Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/04

 

 

 

 

 

Х.Д-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Х.Д-д холбогдох эрүүгийн 2113000280169 дугаартай, 3 хавтастай хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Баярмагнай, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Бакен, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Айгерим нар оролцов. 

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, **** оны *** дугаар  сарын ***-ний өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, *** боловсролтой, *** мэргэжилтэй, **** ажилтай, ам бүл *** хүнтэй, эхнэр, хүүхдүүдийн хамт *** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Х.Д- /РД:*********/.

 

2. Шүүгдэгч Х.Д- нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хүү Д.Б-эд эмчилгээний 2,000,000 төгрөгийн зардал гаргуулан авах, мөн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 14-ний үед Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлагдан гарсан 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Сумын, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалтыг батлах” тухай 3 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан, хүснэгтийн 2.20-д заасан “Иргэний танхимын тоног төхөөрөмжид зарцуулах 9800000 төгрөг” гэснийг “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд тоног төхөөрөмж авахад 9800000 төгрөг” гэж өөрчилсөн, мөн тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хэлэлцэн баталсан “Давсан орлого зарцуулах” тухай 5 дугаартай тогтоолын хавсралтад заасан орон нутгийн төсвийн давсан орлогыг 11 төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар хуваарилсныг 16 төрлийн үйл ажиллагаанд зарцуулах байдлаар хуваарилсан болгож өөрчилж, сум орон нутгийн хөрөнгийг захиран зарцуулах эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, улмаар уг баримт бичгийг 2020 оны 12 дугаар сарын сүүлчээр тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргэж өгч, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан хөрөнгийг 2021 онд захиран зарцуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

3. Прокурорын 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 110 дугаар яллах дүгнэлтээр Х.Д-ы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн  2022/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолоор: 

4.1. Шүүгдэгч Х.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-ы нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаас хасаж, 5800 нэгжтэй тэнцэх хэмжээний 5800000 (таван сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

           

            5. Шүүгдэгч Х.Д-ы давж заалдах гомдлын агуулга:

            5.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүгдэгч миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн. Шүүхээс намайг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас батлагдан гарсан 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалтыг батлах тухай” 3 дугаартай тогтоолын хавсралт, “Давсан орлого зарцуулах тухай” 5 дугаартай тогтоолын хавсралтад тус тус засвар өөрчлөлт оруулж хуурамч баримт бичиг үйлдсэн гэж буруутгаж байгаа атлаа хуурамчаар үйлдсэн гэх тухайн хоёр тогтоол, түүний хавсралтад шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй. Анх 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 113 дугаар тогтоолоор шинжээч томилсон боловч шинжилгээнд хүргүүлж байгаа тогтоолууд эх хувь биш учир дүгнэлт гаргах боломжгүй гэж буцаасан байдаг. Гэтэл 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Х.Д- надаас аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргэсэн гэх тогтоол, түүний хавсралтуудыг тус хэлтсийн мэргэжилтэн Б.Маргуланаас эх хувиар нь хураан авсан атлаа шинжээч томилж, дүгнэлт гаргуулаагүй.

            5.2. Миний бие тухайн хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан эрхийнхээ хүрээнд удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч прокурор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Тухайн хүсэлтүүд нэгэнт прокурорын хяналтын шатанд хангагдаагүй учир 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд 91 хуудас бүхий нотлох баримт, нэмэлт ажиллагаа хийлгэх талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр гаргаж өгсөн. Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч та нотлох баримтаа урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгөх ёстой байсан, тухайн үед гаргаж өгөөгүй учир хүлээн авах боломжгүй гэж шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Энэ нь шүүгдэгч миний Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхийг ноцтой зөрчсөн.

            5.3. Намайг    дээрх 2 тогтоолын хавсралтыг засварласан, өөрчилсөн гэж буруутгахдаа зөвхөн гэрч нарын мэдүүлэг болон сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан Т.Ш-ийн үйлдсэн гэх тэмдэглэлийг үндэслэл болгосон. Т.Ш- нь хурлын тэмдэглэлийг бүрэн гүйцэт хөтлөөгүй, төлөөлөгч, оролцогч нараас гаргасан саналуудыг бүрэн тусгаагүй гэдгээ гэрчээр мэдүүлэг өгөхдөө хүлээн зөвшөөрсөн. Сумын ИТХ-ын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн анхдугаар хуралдааны 2 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан хуралдааны дэг хэрэгт нотлох баримтаар авагдсан. Хуралдааны дэгийн 10.1-д “Төлөөлөгчдийн болон Тэргүүлэгчдийн хуралдааны явцыг албан ёсоор дэс дараалан тэмдэглэж авах, тэмдэглэл хөтлөх, хуралдаанаас гарах тогтоол, шийдвэр, хуралдааны тэмдэглэлийг хадгалах, ашиглах ажлыг зөвхөн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга гүйцэтгэнэ” гэж зааж өгсөн. Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх мөрдөн байцаалтын шатанд надаас хураан авч, үзлэг хийж, хэрэгт нотлох баримтаар хавсаргасан Ногооннуур сумын ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны архивласан материал, тэмдэглэл, холбогдох бусад баримт бичгүүдэд дүгнэлт хийхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

            5.4. Сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст маргаан бүхий хоёр тогтоол, түүний хавсралтыг хүргэхдээ Хурлын даргын гарын үсэгтэй боловч тамга дарж баталгаажуулаагүй хоёр тогтоол, хурлын нарийн бичгийн даргаар хянагдаагүй, сумын Засаг дарга гарын үсэг зурж баталгаажуулсан жагсаалт, мөн сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтэн У.Берикболын гаргаж өгсөн гэх хавсралтыг хавсаргаж явуулсан байдаг. Эдгээр баримт бичгүүд нь албан ёсны баримт бичиг мөн байсан эсэхийг зохих журмын дагуу шалгаж тогтоогоогүй атлаа дээрх баримт бичгүүдийг үнэн зөв гэж дүгнэж, миний Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргэсэн тогтоолын хавсралтуудыг хуурамчаар үйлдсэн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

            5.5. Миний хүү Д.Б-ийн эмчилгээний зардалд 2,0 сая төгрөг олгох тухай сумын ИТХ-ын хуралдааны шийдвэр өмнө нь хоёр ч удаа гарч байсан. Тухайлбал 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 12, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор Д.Б-эд 2,0 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн боловч тухайн өдрийн хуралдааны асуудлаар маргаан гарч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан учир тухайн үед хэрэгжиж чадаагүй. Тухайн маргааныг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 110/ШШ2022/002 дугаартай шийдвэрээр дээрх 14 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 130/ШШ2021/00443 дугаартай шийдвэрээр Д.Б-эд эмчилгээний зардалд 2,0 сая төгрөг олгохоор шийдвэрлэж байсан.

            5.6. Түүнчлэн энэ асуудлыг Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас шалгаад хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзээд хэрэгжилтийг хангаж ажиллахыг даалгасан 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 64 дугаартай албан шаардлагыг Ногооннуур сумын Засаг даргад хүргүүлж байсан. Би Ногооннуур сумын ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаан дээр энэ асуудлыг танилцуулж төлөөлөгчид дэмжиж тогтоол батлагдсан байсан. Гэтэл сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар тухайн мөнгийг өөр зүйлд зарцуулах хүсэл сонирхолтой байсан учир хуралдаан дууссаны дараа өөрсдөө тогтоолд дур мэдэн өөрчлөлт оруулж, сумын ИТХ-д олонх суудал эзэлдэг давуу байдлаа ашиглаж намайг буруутан болгож байгаад шүүхээс зөв дүгнэлт хийгээгүй, намайг буруутгасан шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна.

            5.7. Намайг анх прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолоор хуурамч баримт бичиг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 27 дугаар тогтоолоор тухайн хуурамч баримт бичгийг ашигласан үндэслэлээр нэмэлт өөрчлөлт оруулсан. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 356 дугаар захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай талаар дурдсан. Гэтэл хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хүлээж авсан прокурор нэмэлт ажиллагаа хийлгэхгүйгээр шууд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийг харьяаллын дагуу АТГ-т шилжүүлсэн. Энэ нь шүүгдэгч миний эрх ашгийг ноцтой зөрчсөн. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх намайг гэм буруутайд тооцохдоо албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж буруутгасан. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтаар би өөртөө болон бусдад ямар давуу байдал бий болгосныг нэг бүрчлэн шалгаж тогтоогоогүй, шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой зааж өгөөгүй.

            5.8. Хэрэв намайг буруутай гэж үзэж байгаа бол миний үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн алинд хамаарах талаар прокурор яллах дүгнэлтэд тодорхой дурдаагүй, шүүхийн шийтгэх тогтоолд ч энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

            5.9. Иймд миний гомдлыг дээрх үндэслэлүүдийн дагуу зохих журмын дагуу хянаж Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/146 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.

            6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:

6.1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Прокуророос анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч бичиг баримт үйлдсэн ашигласан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харин анхан шатны шүүхээс зүйлчлэл тохирохгүй байгаа гэж хэргийг прокурорт буцаасан. Шүүгдэгч Х.Д- Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын ажлын албаны дарга ажилтай. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018, 2019 оны давсан орлогыг шийдсэн мөнгөн хөрөнгийг шийдсэн тогтоолыг яагаад өөрчлөх болсон бэ гэж асуулт асуусан. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх болсон үндсэн шалтгаан нь хүү Б-эд эмчилгээний зардлыг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн төлөөлөгчийн хурлаар хэлэлцээгүй тул тогтоолд өөрчлөлт оруулсан. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн хувьд арга нь байгаа гэж үзэж байна. Шүүгдэгч хүү Б-эд эмчилгээний зардал 2,000,000 төгрөг гаргуулан мөн өөртөө давуу байдал бий болгосон.

6.2. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн төлөөлөгчдийн танхимд биш иргэдийн төлөөлөгчдийн ажлын албанд гэж тогтоолыг өөрчилсөн байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар энэхүү гэмт хэргийг үйлдэхдээ баримт бичгийг хуурамчаар үйлдэх нөхцөл байдал бий болгосон. Хуурамч бичиг баримт үйлдсэн эсэх дээр шинжээч томилоогүй гэж шүүгдэгч тайлбарлаад байна. Анх Х.Д- Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга тогтоолыг хавсралтаар гаргаж өгсөн байна. Дахин тогтоол гаргах үед Х.Д- тогтоол өөрчлөлт оруулсан байсан. Хоёр тогтоол дээр зөрүү үүссэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Д- Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн төлөөлөгчийн тогтоолд өөрчлөлт оруулсан хуурамчаар бичиг баримт үйлдсэн нь тогтоогдсон. Тухайн тогтоолыг шүүгдэгч өөрийн биеэр хүргэж өгсөн. Харин төрийн сангийн ажилтан хоёр тогтоол ирсэн талаар асуухад ямар нэгэн хариулт өгөөгүй байна. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн 2022/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгөх саналтай байна.

 

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Бакены шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  

7.1. Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг илтгэгч шүүгч дэлгэрэнгүй илтгэж танилцуулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.

7.2. Тогтоолын хоёр хавсралтыг хуурамчаар үйлдсэн асуудал байгаа. Тогтоолыг эх хувиар нь хурааж аваагүй үед шинжилгээний албанд дүгнэлт гаргуулахаар өгсөн боловч тогтоолын эх хувь биш учраас шинжилгээ гаргах боломжгүй гэж буцаасан байна. Дараа нь 2021 оны 5 дугаар сард төрийн сангийн мэргэжилтэн Б.Маргуланаас эх хувийг авсан. Гэхдээ албан ёсоор шинжээч томилж дүгнэлт гаргуулаагүй асуудал байгаа. Х.Д- хурлын тэмдэглэлийг эх хувиар нь гаргаж өгсөн мөн тогтоолын хавсралт дээр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг дарга тамга дараад баталгаажуулсан хуудас өгсөн байна. Энэхүү асуудал дээр үнэнийг шалгаж тогтоогоогүй асуудал байгаа.

7.3. Анхан шатны шүүх хуралдаанд Х.Д- 91 хуудас бүхий нотлох баримт гаргаж өгсөн боловч шүүгчийн зүгээс энэхүү нотлох баримтыг урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгөх ёстой гэж үзэж шүүгчийн захирамжаар Х.Д-ы гаргаж өгсөн нотлох баримтыг өөрт  нь буцаасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийн хууль ёсны эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

7.4. Б-ийн эмчилгээний 2,000,000 төгрөг, сонгуулийн зардал, орчуулгын ажиллагаатай холбоотой тусламж, дэмжлэгийн асуудал яригдаж байгаа. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн төлөөлөгчийн хуралдаанаар хоёр удаа хэлэлцэгдэж тогтоол гарсан. Энэхүү хуралдаанаар гарсан маргаан нь захиргааны хэргийн шүүхээр шийдэгдсэн. Хөрөнгө зарцуулахдаа холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Тогтоолтой холбоотой асуудлаар Баян-Өлгий аймгийн Аудитын газарт хандаж аудитын дүгнэлт гарч албан шаардлагыг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргад өгч байсан.

7.5. Шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байгаа тохиолдолд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан уу? хуурамч бичиг баримт үйлдсэн үү гэдгийг ялгаж салгаагүй асуудал байгаа. Иймд шүүгдэгчийн хүсэлтийг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

8. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Д-ы гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул хэвээр нь үлдээж, давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

10. Шүүгдэгч Х.Д- нь нийтийн албан тушаалтнаар буюу Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа хүү Д.Б-эд эмчилгээний 2,000,000 төгрөгийн зардал гаргуулан авах, мөн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 14-ний үед Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлагдан гарсан 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалтыг батлах” тухай 3 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан, хүснэгтийн 2.20-д заасан “Иргэний танхимын тоног төхөөрөмжид зарцуулах 9800000 төгрөг” гэснийг “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд тоног төхөөрөмж авахад 9800000 төгрөг” гэж өөрчилсөн, мөн тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хэлэлцэн баталсан “Давсан орлого зарцуулах” тухай 5 дугаартай тогтоолын хавсралтад заасан орон нутгийн төсвийн давсан орлогыг 11 төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар хуваарилсныг 16 төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар өөрчилж, улмаар уг баримт бичгийг 2020 оны 12 дугаар сарын сүүлчээр тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлэн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан хөрөнгийг 2021 онд захиран зарцуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах замаар хашиж буй албан тушаалын ажлын онцлогтой нь холбогдуулан өөрт нь хуулиар олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлж  өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон нь:

- Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн  31 дугаартай албан бичгээр тус аймгийн прокурорын газарт гаргасан гомдол /1 дүгээр хавтаст хэргийн 6 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн мэргэжилтэн Х.Берикбол, тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Х.Д- нарын албаны компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг /1 дүгээр хавтаст хэргийн 07-37 дарь тал/,  

- Баян-Өлгий сумын Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 28 дахь удаагийн Хоёрдугаар хуралдааны материалд үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг /1 дүгээр хавтаст хэргийн 38-41 дэх тал/,

- 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Эд зүйл, баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл” /1 дүгээр хавтаст хэргийн 62-79 дэх тал/,

- гэрч Х.Е-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 132-133 дахь тал/,

- гэрч М.Т-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг  /1 дүгээр хавтаст хэргийн 137 дахь тал/,

- гэрч У.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэг  /1 дүгээр хавтаст хэргийн 144 дэх тал/,

- гэрч Т.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 146-147 дахь  тал/,

- гэрч Б.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 148-149 дэх тал/,

- гэрч Б.М-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 173 дахь  тал),

- гэрч К.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 175-176 дахь  тал/,

- гэрч К.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг Т.Алдаберген мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 151-152 дахь тал/,

- А.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 154-155 дахь тал/,

- А.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 160-161 дахь тал/,

- К.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 163-164 дэх тал/,

- Ж.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 166-167 дахь тал/, 

- Х.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 170-171 дэх тал/,

- С.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 181-182 дахь тал/,

- А.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 187-188 дахь тал/,

- Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 194-195 дахь тал/,

- Х.К мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 13б/19 дугаартай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 203 дахь тал),

- шинжээч Х.Баймырзагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 208 дахь тал/,

- 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 218 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалтыг батлах тухай” тогтоол, уг тогтоолын хавсралтаар баталсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалт /2 дугаар хавтаст хэргийн 23-26 дахь  тал/,

- Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Давсан орлого зарцуулах тухай” тогтоол, уг тогтоолын хавсралтаар баталсан хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалт /2 дугаар хавтаст хэргийн 23-26 дахь  тал/,

- Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  нарийн бичгийн дарга Х.Д-ы 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаартай албан бичиг, уг албан бичгээр хүргүүлсэн тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаартай  “Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалтыг батлах тухай” тогтоол /хавсралтын хамт/ болон мөн өдрийн 05 дугаартай “Давсан орлого зарцуулах тухай” тогтоол, хавсралтын хамт /2 дугаар хавтаст хэргийн 24-33 дахь  тал/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхийн хэргийн бодит байдлыг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн дээрх нотлох баримтуудад түшиглэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр сэргээн тогтоосон дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд бүрэн нийцсэн байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч Х.Д-ы давж заалдах гомдол хууль зүйн болон бодит үндэслэлд нийцэхгүй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   11. Шүүгдэгч Х.Д-д холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэт авч хэрэгжүүлсэн бөгөөд шийтгэх тогтоолд дурдсан дээрх нотлох баримтуудаар Х.Д- нийтийн албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл тогтоогдсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийжээ.

 

Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

12. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Х.Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ. Иймд шүүгдэгч Х.Д-д шүүхийн шийтгэх тогтоолоор хуульд зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 5.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдалд тус тус тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг хангасан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

 

            13. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар анхан шатны шүүх шүүгдэгч Х.Д-ы үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргээр зүйлчилж, дүгнэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь гэм буруугийн болон хууль ёсны байх зарчимд нийцсэн тул шүүгдэгч Х.Д-ы давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

            Шүүх Х.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журамд нийцсэн, түүнд оногдуулсан торгох ял гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх тул “шүүгдэгч Х.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

14. Х.Д- нь нийтийн албан тушаалтнаар буюу Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа тус хурлаас баталсан эрх зүйн баримт бичгийн хавсралтыг удаа дараа өөрчилж, өөртөө болон бусдад давуу байвал бий болгосон дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан “баримт бичгийг хуурамчаар үйлдэх” гэмт хэргийн шинжийг агуулахгүй, харин тус сумын Хурлын нарийн бичгийн даргын чиг үүргийг хэрэгжүүлж буй нийтийн албан тушаалтны хувьд, тухайн албан тушаалын онцлог, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хариуцах, гүйцэтгэх буюу тухайн эрх зүйн баримт бичгийг албажуулах үед өөрт олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан тогтоолын хавсралтыг дур мэдэн өөрчилсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул хэргийн зүйлчлэлийн талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдол, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан санал хууль зүйн үндэслэлгүй байна. Нөгөө талаар шүүгдэгч Х.Д-ы тухайн гэмт хэргийг үйлдсэн үйлдлийн шинж, санаа, зорилго нь нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг бус харин өөртөө хүү болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгох зорилготой болох нь хэрэгт цугларсан нолох баримтуудаар бүрэн тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

            1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Д-ы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

ШҮҮГЧ                                                           М.НЯМБАЯР

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК