Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2024/04436

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 08 181/ШШ2024/04436

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ................ тоотод оршин суух Б овогт О.Д /РД:.........../-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............... тоотод оршин суух С овогт Г.А /РД:............/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 14,600,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Д хариуцагч Г.А нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр буюу одоогоос 4 жилийн өмнө Г.А нь О.Д надаас 4,000,000 төгрөгийг сар бүр хүүг нь төлөх нөхцөлтэйгээр, 8 хувийн хүүтэйгээр 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаатай зээлж авсан билээ. 2020 оныг дуустал 2020 оны 12 дугаар сарыг дуустал сар бүр төлөх ёстой байсан хүүг найдвартай төлж явсан ба 2021 оны 1 сараас хойш за найз нь аль болох удаахгүй бүх мөнгийг нь өгөөд дуусгана, түр хүлээж байгаарай, учир нь манай нөхөр бид хоёр хүнээс авлагатай бас бид нар 2 ч машин зарсан юм аа. Гэтэл нөгөө хүнээсээ мөнгөө авч чадалгүй залилуулаад тэр хүнээ арай гэж хөдөөнөөс барьж авсан ба мөнгөө авах гээд шүүхээр хөөцөлдөөд хугацаа ороод байна гээд учир байдлаа хэлээд гуйсан тул би хүлээгээд явж байсан ба энэ хугацаанд бидний байгуулсан гэрээний маань хүчинтэй хугацаа нь ч дууссан учир нотариатын байгууллага, нотариатчийн зөвлөсний дагуу өөрсдөө хоорондоо гараараа бичиж, гарын үсгээ зуран баталгаажуулаад гэрээнийхээ хугацааг сунгаад явж байсан болно. Ингээд сүүлд надад за одоо яг сүүлчийн удаа 2023 оны 6 дугаар сарыг дуустал нэг л удаа хүлээчих, 2023 оны 6 дугаар сардаа багтаад төлөөд дуусгана. Нөхөр бид хоёр бүүр чиний мөнгийг өгч чадахгүйдээ санаа зовоод, хурдхан шиг дуусгая гэж яриад л яваад байгаа гэсээр учир байдлаа ярьж гуйсан тул за энэ удаа яг сүүлчийн удаа шүү гээд би зөвшөөрсөн. Өнгөрсөн бүх хугацаанд миний бие ажил амьдралын шаардлагаар яаралтай мөнгөний хэрэгцээ гарсаар Г.А гаас мөнгөө аваад төлчихнө гэсээр хэд хэдэн зээл авсан байсан нь хүү нь нэмэгдэж явсаар өчнөөн өр зээлийн төлбөрт орж хохирсон байна. Гэтэл өнөөдрийг хүртэл Г.А надад мөнгийг минь төлөөгүй явсаар 12 сар хүрсэн тул арга буюу шүүхэд хандлаа. Бидний байгуулсан гэрээний хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 10, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр, 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулав. Иймд Г.А гаас 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 30 сарын хүү болон алдангийн төлбөрт 9,600,000 төгрөгийг, алданги 10,600,000 төгрөгийн хамт, нийтдээ 14,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Бидний байгуулсан гэрээний дагуу Г.А нь сар бүр хүүг төлөх үүрэгтэй, харин үлдсэн зээлийг гэрээний хугацаа дууссан нөхцөлд бүрэн төлөхөөр тохиролцон гэрээг нотариатын байгууллагаар баталгаажуулж байгуулсан юм. Г.А нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хүүг төлсөн тул 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 30 сарын хүүгийн төлбөр болох 9,600,000 төгрөг, алданги болох 1,000,000 төгрөг, үндсэн зээлийн 4,000,000 төгрөг нийт 14,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Барьцааны гэрээнд заасны дагуу Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаа 16 гудамж, 140 тоотод байрлах барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангаж өгнө үү. ... гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

...иргэн О.Д гаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөгийг зээлж авсан. Зээл авснаас хойш 1 жилийн хугацаанд 3,200,000 төгрөг зээлийн эргэн төлөлтөд буцаан төлсөн. 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 7,000,000 төгрөг төлж таны хохирлыг барагдуулна. Төлж барагдуулах хүсэлттэй байна. ... гэжээ.

 

3. Зохигчид шүүх хуралдаанд дараах байдлаар эвлэрэн хэлэлцсэн. Үүнд:

...нэхэмжлэгч О.Д миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 14,600,000 төгрөгийн 3,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 11,600,000 төгрөгийг хариуцагч Г.А хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож байна. Үүнтэй холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаас татгалзаж байна. гэжээ.

 

4. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд: 

4.1. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, О.Д , Г.А нарын хоорондох 2020 оны 1 дүгээр сарын 10, 2020 оны 5 дугаар сарын 06, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээ /хугацаа сунгалт бүхий гар бичмэл/, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /хх 3-9/-г,

 

4.2. Хариуцагчаас: Хаан банк дахь Г.А гийн эзэмшлийн ..........дугаар дансны 2020 оны 1 дүгээр сары 09-нөөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хуулга /хх 27-37/-ыг тус тус гаргаж өгсөн.

 

4.3. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Д нь хариуцагч Г.А д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,600,000 төгрөг гаргуулах, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Г-2203001370 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаа 16 дугаар гудамжны 140 тоот хаягт байршилтай, 436.02 м.кв, нэгж талбарын 18643317748379 дугаар бүхий өмчлөлийн газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх, зохигч эвлэрч болохоор зохицуулсан.

 

Шүүхийн шийдвэр гарах хүртэл гэдгийг шүүх хуралдаан нээснээс хойш шүүгч, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орох хүртэл гэж ойлгоно.

 

Шүүх хуралдааны үед, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 14,600,000 төгрөгийн 3,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 11,600,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх, төлүүлэхээр, үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаасаа татгалзахаар харилцан тохиролцож, эвлэрэн хэлэлцсэн байна.

 

Дээрх эвлэрэл бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

 

2. Зохигч эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй тул шүүх хуульд заасан журмаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. О.Д гийн нэхэмжлэлтэй, Г.А д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 14,600,000 төгрөгийн 3,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 11,600,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх, төлүүлэхээр, үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаасаа татгалзахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 150,575 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН