Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2024/03842

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 15 181/ШШ2024/03842

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б овогт И.М /РД:../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Их тойруу гудамж, өөрийн байранд оршин байх Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О М.Ч,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.А нар оролцож, тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч И.М хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах гэж тодруулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч И.М 2013 онд түлш нийлүүлэх бизнес эхлүүлж, эргэлтийн хөрөнгө босгохын тулд бусдаас зээл авсан. Гэвч түлшний бизнес амжилтгүй болж зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд орсон. Улмаар мөнгө зээлүүлсэн иргэн, аж ахуйн нэгжүүд шүүхэд нэхэмжлэл гаргаж, И.Мын нэр дээр 8 шүүхийн шийдвэр гарсан.

Нэхэмжлэгч И.М дээрх 8 шүүхийн шийдвэрээр түүнээс гаргуулахаар заасан төлбөрүүдийг бүгдийг төлж барагдуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана., 29.1.3-т төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн байна гэж заасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь аливаа этгээдээс мөнгөн төлбөр гаргуулах шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага. Шүүхийн шийдвэрээр гаргуулахаар заасан мөнгөн төлбөр төлөгдсөн тохиолдолд шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэх үндэслэл бий болно. Төлбөр төлөгч И.М шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн төлсөн учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан үндэслэл бий болсон. Энэ тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах үүрэгтэй.

Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохгүй, энэ талаар удаа, дараа тус байгууллагад гомдол гаргасан боловч төлбөр төлөгчийн эрх хамгаалагдахгүй байна. Төрийн байгууллага хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал бий болсон бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг хаагдах ёстой.

Дуудлага зохион байгуулж байгаа зорилго нь төлбөр төлөгчийн хөрөнгийг хурааж аваад, битүүмжлээд, үнэлээд дараа нь дуудлага худалдаанд оруулж, шүүхийн шийдвэрт заасан мөнгөн төлбөрийг барагдуулах гэж хийгдэж байгаа ажиллагаа. Өөрөөр хэлбэл дуудлага худалдаа явуулах үндэслэл нь төлбөрийг гаргуулах, шүүхийн шийдвэрийг биелүүлэх явдал. Гэтэл шүүхийн шийдвэр биелэгдчихээд байхад одоо дуудлага худалдааны талаар ярихгүй. Дуудлага худалдаагаар хүний эд хөрөнгийг худалдсан бол тухайн мөнгө нь шүүхийн шийдвэрт заасан мөнгийг төлөхөд зарцуулах ёстой. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэл байхгүй. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан гээд байгаа мөнгө нь хүртэл яг үнэндээ шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд байхгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх зүйн үндэслэл нь гүйцэтгэх баримт бичиг, шүүхийн шийдвэр байгаа. Шүүхийн шийдвэрт заагдсан мөнгө нь төлөгдөөд дуусчихсан байхад энэ хүн дээр дахин ажиллагаа явуулах, эс үгүй болбол дахин эрхэд нь халдах гэдэг асуудал байхгүй гэж ойлгож байна. Өнөөдөр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл ерөнхий том зургаараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулъя гэдэг нэхэмжлэл болохоос дуудлага худалдаатай холбоотой ямар ч шаардлага гаргаагүй.

Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйлдэл нь хууль бус байх тул нэхэмжлэгч шүүхэд эрхээ сэргээлгэхээр шаардах эрхтэй. Төрийн байгууллага хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдолд тухайн хүн шүүхэд хандаж, эрх үүргээ хэрэгжүүлэхийг даалгуулж, өөрийн зөрчигдөөд байгаа эрхийг хамгаалуулах эрхтэй.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төлбөр төлөгч И.Мд холбогдох 8 гүйцэтгэх баримт бичигт 205,033,689 төгрөгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Баянзүрх дүүргийн ......................... тоот хаягт байрлах 40 м.кв орон сууцыг худалдан борлуулж, төлбөрийн асуудлыг нь шийдвэрлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

Нэхэмжлэгчийн зүгээс хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг удаа, дараа шүүхэд гаргасан хэдий ч нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж шүүх шийдвэрлэсэн байдаг. Улмаар 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн зүгээс төлбөр авагч нарт төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул 7 гүйцэтгэх баримт бичгийг хааж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

Төлбөр төлөгч И.Мд холбогдох бүртгэлийн 14280217 дугаартай, төлбөр авагч Н ХХК-д 60,030,000 төгрөг төлүүлэх тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдол эцэслэн шийдвэрлэгдээгүй гэх үндэслэлээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 23/09/404 дугаартай тогтоолоор түдгэлзүүлсэн байсан тул дуусгавар болгоогүй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Баянзүрх дүүргийн ......................... тоот 40 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар 111,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа хууль, журмын дагуу явагдаж, анхны албадан дуудлага худалдаагаар иргэн Х.Х ялагч болсон.

Улмаар дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийн 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 13/3 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол-ыг төлбөр төлөгчид гардуулсан. Төлбөр төлөгч И.Мын зүгээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол гаргасныг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч талаас төлбөр авагчийн гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгах ёстой гэж үздэг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Монгол Улсын нэрийн өмнөөс гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлдэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар ажиллагаа явуулдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-т зааснаар төлбөр төлөгч 14 хоногийн дотор төлбөрөө төлөх ёстой. Төлөөгүй тохиолдолд хуулийн дагуу өмчлөх эрх шилжүүлэх тогтоол гардаг. Төлбөр төлөгч 14 хоногийн хугацаа өнгөрсний дараа төлбөрөө төлсөн. Гэтэл 14 хоногийн дотор төлбөрөө төлөөгүй учраас өмчлөх эрх шилжүүлэх тогтоол гарчихсан.

Энэ тохиолдолд дуудлага худалдааны ялагчийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа учраас бид шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шууд дуусгавар болгож чадаагүй. Үүнээс болж маргаан үүссэн. Улмаар гуравдагч этгээдийн зүгээс маргаж эхэлсэн. Шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирсэн байгаа тул энэ талаар ярих байх. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.Х нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдааны зарын 35 дугаарт зарлагдсан зарын дагуу Баянзүрх дүүргийн ........... тоот хаягт байрлах 40 м.кв 3 өрөө орон сууцны дуудлага худалдаанд оролцож, хамгийн өндөр үнэ амлан ялагч болсон бөгөөд дуудлага худалдааны үнийг бүрэн төлж барагдуулсан.

Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.2 дахь хэсэгт Дуудлага худалдаагаар худалдсан зүйлийн үнийг бүрэн төлсөн үеэс худалдан авагч тухайн зүйлийн өмчлөгч болно. гэж заасан байдаг.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 8 дугаар сарын 03-нд Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол үйлдэж, төлбөр төлөгч И.Мд 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн дотор үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөх мэдэгдлийг өгсөн.

Гэвч төлбөр төлөгч тал буюу иргэн И.М нь 2023 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмнө гаргасан нэхэмжлэлээ дахин гаргаж, шүүх иргэний хэрэг үүсгэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 8 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан гэдэг үндэслэлээр 2023 оны 8 дугаар сарын 22-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн. Хэрэв шүүхэд төлбөр төлөгч, төлбөр авагч хоёрын нэг нь нэхэмжлэл гаргасан тохиолдолд ажиллагаа түдгэлзэх хууль зүйн үндэслэлтэй учраас ажиллагааг түдгэлзүүлсэн нь хуульд нийцэж байгаа. Энэ түдгэлзүүлсэн захирамж өнөөдрийг хүртэл сэргээгүй, ажиллагаа үргэлжилсээр байгаа учраас нэхэмжлэгчийн гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах гэдэг нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа хэргийн материалтай танилцахад И.Мд холбогдох 8 гүйцэтгэх баримт бичигт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаад, 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс өмнөх байдлаар 6 баримт бичгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Үүнээс хойш буюу 2023 оны 8 дугаар сарын 08, 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Н ХХК, Ж.Б нарын төлбөр төлөгдсөн тухай баримт хавтас хэрэгт авагдсан байдаг. Тухайн баримтуудаар төлбөр төлөгч хугацаа хэтрүүлэн төлбөр төлсөн асуудал яригдаж байгаа.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1031 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Нэхэмжлэлийг буцаах тухай захирамж 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хуулийн хүчин төгөлдөр болж энэ үед шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн. Ийнхүү сэргээснээс хойш 2023 оны 8 дугаар сарын 03-нд Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол үйлдэгдэж, гуравдагч этгээдийн хувьд өмчлөх эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлтэй болсон. Гэтэл үүний дараа төлбөрөө төлсөн нэхэмжлэгч тал шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох ёстой гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13-т Энэ хуулийн 71.10-т заасан товлон тогтоосон хугацаанаас өмнө төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхгүй. гэж заасан. Энэ хугацаа хэтэрчихсэн байгаа тул дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэр хууль зүйн хувьд үндэслэлтэй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Хэргийн оролцогчдын зүгээс шүүхэд гаргасан нотлох баримтууд:

4.1. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, И.Мын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан гомдол, Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/09-04 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол, И.Мын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан гомдол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 03/2476 тоот албан бичиг, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2554/С дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1742 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, төлбөр авагч Д.В-ийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хүсэлт, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 654 дүгээр шийдвэр, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 904 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, төлбөр авагч Т ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 02/353 тоот албан бичиг, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамж, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 637 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, төлбөр авагч Н ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 23/156 тоот албан бичиг, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 656 дугаартай Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 954 дүгээр Шүүхийн гүйцэтгэх хуудас, төлбөр авагч Ж.Б-ийн хүсэлт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар срын 17-ны өдрийн 8869 дүгээр шийдвэр, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ГХ2016/01932 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас, төлбөр авагч Д.Ж-ы хүсэлт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00721 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 0655 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас, төлбөр авагч Ч.А-ийн хүсэлт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03924 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 251 дүгээр Шүүхийн гүйцэтгэх хуудас, Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн орлогын ордер, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00127 дугаар шийдвэр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 101/ГХ2022/01443 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас, төлбөр авагч Тайж инвест ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, У.Т-д олгосон итгэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамжид 351,000 төгрөг төлсөн баримтыг ирүүлсэн.

4.2. Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: Б.О, Э.Б, М.Ч нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 637 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 7405/2 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/35 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 4-227/23837, 4-227/23838, 4-227/23839 тоот албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 4-227/23192, 4-227/23189, 4-227/23190 тоот албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдэх хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШЗ2023/01031 дүгээр Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны5 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2023/11718 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 562 тоот албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2023/16628 дугаартай Нэхэмжлэлийг буцаах тухай захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мөнгөн гүйлгээний журнал, Дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 13/3 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2023/19125 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШЗ2023/25899 дүгээр Нэхэмжлэлийг буцаах тухай захирамжийг ирүүлсэн.

4.3. Гуравдагч этгээдээс шүүхэд нотлох баримтаар: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 4-227/23837 тоот албан бичиг /хуулбар/, Дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийн 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 13/3 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол /хуулбар/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 23/09/404 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоол /хуулбар/, хариу тайлбар, Ц.Д-д олгосон итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2023/27271 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 23/09/404 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоол-ыг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч И.М шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан үндэслэл бүрдсэн. Төлбөр төлөгч төлбөрөө төлсөн тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох ёстой. Гэвч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас И.Мд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохгүй, эс үйлдэхүй гаргаж байгаа нь хууль бус тул нэхэмжлэгчээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Төлбөр төлөгч И.Мд холбогдох 8 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төлбөр төлөгчөөс 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төлбөр авагч нарт төлбөрийг төлж барагдуулсан. Төлбөр авагч нараас ирүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай хүсэлтийн дагуу 7 гүйцэтгэх баримт бичгийг хаасан. Харин бүртгэлийн 14280217 дугаартай, төлбөр авагч Н ХХК-д 60,030,000 төгрөг төлүүлэх тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 23/09/404 дугаартай тогтоолоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдол эцэслэн шийдвэрлэгдээгүй гэх үндэслэлээр түдгэлзүүлсэн байсан тул дуусгавар болгоогүй.

Төлбөр төлөгч И.М нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-т заасан хугацааг хэтрүүлэн төлбөрийг төлсөн тул албадан дуудлага худалдааны ялагч Х.Хд өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол гарсан. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагчийг дэмжсэн байр суурьтай оролцсон.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

5.1. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2554/С дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар И.Маас 8,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 120,225 төгрөгийн хамт гаргуулж, Д.В-д олгохоор шийдвэрлэжээ. Улмаар тус шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1742 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас-ын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр авагчаас 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төлбөр төлөгдсөн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргажээ. /хх11-14/

5.2. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 654 дүгээр шийдвэрээр И.Маас 29,453,104 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 305,215 төгрөгийн хамт гаргуулж Т ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Улмаар тус шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 904 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас-ын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр авагчаас 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төлбөр төлөгдсөн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргажээ. /хх15-19/

5.3. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжаар И.Маас 60,000,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөгийн хамт гаргуулан Н ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Улмаар тус шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 637 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас-ын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр авагчаас 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төлбөр төлөгдсөн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргажээ. /хх20-23/

5.4. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 656 дугаар Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар И.Маас 30,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 287,500 төгрөгийн хамт гаргуулж Ж.Б-д олгохоор шийдвэрлэжээ. Улмаар тус шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 954 дүгээр Шүүхийн гүйцэтгэх хуудас-ын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгчөөс 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төлбөр төлөгдсөн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргажээ. /хх24-28/

5.5. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8869 дүгээр шийдвэрээр И.Маас 46,200,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 388,950 төгрөгийн хамт гаргуулж Д.Ж-д олгохоор шийдвэрлэжээ. Улмаар тус шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ГХ2016/01932 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас-ын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр авагчаас 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төлбөр төлөгдсөн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргажээ. /хх29-33/

5.6. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00721 дүгээр шийдвэрээр И.Маас 16,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 237,950 төгрөгийн хамт гаргуулж Ч.А-т олгохоор шийдвэрлэжээ. Улмаар тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 655 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас-ын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр авагчаас 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төлбөр төлөгдсөн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргажээ. /хх34-38/

5.7. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03294 дүгээр шийдвэрээр И.Маас 11,500,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 130,975 төгрөгийн хамт гаргуулж Сүлд шонхор инвестмент ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Улмаар тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 251 дүгээр Шүүхийн гүйцэтгэх хуудас-ын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 11,720,975 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх39-43/

5.8. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00127 дугаар шийдвэрээр И.Маас 2,500,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөгийн хамт гаргуулж Тайж инвест ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Улмаар тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 101/ГХ2022/01443 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас-ын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр авагчаас 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас, төлбөр авагч нарын хүсэлт, орлогын ордероор тогтоогдож байна. /хх44-51/

5.9. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/35 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор төлбөр төлөгч И.Мын өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 28 дугаар байрны 24 тоотод байрлах 40 м.кв талбайтай орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ болох 134,900,000 төгрөгийн 70 хувь буюу 94,430,000 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн байна. /хх76/

5.10. Дээрх албадан дуудлага худалдааны ялагчаар Х.Х тодорч, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө 111,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон, дуудлага худалдааны ялагч Х.Хас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 9,443,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 101,557,000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлсэн болох нь мөнгөн гүйлгээний журналаар тогтоогдож байна. /хх80-84, 101/

5.11. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 4-227/23192, 4-227/23189, 4-227/23190 тоот албан бичгээр төлбөр төлөгч И.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13-т заасан хугацаанд буюу 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дотор төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх шилжүүлэх талаар мэдэгдсэн байна. /хх85-87/

5.12. Төлбөр төлөгч И.Маас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Шийдвэр гүйцэтгэгчийн тойргийн харъяалал зөрчин 162 дугаар тойрогт хийгдсэн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 14280271/04 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 14280271/05 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 13/35 тоот Албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 4-227/23837 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШЗ2023/01031 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ. /хх89-91/

5.13. Улмаар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2023/16628 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж, шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2023/16628 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 562 тоот албан бичгээр тогтоогдож байна. /хх95-100/

5.14. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 13/3 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол-оор төлбөр төлөгч И.Мын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204000770 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагч Х.Хд шилжүүлж, төлбөр төлөгч И.Мд үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр чөлөөлөхийг мэдэгджээ. /хх102/

5.15. Төлбөр төлөгч И.Маас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан тогтоолууд, мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2023/19125 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШЗ2023/25899 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг буцаажээ. /хх103-107/

5.16. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 23/09/404 дүгээр тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг үндэслэн төлбөр төлөгч И.Мд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлсэн байна. /хх183/

5.17. Төлбөр төлөгч И.Мын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин гаргасан тогтоолууд, мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2023/27271 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх117/

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй, тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно. гэж, 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, түүний шийдвэрийг зөвшөөрөөгүй бол шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. гэж заасан.

Нэхэмжлэгч И.Мын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулах тухай гомдлыг тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/09-04 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол-оор хангахаас татгалзсан, улмаар 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан гомдлыг 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 03/2416 тоот албан бичгээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгсөн байна.

Нэхэмжлэгчээс Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 03/2416 тоот албан бичгийг хүлээн авснаас хойш 8 хоногийн дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул нэхэмжлэгч И.Мыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасан журмыг хангасан гэж үзнэ./хх5-10/

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3-т төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаахаар зохицуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаар, төлбөр төлөгч И.М нь 8 гүйцэтгэх баримт бичгийн төлбөрийг 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хооронд төлж, төлбөр авагч нараас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-т Дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулна. Энэ хугацаа нь 14 хоногоос хэтрэхгүй байна. гэж, 71.13-т Энэ хуулийн 71.10-т заасан товлон тогтоосон хугацаанаас өмнө төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхгүй. гэж, 71.14.-т Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гаргаагүй тохиолдолд худалдан авагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болно. гэж заасан.

Төлбөр төлөгч И.Мын төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны ялагчаар Х.Х тодорч, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төлбөрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 13/3 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол-оор төлбөр төлөгч И.Мын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204000770 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагч Х.Хд шилжүүлж, төлбөр төлөгч И.Мд үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр чөлөөлөхийг мэдэгдсэн.

Дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийн Өмчлөх эрх шилжүүлэх тогтоол гарахаас өмнө төлбөр төлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүгчийн захирамжаар 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн, улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2023/16628 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг буцааж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилж, дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийн 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дараа төлбөр төлөгч И.М шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлж, төлбөр авагчаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан байна.

Улмаар төлбөр төлөгч И.Маас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан тогтоолууд, мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2023/19125 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШЗ2023/25899 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг буцаасан, төлбөр төлөгч И.Мын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин гаргасан тогтоолууд, мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2023/27271 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

Иймд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Хатантулгын хувьд албадан дуудлага худалдааны ялагч болж, дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол-оор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагчид шилжүүлэхээр заасан хэдий ч гуравдагч этгээд нь тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдээгүй, төлбөр төлөгчөөс үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байсан, тус шүүхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргаснаас дүгнэхэд тухайн дуудлага худалдааны үндсэн дээр гарсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй, гомдол гаргасан гэж үзэх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14-т заасан үндэслэлээр худалдан авагчийг тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэхгүй.

Төлбөр төлөгч И.Маас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 23/09/404 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн захирамжаар нэхэмжлэлийг буцааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилсан гэж үзэх үндэслэлтэй байна. Гэвч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн эсэх талаар баримт ирүүлээгүй.

Төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр авагчид төлж, төлбөр авагчаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр газарт гаргасан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын И.Маас 60,030,000 төгрөг гаргуулж Н ХХК-д олгохоор явуулж байгаа ажиллагааны үндэслэл болсон шүүхийн шийдвэр, түүний дагуу бичигдсэн гүйцэтгэх хуудаст заасан төлбөр төлөгдсөн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т заасныг баримтлан төлбөр төлөгч И.Мд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, хувийн хэргийг хаахыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

9. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3-т заасныг баримтлан төлбөр төлөгч И.Мд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож, хувийн хэргийг хаахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ