Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 12

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Б.О-т холбогдох эрүүгийн 1804000000005 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                 З.Ганцоож  

 Улсын яллагч                                                  Б.Буяндэлгэр

 Шүүгдэгч                                                     Б.О- нар оролцов.

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 196. оны .. дугаар сарын ..-ны өдөр ..төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, энэ  хэрэгт татагдахын өмнө эрхэлсэн ажилгүй байсан, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн .. тоот хашаанд оршин суух, ял шийтгэлгүй, Д овгийн Б-ын О- /РД: /.

 

    Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас

             Б.О-ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 29-ний оройн 23 цагийн үед Багануур дүүргийн .. тоот хашаанд иргэн Ж.О-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний зүүн гарын бугалга, зүүн гарын шуунд 2 удаа хутгалж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүхээс Б.О-т холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн бодит байдлын талаар дүгнэхэд:

Б.О- архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 29-ний 23 цагийн үед Багануур дүүргийн ... тоот хашаанд морины хашаанд иргэн Ж.О-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний зүүн гарын бугалга болон шуунд тус бүр нэг удаа хутгалж хохирогч Ж.О-ын зүүн гарын бугалганы гадна дээд хэсэгт 2х0.5 см мэс заслын оёдолтой шарх, зүүн гарын шууны гадна дээд хэсэгт 4х0.3 см мэс заслын 3 ширхэг оёдолтой шарх бүхий гэмтэл учруулсан нь хохирогч Ж.О-ын мөрдөн байцаалтын үед өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн үед найз О-ын гэрт очиж архи уусан. О- гэнэт өвсний хашааны хажууд гэнэт жижиг хутга гаргаж ирэхээр нь би хутгаа хая гэсэн чинь миний зүүн талын долоовор хурууны үзүүрийг хальт зүсээд миний зүүн талын гарны булчин хэсэгт 1 удаа, мөрний хэсэгт 1 удаа хутгаар хатгах шиг болсон. О-ыг гэр лүүгээ ороход Данзан гарч ирээд цамцаар гарыг минь боож өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-25 дугаар хуудас/, гэрч М.Д-ийн “...намайг гэрээс гарах үед О- ах гэрийн баруун талд цамцаа тайлаад О- хутгалах шиг боллоо, зүгээр, зүгээр гэхээр нь би О-ын өмсөж явсан цамцаар зүүн гарт нь 2 хэсэг хутгалсан байсныг боож өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, шүүгдэгч Б.О-ын “...Би өвөлдөө хөлс төлж О-оор 20-иод адуугаа маллуулдаг. Энэ намар нэг үрээ хоёр гүү алдсан түүнийг олоогүй байсан. О- манайд ирж бид “Соёмбо” нэртэй 2 шил архийг Д-тай хамт ууцгаасан. Моринд өвс тавьж өгөхөөр О- бид хоёр гэрээс гарсан. Гадаа байхдаа О-той алдсан адуунаас болж жаахан маргалдаад түүний зүүн гар луу хутгалсан. Миний гутлын түрийнд өдөр нь адууны туурайн ул өөлж байсан бор шаргал өнгөтэй жижиг хутга байсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 30 дугаар хуудас дахь мэдүүлэг/, шинжээчийн 09шэ/032 дугаартай “...Ж.О-ын биед зүүн гарын бугалга, зүүн гарын шуунд хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн 2 удаагийн хүчин зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн байх боломжтой, цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/, эд мөрийн баримт хэлэлцүүлэхэд “цус мэт зүйлээр бохирлогдсон BASS гэсэн бичигтэй 20см урттай  цайвар шаргал өнгийн, модон иштэй хутга нь хохирогчийг хатгасан хутга мөн, цус мэт зүйлээр бохирлогдсон WESTCOAST гэсэн бичигтэй цамц нь хутгалагдах үед хохирогчийн өмсөж байсан хувцас мөн тухай шүүгдэгчийн мэдүүлэг, хэргийн газарт хийсэн үзлэгийн “...Багануур дүүргийн 5 дугаар хороо Нарийны 28 дугаар гудамжны 17 тоот хашаанд хэрэг учрал болсон” гэсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

 

Хэргийн бодит байдлыг тогтоосон нотлох баримтуудыг дүгнэхэд: 

    

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж журмын дагуу бэхжүүлж авсан, мэдээллийг хаанаас хэрхэн олж авсан нь тогтоогдсон, мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр давхар батлагдсан. Дээрх нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр шинжилж судалсан болно.      

Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн бодит байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

     Б.О- нь хөлс төлж маллуулж байгаа адуунаас алдлаа гэсэн хувийн сэдэлтээр хохирогчийг буруутган улмаар хохирогчийн зүүн гарын бугалга болон шуунд хутгалсан үйлдэлдээ шууд санаатай хандсан байна. Б.О- нь шууд санаатай үйлдлээрээ хохирогчийг эрүүл мэндийн хөнгөн зэргийн гэмтэлд зориуд хүргэсэн байна. Шүүгдэгч Б.О- нь иргэн Ж.О-ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”ийг зөрчсөн байна.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн “Ж.О-ын биед учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадварт цаашид нөлөөлөхгүй бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.

 

Иймд Б.О-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Прокуророос яллагдагч Б.О-т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар санал гаргасныг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэвэл зохино.

Хохирогч Ж.О- нь хор уршгийн зардалд шүүгдэгчээс 100.000 төгрөг авсан, надад хийлгээд байх эмчилгээ байхгүй, цаашид нэхэмжлэх зүйл гомдол саналгүй гэжээ /хх-ийн 25 дугаар хуудас/.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно. Хэрэг гарсан газарт хийсэн үзлэгээр хураан авсан шар иштэй 23 см урттай хутга нь энэ хэрэгт хамааралгүй бөгөөд шүүгдэгчийн ахуйн хэрэглээний хутга болох нь үзлэгийн тэмдэглэл, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул буцаан олгох, шар иштэй, 20 см урттай хутга нь эд мөрийн баримт мөн тул уг хутгыг, эрэгтэй хүний цамц, шар өнгийн даавууны тасархай зэргийн хамт тогтоол хүчин төгөлдөр болмогц устгавал зохино.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн  8, 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн  1, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Д овгийн Б-ын О-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д овгийн Б-ын О-т дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Б.О- нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр хэсэгчлэн төлж 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг  тус тус мэдэгдсүгэй.
  4. Тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.О- нь хохирогч Ж.О-од учирсан эмчилгээний зардалд 100.000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  6. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар модон иштэй, 20 см-ийн урттай хутга, энгэр дээрээ WESTCOAST гэсэн бичигтэй эрэгтэй хүний цамц, шар өнгийн даавууны тасархай зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шар өнгийн модон иштэй 23 см-ийн урттай хутгыг Б.О-т буцаан олгосугай.
  7. Ж.О-од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Д.ОЮУНБАТ