Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2024/03862

 

 

 

 

 

 

 

 

2024 10 16 181/ШШ2024/03862

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э ББСБ ХХК /РД:6136559/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.О-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.А оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн

100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П-ийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.О-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.О нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ______ тоотод оршин сууж байх хугацаандаа "Э ББСБ" ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ________ улсын дугаартай, Toyota Crown /_______/ маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан ZG21/0152 тоот барьцаат зээлийн гэрээ, 21/0152 тоот фидуцийн гэрээ байгуулж, 4,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан.

Хариуцагч Б.О нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 20-ны өдөр 389,948 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1,400,000 төгрөг төлснөөс хойш өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлт хийгээгүй байна.

Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон бөгөөд өнөөдрийн байдлаар зээлийн нийт үлдэгдэл үндсэн зээл 2,949,455 төгрөг, хүү 2,113,728 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 403,165 төгрөг, нийт 5,466,338 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Хариуцагч Б.О-г Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2024/00781 тоот шийдвэрээр эрэн сурвалжилж Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн албан тоотоор Баянзүрх дүүрэг, ______ тоотод оршин суудаг нь тогтоогдон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 101/Ш3204/18856 тоот шийдвэрээр дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 

Хариуцагчийн утасны дугаарт залгахад огт авахгүй, холбогдох боломжгүй, бүртгэлтэй хаягаар нь очиж үзэхэд тийм хүн байхгүй, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороонд бүртгэлтэй боловч оршин суудаггүй байна.Тиймээс хариуцагчийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй, хаана ажиллаж, амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул хариуцагч Б.О /РД:........./-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Э ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Э ББСБ ХХК-иас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Б.П-д олгосон итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2024/18856 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, зээл хүсэгчийн өргөдлийн маягт, 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №21/0152 үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний хуулбар, зээлийн судалгааны маягт, Б.О-ийн зээл төлөлтийн дансны хуулга, мемориалын ордер, Б.О-ийн иргэний үнэмлэхний хуулбар, явцын хяналтын тайлан зэргийг ирүүлсэн байна.

Шүүхийн журмаар Д овогт Б.О-ийн оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч Э ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.О-г эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.

 

Нэхэмжлэгч Э ББСБ ХХК нь Б.Отэй 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулан зээл олгосон байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Б.О-г хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.О нь Баянзүрх дүүргийн, ___________ 334 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2024/18856 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар, Чингэлтэй дүүрэг, ________ тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу Д овогт Б.О /РД:........./-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Д овогт Б.О /РД:........./-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д овогт Б.О /РД:........./-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Д овогт Б.О /РД:........./-ийн оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч Э ББСБ ХХК /утас: ..../-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ