Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/02

 

 

 

 

 

ТМ /МА/-д

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, тус шүүхийн шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/321 дүгээр шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Т.М-ад холбогдох эрүүгийн 2213001380188 дугаартай, 2 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлээр 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Арманбек нар оролцов.  

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

1. К Улсын иргэн, яс үндэс Казах, **** оны **дугаар сарын **-ны өдөр *** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, ** боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** хүнтэй, **** хамт **** түр оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй ТМ /МА/, паспортын дугаар: *******. 

2. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

2.1. Шүүгдэгч ТМ /МА/ нь 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр үхрийн мах нийлүүлнэ гэж хохирогч А.А-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 30,000,000 /гучин сая/ төгрөгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

3. Прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 152 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч ТМ /МА/-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.   

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн  2022/ШЗ/321 дүгээр шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.2, 1.3 дахь заалт, 2 дахь заалтыг тус тус удирдлага болгож, ТМ /ТМ-/-д холбогдох эрүүгийн 2213001380188 дугаартай хэрэгт дараах үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ. Үүнд: 

4.1. Яллагдагч ТМ /МА/ нь “...махыг Хятад улсын иргэн Л гэх нэртэй хүнд тушаасан, хажууд нь Өвөрмонголын хятад хүн байсан” гэж мэдүүлсэн байх тул Б, В гэх Хятад улсын иргэдээс гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай байна.

4.2. Яллагдагч ТМ /МА/ нь “махыг Улаанбаатар хотоос зайрмаг ачиж ирсэн хөлдөөгчтэй машинд ачиж явуулсан” гэж мэдүүлдэг ба мах ачиж явуулсан машин нь ямар машин байсан, хэн гэдэг жолооч байсан, хэн гэдэг хүнд махыг хүлээлгэж өгч байсан эсэхийг шалгаж тогтоох.

4.3. Яллагдагч ТМ /МА/ нь Казахстан улсын иргэн, мөн Хятад Улсын иргэн, Монгол улсад түр оршин суудаг гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул түүний хувийн байдлыг шалгаж тогтоох.

4.4. Хавтаст хэрэгт хохирогчоос яллагдагч болон бусад хүмүүстэй цахимаар \чатаар\ харьцаж байсан талаар баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн ба уг баримтуудад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж, ажиллагаа хийгээгүй, орчуулга хийгдээгүй.

5. Прокурорын эсэргүүцэлд: 

5.1. Шүүгчийн захирамжид заасан яллагдагч Т.М- нь “...Б, В гэх Хятад улсын иргэдээс гэрчээр мэдүүлэг авах гэсэн заалт нь үндэслэлгүй. Учир нь хохирогч А.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Миний бие хувийн ажлаар Баян-Өлгий аймагт очиж явж байх үед БНХАУ-ын  иргэн Баян-Өлгий аймагт оршин сууж амьдарч байгаа Т.М- гэх хүнтэй танилцсан. Тэгээд тэр хүн надад үхрийн мах цуглуулж өгнө гэхээр нь бид хоорондоо тохиролцоод 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр үхрийн мах авах зорилгоор өөрийнхөө ХААН банкны ****** дугаартай данснаас яллагдагч Т.М-ын ******дугаартай данс руу 30.000.000 төгрөгийг шилжүүлсэн...” ...Гэтэл М- нь тухайн үхрийн махыг надад явуулаагүй, мөнгөө ч буцааж өгөөгүй. Эхэндээ над руу чатаар юм бичдэг байсан ба сүүлд миний утсыг авахаа больсон. ...Би тухайн үед үхэр, сарлаг үхрийн мах авахаар болсон. ...М- мөнгөө буцааж өгөх байх гэж хүлээсэн боловч сүүлдээ утсаа авахгүй байхаар нь залилуулснаа мэдсэн. М- надад ямар ч мах болон мөнгө буцааж өгөөгүй, М- нь надад утсаар чатаар ярьж байх үед малаа тууж ирж байна, цас орсон болохоор явж чадахгүй байна, Ховдын Булганд байна, АТМ ажиллахгүй байна гэх мэтээр удаа дараа худлаа ярьж байсан. ...2019 оны 9 дүгээр сараас хойш 2020 оны 02, 03 дугаар сар хүртэл би түүнээс мөнгөө нэхэмжилсэн, wechat зурвасууд байгаа, намайг залгахад М- нь утсаа авдаггүй байсан, бараг утсаар яриагүй. ...миний хажууд явсан Баян, В нар нь М-, Аманжол нараас үхрийн мах авахаар урьдчилгаа мөнгө төгрөг шилжүүлсэн асуудал байхгүй” гэх мэдүүлэг, хохирогч А.А-гийн ХААН банкны ****** дугаартай дансны хуулга, яллагдагч Т.М-ын ******дугаартай дансны хуулга, гэрч, М.В, Б.Т, Ү.Ж, Х.Р нарын мэдүүлэг зэргээр хохирогч А.А- нь яллагдагч Т.М-ад мах авах зорилгоор 30.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

5.2. Шүүгчийн захирамжид заасан “...түүний хувийн байдлыг шалгаж тогтоох шаардлагатай гэх заалт нь мөн үндэслэлгүй. Учир нь Т.М- нь Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрсөн болох нь мөн Монгол Улсын иргэнтэй гэр бүлж болж гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэний оршин суух хэлбэрээр Монгол Улсад оршин сууж байгаа болох нь Гадаадын иргэн, харьяатын газрын Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 018/0162 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

5.3. Түүнчлэн шүүхээс хавтаст хэрэгт хохирогчоос яллагдагч болон бусад хүмүүстэй цахимаар /чатаар/ харьцаж байсан талаар баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн ба уг баримтуудад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж, ажиллагаа хийгээгүй, орчуулга хийгдээгүй зэрэг нөхцөл байдалтай байна гэж үзсэн нь мөн үндэслэлгүй байна. Хохирогч А.А-гийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрхийнхээ хүрээнд хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулахаар өгснийг мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “...Хохирогч, яллагдагч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч, прокурор авч хавтаст хэрэгт тусгаж хавсаргана” гэж заасны дагуу мөрдөгч “эд зүйл баримт бичгийг хавтаст хэрэгт хавсаргах тухай тогтоол” үйлдэж хэрэгт хавсаргасан нь хуульд нийцнэ. Хохирогч А.А-гийн зүгээс яллагдагч болон бусад хүмүүстэй цахимаар /чатаар/ харьцаж байсан гэх баримтыг Хятад хэлнээс Монгол хэл рүү орчуулан өгсөн. Мөрдөгчийн зүгээс орчуулга хийгдсэн, хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр, 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр тус тус хүлээн авч, хэрэгт хавсаргасан тул шүүгчийн захирамжид заасны дагуу орчуулагч томилж, хэрэгт хавсаргах шаардлагагүй ажиллагаа юм.

5.4. Иймд Баян-Өлгий дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЭ/321 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.

6. Яллагдагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Хохирогчийн гаргаж өгсөн чат мессежнүүдийг хэрхэн залилуулсныг нотлох үүднээс хэрэгт хавсаргасан гэж прокурор эсэргүүцэлдээ дурдсан. Хэрэгт авагдсан чат мессежнүүдээс харвал тухайн баримтуудыг яг хохирогчоос гаргаж өгсөн нь тодорхой бус. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөн байцаалтын шатанд хэргийн оролцогчдоос гаргаж өгсөн нотлох баримтыг хэрэгт хавсаргахдаа мөрдөгчөөс тэмдэглэл үйлдэж гаргаж өгсөн хүний гарын үсгийг зуруулах ёстой. Мөн хохирогч шуудангаар гаргаж өгсөн гэж байгаа бол шуудангийн баримтууд нь ч гэсэн хэрэгт авагдаагүй.

6.2. Мөн Т.М- нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “А.А-тай харьцаж байгаагүй, түүнтэй гэрээ байгуулж байгаагүй учраас тэр хохирогч байх боломжгүй гэж байгаа. .... Маргааш өдөр нь миний дансанд 30,000,000 төгрөг орж ирсэн. Тэгэхээр 30,000,000 төгрөг А.А- гэх хүний дансаар дамжиж орж ирсэн асуудал харагддаг. Иймээс энэ хэргийн хохирогч А.А- мөн үү гэдэг асуулт гарч ирнэ. А.А- тухайн хүмүүсийн орчуулагчаар нь ажиллаж байсан хүн юм байна. Орчуулагчаар ажиллаж байсан хүнтэй гэрээ байгуулна гэж байхгүй” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд Хятадын хоёр иргэнээс заавал мэдүүлэг авах шаардлагатай. Мөрдөгчөөс тухайн хоёр хүн Хятад улсад байдаг учраас мэдүүлэг авах боломжгүй гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гадаад улсын нутаг дэвсгэрт мэдүүлэг авах, үзлэг, нэгжлэг, туршилт хийх, эд хөрөнгө хураан авах болон энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай бол уг асуудлыг эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай болон олон улсын бусад гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ” гэж заасан. Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний 7 дугаар зүйлд эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа авч болохыг нарийвчлан зохицуулсан. Хавтаст хэрэгт тухайн хоёр хүний гадаад паспортын хуулбар байгаа учраас тэр мэдээлэлд тулгуурлаж тэд нараас Т.М-ыг таних эсэх, Т.М-ыг таньдаг бол ямар байдлаар таньдаг, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймагт ирж байсан эсэх, мах худалдаж авахаар тохиролцсон эсэх, худалдаж авсан махыг хүлээж авсан эсэх, А.А- хажууд нь байсан эсэх, А.А-тай тусдаа гэрээ байгуулж байсан эсэх зэрэг асуудлуудыг тодорхойлох шаардлагатай.  Бүгд Найрамдах Хятад Ард Улс 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс Монгол Улстай хилээ нээх гэж байгаа. Энэ нь нийтэд илэрхий үйл баримт. Тэгэхээр тухайн хоёр хүн Монгол Улсад орж ирэхийг ч үгүйсгэхгүй.

6.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.10 дугаар зүйлд хувийн байдлыг тогтоох талаар зохицуулсан. Мөрдөгч энэ хэрэгт яллагдагчийн хувийн байдлыг хангалттай тогтоогоогүй. Ганц энэ үйл баримтаар Т.М-ыг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж байгаа нь хэт нэг талыг баримталж хэргийг шалгасан байна гэж үзэхээр байна. Бодит байдал дээр Т.М- махны үйлдвэрүүдэд олон тооны махыг нийлүүлж байсан, махны наймаа хийдэг хүн. Миний зүгээс Т.М- нь 2019 оны байдлаар махны наймаа эрхэлж байсан, М гэх хаягаар хүмүүстэй харьцаж байсан тухай баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Яллагдагчийн хувийн байдлыг тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй учраас анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан тухай захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан байна гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

7. Давж заалдах шатны шүүх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянаж үзлээ.

8. Хэрэгт цугларсан баримтат мэдээллүүд, нотолгооны хэрэгслүүдэд тусгагдсан үйл баримтаас үзвэл, анхан шатны шүүхийн захирамжид заасан яллагдагч ТМ /МА/ нь “...махыг Хятад улсын иргэн Л гэх нэртэй хүнд тушаасан, хажууд нь Өвөрмонголын хятад хүн байсан” гэж мэдүүлсэн байх тул Б, В гэх Хятад улсын иргэдээс гэрчийн мэдүүлэг авах, яллагдагч Т.М- нь “махыг Улаанбаатар хотоос зайрмаг ачиж ирсэн хөлдөөгчтэй машинд ачиж явуулсан” гэж мэдүүлдэг ба мах ачиж явуулсан машин нь ямар машин байсан, хэн гэдэг жолооч байсан, хэн гэдэг хүнд махыг хүлээлгэж өгч байсан эсэхийг шалгаж тогтоох, яллагдагч нь БНКазахстан Улсын иргэн, мөн БНХАУ-ын иргэн, Монгол улсад түр оршин суудаг гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул түүний хувийн байдлыг шалгаж тогтоох, хавтаст хэрэгт хохирогчоос яллагдагч болон бусад хүмүүстэй цахимаар \чатаар\ харьцаж байсан талаар баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн ба уг баримтуудад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж, ажиллагаа хийгээгүй, орчуулга хийгдээгүй зэрэг мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх тухай анхан шатны шүүхийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад нийцсэн байна.                    

9. Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын “захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай эсэргүүцэлд заасан үндэслэлүүдийн дагуу хэргийг хянаж үзэхэд, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан  үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хэргийн бодит байдлыг тогтоох”  зарчимд  нийцэх тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

10. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хэргийн үйл баримт болон хэрэгт ач холбогдол бүхий зарим нөхцөл байдал нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд  анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан үндэслэлүүд, тухайлбал (1) хуульд заасан арга журмаар БНХАУ-ын иргэн Б, В нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагаануудыг явуулах, (2) яллагдагч Т.М- нь БНКазахстан Улсын иргэн, БНХАУ-ын Алтай хотод төрсөн бөгөөд түүний хувийн байдлыг хавтаст хэрэгт авагдсан Гадаадын иргэн, харьяатын газрын Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 018/152 дугаартай албан бичгээр бүрэн дүүрэн тодорхойлох боломжгүй, яллагдагчийн аль улсын иргэн эсэх, давхар харьяалалтай эсэх, одоо биедээ ямар бичиг баримттай байгаа эсэх, ямар ажил эрхэлдэг гэх мэт хувийн байдлыг тодруулах шаардлагатай, (3) хавтаст хэрэгт авагдсан баримтаар мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Нурбол нь 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр орчуулагчаар Т.Сергазыг томилж, эрх үүргийг танилцуулсан, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Я.Оюунгэрэлийг орчуулагчаар томилон эрх, үүргийг тайлбарласан байх ба хавтаст хэргээс үзэхэд яг аль баримтыг орчуулуулахаар орчуулагч томилсон гэдэг нь тодорхой биш байх тул хавтаст хэрэгт авагдсан гадаад хэл дээрх баримтуудын орчуулгыг дахин нягтлах шаардлагатай учраас анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах” тухай захирамжийг хэвээр нь үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.

Тодруулбал, хуульд заасан нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. 

11. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/321 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 29 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/321 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ТУЯА

 

                                    ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ