| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0026/Э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2018-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч А.Мөнхзул,
Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөхнүүд овогт Дгийн Ат холбогдох 1708008720231 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д завсарчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бөхнүүд овогт Дгийн А /РД: .../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Хохирогч Л.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Цайз 16-р буудлын ойролцоох ТҮЦ-ний худалдагчаар ажиллаж байгаад ажлаасаа буугаад 17 цаг 30 минутын үед өөрийнхөө амьдарч байгаа Зүүнбаян уулын 10-01 тоотод гэртээ ирэхэд манай хадам ээж О, манай нөхөр А, бага дүү нар гэртээ байсан. Манай бага хүүхэд гэгээнээ халуураад байхаар нь унтуулаад дэлгүүр орж памперс аваад буцаад гэртээ ирсэн чинь манай хадам ээж арчаагүй гэдэг нь чи хүүхдээ том болгож байж ажил хийхгүй өөрийнхөө зугаа цэнгэлийг бодоод тэнээд алга болчих юм, янхнууд л ийм байдаг байх гэж хэлээд байхаар нь би нөхөр Ат хандаж чи 2 өдөр гэртээ байсан байж хүүхдээ сайн харж хандаад байхгүй, өглөө гарах үед зүгээр байсан, яагаад халуураад байгаа юм бэ гэхэд хадам ээж хажуу талаас чи гэртээ байхгүй болохоор хүүхэд чинь халуураад байна, чи хүүхдээ харж байхгүй яасан юм бэ гээд загнаад байсан. Хадам ээжид би та яахаараа нөхөр бид хоёрын ярианд ороод хажуу талаас дандаа яс хаяж маргалдуулах зүйл гаргаж байдаг юм бэ гэж хэлэхэд хадам ээж чинь чамд 2, 3 үг хэлэхэд яадаг юм бэ гэхээр нь би битгий олон юм яриад бай, яатуу минь гэсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө гар утсаа нөхрийнхөө хэвтэж байсан орны доод хэсэг рүү шидсэн чинь манай нөхөр пизда минь би наад гар утсыг чинь 60,000 төгрөгөөр аваа биз дээ гээд хана цохиж босож над руу хүрч ирээд нүд рүү 1 удаа цохихоор нь би буруу хараад зогссон чинь ахиад миний толгой руу ар талаас гараараа 2-3 удаа цохисон. ...Эмчилгээ хийлгэж эмнэлгийн байгууллагаар яваагүй. Би нөхрөөсөө нэхэмжлэх зүйл байхгүй. Надад одоо санал гомдол байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 13-15, 50 х/
1.2.Шүүгдэгч Д.Аын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрийн ажилладаг “...” ХХК-с гэрийн буйр янзлах гээд 2 өдрийн чөлөө авсан байсан. Тухайн үед бороо шорооны үед буйраа янзалж байсан. Тэр үед манай охин Гэгээнээ халуураад байсан. Манай ээж О манай эхнэр Ныг гаднаас орж ирэхэд нь “чи одоо өөрийнхөө зугаа цэнгэлийг хөөгөөд гарч яваад байна, 2 хүүхдээ хайхрахгүй, хүүхдүүдээ том болгочихоод ажил төрөл хий” гэж хэлсэн. Тэрнээс болж манай ээж О, эхнэр Н нар маргалдсан. Би тэр маргаан дундуур нь ороогүй. Тэгж байгаад Нтой хамт гадагшаа гарч хүүхдийн живх аваад буцаж орж ирсэн. Явж байх замдаа хоорондоо эвлэрч ярилцсан. Буцаад ортол манай эхнэр Н уурлаж бухимдаад байсан. Тэгээд ээжтэй дахиад маргалдаад над руу уурлаад юм шидээд байсан. Тэгэхээр нь би бухимдаад хана руу 2 удаа цохиод Нын нүүр рүү гараараа 1 удаа цохьсон. Тэгээд манай эхнэр уйлаад явлаа гээд хоногоор явчихсан. ...тэр явдлаас хойш 7 хоногийн дараа гэртээ ирсэн. Бид нар эмнэлгийн байгууллагаар явж үзүүлээгүй. Би эхнэрээсээ болсон явдлын талаар уучлалт гуйсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 х, /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.3.Гэрч Д.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны намар би хөдөө явчихаад ирсэн. Тэгтэл манай бэр Н эгчийнхээ дэлгүүрт бүр Шар хаданд очиж ажиллана гэсэн. Өглөө яваад орой ирдэг болсон. Би 2 хүүхдийг нь хараад ядраад байсан. Ныг боль гэхэд болихгүй гээд надад загнуулсан. Тэгээд Н надад загнуулснаасаа болоод нөхөр болох миний хүү А руу уурлаад байсан. Тэгээд урьд өдөр нь авсан гар утсаа шидээд эвдэлчихсэн. Тэгтэл А хүүхдээ тэврээд хэвтэж байснаа босож ирээд бухимдаад Ныг баруун гараараа 1 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 х/
1.4. Шинжээчийн 10237 тоот дүгнэлт
1.Л.Нын биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 12 х/
Хоёр:Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд.
2.1.Гэрч Д.Ганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр миний ах Д.А Увс аймагт төрсөн. Айлын том нь байгаа юм. Доороо 2 дүүтэй, айлын том учраас хүлээцтэй зан ааштай. Багадаа 105-р сургуульд сурч төгссөн. Сургуулиа төгсөөд зэвсэгт хүчний 063-р ангид алба хаасан. Алба хааж ирснээсээ хойш тогтсон ажил хийдэггүй. Нийгмийн даатгал төлдөггүй ажил хийдэг байсан. ...урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг төвөгт орооцолдож байгаагүй, даруухан зантай, архи уудаггүй, найзуудтайгаа хааяа РС тоглоом тоглодог. Одоо ... ХХК-д засварчнаар ажиллаж байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 х/
2.2.Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 56-57 х/
2.3.Хорооны тодорхойлолт /хх 58 х/
2.4.Д.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 22 х/
2.5.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 26 х/
2.6.Гэрэл зургийн үзүүлэлт /хх 28 х/
2.7.Д.Аын ажлын газрын тодорхойлолт /хх 71 х/
Гурав:Хохирлын талаарх баримт.
3.1.Хохирогч Л.Нын “надад гомдол, санал байхгүй ...” гэх хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх 73 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.
Шүүгдэгч Д.Аын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтаар тооцож үнэлсэн.
Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Д.А нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, ...тоотод байх гэртээ эхнэр Л.Нтой гэр бүлийн дотоод асуудлаас болж маргалдан улмаар эхнэр Л.Ныг толгойн хэсэгт нь гараараа удаа дараа цохиж зодон эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь:
Хохирогч Л.Нын “... Хадам ээжид би та яахаараа нөхөр бид хоёрын ярианд ороод хажуу талаас дандаа яс хаяж маргалдуулах зүйл гаргаж байдаг юм бэ гэж хэлэхэд хадам ээж “чамд 2, 3 үг хэлэхэд яадаг юм бэ гэхээр нь би битгий олон юм яриад бай, яатуу минь” гэсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө гар утсаа нөхрийнхөө хэвтэж байсан орны доод хэсэг рүү шидсэн чинь манай нөхөр пизда минь би наад гар утсыг чинь 60,000 төгрөгөөр аваа биз дээ гээд хана цохиж босож над руу хүрч ирээд нүд рүү 1 удаа цохихоор нь би буруу хараад зогссон чинь ахиад миний толгой руу ар талаас гараараа 2-3 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 13-15, 50 х/
Шүүгдэгч Д.Аын “... ээжтэй дахиад маргалдаад над руу уурлаад юм шидээд байсан. Тэгэхээр нь би бухимдаад хана руу 2 удаа цохиод Нын нүүр рүү гараараа 1 удаа цохьсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 х, /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч Д.Оийн “... Н надад загнуулснаасаа болоод нөхөр болох миний хүү А руу уурлаад байсан. Тэгээд урьд өдөр нь авсан гар утсаа шидээд эвдэлчихсэн. Тэгтэл А хүүхдээ тэврээд хэвтэж байснаа босож ирээд бухимдаад Ныг баруун гараараа 1 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 х/
Шинжээчийн 10237 тоот дүгнэлт
1.Л.Нын биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 12 х/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх 28 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д ..., хамтран амьдрагч ... гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус хуульчлан зааж өгсөн.
Шүүгдэгч Д.А, хохирогч Л.Н нар гэр бүлийн баталгаа байхгүй ч хоёр хүүхдийн эцэг, эх болж хамтран амьдарч байгаа болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 56-57 х/, хорооны тодорхойлолт /хх-ийн 58 х/, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах субьект болох Д.Аыг хамтран амьдрагч Л.Нын эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзсэн.
Хохирлын талаар.
Хохирогч Л.Нын “ надад гомдол, санал байхгүй ...” гэх хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх 73 х/-ээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.
Д.Аын үйлдэлд түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.
Ял шийтгэлийн талаар.
Д.Аын гэм буруутайд тооцогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа.
Д.Аыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хувийн байгууллагад ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзээд шүүхээс 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд үүрэг болгож шийдвэрлэсэн болно.
Бусад асуудлын талаар.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж, Д.Ат тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Бөхнүүд овогт Дгийн Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.А-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Д.А-т үүрэг болгосугай.
4.Д.Аын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ