Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/41

 

Б.*******од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

            Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ /цахимаар/,

            Яллагдагчийн өмгөөлөгч Б.Батбаяр /цахимаар/,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн /цахимаар/,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.******* /цахимаар/,

            Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Даваанаран даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2022/ШЗ/196 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******, түүний өмгөөлөгч П.Намнансүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн яллагдагч Б.*******од холбогдох 1829002740202 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэн мэргэжилтэй, "*******” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, тоот хаягт оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.М

Яллагдагч “*******” ХХК-ийн захирал Б.******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4, 28.1.8, 28.3, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтууд болон Авто тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрмийн 2.6 дахь заалтыг биелүүлээгүйн улмаас 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 02 цаг 30 минутын орчим дугаартай фотон маркийн тээврийн хэрэгслийн кабин халаагч төхөөрөмжөөс гал гарч иргэн Д.*******ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Т.Мөнхжаргал нь Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Б.*******од холбогдох эрүүгийн 1829002740202 дугаартай хэргийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол Б.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг, прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн нараас хамтран гаргасан давж заалдах гомдолдоо:

Шүүхийн шүүгч нь “Цогцост шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон мөрдөгчийн тогтоол, шинжээчид эрх үүрэг болон хууль сануулж тайлбарласан баримт хэрэгт авагдаагүй байгаа нь тухайн шинжээчийн дүгнэлтийг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Мөн шинжээч томилсон тогтоолтой яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг танилцуулаагүй байгаа нь яллагдагчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-т яллагдагч шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт танилцах эрхтэй гэсэн, хохирогчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.13-т шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтийн өөрт хамааралтай хэсэгтэй танилцах гэсэн эрхийг тус тус зөрчиж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэжээ.

Мөрдөгчөөс шинжээч томилсон тухайн цаг үед уг хэрэгт хэн нэгэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан зүйл байхгүй, яллагдагчаар татсан этгээд байхгүй байсан. Яллагдагч нь үүний дараа шинжээчийн дүгнэлттэй танилцаад гарын үсэг зурсан байдаг ба өнөөдрийг хүртэл уг дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй буюу дүгнэлтийг зөвшөөрч ирсэн.

Түүнчлэн шүүх нь өөрийн дурдаад байгаа асуудлын агуулга нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 болон 6.14 дэх заалтад заасан асуудал гэж үзэж байгаа бол мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хохирогч талыг чирэгдүүлж байгаад гомдолтой байна.

Шүүхийн шүүгч нь “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Ж.*******, Д.******* нар нь амь хохирогч Д.*******той ямар хамааралтай болохыг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна гэжээ.

Гэтэл холбогдох баримтууд хэрэгт авагдсан буюу амь хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.******* нарын хүүхдүүдийн төрсний гэрчилгээ хэрэгт авагдсан байгаа бөгөөд амь хохирогчийн мэдээлэл бүгд бичигдсэн байхад уг тайлбарыг хийсэн нь үндэслэлгүй.

Түүнчлэн уг баримтын талаар шүүх өөрөө тухайн баримтыг хохирогч талаас шүүхэд гаргаж өгөх боломжтой талаараа дурдсан байх бөгөөд шүүхийн шатанд баримтыг гаргаж өгөх, хэрэгт хавсаргуулах бүрэн боломжтой буюу хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн шатанд хийгдэх боломжтой байхад шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй агуулгаар үндэслэл болгосон байгаа нь өөрөө үндэслэлгүй.

Шүүхийн шүүгч нь “Прокурорын тогтоолоос кабин халаагчийн талаар техникийн дүгнэлт гаргуулах гэсэн заалт биелэгдээгүй гэж тайлбарласан ч прокурор болон талуудын тайлбар, мэтгэлцээнээс уг ажиллагаа нь хэрэгт ач холбогдолтой эсэхийг гэм буруугийн хурлаар хэлэлцэж, талуудын мэтгэлцээний хүрээнд шийдвэрлэхээр өөрөө шийдвэрлэсэн тул энэ нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй. Учир нь энэ талаар шинжээчийн дүгнэлт гарч, яллагдагч талаас үүнтэй холбоотой баримтуудыг өөрсдөө гаргаж өгсөн, мөрдөгч болон прокуророос стандарт хэмжил зүйн газраас тодруулах ажиллагаанууд тал бүрээр хийгдсэн, эдгээр ажиллагааны хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байгаа болно.

Шүүхийн шүүгч нь “БНХАУ-ын иргэн *******гээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хийгдээгүй, кабин халаагчийн үйлдвэрлэгчээс стандартад нийцсэн аюулгүйн баталгааны гэрчилгээг гаргуулах гэсэн заалт огт биелэгдээгүй байна” гэжээ.

Гэтэл шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа мөрдөн байцаалтын шатанд хийгдэх боломжгүй болсон нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар нэгэнт тодорхой болсон буюу БНХАУ-ын иргэн ******* гэх хүн Монгол Улсын иргэн биш бөгөөд Монгол Улсад оршин суудаггүй, Хил Хамгаалах Ерөнхий Газрын лавлагаагаар Монгол Улсад орж ирэхгүй байгаа нь тодорхой болсон, мөрдөн байцаалтын ажиллагаагаар нөхөн хийгдэх боломжгүй болсон нь тодорхой болсон байхад энэ талаар ажиллагаа хийгээгүй мэтээр тайлбар хийж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь өөрөө үндэслэлгүй болсон. Түүнчлэн ******* гэх хүнийг яллагдагч тал нь манай ажилтан биш гэж тайлбарлан илэрхийлж ирсэн байдаг ба харин мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаагаар ******* гэх хүнийг яллагдагч тал ажлын визээр материал бүрдүүлж, өөрөө холбогдох газарт хүсэлт гарган ажлын байраар хангаж байсан баримтууд хэрэгт шинээр цугларсан байдаг. Энэ хүнийг гэрчээр дуудаж ямар үйл баримтыг тодруулах гээд байгаа, тэр нь хэргийг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой байгаа нь анхнаасаа тодорхойгүй байхад уг шалтгаанаар хэргийг гацааж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сунжруулж, хэргийг хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэхгүй хохирогчийг улам бүр хохироож байгаа явдалд тус шүүх өөрөө буруутай. Үүнийг удаа дараа тайлбарлаж байхад прокурорт дахин дахин буцааж байгаа нь шүүх хэргийг шийдвэрлэх хүсэл сонирхолгүй байна гэж ойлгогдох нөхцөл байдлыг удаа дараагийн шийдвэрээрээ гаргаж чирэгдүүлж байгаад үнэхээр гомдолтой байна.

Кабин халаагч нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, энэ талаар буюу кабин халаагчийн заавар, холбогдох тайлбарыг яллагдагч тал өөрөө орчуулгын хамт гарган өгч хэрэгт хавсаргуулсан, холбогдох шинжээчийн дүгнэлт гарсан, уг кабин халаагчийн талаар Монгол Улсад дагаж мөрдөх стандарт байдаг эсэх талаар лавлагаа, тодруулга хийх ажиллагааг хийж гүйцэтгэсэн, холбогдох газраас кабин халаагчийг худалдан борлуулах, хэрэглэх, байршуулах зэрэг үйл ажиллагааг Монгол Улсад явуулахад тусгай зөвшөөрөл шаарддаг эсэх талаарх тодруулах ажиллагааг шинээр нэмж хийсэн мөрдөн шалгах ажиллагаагаар гүйцэтгэсэн байхад уг ажиллагааг хийлгэхээр прокурорт дахин буцааж байгаа нь үндэслэлгүй.

Мөн үйлдвэрлэгчээс стандартад нийцсэн аюулгүйн баталгааны гэрчилгээг гаргуулах нь хэргийг шийдвэрлэхэд буюу яллагдагчийн гэм бурууг шийдвэрлэхэд ач холбогдол байгаа эсэх талаарх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Өөрөөр хэлбэл хэрэгт ач холбогдолгүй ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг прокурорт удаа дараа буцааж байгаад маш их гомдолтой байна.

 Яллагдагч нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр өөрийн компанийн үйл ажиллагааг өөрөө хариуцаж явуулахдаа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажилтны ажлын байрны эрсдэлийн үнэлгээг хийгээгүй, хөдөлмөр аюулгүй байдлын ажилтантай атлаа аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөөгүй, эрсдэлтэй орчинд ажиллуулсан, өөрөө уг кабин халаагчийн аюулгүй ажиллагааг шалгах үүргээ биелүүлээгүйгээс ажилтны алтан амь нас үрэгдсэн.

 Хэргийн энэ нөхцөл байдал, яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд үйлдвэрлэгчийн стандартад нийцсэн аюулгүйн баталгааны гэрчилгээ ач холбогдолгүй. Уг гэрчилгээ хэрэгт авагдсан, авагдаагүй нь өөрөө яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолгүй бөгөөд яллагдагч тал өөрөө ажлын байранд байрлуулсан байгаа аливаа тоног төхөөрөмжийн талаар эрсдэлийн үнэлгээгээ хийх, аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажилтанд өгөх үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй буруутай асуудлыг тус гэрчилгээ шийдвэрлэхгүй юм.

Шүүгч нь захирамжид гомдол гаргаагүй хүчин төгөлдөр байна гэж тайлбарлаж байх боловч уг захирамжийн хүрээнд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаа хийгдээд үйлдвэрлэгч нь БНХАУ-ын компани байгаа шалтгаанаар хэрэгт түүнийг хавсаргах боломжгүй байгаа нь илэрхий байхад үүнийг зааж дахин дахин прокурорт буцааж хохирогчийг чирэгдүүлэх, хэргийг сунжруулах үр дагаврыг үүсгэж байгаад маш их гомдолтой байна.

Хохирогч тал нь өмнөх захирамжаар үнэхээр хийгдэх боломжтой ажиллагаа байгаа бол хийгдэг гэж бодож тухайн үед гомдол гаргаагүй асуудлыг шүүгч зааж гомдол гаргаагүй байж одоо олон тайлбар хийх эрхгүй гэсэн явцуу байдлаар хэрэгт хандаж нэг шалтгаанаар удаа дараа хэргийг буцааж байгаад үнэхээр гомдолтой байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2022/ШЗ/196 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Өмгөөлөгчийнхөө ярьсан болгоныг дэмжиж байна. Нэмж хэлэхэд зүгээр иргэний хувьд харахад шүүгчийн гаргасан шийдвэр нэгдүгээрт хууль зүйн үндэслэлгүйгээр энэ хүнийг задлан шинжилгээнд оруулсан байна гэсэн байгаа... Хоёрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ямар нэгэн баримт байхгүй байна. ... Энэ дөрвөн жилийн хугацаанд нэг ч удаа хохирогчийн талаар ямарваа нэгэн гомдол гарсан зүйл огт байхгүй. ... Монгол улсын олон улсын тээвэр хийхэд нүүрс тээвэр хийж байгаа энэ машинд кабин халаагч төхөөрөмжөөр болон сэрүүцүүлэгч төхөөрөмжийг заавал байршуулах ёстой гэж заачихсан. Энэ төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах талаар аюулгүй ажиллагааны заавар өгөх ёстой байсан боловч огт өгөөгүй. Өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй. ... Би гэр бүлээрээ буюу хүнээ алдаж хохирсон, дээрээс нь хүүхдүүд маань сэтгэл зүйн асуудалтай, ирээдүйд ямар иргэн гарахыг ч мэдэхгүй байна. Би хүүхдүүдийнхээ боловсролын талаар хичээн анхаараад явж байгаа ч гэсэн одоо аймаар шантардаг дээрээ ирж байна. ... Бүх шатны хуулийн байгууллагуудаар, мэргэжлийн хяналтын газраар, шат шатны байгууллагууд, Онцгой байдлын газар, авто тээврийн газраас хүртэл дүгнэлтүүд гаргаж өгсөн баримтууд авагдсан. Мөн хилээр орж гарч байгаа хилийн хяналтын байгууллагууд, Гадаадын иргэн харьяатын ерөнхий газар гээд бүх л байгууллагууд баримт, дүгнэлт өгсөн. Ингээд энэ хэрэгт авагдсан нотлох баримтууд үнэхээр хангалттай байна. Тиймээс эрхэм шүүгч нар энэ хэргийг шүүхээр шууд хэлэлцүүлэх шатанд нь буцааж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ... Ингээд ажиллагаанууд хийгдээд ирсэн байхад дахин дурдаж үндэслэлгүйгээр хэргийг прокурорт буцаах захирамж гаргаж байна. Үндсэндээ хэргийг шийдвэрлэхгүй хохирогчийг чирэгдүүлж байна гэж үзэж үнэхээр их гомдолтой байна. Гомдлын агуулга дээр нэг зүйлийг би маш тодотгож хэлмээр байна. ...Учир нь шүүгчийн дурдаад байгаа шинжээч томилж байгаа мөрдөгчийн тогтоол нэгдүгээр хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан. ...гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарсан даруйд мөрдөгчийн гомдлын дагуу шинжээч томилоод 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шинжээч томилсон тогтоол гаргаад энэ тогтоол хэрэгт авагдсан байхад шүүгч энэ тогтоолыг нягталдаггүй. ... эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хугацаа 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгаа. ... Хохирогчоос шинжээчийн тогтоолыг танилцуулсангүй, эрхийг зөрчлөө гэдэг ямар нэгэн гомдол санал байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар бүгд журмаараа авагдаж, нотлох баримтаа гаргаж танилцаад гарын үсэг зурсан нь тогтоогдож байгаа дээр маргаан байхгүй. Дараагийн асуудал нь энэ захирамжтайгаа холбоотойгоор прокурорт хэргийг буцаах болсон үндэслэл, шалтгаан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шинээр нэмэлт өөрчлөлт орсноос хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн урьдчилан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэх асуудлууд дотроосоо хоёр зүйлийг буюу 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14-т заасан тусгайлан эрх зөрчигдсөн, мөн нотлох баримтыг бэхжүүлэх, цуглуулахтай холбоотой журам зөрчигдсөн, ...Хэрэв нотлох баримтыг бэхжүүлэх, цуглуулахтай холбоотой асуудал байх юм бол үүнийг залруулахаар заавал хэргийг бүхэлд нь мөрдөн байцаалтад буцаах биш, энэ зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх хуулийн зохицуулалт байхад хэргийг прокурорт бүхэлд нь буцааж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь нэг бүрчлэн хянаж үндэслэл бүхий дүгнэлт хийж өгнө үү гэж хүсэж байна. Хоёр дахь гомдлын агуулга хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Ж.*******, ******* нар нь хохирогч *******той ямар хамааралтай болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна гэсэн хуулийн утгаар шүүгч захирамждаа дүгнэлт хийсэн. Нэгдүгээрт Ж.*******ын хүүхдүүдийн төрсний гэрчилгээ хэрэгт авагдсан. Мөн мөрдөгч холбогдох баримтуудыг үндэслээд хууль ёсны төлөөлөгч мөн гэж үзээд хууль ёсны  төлөөлөгчөөр тогтоодог. Уг гэрчилгээнүүд дээр эцэг эх, талийгаач болоод хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.******* нарын ургийн овог, эцгийн нэр гээд бүгд бичигдсэн нотлох баримт хэрэгт авагдсан. ...Тухайн тохиолдолд хэргийг прокурорт буцааж, хохирогчийг чирэгдүүлэх биш, шүүхийн шатанд уг шүүгчийн дурдаад байгаа баримтуудыг хэрэгт авах ийм боломжтой. Ийм ажиллагаатай холбоотой баримт байхад  заавал хэргийг сунжруулж, прокурорт буцаах замаар захирамж гаргасан нь үндэслэлгүй. Гуравдугаарт прокурорын тогтоолоор кабин халаагчийн талаар техникийн дүгнэлт гаргуулах гэсэн зүйлийг захирамж дээрээ дурддаг. Гэхдээ шүүгч захирамж гаргахдаа хэргийг хэлэлцэж шийдвэрлэх буюу хэлэлцүүлэх замаар шийдвэрлэх боломжтой. Заавал энэ шалтгаанаар прокурорт хэргийг буцаах шаардлагагүй гэдгээ өөрөө дүгнэсэн байдаг. Нэгэнт өөрөө ийнхүү дүгнэсэн бөгөөд шүүгчийн захирамждаа дурдаж байгаа энэ хэсэг үндэслэлтэй гэж үзэж байна. Дараа нь гомдлын 4 дэх агуудга дээр ******* гэж гэрчээс мэдүүлэг авах ажиллагаа хийгдээгүй. Гэрч *******гээс мэдүүлэг авхуулъя гээд хэргийг прокурорт буцаасан. *******гээс мэдүүлэг авахтай холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаа бүгд хийгдсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар Гадаадын иргэн харьяатын ерөнхий газрын лавлагаагаар ******* нь Монгол улсад байхгүй, Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн. Уг шалтгаануудаар *******гээс гэрчийн мэдүүлэг авах, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэх боломжгүй нөхцөл байдал зэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн мухарлаж тодруулсан. ... Мөн *******гээс ямар мэдүүлэг авах гээд байгаа гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй. *******гээс ямар мэдүүлэг авснаараа энэ хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ямар ач холбогдол байгаа юм гэдгийг хүсэлт гаргаж байгаа тал нь тодорхой болгоогүй, шүүх үүнийг тодорхой болгож хөндөж дүгнэлт хийдэггүй. Кабин халаалагч үйлдвэрлэгчээс стандартад нийцсэн аюулгүйн баталгааны гэрчилгээ гаргуулах. Энэ дээр дахин ажиллагаа хийгдээд, Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн кабин халаалагч байсан учраас мөрдөн байцаалтын шатанд кабин халаагчийн танилцуулгыг маш дэлгэрэнгүй байдлаар хятад хэл дээр болон түүний орчуулгыг гаргаж өгсөн. Дээрээс нь Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн кабин халаагчтай холбоотой зөвшөөрөл шаардлагатай эсэх гэдэг ажиллагааг бас хийсэн. Мэргэжлийн хяналтын газраас албан бичиг ирсэн. Энэ кабин халаагчийг тавихад ямар нэгэн зөвшөөрөл авахыг шаарддаггүй. Мөн Стандарт хэмжил зүйн газраас мөн мухарлагдаад албан бичиг ирсэн. Тухайн албан бичиг дээр манайд энэ кабин халаалагчийн дагаж мөрдөх стандарт байдаггүй. Хэргийг холбогдох төрийн захиргааны байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд бүгд тодорхой ажиллагаануудаар мухарлагдаад эцэслэгдчихсэн. Яллагдагч өөрөө энэ кабин халаагчийнхаа тайлбар, орчуулгын тайлбарыг тайлбарлаад мэтгэлцээд шүүх хуралдаанд оролцох боломжтой. Ийм байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийгээд удаа дараа хэрэгт ач холбогдолгүй, шаардлагагүй баримтуудыг гаргуулах гээд хэргийг хоёр удаа буцааж байна. ... Тийм учраас хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэг бүр эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байгаа тул бидний гомдлыг хангаж шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Бид нар хэргийг шийдвэрлүүлмээр байна гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Батбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Бид нар анхан шатны шүүхээр ч юм уу гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэх шүүх хуралдааныг өнөөдөр явуулаагүй. Тэгэхээр хүсэлт гомдол гаргахдаа хэргийн үйл баримт, нотлох баримт гаргуулахтай холбоотой асуудал биш, үндсэн маргааныхаа гэм буруугүй асуудал руу орж байж тайлбар гомдол хэлж байгаатай холбоотойгоор би эсрэг байр суурьтай саналтай байна. Учир нь мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хэрэгжүүлсэн үү, гүйцэтгэсэн үү, оролцогчийн эрх ашиг, хууль ёсны сонирхлыг хамгаалсан, тэрийг хангасан уу, үгүй юу гэдэг асуудлыг бид нар өнөөдөр хэлэлцэж байгаа гэж ойлгож байна. Хэргийн бүх нотлох баримтуудыг ийм, тийм гээд шүүхэд урдаас хөдөлбөргүй үнэн тогтоогдсон тайлбар хэлж болохгүй гээд хуульд заачихсан. ... Шүүх хуралдааныг удаашруулах, процессыг удаашруулах ямар ч шаардлага байхгүй. Тийм хүсэл сонирхол ч бидний хувьд байхгүй. Хуульд заасан эрхийнхээ дагуу хүсэлт, гомдлоо гаргаж байна. Тэрийг шүүх шийднэ гэдэг ийм л маягаар явж байна. 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5 дугаартай анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг прокурор буцаахдаа гурван гол үндэслэл зааж өгсөн. Энэ гурван ажиллагаа нь Хятад улсын иргэн *******гээс мэдүүлэг авах, кабин халаагчийн үйлдвэрлэгчийн стандарт, нэгдсэн аюулгүй ажиллагааны гэрчилгээ гаргуулах, кабин халаагч төхөөрөмжийг Монгол улсад хэрэглэх зөвшөөрөл авсны үндсэн дээр суурилуулсан эсэхийг тогтоох зэргээр захирамжид тусгаж прокурорт хэргийг буцаасан гэх гурван зүйл байгаа. Үүнээс хоёр ажиллагаа огт хийгдээгүй. Хийх талаар оролдлого хэргийн материалтай танилцахад хийгээгүй харагдаж байгаа. Тэгэхээр Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 3-т заасан шүүхийн шийдвэрийг эрх бүхий албан тушаалтнууд заавал биелүүлэх үүрэгтэй. Тэрнээс биш энэ ер нь шаардлагагүй юм шиг байна гэдэг юм уу, тийм байдлаар буцаагаад хэргийг ажиллагаа хийхгүйгээр оруулж ирж байгаа нь хууль зөрчиж байгаатай яг адилхан ойлголт болно. Энэ ажиллагаануудыг хийх гээд байгаа гол үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийн талаар нотолбол зохих байдал орж ирж байна. Энэ ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэдгийг шүүхийн тогтоол дээр заачихсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-т заасан нотолбол зохих байдалд хамааралтай гэдэг нь харагдаж байна. Энэ ажиллагаануудыг яагаад хийхгүй байгаа вэ гэдэг шалтгаан нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдахгүй байна. Тэгэхээр энэ шүүгчийн хүчин төгөлдөр захирамжийг биелүүлээч гэдэг маш товчхон хүсэлт тавьсан. Урьдчилаад нэгнийгээ буруутай, буруугүй гэж үзэх боломжгүй. Ийм учраас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх өөрөө санаачилгаараа урьдчилсан хэлэлцүүлэг явуулахдаа үндэс болгосон хоёр гурван асуудлуудыг, жишээлбэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирогчтой хамааралтай гэсэн бичиг баримтаа гаргаж ирүүлээгүй байна гэдэг бас ярих ёстой асуудал. Тэр нь өөрөө нотлогдсон байж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой болно гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж дээр өмнө гарсан хоёр захирамжийн заалтыг хоёуланг нь нэг нэгээр нь дурдаж байгаад удаа дараа биелүүлээгүй байна гэдгийг онцгойлон дурдаж өгсөн байгаа гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Шүүхэд тогтоох хөдөлбөргүй үнэн гэх баримт байхгүй. ... Тэгэхээр хэргийн бодит байдлыг тогтоохын тулд юу шаардлагатай байна вэ гэхлээр гал юунаас болж гарсан бэ гэдгийг бид нар тогтоох шаардлагатай болсон. Энэ талаар гарсан шинжээчийн дүгнэлтүүд нь яг тодорхой гарсан хариулт байдаггүй. Яг юунаас гарсан бэ гэдгийг иймэрхүү боломжтой, иймэрхүү хувилбартай гэхээс биш энэнээс болоод гал гарсан шүү гэсэн зүйл хэрэг дотор байхгүй. Мөн ******* гэж хүнээс мэдүүлэг авахын ач холбогдол юунд байна вэ гэхээр хэрэгт дотор маш тодорхой авагдсан байгаа. Энэ ажил олгогч нь “*******” компани мөн юм уу, биш юм уу? Тэр 9-өөс 10 сарын хугацаанд хэдэн тээврийн хэрэгслээр жолоодсон бэ? Дандаа өөр өөр компани буюу 6 компанийн машиныг жолоодож орж гарсан байгаа. Тэгээд нөгөөдүүл нь иргэний шүүх дээр нэхэмжлэл гаргаад явахаар өөр компани нь нийгмийн даатгалыг төлнө гээд гэрээнд зөвшөөрсөн тайлбар байдаг. Тэгэхээр энэ ажил олгогчтой холбоотой асуудал. ... Тэр кабин халаалагч нь Хятад Ард улсад байгаа машинд тавигдсан байдалтайгаар Монгол улсад орж ирсэн гэдэг. Тэгэхээр “*******” гэж компани оруулж ирэнгүүтээ кабин халаагч тавиад, тэр нь хүний амь насанд хүрсэн гэж шууд хэрэг эхлээгүй байхад ийм байдлаар дүгнэлт хийж байгаад харамсаж байна. Тэр асуудлыг ******* гэх Хятад талыг хариуцсан хүн буюу өөрөөр хэлбэл тэр тээврийн хэрэгслүүдийн кабин халаагч, өмчлөгч, цалин гэдэг бүх асуудлыг мэддэг, тэр хүнээс нь асууж тодруулах шаардлагатай байна. ... Хэрэгт дотор энэ ажиллагаануудыг хийх ямар ч санаачилга гаргаагүй, ямар ч ажиллагаа хийгээгүй, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнийхээ дагуу Хятад ард улстай холбогдож энэ асуудлыг шийдвэрлээгүй. Тухайн цаг үеийн нөхцөл байдал гээд хил гааль хориотой болонгуут тэрийг далимдуулаад энэ ажиллагааг хойшлуулчихсан байж байгаа. Энэ нөхцөл байдлуудыг харгалзаж үзнэ үү гэж хүсэж байна гэв.

Прокурор Д.Ган-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс гарсан гомдлын нэгдүгээр асуудал дээр хэргийн материалаас хуудасны дугаар дурдаад үндэслэлтэй тайлбар хэлье гэж бодож байна. Хавтаст хэрийг 11 дүгээр хуудсанд шинжээч томилсон тогтоол авагдсан. Тухайн үед хэргийн оролцогчоор оролцсон этгээдүүд гарын үсэг зурж тогтоолтой танилцсан байдаг. Гэтэл шүүх хэргийн материалтай бүрэн танилцаагүй мэтээр хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа этгээдийн амь хохирогчтой холбоотой материалыг ямар хамааралтай болох талаар баримтыг шүүхээс шаардсан байдлаар хоёр дахь заалтаар хэргийг буцаадаг. Энэ бол шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрвээ зөрчилтэй, тухайн баримт нь нотлох ажиллагаанд зөрчигдөөд байх юм бол зайлшгүй мөрдөн байцаалтад нь буцааж хийх өөр аргагүй ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж ойлгож байна. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар амь хохирогч нартай ямар хамааралтай талаар баримтууд нэлээд хэрэгт авагдсан. Шүүх илүү баримт шаардаж байгаа бол энэ талаарх баримтыг шүүхийн шатанд гаргуулан авах боломжтой ажиллагаа байна гэж үзэж байна. Гомдлын 3. 4. 5-д заасан нь ерөнхийдөө шүүгчийн өмнөх прокурорт хэргийг буцаасан захирамжтай холбоотой гомдлууд байгаа. Захирамжид заагдсан ажиллагаа хийгдээгүй, биелүүлээгүй гэх үндэслэлээр шүүх дүгнэсэн байгаа нь хууль ёсны биш гэж үзэж байна. ******* гэж хүнийг мэдүүлэг авах ажиллагаатай холбоотой ажиллагааг хийсэн. Энэ талаар баримтууд хэрэгт авагдсан. Кабин халаагчийн гэрчилгээ гэж яриад байна. Энэ кабин халаагчийг Монгол улсад ашиглахад тусгай зөвшөөрөл авдаг эсэх талаар холбогдох ажиллагаануудыг хийдэг. Энэ кабин халаалагчийг үйлдвэрлэгч нь Бүгд найрамдах Хятад ард улс байдаг. Бүгд найрамдах Хятад ард улсаас оруулж ирсэн кабин халаагчийнхаа зааварчилгааг хэргийн материалд ялагдагч талаас гаргаж өгсөн. Энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан гэж үзэж байна. Прокурорын тогтоолд заасан болон хүсэлт хангасан шийдвэрээс нэг ажиллагаа хийгдээгүй гэж шүүх үзэж байгаа бол яагаад зайлшгүй хийгдэх ёстой гэдэг зүйлийг энэ удаагийн шүүх дүгнэх ёстой байсан гэж үзэж байна. Гэтэл энэ кабин халаагчийн техникийн дүгнэлт гээд бүхэл бүтэн онцгой байдлын бүрэлдэхүүнтэй тухайн кабин халаагчид туршилт хийгээд гаргасан дүгнэлт хэргийн материал авагдсан байхад энэ техникийн дүгнэлт гэдэг зүйлийг шаардаад, энэ гэрчилгээ гээд Бүгд найрамдах Хятад ард улсаас оруулж ирсэн тухайн кабин халаагчийн зааварчилгаа буюу яаж ажиллуулах заавар хэрэгт байхад энэ баримтуудыг шаардаад байгаа үндэслэлээ шүүх захирамжийн үндэслэх хэсэгт дурдаж өгөх ёстой гэж үзэж байна. Гэтэл зөвхөн тэр захирамжид заасан ажиллагааг хийгээгүй байна.  Хүсэлт хангасан тогтоолын нэг хүсэлт нь хангагдаагүй байна гэдэг байдлаар хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гаргасан гомдол үндэслэл бүхий байна. Шүүхээс хийж байгаа дүгнэлт нь гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд зөрүүтэй байдлаар хэргийн бодит байдалд нийцээгүй, дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан гэж үзэж байгаа учраас шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн нарын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хянахад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн нарын давж заалдах гомдолд дурдсан

“Мөрдөгчөөс шинжээч томилсон тухайн цаг үед уг хэрэгт хэн нэгэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан зүйл байхгүй, яллагдагчаар татсан этгээд байхгүй байсан. Яллагдагч нь үүний дараа шинжээчийн дүгнэлттэй танилцаад гарын үсэг зурсан байдаг ба өнөөдрийг хүртэл уг дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй буюу дүгнэлтийг зөвшөөрч ирсэн.”,

“...амь хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.******* нарын хүүхдүүдийн төрсний гэрчилгээ хэрэгт авагдсан байгаа бөгөөд амь хохирогчийн мэдээлэл бүгд бичигдсэн. ...шүүх өөрөө тухайн баримтыг хохирогч талаас шүүхэд гаргаж өгөх боломжтой талаараа дурдсан байх бөгөөд шүүхийн шатанд баримтыг гаргаж өгөх, хэрэгт хавсаргуулах бүрэн боломжтой буюу хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн шатанд хийгдэх боломжтой.”, 

 “Шүүхийн шүүгч нь “Прокурорын тогтоолоос кабин халаагчийн талаар техникийн дүгнэлт гаргуулах гэсэн заалт биелэгдээгүй гэж тайлбарласан ч прокурор болон талуудын тайлбар, мэтгэлцээнээс уг ажиллагаа нь хэрэгт ач холбогдолтой эсэхийг гэм буруугийн хурлаар хэлэлцэж, талуудын мэтгэлцээний хүрээнд шийдвэрлэхээр өөрөө шийдвэрлэсэн.”      

 “БНХАУ-ын иргэн ******* гэх хүн Монгол Улсын иргэн биш бөгөөд Монгол Улсад оршин суудаггүй, Хил Хамгаалах Ерөнхий Газрын лавлагаагаар Монгол Улсад орж ирэхгүй байгаа нь тодорхой болсон, мөрдөн байцаалтын ажиллагаагаар нөхөн хийгдэх боломжгүй болсон нь тодорхой болсон байхад энэ талаар ажиллагаа хийгээгүй мэтээр тайлбар хийж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь өөрөө үндэслэлгүй болсон.”

“Кабин халаагч нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, энэ талаар буюу кабин халаагчийн заавар, холбогдох тайлбарыг яллагдагч тал өөрөө орчуулгын хамт гарган өгч хэрэгт хавсаргуулсан, холбогдох шинжээчийн дүгнэлт гарсан, уг кабин халаагчийн талаар Монгол Улсад дагаж мөрдөх стандарт байдаг эсэх талаар лавлагаа, тодруулга хийх ажиллагааг хийж гүйцэтгэсэн, холбогдох газраас кабин халаагчийг худалдан борлуулах, хэрэглэх, байршуулах зэрэг үйл ажиллагааг Монгол Улсад явуулахад тусгай зөвшөөрөл шаарддаг эсэх талаарх тодруулах ажиллагааг шинээр нэмж хийсэн мөрдөн шалгах ажиллагаагаар гүйцэтгэсэн.” гэсэн үндэслэлүүдийг зааж хэргийг дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Харин давж заалдах гомдолд “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн үндэслэлийг давж заалдах шатны шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг гаргаж, мөн хуулийн 4 дүгээр зүйлд ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг, 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно.” гэж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Улсын Их Хурлын тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол уг шийдвэр “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор хэвлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.” гэж тус тус зааснаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хууль нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №24 (1222) дугаартай “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор хэвлэгдэн хүчин төгөлдөр болсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална.” гэж заажээ.

 Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар давж заалдах шатны шүүх нь “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс гаргахгүй болсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2022/ШЗ/196 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн нарын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.НАСАНЖАРГАЛ

                                                ШҮҮГЧИД                                 Х.ГЭРЭЛМАА

                                                                                                 Л.НЯМДОРЖ