| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 181/2024/02330/И |
| Дугаар | 181/ШШ2024/04437 |
| Огноо | 2024-11-08 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 181/ШШ2024/04437
2024 11 08 181/ШШ2024/04437
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: ...............тоотод байрлах Х ХХК /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: ................. ............... тоотод байрлах Р-А с ХХК /РД:.........../-д холбогдох,
нэхэмжлэлийн шаардлага: 92,219,500 төгрөг гаргуулах, түрээслэсэн эд хөрөнгийг буцаан олгохыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Р-А с ХХК-тай 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 20/127 тоот Барилгын туслах материал түрээслүүлэх гэрээ-г байгуулсан бөгөөд тус гэрээгээр хариуцагч бараа материалын түрээсийн үнэ 89,157,900 төгрөг, түрээслэсэн нийт 2335 ширхэг материалаас 6 нэр төрлийн 446 ширхэг барааг буцаан олгоогүй.
Манай компани 2011 оноос хойш 10 гаран жилийн хугацаанд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж Монгол Улсын барилгын салбарт тодорхой хэмжээгээр танигдсан бөгөөд түрээслэгчид маань түрээсийн гэрээ байгуулаад бараа дараа нь нэмэлтээр бараа бүтээгдэхүүн шаардлагатай бол падаан бичүүлээд аваад буцаан хүлээлгэн өгөх зарчмаар явсаар ирсэн.
Хариуцагч нь 2020 оны 8 дугаар сарын 19, 2020 оны 9 дүгээр сарын 25, 2020 оны 9 дүгээр сарын 29, 2020 оны 9 дүгээр сарын 30, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрүүдэд доор дурдсан 6 нэр төрлийн 446 ширхэг барилгын туслах материал буюу манай эд хөрөнгийг падаанаар хүлээн авсан ба өнөөдрийг хүртэл тухайн эд хөрөнгийг түрээсийн төлбөрийн хамт хүлээлгэн өгөөгүй байна.
Түрээслэсэн бараа материалын тоо ширхэг, хэмжээг ашигласан хоног болон түрээсийн төлбөрийн задаргаа:
- труба 6м хэмжээтэй 57 ширхэг, ашигласан хоног 1331, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл, түрээсийн нэгж үнэ 250 төгрөг, нийт түрээсийн төлбөр 18,966,750 төгрөг,
- труба 5м хэмжээтэй 22 ширхэг, ашигласан хоног 1331, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл, түрээсийн нэгж үнэ 250 төгрөг, нийт түрээсийн төлбөр 7,320,500 төгрөг,
- труба Зм хэмжээтэй 37 ширхэг, ашигласан хоног 1331, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл, түрээсийн нэгж үнэ 250 төгрөг, нийт түрээсийн төлбөр 12,311,750 төгрөг,
- труба 1м хэмжээтэй 238 ширхэг, ашигласан хоног 1331, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл, түрээсийн нэгж үнэ 250 төгрөг, нийт түрээсийн төлбөр 31,666,800 төгрөг,
- тулаас V4 со цагаан, 77 ширхэг, ашигласан хоног 1331, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл, түрээсийн нэгж үнэ 200 төгрөг, нийт түрээсийн төлбөр 20,497,400 төгрөг,
- тулаас V5 со цагаан, 15 ширхэг, ашигласан хоног 1331, 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл, түрээсийн нэгж үнэ 200 төгрөг, нийт түрээсийн төлбөр 3,993,000 төгрөг,
Түрээсийн төлбөрийн нийт дүн 92,219,500 төгрөг.
Манай компанийн хувьд түрээслэгчид барааг буцаан өгч, төлбөрөө төлөхийг шаардаж удаа дараа мэдэгдсэн ба түрээслэгч нь гэрээний зүйлийг хүлээлгэж өгөлгүй өнөөдрийг хүрч түрээсийн гэрээний хугацаа үргэлжилж төлбөр нэмэгдсээр байна. Барилгын туслах материал түрээсийн гэрээний төлбөрт нийт 92,219,500 төгрөг болон дээр дурдсан түрээсийн зүйлсийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.
Иймд өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ эс биелүүлж, түрээсийн зүйлийг хүлээлгэн өгөлгүй манай компанийг хохироож байх тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй., 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ., 289 дүгээр зүйлийн 289.1.4-т хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх, 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжпүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно. гэж тус тус заасны дагуу Барилгын туслах материал түрээслүүлэх гэрээг цуцалж, гэрээний үнэ болох 92,219,500 төгрөг гаргуулах, түрээслэсэн эд хөрөнгө болох 446 ширхэг барилгын туслах материал нэхэмжпэгчид буцаан олгохыг даалгаж шийдвэрлэж өгнө үү. ... гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
...Нэгд. Р-А с ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 20-127 дугаартай Барилгын туслах материал түрээслүүлэх гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэж, гэрээ дуусгавар болсон тухайд:
а/ Р-А с ХХК нь Хэнтий аймгийн Батноров сумын Сумын Төвийн Шинэчлэл төслийн хүрээнд хийгдэж байсан Нутгийн удирдлагын ордны барилга угсралтын ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Энэхүү барилга, угсралтын ажилд ашиглахаар Х ХХК-иас хүлээн авсан бүх тулаас, бүх трубаг ашиглаж дууссан даруйдаа тухайн үеийн Ковид-19 цар тахлын хатуу хөл хорионы нөхцөл байдалтай уялдуулан бүгдийг нь хүлээлгэн өгсөн ба зарим эвдрэлтэй болон актлагдсан барааны үнийг барьцаа төлбөрөөсөө суутгуулснаар тооцоо дууссан. Нутгийн удирдлагын ордны барилга угсралтын ажил 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 45 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байсныг захиалагчийн хяналтаар баталгаажуулж байсан. Нэхэмжлэгчээс хүлээн авсан труба, тулаасыг барилга, угсралтын ажлын эхний 30 хувийн гүйцэтгэлд ашигладаг юм. Бид хүлээн авсан бүх барааг ашиглаж дуусмагц буцаан хүлээлгэн өгч, энэ тухай баримт үйлдэж, урьдчилан төлсөн төлбөрөөс хасах байдлаар тооцоо хийхээр тохиролцсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан ёсоор хамгийн сүүлд үлдэгдэл бүтээгдэхүүнийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Орлогын баримт-аар хүлээлгэн өгсөн. Бид 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн барааг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэхэд ашиглаж дууссан байсан боловч тухайн үеийн Ковид-19 цар тахлын хүчин зүйлийн улмаас орон нутгаас хот руу хөдөлгөөн хязгаарлагдсан байсан. Ингээд хатуу хөл хорионы нөхцөл байдал гайгүй болсноор хамгийн сүүлийн үлдэгдэл 234 ширхэг барааг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэн өгсөн юм. Үүнээс хойш нэхэмжлэгчийн хувьд, тухайн гэрээтэй холбоотойгоор бидэнтэй холбогдож байгаагүй болно. Мөн гэрээ ёсоор бол бид барааг үргэлжлүүлэн түрээслэхээр бол нөгөө талдаа бичгээр мэдэгдэх, ийнхүү бичгээр мэдэгдээгүй 7 хоног хэтэрсэн тохиолдолд түрээслүүлэгч гэрээг цуцалж, өгсөн бараануудаа буцаан шаардах үүрэгтэй байсан. Гэтэл 3 жил 6 сарын дараа ийнхүү илт үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй.
б/ Нэхэмжлэгч нь манайд 2335 ширхэг бараа хүлээлгэн өгсөн талаарх Зарлагын баримт-ыг нэхэмжлэлдээ хавсаргажээ. Энэхүү баримтыг бид анх удаа харж байгаа бөгөөд талууд анх 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гэрээг байгуулах үед 1 метрийн хэмжээтэй трубаг 1 ширхэг бүрийг нь хоног тутамд 90 төгрөгөөр, бусад бүх барааг 1 ширхэг бүрийг нь хоног тутамд 200 төгрөгөөр түрээслэх талаар тохиролцож байсан. Мөн бид хүлээн авсан бараагаа нэхэмжлэгчээс гаргасан байгаа 2020 оны 9 дүгээр сарын 25, 2020 оны 9 дүгээр сарын 29, 2020 оны 9 дүгээр сарын 30, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрүүдэд хүлээлгэн өгснөөр бидний хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон. Бид хүлээн авсан бараануудаа ашигласан хоног, эвдрэл гэмтэл, акталсан бүтээгдэхүүний үнэ зэргийг тооцож, урьд төлсөн төлбөр болох 21,975,000 төгрөгтөө суутгаснаар гэрээ дуусгавар болсон.
Иймд манай компани нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөр дуусгавар болсон. Уг гэрээний дагуу нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2023 онд дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
Хоёрт. Талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлах шаардлага үндэслэлгүй тухайд:
а/ Дээр дурдсанаар талуудын хооронд байгуулсан гэрээ 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр сүүлийн барааг хүлээлгэн өгснөөр дуусгавар болсон.
б/ Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.2, 1.3 дахь хэсэгт тус тус зааснаар түрээслэгч нь гэрээний хугацааг сунгах тохиолдолд түрээслүүлэгч талд 7 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ийнхүү бичгээр мэдэгдээгүй тохиолдолд түрээслүүлэгч нь үл маргах журмаар нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, түрээсийн зүйлийг татан авахаар талууд харилцан тохиролцсон. Мөн гэрээний 4.2 дахь хэсэгт зааснаар түрээслүүлэгч нь гэрээ болон хавсралтуудын дагуу тооцоо нийлж хүлээлгэн өгөх, эргүүлэн хүлээн авч, актуудыг хөтөлж, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй, мөн гэрээний 7.10 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээний хугацааг 7 хоногоос дээш хоногоор хожимдуулсан бол түрээслүүлэгч гэрээг дангаар цуцалж, өөрт учирсан хохирлыг арилгахыг шаардана гэж тус тус тохиролцсон. Иймд гэрээний хугацааг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 20-50 хоног гэж тогтоосон юм бол үүнээс хойш гэрээний хугацааг сунгах тохиолдолд түрээслэгч болох манай тал түрээслүүлэгч талд бичгээр хүсэлт гаргах, ийнхүү хүсэлт гаргаагүй бол гэрээг цуцлах эрх, үүргийн хугацааг талууд байгуулсан гэрээндээ ...хойш 7 хоног гэж тусгасан юм.
Нэгэнт манай зүгээс гэрээгээр хүлээсэн барааг ашигласан хоног болон эвдрэл, гэмтэл, акталсан байдал зэргийг харилцан тооцоолж, урьд төлсөн төлбөрөөсөө суутгуулснаар бүгдийг нь хүлээлгэн өгсөн тул цаашид тухайн гэрээг сунгах, нэмж бараа түрээслэх зэргээр түрээслүүлэгч талд хандаагүй болно. Иймд үүрэг дуусгавар болсон гэрээг цуцлах нь үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...түрээслэгчид барааг буцаан өгч, төлбөрөө төлөхийг шаардаж удаа дараа мэдэгдсэн... гэх тайлбар худал юм. Учир нь өнгөрсөн хугацаанд бидэнд аливаа бараа эсхүл төлбөр шаардсан талаарх мэдэгдэл ирж байгаагүй. Хэрэв барааг хүлээлгэн өгөхгүй, төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн бол түрээслүүлэгч гэрээг үл маргах журмаар цуцлах хугацаа нь гэрээгээр тогтоосон хугацаа болох 7 хоног юм.
Гүравт. Түрээсийн гэрээний үнэ болох 92,219,500 төгрөгийг гаргуулах шаардлага үндэслэлгүй тухайд:
Нэхэмжлэгчээс бид 2335 ширхэг барааг хүлээн аваагүй бөгөөд хүлээн авсан бүх барааг буцаан хүлээлгэн өгсөн учир 3 жил 6 сарын дараа нэхэмжлэгчийн зохиосон тоо, хэмжээгээр түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээхгүй юм. Талуудын хооронд байгуулсан гэрээ ёсоор бол түрээслэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, аливаа үүргийн зөрчил гаргасан тохиолдолд түрээслүүлэгч нь 7 хоногийн дотор шаардлагаа тавих, гэрээг цуцлах, учирсан хохирлоо нэхэмжлэх эрх, үүрэгтэй байхаар талууд тогтсон. Иймд 1331 хоногийн хугацаа зэргээр илт үндэслэлгүй, баримтгүй гаргасан нэхэмжлэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй.
Дөрөвт. Түрээслэсэн эд хөрөнгө болох 446 ширхэг барилгын туслах материалыг буцаан олгохыг даалгах тухай шаардлагын үнэ тодорхой бус, хууль зүйн үндэслэлгүй тухайд:
Тухайн 446 ширхэг барааг хүлээн аваагүй тул хүлээлгэн өгөх үүрэг хүлээхгүй. Хэрэв үлдэгдэл 446 ширхэг барааг бид ашиглахаар болсон бол гэрээний дагуу энэ талаар түрээслүүлэгч талд бичгээр мэдэгдэх, ийнхүү мэдэгдээгүй 7 хоног хэтэрсэн бол түрээслүүлэгч бараагаа үл маргах журмаар авахаар харилцан тохиролцсон. Өнгөрсөн хугацаанд буюу 2020 оны 8 дугаар сарын 19, 9 дүгээр сарын 25, 29, 30, 12 дугаар сарын 14-ний өдрөөс өөрөөр талууд дээрх гэрээний дагуу аливаа харилцаанд оролцоогүй. Өөрөөр хэлбэл, тухайн 446 ширхэг барааг өнөөдрийг хүртэлх түрээслэх талаар талууд харилцан нэгэндээ аливаа санал, хүсэлт гаргаж байгаагүй. Ийм ч учраас өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс бидэн рүү бараа эсхүл түрээсийн төлбөр зэргийг нэхэмжилж байгаагүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжпэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. гэв.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т.Мөнх-Оргил, Ц.Баяртогтох, Г.У , Б.Мэндсайхан, Б.Пүрэвжал нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х ХХК, Р-А с ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 20-127 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээний хуулбар, Р-А с ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон Б.Алтанзаяагийн иргэний үнэмлэхийн хувилсан хувиуд, 2020 оны 8 дугаар сарын 19, 9 дүгээр сарын 25, 29, 30, 12 дугаар сарын 14-ний өдрүүдийн орлогын баримтын хуулбар, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн зарлагын баримтын хуулбар, тооцооны хүснэгт /хх 3-17, 40/-ийг,
3.2. Хариуцагчаас: Р-А с ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэл, О.Түвшинболд, А.З нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл /хх 20-23, 29/-ийг тус тус гаргаж өгсөн.
3.3. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Р-А с ХХК-тай байгуулсан 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 20/127 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээний дагуу нийт 2335 ширхэг бараа материал шилжүүлснээс 6 нэр төрлийн 446 ширхэг бараа материалыг өнөөг хүртэл буцаан өгөөгүй тул гэрээг цуцалж, түрээсийн төлбөрт 92,219,500 төгрөгийг, үлдэгдэл бараа материалын хамт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
3. Хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан бараа материалыг ашиглаж дуусмагцаа 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бүгдийг нь буцааж өгсөн ба зарим эвдрэлтэй, актлагдсан бараа материалын үнийг барьцаа төлбөрөөс суутгуулснаар тооцоо дууссан, 2335 ширхэг бараа материал хүлээж аваагүй, гэрээ ёсоор бид бараа материалыг үргэлжлүүлэн түрээслэхээр бол нөгөө талдаа бичгээр мэдэгдэх, ийнхүү бичгээр мэдэгдээгүй 7 хоног хэтэрсэн тохиолдолд түрээслүүлэгч гэрээг цуцалж, өгсөн бараануудаа буцаан шаардах үүрэгтэй байсан ч 3 жил 6 сарын дараа ийнхүү шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн татгалзсан.
4. Талуудын хооронд 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 20-127 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээ /цаашид гэрээ гэх/ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч Х ХХК нь түрээслэгч Р-А с ХХК-д барилга барих, барилгын угсралт, засварын ажил явуулах аж ахуйн үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь зориулж биет байдлын болон эрхийн догодолгүй барилгын туслах бараа материал буюу эд хөрөнгийг тодорхой хугацаанд түрээслүүлж, ашиглуулах, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах, түрээсийн эд зүйлийг тогтоосон хугацаанд гэрээний хавсралтаар тогтоосон актын дагуу эргүүлэн хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцжээ.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулагдсан, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байх ба тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар, бичгээр байгуулсан гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэгч талууд гарын үсэг зурснаар мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.
Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх ба хугацааг талууд тохиролцож тогтоодог.
5. Талууд 4 нэр төрлийн трубаг 20 хоногийн хугацаатай, 2 нэр төрлийн тулаасыг 50 хоногийн хугацаатай байхаар тогтоосон гэх бөгөөд түрээслэгч нь 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр /V4, V5/ тулаас 131 ширхэг, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр /V4, V5/ тулаас 1064 ширхэг, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр /1м, 3м, 5м, 6м/ труба 481 ширхэг, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр /V4/ тулаас 234 ширхгийг тус тус түрээслүүлэгчид буцаан өгч, талууд мөн өдрүүдийн орлогын баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан, дээрх хугацааны түрээсийн төлбөрт 21,975,000 төгрөг төлөгдсөн, цаашид хугацааг сунгах хүсэлт ирүүлж байгаагүй зэрэг үйл баримтад маргаагүй болно.
Гагцхүү түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч гэрээ байгуулсан өдрөө нийт 2335 ширхэг бараа материал шилжүүлснээс 6 нэр төрлийн 446 ширхэг бараа материалыг өнөөг хүртэл буцаан өгөөгүй хэмээн тайлбарлаж, 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөрт 92,219,500 төгрөгийг, үлдэгдэл бараа материалын хамт гаргуулахаар шаардсаныг түрээслэгч буюу хариуцагч эрс няцааж үгүйсгэсэн.
6. Нэхэмжлэгч дээрх бараа материалыг хүлээлгэж өгсөн гэх тайлбараа нотлох зорилгоор гаргаж өгсөн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн зарлагын баримтад хариуцагч гарын үсэг зурж баталгаажуулаагүйгээс гэрээний 1.5-д заасан Тухайн барилгын туслах материалыг түрээслэгчид шилжүүлэх болон тэдгээрийг буцаан авахдаа хүлээлгэн өгсөн болон эргүүлэн хүлээж авсан тухай орлого, зарлагын баримтыг үйлдэж талуудын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. гэсэн шаардлага нийцээгүйн гадна, нэхэмжлэгч нь гэрээний 4.2-т заасан Гэрээ болон хавсралтуудын дагуу тооцоо нийлж хүлээлгэн өгөх, эргүүлэн хүлээн авах актуудыг хөтөлж тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих үүргээ биелүүлсэн гэж үзэхээргүй байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбараа нотолж чадаагүй болно.
Нөгөөтээгүүр, гэрээний 1.2-т Түрээслэгч нь гэрээний хавсралт 2-т заасан барилгын туслах материалыг мөн гэрээний хавсралт 2-т заасан хугацаагаар түрээслэх ба гэрээг сунгах шаардлагатай болсон тохиолдолд түрээслүүлэгч талд 7 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ., 1.3-т Энэ гэрээний 1.2, 2.16 дахь хэсэгт зааснаар бичгээр мэдэгдээгүй тохиолдолд үл маргах журмаар түрээслүүлэгч талын нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, түрээсийн зүйлийг татан авах бөгөөд уг үйл ажиллагаатай холбогдон гарсан зардлыг түрээслэгч тал бүрэн хариуцна., 7.10-т Түрээсийн гэрээний хугацааг 7 хоногоос дээш хоногоор хожимдуулсан бол түрээслүүлэгч гэрээг дангаар цуцалж өөрт учирсан хохирлыг арилгахыг шаардана. гэж тус тус зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
7. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар заасны дагуу нэхэмжлэгчийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан ба мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсгүүдэд зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг.
Сүүлийн байдлаар бараа материалыг буцаан өгсөн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу гурван жилийн хугацааг тоолоход 2023 оны 12 дүгээр сарын 14-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ.
Энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан талаар ямар нэгэн баримт хэрэгт цуглараагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. гэсэн зохицуулалтад нийцнэ.
Өөрөөр хэлбэл, хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагавар нь үүргээс татгалзах эрхийг үүрэг гүйцэтгэгчид олгож байгаа учир нэхэмжлэгчийн шаардах эрх үгүйсгэгдэнэ.
Иймд хариуцагч Р-А с ХХК-иас 92,219,500 төгрөг гаргуулах, түрээслэсэн эд хөрөнгийн буцаан олгохыг даалгах тухай нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р-А с ХХК-иас 92,219,500 төгрөг гаргуулах, түрээслэсэн эд хөрөнгийн буцаан олгохыг даалгах тухай нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дуаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 689,248 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН