| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/04553/И |
| Дугаар | 181/ШШ2024/03860 |
| Огноо | 2024-10-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 181/ШШ2024/03860
2024 10 16 181/ШШ2024/03860
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Н-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.А оролцож тэмдэглэл хөтлөв.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн
100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Н-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
С ХХК болон иргэн Б.Н нар 2019 оны 8 дугаар сард харилцан тохиролцож аман байдлаар иргэн Б.Ны эзэмшлийн компанийн 50 хувийн хувьцаа, мөн Хөвсгөл аймагт байрлалтай аялал жуучлалын зориулалттай, амралтын газар байгуулах боломжтой, байрлал сайтай, 1 га газраас доошгүй хэмжээтэй газрыг 100,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон.
Тухайн тохиролцооны дагуу иргэн Б.Н өөрийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг компанийн 50 хувийн хувьцааг С ХХК болон тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ц.А луу шилжүүлэх, мөн Хөвсгөл аймагт байрлалтай аялал жуучлалын зориулалттай, амралтын газар байгуулах боломжтой, байрлал сайтай, 1 га газраас доошгүй хэмжээтэй газрыг С ХХК болон түүний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ц.Аын нэр дээр шилжүүлэн өгөх, С ХХК-ийн зүгээс хувьцаа болон газрын үнэд 100,000,000 төгрөгийг иргэн Б.Ны харилцах дансанд шилжүүлэх үүрэг тус тус хүлээсэн байдаг.
Манай компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.Ны Голомт банкны 20..... тоот харилцах дансанд 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн болно.
Гэтэл иргэн Б.Н гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ба тухайлбал Хөвсгөл аймагт байрлалтай аялал жуулчлалын зориулалттай, амралтын газар байгуулах боломжтой, байрлал сайтай газрыг өнөөдрийг хүртэл шилжүүлэн өгөөгүй.
Манай компанийн зүгээс иргэн Б.Н-г гэрээний үүргээ биелүүлэх шаардлагыг удаа дараа тавьсан бөгөөд нэмэлт хугацаа олгосоор байтал үр дүн гарахгүй болсон нь нэгэнт тодорхой болсон тул талуудын хооронд хийсэн тохиролцоог цуцалж гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн төлбөрийг буцаан гаргуулахаар энэхүү шаардлагыг гаргаж байна.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ. гэж заасан байдаг ба манай компанийн зүгээс газрыг шилжүүлэн өгөх шаардлагыг Б.Нд гаргаж байсан төдийгүй газрыг шилжүүлэн өгөх боломжгүй тохиолдолд манайхаас авсан 100,000,000 төгрөгийг буцаан өгөхийг удаа дараа шаардсан байдаг.
Дээрх байдлаас шалтгаалан манай компанийн зүгээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар гэрээг цуцалж, гэрээ цуцалсантай холбоотойгоор гэрээний үүрэгт манай компаниас шилжүүлсэн 100,000,000 төгрөгөө буцаан нэхэмжлэх эрхтэй байна.
Иймд талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, манай компаниас иргэн Б.Ны дансанд шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг гаргуулан манай компанид олгохоор шийдвэрлэж өгөх нэхэмжлэл гарган иргэн Б.Ны оршин суудаг хаяг болох Хан-Уул дүүрэг, ........... тоот хаягаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08-р сарын 09-ны өдрийн 183/ШЗ2024/17269 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Н тус хаяг дээр оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд иргэн Б.Н /РД:............/-ыг эрэн сурвалжилж оршин байгаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, С ХХК-иас 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Г.Б-д олгосон итгэмжлэл, 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн төлбөрийн даалгавар, С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №25/2000 тоот Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн №24/579 тоот Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №24/586 тоот Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШЗ2024/17269 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар Г овогт Б.Ны оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч С ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Н-г эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.
Нэхэмжлэгч С ХХК нь Б.Нтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 100,000,000 төгрөг шилжүүлсэн байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Б.Н-ыг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Н нь Хан-Уул дүүрэг, ........ 801 тоот хаягт бүртгэлтэй, оршин суудаг болох нь Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу Г овогт Б.Н /РД:............/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Г овогт Б.Н /РД:............/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Г овогт Б.Н /РД: ............/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Г овогт Б.Н /РД: ............/-ын оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч С ХХК /утас:......./-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ