Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 29

 

                                                                                                                                                                                      

                              

 

 

 

 

 

                          

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч Ц.Гансүлд,

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сйн Б-д холбогдох 1708020770224 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:                                                                      

Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, “...” ХХК-д  программист ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо ...тоотод оршин суух, Боржигон овогт Сйн Б  /РД:.../.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

     Нэг:Яллах талын нотлох баримтууд.

            1.1.Хохирогч Г.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нөхөр С.Бтой хадам ээж Намжиг утсаар “оюутан хүүхдээр хүүхэд харуулах гэлээ” гээд хэлж байгаа нь сонсогдсон. Тэгэхээр нь уурлаад танай дүү манай гэрт бараг ирдэггүй, олон ирээд хүүхэд харсан биш гээд бид 2 хоорондоо маргалдсан. Тэгээд нөхөр уурандаа баруун гараараа миний уруул руу 1 удаа цохисон. Тэгээд цаашаа гал тогооны өрөө рүү орж ганжин мод бариад цохих гэхээр нь би үсээ индүүдэж байсан үсний индүүгээр баруун гарынх нь шуу хэсэгт хавчаад түлэхэд ганжингаа тавиад цааш явахаар нь би гараад явсан. ...тэгээд найз Хтэй уулзаж пабд пиво ууж сууж байгаад орой гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд нөхөр Б намайг орон дээр хэвтүүлсэн, дээрээс аяга бариад миний бие рүү цохиод, давсаг руу хөлөөрөө 2 удаа дэвсэж өшиглөсөн. Нэг мэдэхэд би бие засах өрөөнд бие засаж байхад миний цээж зүрхний харалдаа баруун гараа атгаж байгаад олон удаа цохиод байхаар нь би нэг газраа олон цохилоо өвдөөд байна гэхэд би чамайг алах гэж нэг газраа цохиж байна гэж хэлэхээр нь би босоод гэрээсээ гараад орцныхоо айлуудын хаалгыг цохиход манай нөхөр намайг 2-3 удаа угзарч татаад эргээд гэррүүгээ орсон. ...Манай гэр бүлийн маргааны талаар мэдэх хүн байхгүй. Би өөр хүнд хэлж байгаагүй. Манай ээж Г манайд гэр бүлийн маргаан байдаг талаар гадарладаг байх, би гэр бүлийн маргааны талаар нөхрийнхөө гэр бүлд байнга хэлдэг байсан ч тэд нар манай хүү тийм хүн биш гээд өмөөрч миний үгийг сонссдоггүй. Манай нөхрийн гэрийнхэн надад жаахан дургүй, муухай харьцдаг учраас би хадмууд дээрээ очдоггүй, гэхдээ хадмуудтайгаа муухай харьцаж байсан асуудал байхгүй. ...би гомдолгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10, 11 х/,

 

            1.2.Шүүгдэгч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр эхнэр хүүхэдтэйгээ явж байгаад нэг эмэгтэй жолоочтой автомашинтай мөргөлдсөн. Гэтэл эхнэр маань тэр жолоочтой намайг хардаад бид 2 маргалдсан. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр миний машиныг мөргөсөн эмэгтэй жолооч “Миг” даатгал дээр уулзъя гэсэн мессеж бичсэн байхаар нь эхнэртэй хэлэлгүй гадуур ажил хөөцөлдөж яваад 16 цагийн үед тэр эмэгтэйтэй уулзаад бичиг баримтаа бүрдүүлж өгөөд гэртээ харьсан. Тэгтэл эхнэр маань утаснаас ирсэн мессежийг үзээд хардаад миний утсыг хана руу шидэж дэвслээд байсан. Тэгээд эхнэр маань үсний индүүгээр миний баруун гарны шуу хэсэгт хүргэхээр нь би гараа татаж аваад шанаа хэсэгт нь гараараа 1 удаа цохисон. Тэгээд эхнэр 20 цагийн үед найзтайгаа уулзана гээд гараад явсан. ...Би 2 хүүхдийн хамт унтаж байхад эхнэр согтуу орцны шалан дээр суучихсан 1 цаг гаран хаалга нүдлээ, яагаад онгойлгохгүй байгаа юм гэхээр нь согтуу байна гэж бодоод орон дээр буруу хараад хэвтэж байхад хажууд цай ууж байгаад миний дээрээс асгахаар нь уур хүрээд босч ирээд гараараа цээжинд нь 2-3 удаа цохисон, тэгтэл гадагшаа нүцгэн гараад гүйсэн. ...миний хувьд урьд өмнө нь эхнэр хүүхдээ цохиж зодож ямар нэгэн байдлаар дарамталж байсан асуудал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

            1.3.Гэрч Ц.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр цагийг нь сайн санахгүй байна, миний охин Со утсаар яриад Б миний цээж рүү цохиод амьсгаа авч болохгүй байна гэхээр нь гэрт нь яваад очиход нөхөр нь байхгүй 2 хүүхэдтэйгээ байж байсан. Тэгээд охиныхоо биеийг үзэхэд цээж хэсэг нь улайсан, хавдсан байсан. Маргааш нь дахин үзэхэд хөл гар нь хэсэг хэсэг газраа хөхөрсөн байсан. Энэ 2-ын маргалдаад байдаг шалтгаан нь Б би чамайг тэжээж байна гэх байдлаар харьцаад хэрүүл маргаан болоод байдаг бололтой байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 х/

 

            1.4.Гэрч М.Хаш-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сын хамт ажлын талаар юм яриад хүний 3 шил пиво уугаад 2017 оны 10 дугаар сарын 14-ний шөнө 01 цагт салсан. Тэгээд маргааш өдөр нь утсаар яриад урд шөнө нөхөртөө зодуулсан, би гэртээ байна гэж ярьж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 х/,

 

            1.5.Шинжээчийн 13146 тоот дүгнэлт

     1.Г.Сын биед баруун бугалга, цээж, баруун өгзөгний цус хуралт, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл  тогтоогдлоо.

     2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

     3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

     4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэсэн дүгнэлт /хх-ийн 19 х/

     1.6.Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 50 х/,

 

     Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.

            2.1.Гэрч Р.Намжигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Б минйи 4 дэх хүү байгаа юм. Миний хувьд хүүгээ эхнэрээ зодсон талаар сайн мэдэхгүй байна. Би Сэлэнгэ аймгийн Зүүн хараа суманд амьдардаг. Миний хүү Б 2009 он шиг санаж байна, энэ Со гэх хүүхэнтэй танилцаад гэр бүл болж дундаасаа 2 хүүхэд төрүүлж хамтдаа амьдарч байгаа. Миний хүүхдүүд хоорондоо хэрэлдэж маргалдаад асуудал үүсгээд байдаггүй байсан бөгөөд 2017 оны 9 дүгээр сараас эхлээд манай бэр Со шөнө орой хамаагүй над руу утсаар та хүүгээ ав, танай хүүгээс салмаар байна гэж ярих болсон. Миний хувьд юунаас болоод байгааг нь мэдэхгүй учраас та нар хоорондоо учраа олоод аятайхан байгаач гэж хэлдэг байсан. Тэгээд сүүлийн үед бэр маань утсаар байнга яриад хэл амаар доромжлоод байх болсон. Одоо би энэ хүүхэдтэй  уулзаж учир шалтгааныг нь олох санаатай байна. Энэ 2-ын хувьд хоорондоо булаацалдаад байх эд хөрөнгө байхгүй. Хоёр сайхан хүүхэдтэй амьдрах гэж яваа л хүмүүс. Миний хүү хааяа гэрээсээ хөөгдөөд гэртээ хүрч ирээд хэд хонож байтал нь эхнэр нь дуудаад яваад өгдөг. Миний хувьд эд нартай байнга уулзаад байх боломжгүй. Хөдөө байдаг. Хамгийн сүүлд 8 дугаар сард 1 удаа гэрт нь очсон, тэгэхэд амьдрал нь сайхан л байсан. ...миний хүү их дуу цөөтэй, дөлгөөн, архи дарс уухгүй, тамхи татахгүй, харин нэг уурлахаараа огцом ууртай өөр ямар нэгэн гаж муу зуршил байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17 х/

     2.1.С.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 х/

     2.2.С.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 х/

        Гурав:Хохирлын талаарх баримт.

     3.1.Хохирогч Г.Со-н “... миний хувьд эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй, надад нэхэмжлэх, хохирол төлбөр байхгүй, гомдолгүй” гэх  хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл/ хх-ийн 69 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий,  хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

     Шүүгдэгч С.Бийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтаар тооцож үнэлсэн.

 

     Гэм буруугийн талаар.

            С.Б нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний шөнийн 01-02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Сотой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд баруун бугалга, цээж, баруун өгзөгний цус хуралт, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь:

 

            Хохирогч Г.Сын “... найз Хтэй уулзаж “паб”-д пиво ууж сууж байгаад орой гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд нөхөр Б намайг орон дээр хэвтүүлсэн, дээрээс аяга бариад миний бие рүү цохиод, давсаг руу хөлөөрөө 2 удаа дэвсэж өшиглөсөн. Нэг мэдэхэд би бие засах өрөөнд бие засаж байхад миний цээж зүрхний харалдаа баруун гараа атгаж байгаад олон удаа цохиод байхаар нь би нэг газраа олон цохилоо өвдөөд байна гэхэд би чамайг алах гэж нэг газраа цохиж байна гэж хэлэхээр нь би босоод гэрээсээ гараад орцныхоо айлуудын хаалгыг цохиход манай нөхөр намайг 2-3 удаа угзарч татаад эргээд гэр рүүгээ орсон. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10, 11 х/

 

Шүүгдэгч С.Бийн “...Би 2 хүүхдийн хамт унтаж байхад эхнэр согтуу орцны шалан дээр суучихсан 1 цаг гаран хаалга нүдлээ, яагаад онгойлгохгүй байгаа юм гэхээр нь согтуу байна гэж бодоод орон дээр буруу хараад хэвтэж байхад хажууд цай ууж байгаад миний дээрээс асгахаар нь уур хүрээд босч ирээд гараараа цээжинд нь 2-3 удаа цохисон, тэгтэл гадагшаа нүцгэн гараад гүйсэн. ...миний хувьд урьд өмнө нь эхнэр хүүхдээ цохиж зодож ямар нэгэн байдлаар дарамталж байсан асуудал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

Гэрч Ц.Ггийн “…2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр цагийг нь сайн санахгүй байна, миний охин Со утсаар яриад Б миний цээж рүү цохиод амьсгаа авч болохгүй байна гэхээр нь гэрт нь яваад очиход нөхөр нь байхгүй 2 хүүхэдтэйгээ байж байсан. Тэгээд охиныхоо биеийг үзэхэд цээж хэсэг нь улайсан, хавдсан байсан. Маргааш нь дахин үзэхэд хөл гар нь хэсэг хэсэг газраа хөхөрсөн байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 х/,

 

Гэрч М.Хаш-Эрдэнийн “…2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сын хамт “паб”-д ажлын талаар юм яриад хүний 3 шил пиво уугаад 2017 оны 10 дугаар сарын 14-ний шөнө 01 цагт салсан. Тэгээд маргааш өдөр нь утсаар яриад урд шөнө нөхөртөө зодуулсан, би гэртээ байна гэж ярьж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 х/,

 

    Шинжээчийн 13146 тоот дүгнэлт

     1.Г.Сын биед баруун бугалга, цээж, баруун өгзөгний цус хуралт, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл  тогтоогдлоо.

     2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

     3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

     4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэсэн дүгнэлт /хх-ийн 19 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.

 

     Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д эхнэр, нөхөр, ... гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус хуульчлан зааж өгсөн.

     Шүүгдэгч С.Б, хохирогч Г.Со  нар эхнэр,  нөхөр болох нь тэдгээрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 50 х/-аар нотлогдож байгаа тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах субьект болох С.Быг эхнэр Г.Со-н эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

     Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзсэн.

 

            Хохирлын талаар.

            Хохирогч Г.Сийн “... миний хувьд эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй, надад нэхэмжлэх, хохирол төлбөр байхгүй, гомдолгүй” гэх  хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл/ хх-ийн 69 х/-ээр эмчилгээний зардалд мөнгө нэхэмжлэхгүй болох нь тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

            Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.

            С.Бийн үйлдэлд түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.

            Ял шийтгэлийн талаар.

            С.Бийн гэм буруутайд тооцогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа.

            С.Бийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хувийн байгууллагад ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзээд шүүхээс 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд үүрэг болгож шийдвэрлэсэн болно.

            Бусад асуудлын талаар.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж, С.Бд тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

     1.Боржигон овогт Сйн Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Б-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг С.Б-д үүрэг  болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Б-д танилцуулсугай.

 

5.С.Бын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

     6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

     7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ