Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2023/0964/З |
Дугаар | 128/ШШ2024/0491 |
Огноо | 2024-06-05 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2024/0491
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “” ХХК
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга
Маргааны төрөл: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” ******* дугаар захирамжийн өөрт холбогдох хэсэг буюу хавсралтын 19 дэх мөрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, Ц.*******, Б.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” ******* дугаар захирамжийн өөрт холбогдох хэсэг буюу хавсралтын 19 дэх мөрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “ 1. "" ХХК нь Газрын тухай хууль тогтоомжийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/582 дугаартай захирамжаар тус дүүргийн 21-р хороонд 14988 м.кв газрыг "Үйлдвэрлэлийн барилга байгууламж, бусад газар"-ын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон. Улмаар 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус дүүргийн газар зохион байгуулалтын албатай газар эмшүүлэх гэрээг байгуулж, гэрчилгээ авсан. 2. 2019 оны сүүл үеэс дэлхий нийтэд ковид цар тахал дэгдэж аюултай нөхцөл байдал бий болсон. Улмаар Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2021 оныг дуустал гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт улс орныг бүхэлд нь шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл: Иргэн, хуулийн этгээд, төр захиргааны байгууллага бүх түвшинд үйл ажиллагаагаа зогсоож, улсын хил хаагдаж, бизнесийн үйл ажиллагаа зогссон. Зөвхөн төрийн холбогдох байгууллага онлайнаар ажиллаж байсан. Мөн УИХ-аас Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталж, уг хуулиар төрийн шат шатны байгууллага бизнесийг дэмжих, хяналт шалгалтаа зогсоох, ажлын байрыг хамгаалах арга хэмжээ авах үүрэг хүлээсэн байдаг. 3. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" ******* дугаар захирамж гаргаж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно" гэж заасныг үндэслэн манай эзэмшлийн газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэн хүчингүй болгосон байна. Энэхүү захирамжийг тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 09 сарын 15-ны өдөр "Хариу хүргүүлэх тухай" 16/876 тоот албан бичгээс бид мэдсэн болно. Манай компани энэ оны 8 сарын 23-ны өдөр тодруулга хүсэх тухай албан бичгийг газрын албанд явуулж манай эзэмшлийн газарт авто зам барьсан байгаа талаар мэдээлэл хүргүүлэхэд ийм хариу өгсөн. 2022 оны 09 сард газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар мэдэгдэл ирүүлэхэд компанийн зүгээс ковид цар тахлын улмаас газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй талаар үндэслэл бүхий хариу хүргүүлж байсан. 4. Дүүргийн Засаг дарга нь дээрх захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27, 29 дүгээр зүйлд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд сонсох, мэдэгдэх, бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагаа зэргийг огт хийгээгүй. Уг хуулийг бүхэлд нь зөрчсөн. Тухайлбал: Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно." гэж, 24.2-т "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ." гэж, 25 дугаар зүйлийн 25.1-т "Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна:" гэж "25.1.1. ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах;", "25.1.2. оролцогчийг COHCOX, тайлбар гаргуулах;", "25.1.3. шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах;", "25.1.4.гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах; "25.1.5. баримт бичиг болон хууль, бусад шийдвэртэй танилцах, хуулбарлах;", "25.1.6. шаардлагатай бол туршилт хийх;", "25.1.7. оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах.", "25.2.Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход оролцогч энэ хуульд заасан хүрээнд оролцож болно." гэж, 26 дугаар зүйлийн 26.1-т "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. "гэж, 29 дүгээр зүйлийн 29.1-т "Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивд хадгална." гэж, 29.2.-т "Захиргааны шийдвэр бүрд хяналтын дагалдах хуудас хавсаргах бөгөөд дагалдах хуудсанд захиргааны шийдвэр боловсруулахад оролцсон албан хаагч бүрийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, оролцоо, гүйцэтгэлийн тухай дэлгэрэнгүй тэмдэглэсэн байна. Дагалдах хуудсанд албан хаагчийн захиргааны шийдвэр боловсруулахад оролцсон оролцоо, гүйцэтгэлийг тэмдэглэсэн байна." гэж тус тус заасныг Засаг дарга болон түүний газрын алба огт хэрэгжүүлээгүй хууль зөрчсөн захирамж гаргасан. 4. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд захиргааны актыг бичгээр гаргахад тавигдах шаардлагыг заасан ба 40.2-т "Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна" гэж, "40.4.Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана" гэж заасныг Засаг даргын захирамж огт хангаагүй. Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар манай компани Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуульд заасны дагуу дээд шатны Засаг дарга буюу Нийслэлийн Засаг даргад 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 08 дугаартай албан бичгээр хандсан боловч хуульд заасан 30 хоногийн дотор хариу ирүүлээгүй тул ийнхүү шүүхэд хандаж байна. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" ******* дугаар захирамжийн 3 дахь заалтын өөрт холбогдох хэсэг, хавсралтын 19 дэх мөрийг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “" ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай ******* дугаар захирамжийн 3 дахь заалт буюу өөрт холбогдох хэсэг, хавсралтын 19 дэх мөрийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. "" ХХК нь Газрын тухай хууль болон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/582 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд 14988 м.кв газрыг үйлдвэрлэлийн барилга байгууламж, бусад газрын зориулалтаар 14 жилийн хугацаатайгаар эзэмших болсон. Ийнхүү дүүргийн Газар зохион байгуулалтын албатай 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулж, гэрчилгээгээ авсан. 2019 оны сүүл үед Ковид-19 цар тахлын улмаас аюултай нөхцөл байдал үүсэж, хөл хорио тогтоож эхэлсэн. Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2021 оныг дуустал гамшгийн бэлэн байдлын зэрэгт нийт 9 удаа шилжсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор бүх аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон. Иргэн, хуулийн этгээд, төр захиргааны байгууллага бүх түвшинд үйл ажиллагаа зогсоож, улсын хил хааж бизнесийн үйл ажиллагааг зогсоосон. Зөвхөн төрийн холбогдох байгууллага цахимаар ажиллаж байсан. Мөн Улсын Их Хурлаас Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталж, тус хуулиар төрийн бүх шатны шатны байгууллага бизнесийг дэмжиж, хяналт шалгалтаа зогсоож, ажлын байрыг хамгаалах үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 41.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан заалтыг үндэслэн манай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү захирамжийг тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хариу хүргүүлэх тухай 16/876 тоот бичгээс мэдсэн. Үүнээс өмнө бидэнд газар эзэмших эрхийг цуцалсан талаар огт мэдэгдэж байгаагүй. Манай компани нь энэ оны 08 дугаар сарын 23-ны өдөр тодруулга хүсэх тухай албан бичгийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд явуулж, автозам барьсан талаар мэдэгдэл өгөхөд 2022 оны 09 дүгээр сард газар эзэмших эрхийг хүчингүй болгох мэдэгдэл ирүүлэх үед бид мэдсэн. Манай зүгээс хүндэтгэн үзэх шалтгаан, нөхцөл байдлаа тайлбарласан хариу хүргүүлж, төрийн байгууллага нөхцөл байдлыг хүлээн авах байх гэж үзсэн. Ийнхүү хариу хүргүүлсний дараа манайд дахин өөр дахин ямар нэгэн албан бичиг ирээгүй учраас хариуцагч нь манай нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн юм байна гэж бодож байсан. Дүүргийн Засаг дарга нь захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27, 29 дүгээр зүйлд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд сонсох, мэдэгдэх, бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх ажиллагааг огт хийгээгүй гэж үзэж байгаа. Уг хуулийг бүхэлд нь зөрчсөн. Тухайлбал, захиргааны ерөнхий хуулийн 24.1-т "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд бодит нөхцөл байдлыг тогтооно", 25 дугаар зүйлийн 25.1-т "Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна", 25.1.1-т "ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах", 25.1.2-т "оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах", 25.1.3-д "шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах", 25.1.4-т "гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах", 25.1.5-д "баримт бичиг болон хууль, бусад шийдвэртэй танилцах, хуулбарлах", 25.1.6-д "шаардлагатай бол туршилт хийх", 25.1.7-д "оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах", 25.2-т "захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход оролцогч энэ хуульд заасан хүрээнд оролцож болно", 26 дугаар зүйлийн 26.1-д "захиргааны акт, гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно", 29 дүгээр зүйлийн 29.1-д "Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална" 29.2-т "Захиргааны шийдвэр бүрд хяналтын дагалдах хуудас хавсаргах бөгөөд дагалдах хуудсанд захиргааны шийдвэр боловсруулахад оролцсон албан хаагч бүрийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, оролцоо, гүйцэтгэлийн тухай дэлгэрэнгүй тэмдэглэсэн байна. Дагалдах хуудсанд албан хаагчийн захиргааны шийдвэр боловсруулахад оролцсон оролцоо, гүйцэтгэлийг тэмдэглэсэн байна" гэж заасныг Баянзүрхийн Засаг дарга, тус дүүргийн газар зохион байгуулалтын алба огт хэрэгжүүлээгүй, хууль зөрчсөн захирамж гаргасан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд захиргааны актыг бичгээр гаргахад тавигдах шаардлагыг заасан ба 40.2т "бичгээр гаргасан акт нь дараах шаардлагыг хангасан байна", 40.4-д "захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит байдлыг тодорхой заасан байна" гэж заасныг огт хангаагүй. Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар манай компани Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуульд заасны дагуу Нийслэлийн Засаг даргад 2023 оны 10 сарын 05-ны өдөр хандсан боловч 30 хоногийн дотор хариу өгөөгүй учраас би шүүхэд хандсан. Иймд манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянзүрх Дүүргийн 21 дүгээр хороонд байрлах ХХК нь ******* тоот нэгж талбар бүхий үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг БЗД-н 2023 оны 06 сарын 09 өдрийн ******* тоот захирамжаар хүчингүй болсон байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6/хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/ дахь заалтыг үндэслэн хүчингүй болсон байна. ХХК нь 2008 оны 188 тоот захирамжаар эрх олгогдсон бөгөөд 2013 оны ******* тоот захирамжаар газар эзэмших эрхийн хугацаа сунгасан байна. Мөн БЗД-н 2019 оны А/582 тоот захирамжаар тус тус эзэмших эрхийн хугацаа сунгуулсан байна. Манай албанаас ХХК-д хүчингүй болгох тухай мэдэгдэл болон тайлбарын хариуг хүргүүлж байсан болно. Тус аж ахуйн нэгж нь 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл олон жил гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшээгүй байна.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар захирамж нь дүүргийн Засаг даргын Газрын тухай хуулиар олгогдсон газрын нэгдмэл санд хяналт тавих эрх хэмжээний хүрээнд гарсан. Нэхэмжлэгч "" ХХК-ийн тухайд анх 2008 оны А/188 дугаар захирамжаар газар эзэмшиж эхэлсэн ба 2013, 2019 онд газар эзэмших эрхээ сунгуулж байсан. Нэхэмжлэгч газар эзэмшиж байх явцдаа газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь тогтоогдсон. "" ХХК нь 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар газар эзэмшиж эхэлснээс хойш 2013 онд газар эзэмших эрхийг сунгуулах хүртэл 5 жил, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр газрын зориулалт өөрчлүүлэх хүртэл 11.6 жил, 2023 оны ******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл 15 жилийн турш газраа зориулалтын дагуу ашиглаагүй байсан. Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт газар эзэмшигчийн үүргийг заасан ба 35.3.3-т "газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх" гэж заасан. "" ХХК нь газрын төлбөрөө хугацаанд нь төлж байсан эсэхийг шалгахад 2008 оноос эхлэн жил бүр газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй зөрчилтэй байсан. 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр газар эзэмших эрхийг хүчингүй болгоход мөн 710,431 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Сонсох ажиллагааны тухайд 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 16/448 тоот албан бичгээр газар эзэмших эрхийг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн. Энэ мэдэгдлийн дагуу "" ХХК-иас хариу тайлбар ирүүлсэн. Хариу тайлбарыг хүлээж авах эсэх нь дүүргийн Засаг даргын эрх хэмжээний асуудал юм. Нэхэмжлэгчийн тухайд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын талаар баримтлах зарчмуудыг зөрчсөн. Тухайлбал, 4 дүгээр зүйлийн 4.1.2-т "газар төрийн хяналт, хамгаалалтад байх", 4.1.3-д "газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах" зарчмуудыг зөрчсөн. Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийн үндэслэлд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлүүд хамаарч байна. Мөн Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу 0.07 га газраас илүү хэмжээгээр газар эзэмшиж байгаа тохиолдолд дуулга худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар газар эзэмшинэ. Нэхэмжлэгчийн тухайд анх газар эзэмшиж эхлэхдээ хууль зөрчиж эзэмшсэн байгаа юм. Нэхэмжлэгч тайлбартаа газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай буюу буюу Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдлуудыг дурдаж байна. Энэ нь газрыг зориулалтын дагуу ашиглахтай ямар ч хамааралгүй. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд ямар зүйлүүдийг хамааруулахыг тусад нь зохицуулж өгсөн. Ковид-19 цар тахлын нөхцөл байдал 15 жилийн турш үргэлжлээгүй. Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 42 дахь хэсэгт заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шуудангаар хүргүүлсэн. Баримт хэрэгт авагдсан байгаа. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах "" ХХК нь ******* дугаар нэгж талбарын дугаар бүхий эзэмших эрхтэй газрыг дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар захирамжаар хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж заасныг үндэслэн хүчингүй болгосон. "" ХХК-д 2008 оны 188 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон бөгөөд дүүргийн Засаг даргын 2013 оны 336 дугаар захирамж, 2019 оны 582 дугаар захирамжуудаар тус тус газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн. "" ХХК-д газар эзэмших эрхийг цуцлах талаар 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 16/448 тоот албан бичгээр мэдэгдсэн байна. Үүний дагуу 2022 оны 9 сарын 20-ны өдөр "" ХХК-иас хариу тайлбар ирүүлсэн. Нэхэмжлэгчид 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай албан бичгээр мэдэгдсэн.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д:******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар захирамж нь дүүргийн Засаг даргын Газрын тухай хуулиар олгогдсон газрын нэгдмэл санд хяналт тавих эрх хэмжээний хүрээнд гарсан. Нэхэмжлэгч "" ХХК-ийн тухайд анх 2008 оны А/188 дугаар захирамжаар газар эзэмшиж эхэлсэн ба 2013, 2019 онд газар эзэмших эрхээ сунгуулж байсан. Нэхэмжлэгч газар эзэмшиж байх явцдаа газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь тогтоогдсон. "" ХХК нь 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар газар эзэмшиж эхэлснээс хойш 2013 онд газар эзэмших эрхийг сунгуулах хүртэл 5 жил, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр газрын зориулалт өөрчлүүлэх хүртэл 11.6 жил, 2023 оны ******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл 15 жилийн турш газраа зориулалтын дагуу ашиглаагүй байсан. Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт газар эзэмшигчийн үүргийг заасан ба 35.3.3-т "газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх" гэж заасан. "" ХХК нь газрын төлбөрөө хугацаанд нь төлж байсан эсэхийг шалгахад 2008 оноос эхлэн жил бүр газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй зөрчилтэй байсан. 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр газар эзэмших эрхийг хүчингүй болгоход мөн 710,431 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Сонсох ажиллагааны тухайд 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 16/448 тоот албан бичгээр газар эзэмших эрхийг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн. Энэ мэдэгдлийн дагуу "" ХХК-иас хариу тайлбар ирүүлсэн. Хариу тайлбарыг хүлээж авах эсэх нь дүүргийн Засаг даргын эрх хэмжээний асуудал юм. Нэхэмжлэгчийн тухайд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын талаар баримтлах зарчмуудыг зөрчсөн. Тухайлбал, 4 дүгээр зүйлийн 4.1.2-т "газар төрийн хяналт, хамгаалалтад байх", 4.1.3-д "газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах" зарчмуудыг зөрчсөн. Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийн үндэслэлд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлүүд хамаарч байна. Мөн Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу 0.07 га газраас илүү хэмжээгээр газар эзэмшиж байгаа тохиолдолд дуулга худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар газар эзэмшинэ. Нэхэмжлэгчийн тухайд анх газар эзэмшиж эхлэхдээ хууль зөрчиж эзэмшсэн байгаа юм. Нэхэмжлэгч тайлбартаа газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай буюу буюу Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдлуудыг дурдаж байна. Энэ нь газрыг зориулалтын дагуу ашиглахтай ямар ч хамааралгүй. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд ямар зүйлүүдийг хамааруулахыг тусад нь зохицуулж өгсөн. Ковид-19 цар тахлын нөхцөл байдал 15 жилийн турш үргэлжлээгүй. Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 42 дахь хэсэгт заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шуудангаар хүргүүлсэн. Баримт хэрэгт авагдсан байгаа. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” ******* дугаар захирамжийн өөрт холбогдох хэсэг буюу хавсралтын 19 дэх мөрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
“Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” ******* дугаар захирамжаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” үндэслэлээр буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч “” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч “” ХХК-д анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 130 дугаар захирамжаар тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 15000 м.кв газрыг эзэмшүүлсэн байна.
Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 188 дугаар захирамжаар “” ХХК-д тус дүүргийн 21 хороо, цагаан давааны хогийн цэгт байрлах 15000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар захирамжаар “” ХХК-д дээрх хаягт байрлах 15000 м.кв газрыг чулуу боловсруулах үйлдвэрийн зориулалтаар эзэмшүүлсэн байна.
Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/582 дугаартай захирамжаар “” ХХК-д тус дүүргийн 21-р хороо, цагаан даваа хаягт байрлах 14988 м.кв газрыг "Үйлдвэрлэлийн барилга байгууламж, бусад газар"-ын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн болох нь ******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээгээр[1] тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “” ХХК нь бодит байдалд маргаан бүхий газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй болох нь маргаан бүхий газарт очиж хийсэн шүүхийн үзлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Учир нь нэхэмжлэгч “” ХХК нь газар эзэмших эрх авсан 2008 оноос хойш маргаан бүхий засаг даргын 2023 оны захирамж гарах хүртэл 15 жилийн хугацаанд уг газрыг зориулалтын дагуу ашиглахын тулд бодитой ажил хийсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “маргаан бүхий газарт цахилгааны трансформатор /КТПН/ суурилуулсан, газрын төлбөр төлсөн, цар тахал /ковид/-ын улмаас үйл ажиллагаа зогссон гэж тайлбарлан маргаж байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаж байгаа эдгээр үндэслэлүүд нь газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашигласныг нотлох баримт болж чадахгүй байна.
Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” ******* дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн байх” зарчимд нийцсэн байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ захиргааны байгууллагын зүгээс сонсох ажиллагаа хийгээгүй гэж маргаж байх боловч хариуцагч нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №16/448 тоот[2] албан бичгээр нэхэмжлэгчид сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн байх ба нэхэмжлэгч нь уг албан бичигт 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №11 тоот[3] албан бичгээр хариу өгсөн болох нь тогтоогдож байх тул сонсох ажиллагаа хийгээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” ******* дугаар захирамжийн өөрт холбогдох хэсэг буюу хавсралтын 19 дэх мөрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ