Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/13

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Ганбаярт холбогдох эрүүгийн 1704001710010 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:                     

 Нарийн бичгийн дарга                               З.Ганцоож

 Улсын яллагч                                                Б.Буяндэлгэр

 Шүүгдэгч                                                  Н.Ганбаярт нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэрэгт холбогдох үедээ Хилийн цэргийн 025 дугаар ангид жолооч ажилтай, ам бүл 7, ээж, дүү, дүүгийн хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 14 дүгээр гудамжны 02 тоот хашаанд оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Хатгин овгийн Нэргүйгийн Ганбаяр /РД:ЖО82120778/

Прокурорын яллах дүгнэлтэд:

Шүүгдэгч Н.Ганбаяр нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Хар-хорин худалдааны төвийн 1 давхарт байрлах ХААН банкны АТМ-ээс иргэн О.Батболдын картнаасаа мөнгө уншуулаад авалгүй орхиж явсан 500.000 төгрөгийг авч завшсан гэмт хэрэгт холбогдсон байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Н.Ганбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороонд байрлах Хар-Хорин худалдааны төвийн 1 давхарт байрлах ХААН банкны ATM-ээс өөрийн картнаас мөнгө авах гээд очиход уг АТМ-ээс бэлэн мөнгө гарч ирсэн байхаар нь би аваад явсан. Тэгээд тоолоод үзэхэд 500.000 төгрөг байсан бөгөөд би тэр мөнгийг ойр зуурын хэрэгцээнд хэрэглэж 250.000 төгрөгийг үлдээсэн байсан. Тэгтэл 2017 оны 12 дугаар сарын 20-ны үед Цагдаагийн байгууллагаас утасдаж та хүний мөнгө авсан байна гэж хэлсэн. Би О.Батболд гэдэг хүний 500.000 төгрөгийг буцааж өгч хохиролгүй болгосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            Хохирогч О.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12 цаг 52 минутанд Багануур дүүргийн 5 дугаар хороонд байрлах Хар-Хорин худалдааны төвийн ХААН банкны ATM-ээс 500000 төгрөг өөрийн 5039072555 данснаас авахаар уншуулж мөнгөн дүнгээ хийхэд картыг шууд буцааж түлхэхээр нь мөнгөгүй юм байна гээд Эрүүл мэндийн төвийн АТМ-ээс 300000 төгрөг уншуулж авсан. Оройн 17 цагийн үед ирээд утсаа үзэхэд 2 удаа 800000 төгрөг гарсан байхаар цагдаад хандсан. 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12 цаг 45 минутаас 12 цаг 55 минутын хоорондох камерын бичлэгийг шүүлгэх саналтай байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15,16 дугаар хуудас/,

            Гэрч Ч.Нарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... Би Н.Ганбаяр гэх залууг 2014 оноос хойш мэддэг болсон. Түүний хувьд их даруухан, янз бүрийн муухай аашгүй, их шударга, хүнд тусархуу, худлаа үнэн юм яриад байдаггүй залуу байгаа юм. Би Н.Ганбаярыг архи дарс уугаад явж байхыг хараагүй, их сайн залуу...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

            Гомдол мэдээлэл хүлээн авсан “…Багануур дүүргийн 5 дугаар хороо Хар хорин хүнсний дэлгүүрийн АТМ-д карт уншуулахад мөнгө гараагүй ба гар утсанд 500.000 төгрөг уншсан гэсэн мэдээлэл ирсэн байна…” гэсэн тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/

            Камерын бичлэгт үзлэг хийсэн “…АТМ-ээс бэлэн мөнгө гарч ирж байх ба уг хүн түрийвчиндээ картаа буцаан хийж, түрийвчээ куртикныхээ дотор талын халаас руу хийгээд АТМ-ээс гарч ирсэн мөнгийг аваад 12 цаг 53 минут 41 секундэд гарч явж байгаа дүрс бичлэг хяналтын камерт бичигдсэн байсныг /нийт 12 цаг 50 минутаас 12 цаг 55 минут 04 секунд хүртэлх 5 минут 4 секундын бичлэг/ хуулбарлан, хураан авч тэмдэглэл үйлдэв…” гэсэн тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/

            Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 11 дүгээр хуудас/

Хаан банкны 5039072555 дугаартай депозит дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 32 дугаар хуудас/

Шүүгдэгч Н.Ганбаяр нь “…урьд ял шийтгэлгүй…” гэсэн шалгах хуудас /хх-ийн 27 дугаар хуудас/ зэрэг дээрхи нотлох баримтууд болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

 Хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа эрх, үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тухайн хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

Шүүгдэгч Н.Ганбаяр нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороонд байрлах Хар-Хорин худалдааны төвийн 1 давхарт байрлах ХААН банкны АТМ-ээс гарч ирсэн 500.000 төгрөгийг авч хэрэглэсэн болох нь Н.Ганбаярын “…АТМ-ээс бэлэн мөнгө 500.000 төгрөг гарч ирсэн байсан бөгөөд би мөнгийг авч ойр зуурын хэрэгцээнд хэрэглэж 250.000 төгрөгийг үлдээсэн...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн “…ATM-ээс 500000 төгрөг өөрийн 5039072555 данснаас авахаар уншуулж мөнгөн дүнгээ хийхэд картыг шууд буцааж түлхэхээр нь мөнгөгүй юм байна гээд гарсан…” гэсэн мэдүүлэг, камерын бичлэг, дансны хуулга зэрэг дээрхи хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Иймд Н.Ганбаярыг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Прокуророос яллагдагч Н.Ганбаярыг 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналыг гаргасан нь прокурорын бичгээр гаргасан санал /хх-ийн 42 дугаар хуудас/, шүүгдэгч дээрхи ялыг хүлээн зөвшөөрсөн нь уг саналтай танилцсан яллагдагчийн гарын үсэг /хх-ийн 42 дугаар хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Хохирогчийн “…2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Н.Ганбаяр гэдэг хүн миний мөнгийг данс руу хийсэн байна. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэгээр шүүгдэгч нь хохирол 500.000 төгрөг төлжээ.

Шүүгдэгч Н.Ганбаяр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэг дээрхи хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Иймд прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Н.Ганбаярт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг ялтны гаргасан хүсэлт, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчилэн төлүүлэхээр байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 5 минут 4 секундын хугацаатай бичлэгтэй CD-г хэрэгт хавсаргавал зохино.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн

1, 8, 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,

36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг

удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хатгин овгийн Нэргүйн Ганбаярыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хатгин овгийн Нэргүйн Ганбаярыг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор 250.000 төгрөгийг, 2018 оны 4 дугаар сарын 1-ний өдрийн дотор 200.000 төгрөгийг тус тус биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Н.Ганбаярт мэдэгдсүгэй.
  4. Н.Ганбаяр нь хохирогч О.Батболдод учирсан хохирол 500.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
  5. Тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ганбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 минут 4 секундын камерын бичлэгтэй CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
  7. Н.Ганбаярт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

              

       ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                А.БЯМБАЖАВ