хэрэгслийн төлбөрийг 2023 оны 6 дугаар сарын 04-ний дотор төлж барагдуулах, энэхүү хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр харилцан тохиролцсон юм.
Гэвч АЭ ХХК нь гэрээнд заасан төлбөр төлж дуусах эцсийн хугацаа болох 2023 оны 6 дугаар сарын 04-ний дотор гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, төлбөрийг бүрэн гүйцэд төлж барагдуулахгүй байх тул үлдэгдэл төлбөр болон гэрээнд заасны дагуу алданги нэхэмжилж шүүхэд хандаж байна.
Шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар төлбөр төлөгч АЭ ХХК нь өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй гэрээний үлдэгдэл төлбөр 10,555,700 төгрөг, алданги 5,277,850 төгрөг нийт 15,833,550 төгрөгийн өр төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Үлдэгдэл төлбөр болон алдангийн тооцооллыг доорх хүснэгтээр харуулав.
| № | Огноо | Төлбөр үлдэгдэл | Төлөлт | хоног | Алданги хоног тутам /0.2%/ | Нийт төлбөрийн үлдэгдэл |
|
| 1 | 2023.06.09 төлөлт | 90,000,000 | 10,000,000 | 5 | 900,000 | 80,900,000 | |
| 2 | 2023.07.07 | 80,900,000 | 10,000,000 | 28 | 4,530,400 | 75,430,400 | |
| 3 | 2023.07.27 | 75,430,400 | 25,000,000 | 20 | 3,017,200 | 53,447,600 | |
| 4 | 2023.08.11 | 53,447,600 | 19,000,000 | 15 | 1,603,400 | 36,051,000 | |
| 5 | 2023.08.18 | 36,051,000 | 26,000,000 | 7 | 504,700 | 10,555,700 | |
| 6 | 2024.08.01 | 10,555,700 | 0 | 307 | 5,277,850 /гүйцэтгээгүй үүргийн 50 хувь/ | 15,833,550 |
Иймд хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр 10,555,700 төгрөг, алданги 5,277,850 төгрөг нийт 15,833,550 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандаж байна. гэжээ.
2. Хариуцагчийн төлөөлөгч Б.Бум-Өлзий нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
...АЭ /РД:............/ ХХК нь Тавантолгойн бүлэг ордоос Цагаанхад, Цагаанхадын гаалийн хяналтын бүсээс Гашуунсухайт-Ганцмод чиглэлд улс хоорондын болон дотоодын нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг.
Иргэн Б.Т 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Эд хөрөнгө түр шилжүүлэх гэрээ №ЭХТШГ202317 тоот гэрээ байгуулж тээврийн хэрэгслийг манай компанийн нэр дээр шилжүүлж, Цагаанхад-Ганцмод чиглэлд нүүрс тээвэрлэх С зөвшөөрлийн бичиг авсны дараагаар дээрх гэрээг цуцалж, тээврийн хэрэгслийг өөр хүмүүст худалдан борлуулах саналтай байгаагаа мэдэгдсэн. Гэтэл Цагаанхад-Ганцмод чиглэлд нүүрс тээвэрлэх С зөвшөөрлийн бичиг авсан тээврийн хэрэгслийг худалдах, эзэмшигчийн нэр солигдсон тохиолдолд С зөвшөөрөл хүчингүй болж, С зөвшөөрөл олгож буй Эрдэнэс тавантолгой ХК-тай байгуулсан Нүүрс тээврийн хариуцлагын гэрээ цуцлагдаж, үйл ажиллагаа 3 сарын хугацаанд зогсох эрсдэл үүссэн тул уг тээврийн хэрэгслийг манай компани худалдан авахаар болсон.
Иймд манай компани иргэн Б.Т тэй түүний доорх хүснэгтэд дурдсан тээврийн хэрэгслийг 2 чиргүүлийн хамт 340,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, тухайн өдрөө 250,000,000 төгрөгийг Б.Т ийн Хаанбанкны дансанд шилжүүлсэн.
| Д/д | Чирэгчийн улсын дугаар | Арлын дугаар | Марк | Чиргүүлийн улсын дугаар | Арлын дугаар |
| 1 | 7389УБВ | LZGJL5V43PX011279 | Shaanxi SX42555V344 | 7389МЧ | LJRP13380PNС30418 |
|
|
|
|
| 7389ТЧ | LJRP13380PNС30351 |
Харин үлдэгдэл төлбөр болох 90,000,000 төгрөгийг №0276 тоот "Харилцан тохиролцооны гэрээ байгуулж, 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч нүүрс тээврийн ханш огцом унаж, удаан хугацаанд тээвэр гүйцэтгэх боломжгүй болж үйл ажиллагаа зогссоны улмаас үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлэн төлж барагдуулсан юм.
Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй тухайд:
Нэхэмжлэгч Б.Т нь нэхэмжлэлдээ гэрээний үлдэгдэл төлбөр болох 10,555,700 төгрөг, алданги 5,277,850 төгрөг нийт 15,833,550 төгрөгийг нэхэмжилснийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна.
Хугацаа хэтрүүлэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй тухайд:
Эрдэнэс тавантолгой ХК-ийн 2023 оны III улирлын хувь тэнцүүлэн олгох С зөвшөөрлийн хувиарлалтад манай компанийг Нүүрс тээврийн үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах тендерийн хоёр дахь шатны шалгаруулалтад шалгарсан боловч гэрээний үүргийг биелүүлээгүй аж ахуйн нэгжийн жагсаалтад оруулан С зөвшөөрөл олгоогүйгээс тээвэр хийх боломжгүй болсон. Иймд бид Тавантолгой ХК-аас 15 тээврийн хэрэгсэлд улс хооронд нүүрс тээвэрлэх С зөвшөөрлийг 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр авсан боловч 2023 оны 8 дугаар сарын 30-ны хооронд ердөө 2 удаагийн тээвэр гүйцэтгэсэн богөөд Тавантолгой ХК уурхайн нүүрс экспорт зогссон тул 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртлэх 48 хоногийн хугацаанд сул зогссон юм. Иймд манай компани удаан хугацааны турш сул зогсож, тээврийн орлогогүй болсон тул №0276 тоот Харилцан тохиролцооны гэрээний дагуу зээлийн төлбөрийг цаг тухайд төлж чадаагүй болно.
Иргэний хуулийн 222.2-т заасны дагуу хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй хэмээн заасны дагуу гэрээний үүргийг хугацаанд нь төлөөгүй нь манай компаниас үл шалтгаалах сул зогсолтоос үүдэлтэй тул компани алдангийг төлөх үүрэг үүсэхгүй гэж үзэж байна.
Алдангиас алданги тооцсон тухайд:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийг тооцоолохдоо хугацаа хэтрүүлсэн хоног тутам тооцох алданги гэж гаргаад түүнээсээ дахин алданги тооцсон байна. Дээр дурдсанчлан, хугацаа хэтэрсэн нь дээрх асуудлаас үүдэлтэй тул аливаа байдлаар алданги тооцогдох ёсгүй.
Түүнчлэн, Иргэний хуулийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэггээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, анзыг үндсэн үүргийг зөрчилтэй холбоотойгоор тооцох тул анзаас анз буюу алдангиас алданги тооцох үндэслэлгүй байна.
Мөн иргэн Б.Т нь тээврийн хэрэгслийн үндсэн үнэ болох 340,000,000 төгрөгийн НӨАТ буюу 34,000,000 төгрөгтэй дүйцэхүйц НӨАТ-ын цахим төлбөрийн баримтыг манай компанид төлөөгүй байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтуул шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Тус шүүхэд хянагдаж буй иргэн Б.Т ийн нэхэмжлэлтэй, АЭ ХХК-д холбогдох гэрээний үлдэгдэл төлбөр, алданги нийт 15,833,550 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 9,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчид төлсөн болно.
Иймд хэрэг маргааныг дуусгавар болгох зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэлээ татан авах хүсэлтийг үүгээр гаргаж байгаа тул шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч АЭ ХХК -д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр, алдангид нийт 15,833,550 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтуулаас хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлсэн буюу хэрэг маргааныг дуусгавар болгох зорилгоор нэхэмжлэлээ татан авахыг хүссэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлээс татгалзах, ... эрхтэй. гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж, 74.2 дахь хэсэгт Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, ...-г баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж, 74.4 дэх хэсэгт Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. гэж, 106 дугаар зүйл Хэрэг хэлэлцэж эхлэх-ийн 106.3 дахь хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно. гэж, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт Энэ хуулийн 106.3, 106.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ... нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ... нэхэмжлэгчийн татгалзал, ...-г баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж тус тус заасан.
Дээрх зохицуулалтаас үзвэл, нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах нь нэхэмжлэлээс татгалзсантай адилтган ойлгохоор хуульчилсан байх бөгөөд тухайн тохиолдолд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд ийнхүү хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдсонгүй.
Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.Т ийн нэхэмжлэлтэй, АЭ ХХК-д холбогдох 15,833,550 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,118 төгрөгийн 118,559 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН