Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2023/0362/З |
Дугаар | 128/ШШ2024/0501 |
Огноо | 2024-06-10 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2024/0501
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Р.Катав
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын алба
Маргааны төрөл: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Р.Катавын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, товчоо 7-19 тоотод байрлах 339 м.кв газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/368 тоот захирамжийн О.Ганцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/213 тоот захирамжийн О.Ганцэцэг, Б.Түмэнбаяр нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Катав, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Балжинням, Д.Жаргалсайхан, гуравдагч этгээд О.Ганцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхцолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Р.Катавын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, товчоо 7-19 тоотод байрлах 339 м.кв газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/368 тоот захирамжийн О.Ганцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/213 тоот захирамжийн О.Ганцэцэг, Б.Түмэнбаяр нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Нэхэмжлэгчээс анх шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Тус шүүхээс 2023.04.03-ны өдрийн Дугаар 128/ШЗ2023/3049 дугаартай захирамж гаргаж, нэхэмжлэлийг буцаасан байх тул нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж дахин шүүхэд хүргүүлж байна. 1. БЗД-ийн Газар зохион байгуулалтын алба нь Р.Катавын БЗД-ийн 11-р хороо, товчоо 7-19 тоот байрлах 339 мкв газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд: 1.1. Иргэн Р.Катав миний бие 2009 онд БЗД-ийн 11-р хороонд байрлах хоосн газарт бууж, хашаа хатгаад газар эзэмших хүсэлтээ БЗД-ийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан. Миний хүсэлтэд БЗД-ийн Газар зохион байгуулалтын алба нь 2010.08.19-ний өдөр "... тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд шинээр газар эзэмшүүлэхээр тусгагдаагүй тул танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй" гэсэн утгатай хариуг бичгээр өгсөн. Би хэдийгээр газар эзэмших эрх аваагүй ч тухайн газраа хашаалж, улмаар нэгдсэн журмаар хаягжилт хийхэд Р.Катав миний нэр дээр хаягжилт хийж, улмаар БЗД-ийн 11 хороондоо бүртгэгдээд даруй 14 жил амьдарч байна. Р.Катав миний бие 2009.10.28-нд гаргасан БЗД-ийн Газар зохион байгуулалтын албанд өргөдөлдөө "... манай урд талын болон хойд, хажуу талын айл бүгд зөвшөөрөлтэй тул та надад тусална уу гэснийг маргаан бүхий газар тухай жилийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан уу эсхүл зөвхөн иргэн Р.Катав надад л газар олгохоос татгалзсан уу гэдгийг захиргааны шүүх шалгаж тогтооно. Хөрш залгаа, урд, хойд айлууд нь бүгд газар эзэмших зөвшөөрөлтэй гээд өргөдөлдөө дурдаад байхад БЗД-ийн Газар зохион байгуулалтын алба нь зөвхөн иргэн Р.Катавт зориулж шинээр газар олгох асуудлыг Газрын тухай хуулийн 21.2.1.21.2.3,21.5.1,21.5.2,21.5.3-ийг үндэслэн шийдвэрлэдэг гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2. БЗД-ийн Засаг даргын 2021.07.25-ны өдрийн А/368 тоот захирамжийн О.Ганцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: 2.1. БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд О.Ганцэцэг гэгч этгээд газар чөлөөлүүлэх шаардлага гаргаж, намайг хариуцагчаар татсанаар миний 2009 оноос өнөөдрийг хүртэл хашаалж, 2011 онд 6 метрийн өргөнтэй, 9 метрийн урттай барьсан гарааш, 2012 онд барьсан 36 м.кв өвлийн орон сууцыг газрыг маань О.Ганцэцэг гэдэг иргэнд БЗД-ийн засаг дарга 2021.07.28-ны өдөр А/368 тоот захирамжаар олгож, миний ашиглаж, амьдарч байгаа газрыг давхцуулан олгосон холбогдох хууль зөрчсөн гэж үзэж байна. БЗД-ийн засаг даргын 2021 оны А/368 тоот захирамжийн О.Ганцэцэгт холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 31-р зүйлийн 31.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн байх ба газрын албаны мэргэжилтнүүд манай газар дээр хээрийн судалгаа хийлгүйгээр, хаягжилтыг судалж үзэлгүйгээр, өмнө хүсэлт гаргаж байсан этгээд байгаа эсэхийг нягтлалгүйгээр, газар эзэмших хүсэлт гаргасан этгээд нь өөрийн ашиглаж буй газраа бодитоор өөрийн хөрөнгөөр хашаалсан, давхцал маргаан байгаа эсэхийг хянан үзэлгүйгээр газрыг эзэмшүүлсэн байгаа нь Р.Катав миний 60.000.000 төгрөгийн хөрөнгийг устгах нөхцөл байдал үүссэн, шударгаар өмч хөрөнгө олж авах Үндсэн хуульд заагдсан эрх ноцтой зөрчигдсөн тул шүүхэд хандахад хүрсэн. 3.БЗД-ийн Газар зохион байгуулалтын албанаас өөрийн өмнө гаргаж байсан холбогдох баримтуудаа авч Газрын тухай хуулийн 61-р зүйлийн 61.1-д заагдсанаар БЗД-ийн Засаг даргад 2023.01.07 өдөр гомдол гаргахад тэмээ гэхээр ямаа гэдэг шиг хариуг 2023.01.25-ны өдөр 15/97 гэгч албан бичгээр өгсөн ба " О.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй хэрэг Нийслэл дэх Захиргааны шүүхэд хянагдаж байгаа тул шийдвэр гаргах боломжгүй" гэсэн утга агуулгатай албан бичгийг БЗД-ийн Газар зохион байгуулалтын 1-р албаараа дамжуулан өглөө. Нийслэл дэх Захиргааны шүүхээс О.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй хэрэг байгаа эсэхийг асуухад Манайд тийм хэрэг хянагдаагүй" гэдэг хариуг амаар өгсөн. Улмаар Нийслэлийн засаг даргад хандахад 2023.02.27-ны өдөр 0108-688 тоотоор "О.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй хэрэг БЗД-ийн Иргэний шүүхэд хянагдаж буй тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй" гэсэн утгатай хариу өгсөн тул ЗХШХШТХ-ийн 1-р зүйлийн 1.1-д заагдсан зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Манай нэхэмжлэлийн шаардлага болох БЗД-ийн Засаг даргын 2021.07.25-ны өдрийн А/368 тоот захирамжийн О.Ганцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгох гэсэн шаардлага нь ЗХШХШТХ-ийн 106-р зүйлийн 106.3.1-д заагдсан шаардлага байх ба БЗД-ийн Газар зохион байгуулалтын алба нь Р.Катавын БЗД-ийн 11-р хороо, товчоо 7-19 тоот байрлах 339 м.кв газар эзэмших хүсэлтэд дурдагдсан газрыг нь олгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлага нь ЗХШХШТХ-ийн 106-р зүйлийн 106.3.4-д хамаарч байна. Иймд БЗД-ийн Газар зохион байгуулалтын алба нь Р.Катавын БЗД-ийн 11-р хороо, товчоо 7-19 тоот байрлах 339 мкв газар эзэмших хүсэлтэд дурьдагдсан газрыг нь олгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, БЗД-ийн Засаг даргын 2021.07.25-ны өдрийн А/368 тоот захирамжийн О.Ганцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Тус шүүхэд гаргасан Р. Катавын нэхэмжлэлтэй хэрэгт цугларсан баримтуудыг судлан үзээд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхэд хүрлээ. Учир нь иргэн Р.Катав 2008 онд БЗД-ийн 11-р хороо, товчоо 7-19 тоот хаягт буугаад 2009.10.02-ны хашааны газартаа кадастрын зураг хийлгэж хэмжүүлэхэд 339 м.кв талбайтай байсан байх ба энэхүү зургаараа газар эзэмших хүсэлтээ БЗД-ийн Газар зохион байгуулалтын албанд гаргахад түүний амьдарч буй кадастрын зураг хийлгэсэн, газрын тоо бүртгэлд хамрагдсан, 339 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас төлөвлөгөөнд тусгагдаагүй гээд олгоогүй байна. Р.Катав нь 2009.10.02-ны өдөр Эдлэн газрын тоо бүртгэлд хамрагдан бүртгүүлж, улмаар нэгдсэн журмаар хаягжилт хийхэд БЗД-ийн 11-р хороо, Товчооны 7-19 тоот хаягийг түүнд олгосон байтал түүний амьдарч ашиглаж буй газарт давхцуулан БЗД-ийн Засаг даргын 2014.05.14-ний өдрийн А/213 тоот захирамжаар О.Ганцэцэг, Б.Түмэнбаяр нарт газар олгосон нь Р.Катавын эрхийг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэхүү газрыг олгохдоо Газрын алба нь газрын төлөв байдлын талаар суурин болон хээрийн судалгаа хийгээгүй, хаягжилт олгогдсон эсэхийг хянаагүй байна. Мөн 2014 онд газар эзэмшихээр хүсэлт гаргасан гэх О.Ганцэцэг, Б.Түмэнбаяр нар нь төрийн байгууллагад үнэн зөв, бусдын эрхийг хөндөөгүй, шударга зарчимд нийцсэн газар эзэмших хүсэлтийг гаргаагүй байна. БЗД-ийн Засаг даргын 2014.05.14-ний өдрийн А/213 тоот захирамжаар О.Ганцэцэг, Б.Түмэнбаярт олгосон газраас Р.Катавын ашиглалтанд буй газартай О.Ганцэцэгийн 173 м.кв. Б.Түмэнбаярын 163 м.кв газартай давхцалтай байна. Р.Катав маргаан бүхий газарт түрүүлж буусан, урьтаж маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ гаргасан. Р.Катавыг амьдарч байх үед түүнийг эрх бүхий байгууллагаас газар чөлөөлөхийг шаардаж байгаагүй байна. Р.Катав нь зөвхөн өөрийн 2008 оноос хойш ашиглаж байгаа 339 м.кв газраа л авах хүсэлтэй байгаа ба О.Ганцэцэгт үлдэх 527 м.кв газар. Б.Түмэнбаярт үлдэх 537 м.кв газрын эрхийг хөндөх хүсэлгүй байгаа болно. Манай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь ЗХШХШТХ-ийн 106-р зүйлийн 106.3.1-д заагдсан шаардлага болно. Иймд БЗД-ийн Засаг даргын 2014.05.14-ний өдрийн А/213 тоот захирамжийн О.Ганцэцэг, Б.Түмэнбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь маргаан бүхий 339 м.кв бүхий газартаа 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдөр кадастрын зураг хийлгэсэн. 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөн одоо дүүрэг, нийслэлээс зохион байгуулагдаж байгаа газрын тооллогод хамрагдаж байсан. Зөвшөөрөл бүхий газартаа цахилгааны зөвшөөрөл зэргийг аваад өнөөдрийг хүртэл амьдарч байгаа үйл баримт нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. 2009 оны 10 дугаар сарын 02-ны одоо эдлэн газрын бүртгэл, кадастрын зураг, холбогдох баримтуудыг хавсарган 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдөр газрын албанд газар эзэмших хүсэлт гаргасан. Тухайн газар эзэмших хүсэлтийг гаргахдаа хажуу, хойд, урд талын айлууд бүгд зөвшөөрөлтэй байна. Иймд миний амьдарч байгаа газарт газар эзэмших газар эзэмших эрхийг олгож гүн туслалцаа үзүүлнэ үү гэсэн байдаг. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 2010 оны газрын төлөвлөгөөнд тусгагдаагүй учраас таны газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгсөн. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хуульд заагдсан хугацаанд хандаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 05 сарын 14-ний өдрийн А/213 дугаар захирамжийн О.Ганцэцэг, Б.Түмэнбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Р.Катавт маргаан бүхий газрыг газрын төлөвлөгөөнд тусгагдаагүй учраас танд газар эзэмшүүлэх боломжгүй. Хэрэв газрын төлөвлөгөөнд тусгагдах юм бол танд энэ газрыг эзэмшүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн агуулгатай хариу юм. Нэхэмжлэгч Р.Катавт 339 м.кв газартаа амьдарч эхэлснээс хойш хэн нэгэн этгээдэд миний эзэмшил, ашиглалтад байгаа газрыг авсан байна. Газрыг чөлөөл гэсэн асуудал огт яригдаж байгаагүй. Дүүргийн Газар зохион байгуулалтын алба 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр О.Ганцэцэг, Б.Түмэнбаярт нарт газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг судлах ёстой. Өөрөөр хэлбэл хээрийн судалгаа буюу О.Ганцэцэг, Б.Түмэнбаяр нар эзэмшихээр хүсэлт гаргасан 700 м.кв газарт хэмжилт хийж бусдын эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг хянаж, бодит байдалтай танилцан акт хүлээлцэх ёстой байсан. Гэтэл ийм үйл баримт огт байхгүй. Мөн суурин судалгааг хангалттай хийгээгүйн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн. Нэхэмжлэгч нь анх хоосон газар дээр байшин, гарааш барин өнөөдрийг хүртэл уг газартаа амьдарч байгаа. Мөн нэхэмжлэгч Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших хүсэлтээ хуульд нийцүүлж буюу холбогдох баримтууд хорооны тодорхойлолт, кадастрын зураг зэргийг Газар зохион байгуулалтын албанд гаргаж байсан. Гэтэл 2014 оны захирамжаар гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэхдээ Р.Катавын хүсэлт гаргасан газрыг давхцуулан олгосон нь энэхүү маргааны үндэслэл болж байгаа учраас дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/213 дугаар захирамжийн О.Ганцэцэг, Б.Түмэнбаяр нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Харин холбогдох хэсгийг хүчингүй болгох гэдэг нь гуравдагч нарын газрыг бүхэлд нь биш зөвхөн нэхэмжлэгчийн газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах юм. О.Ганцэцэг нь 2014 оны захирамжаар газар эзэмших эрхээ аваад 2021 оны 368 дугаар захирамжаар газрын эрхээ сунгуулсан байдаг. Газар эзэмших эрхээ сунгуулахдаа бодитой ашиглаж байгаа 500 м.кв хэсгээрээ биш 700 м.кв хэмжээгээр хүсэлтээ гаргасан. 2014 оноос хойш газар эзэмшиж байхдаа 700 м.кв биш 500 м.кв талбай газрыг эзэмшиж байсан. 2021 оны 368 дугаар захирамжаар газар эзэмших эрхээ сунгуулсны дараа Р.Катав холбогдуулан Иргэний хэргийн шүүхэд миний эзэмшил, ашиглалтад байгаа газарт зөвшөөрөлгүй этгээд амьдарч байгаа тул албадан нүүлгэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Ийнхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газрын маргаантай холбоотойгоор Р.Катав Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргаж захиргааны хэрэг үүссэн. Дүүргийн Засаг даргын 368 дугаар захирамжаар 2014 онд газрыг эзэмшүүлэхдээ бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт давхцуулж О.Ганцэцэг хүсэлт гаргасныг Газар зохион байгуулалтын алба бодит нөхцөл байдал дээр суурин судалгаа, хээрийн судалгааг хийхгүй газар эзэмших эрхийг сунгасан нь Газрын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Газрын тухай хуульд газрыг талуудад тэгш, шударгаар эзэмшиж, ашиглуулах үүрэгт энэ зарчим зөрчигдсөн. Нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл амьдарч байгаа газраа эзэмших, ашиглах хүсэлтээ Газар зохион байгуулалтын албанд гаргахад газрыг олгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох хүсэлтэй байгаа. О.Ганцэцэг, Б.Түмэнбаяр нарын кадастрын зургийг хийсэн компани нь газар дээр нь очиж бодитоор хэмжиж хүлээлцсэн акт байхгүй. Кадастрын зургийг газар эзэмших хүсэлтийнхээ бүрдүүлбэрт өгсөн. Кадастрын зураг хийхдээ бодит байдал очиж хэмжээгүйгээс Р.Катав эрх зөрчигдсөн байна. Мөн О.Ганцэцэг, Б.Түмэнбаяр нар Р.Катавыг тухайн газарт амьдарч байгааг мэдсэн хэр нь нэхэмжлэгчийн газрыг оруулж, хувийн кадастрын компаниар кадастрын зураг хийлгэсэн нь тогтоогдсон. Газрын алба тухайн хүсэлт гаргасан газрынх нь кадастрын зурагтай бодит байдал дээр хэмжээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч нар газрын хүсэлтийг шийдвэрлэхээр холбогдох баримтуудыг нарийн нягталж шалгаагүй учраас маргаан бүхий захирамж хуульд нийцэж гараагүй. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг мэдсээр байж О.Ганцэцэг, Б.Түмэнбаяр нар бусдын эзэмшил, ашиглалтад байсан газрыг оролцуулж газар эзэмших эрх авсан нь Газрын тухай хуулийн 4.1.3-т заасан газар эзэмших, ашиглах, өмчлөхөд шударга ёс, тэгш байдлыг хангана гэсэн зарчмыг зөрчсөн байна. Гуравдагч этгээд нар хашаалсан газрынхаа хэмжээгээр газар эзэмших хүсэлтээ гаргах ёстой байтал хэтрүүлж хүсэлт гаргасныг газрын алба нарийн нягталж шалгаагүй. Дүүргийн Засаг дарга хяналт тавихгүйгээр захирамж гаргаснаар өнөөдөр Р.Катарын газар эзэмших эрх зөрчигдсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Балжиннямаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/213 дугаар захирамжаар тус дүүргийн 11 дүгээр хороо, Товчоо хэсэгт иргэн О.Ганцэцэгт иргэний ахуйн зориулалтаар 700 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгож, 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 368 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, гэрээ байгуулан гэрчилгээ олгосон байна. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Балжиннямаас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Р.Катавын зүгээс 2009 онд Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших тухай хүсэлт өгөөд 2010 онд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө тусгаагүй учраас газар эзэмших эрх олгох боломжгүй гэсэн хариу өгч байсан. Гуравдагч этгээд болох Б.Түмэнбаяр О.Ганцэцэг наараас 2014 онд газар эзэмших тухай хүсэлт өгсөн ба хүсэлтийн дагуу 2014 оны А/213 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон. О.Ганцэцэгээс ирүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан. Одоогоор Н.Түмэнбаярын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан боловч газар эзэмших эрхийг түдгэлзүүлэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн албан бичгийн дагуу газар эзэмших эрхийг түдгэлзүүлсэн. Нэхэмжлэгч нь 2008 оны гүүглийн зургаас харахад тухайн газартаа хашаа барьсан байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг манай зүгээс зөвшөөрөх боломжгүй. Учир нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Уг нэмэлт өөрчлөлтөд зааснаар газар эзэмших, ашиглах эрхийг олгох эрх бүхий байгууллага нь зөвхөн Нийслэлийн Засаг дарга юм. Нийслэлийн Засаг дарга эрхээ дүүргийн Засаг дарга руу шилжүүлсэн тохиолдолд газар эзэмших эрх шинээр олгох нөхцөл байдал үүсэж байгаа. Энэ хэргийн хувьд О.Ганцэцэг, Б.Түмэнбаяр нарын үндсэн газар эзэмших эрх үүссэн талбайгаас хасаад нэхэмжлэгчид нэхэмжлэгчид шинээр газар эзэмших эрх олгох процесс явагдах гэж байгаа учраас манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байгаа. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд гаргасан өргөдөл байна" гэж заасан. Нэхэмжлэгчийн хувьд Газрын тухай хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрх үүсээгүй байгаа учраас хуулиар хамгаалагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Газар эзэмших эрх гэдэг нь нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаа шиг хашаа бариад, тухайн газраа олон жил амьдрах биш юм. Газрын тухай хуульд заасан журмын дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж болохыг тусгасан байх ба эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар эзэмших эрх олгосон байхыг хэлнэ. Хуулийн дагуу үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасан захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгоно гэж заасныг анхаарах хэрэгтэй. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүсэж буй дүүргийн Засаг даргын 2021 оны 368 дугаар захирамж хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт юм. уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн зүйл байхгүй. Маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй учраас нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Маргаан бүхий захиргааны актууд хууль ёсны дагуу гарсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Гуравдагч этгээд О.Ганцэцэгээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд Р.Катавын нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн засаг дарга, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын хэлтэст тус тус холбогдох захиргааны хэрэг хянан хэлэлцэгдэж байна. О.Ганцэцэг миний бие тус хэрэг маргаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд Р.Катавын нэхэмжлэлтэй холбогдуулан энэхүү хариу тайлбарыг үүгээр хүргүүлж байна. Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 11-р хороо Товчоо 7-11а хаягт байрлах 1333107339 дугаар бүхий 699 м.кв Гэр, орон сууц хашааны зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Э 2204016161 дугаар бүхий гэрчилгээтэй тус газар нь Оросоо овогтой Ганцэцэг /УД71061165/ миний эзэмшлийн газар билээ. Миний бие 2007 оноос тус газрыг хашаалж амьдарч эхэлсэн ба 2009 оноос тус газрыг эзэмших хүсэлтэй байгаагаа холбогдох байгууллагуудад илэрхийлж, өргөдөл гаргаж эхэлсэн. Тухайн үед манай хашаа 0,7 га газраа бүхэлд нь бүрхэж хүрэхгүй байсан бөгөөд урд талын хэсэг орж байж 0,7 га болдог. 2009 оны 12-р сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн талбайдаа кадастрын зураг хийлгэхэд ямар нэгэн давхцал байгаагүй. Ингээд тэр жилдээ эзэмших хүсэлт гаргасан боловч энэхүү газар нь тухайн жилийн төлөвлөгөөнд ороогүй байсан. Улмаар 2012 оны 07-р сарын 05-ны өдөр мөн кадастрын зураг хийлгэхэд давхцал байгаагүй ба эзэмших хүсэлтээ дахин өгөхөөр холбогдох байгууллагад хандсан боловч мөн хүлээж авах боломжгүй байна гэсэн хариу өгч буцаасан. Ингээд 2014 оноос тэр хэсгийн газрыг төлөвлөгөөнд оруулан эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож байгааг мэдээд 2014 оны 04-р сарын 18-ны өдөр газрын албанд хүсэлтээ гарган холбогдох хууль, дүрэм, журмын дагуу 2014 оны 05-р сарын 14-ны өдөр газрын эрхийн гэрчилгээгээ авсан байдаг. Тухайн үед давхцал байгаа эсэхийг дахин шалгуулж2014 оны 07-р сарын 23-ны өдөр дахин кадастрын зураг хийлгэсэн бөгөөд кадастрын зургийн аливаа давхцал байхгүй хэвээр байсан болно. Улмаар 15 гаруй жилийн турш эзэмшсэний үндсэн дээр 2021 оны 07-р сарын 28-ны өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А/368 Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах захирамжийн дагуу 2021 оны 09-р сарын 08-ны өдөр 15 жилийн хугацаатай тус эрхийн гэрчилгээг сунгасан байдаг. Газрын тухай хуульд заасны дагуу хугацаа сунгах хүсэлтээ зохих журмын дагуу өгч, эрхийн гэрчилгээгээ сунгуулж, 2021 оны 09-р сарын 08-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан. Иймд хариуцагч нарын үйлдэл хууль ёсны бөгөөд миний газрын гэрчилгээг сунгасан захирамжийг хүчингүй болгох хууль зүйн аливаа үндэслэл байхгүй болно. Мөн Р.Катав нь миний эзэмшлийн 173 м.кв газар дээр зөвшөөрөлгүй оршин сууж байна. Цаашлаад миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж захиргааны хэргийн анхан шатны шүүхэд надад холбогдох Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А/368 Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах захирамжийг хүчингүй болгуулахаар байна. Гэтэл Газрын тухай хуулийн 26.3, 27.1, 27.3, 27.4-т "Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно" гэж заасан байхад Р.Катав газар эзэмших эрхийн гэрчилгээгүй дур мэдэн эзэмшиж байгаа юм. Үүнээс гадна тэрээр нэхэмжлэлдээ байшин давхацсан гэдэг боловч миний 173 м.кв газар дээр давхацсан зүйл байхгүй болох нь кадастрын зураг болон бусад баримтаар нотлогдоно. Миний бие 0.7 га газрынхаа төлбөрийг цаг тухай бүрт нь 2014 оноос хойш тасралтгүй төлж, хуульд заасан шаардлагыг ханган эрхээ сунгуулан эзэмшиж байна. Гэтэл нэхэмжлэгч О.Ганцэцэг миний газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгох шаардлага гаргаж буй нь хууль, шударга ёсонд үл нийцнэ. Тиймээс Р.Катавын нэхэмжлэл нь миний эрх хууль ёсны ашиг сонирхолд шууд халдсан хуульд үл нийцэх нэхэмжлэл байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Гуравдагч этгээд О.Ганцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гуравдагч этгээд О.Ганцэцэгийн хувьд 2007 оноос хойш тус газар амьдарч эхэлсэн байдаг. 2007 онд гэр барьж хашаалсан байх үеийн сансрын зураг нь хавтаст хэргийн 90 дүгээр хуудаснаас эхлэн он оны дарааллаар нотлох баримтаар авагдсан байгаа. Мөн кадастрын зургуудыг хавсаргасан байдаг. 2007 оноос 2009 оны хооронд О.Ганцэцэг нь газар эзэмших хүсэлтээ газрын албанд гаргаж байсан боловч нэгдсэн системд дундаас нь алга болсон, бүртгэгдээгүй байгаа нөхцөл байдал бий. 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдөр кадастрын зургийг хийлгэхэд ямар нэгэн давхцал байхгүй гэж байсан. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй тул газар эзэмшүүлэх боломжгүй гэдэг хариуг ирүүлсэн. 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мөн кадастрын зураг хийлгэсэн. Тухайн үед мөн давхцал байгаагүй, Гэтэл газар эзэмшүүлэх боломжгүй учир нь төлбөрийг хавсаргаагүй гэж бас буцаасан. 2014 оноос эхлэн тухайн хэсгийн газруудыг эзэмшүүлж эхэлж байна гэх ам дамжсан яриаг сонсон кадастрын зураг хавсарган газар эзэмших хүсэлтээ гаргасан. Ийнхүү 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан учраас хүсэлтийг хүлээн авч газар эзэмших эрх олгосон байдаг. Нэхэмжлэгч нь 2009 онд анх тухайн газар оршин сууж эхэлсэн талаараа нэхэмжлэлдээ бичсэн байдаг. Тухайн газар нь Б.Түмэнбаяр болон О.Ганцэцэг нарын хашааны завсар хэсгийн газар байсан. Тухайн үед О.Ганцэцэг ямар нэгэн шаардлага тавьж байгаагүй. 2023 оны 09 дүгээр сард сунгалт хийлгэх үед зөрчилтэй байгаа тул зөрчил арилгах талаар Газрын албаны бичиг ирсэн. Иймд иргэний хэргийн анхан шатны шүүхэд газрыг албадан чөлөөлүүлэх хүсэлтийг гаргасан. Үүний дараагаар нэхэмжлэгч нь Захиргааны хэргийн шүүхэд хандаж захиргааны хэрэг үүссэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд О.Ганцэцэг болон Б.Түмэнбаяр нарын газраас нийт хэдэн м.кв газрыг хүчингүй нь тодорхойгүй байна гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7, 41 дүгээр зүйлийн 41.2-дахь хэсэгт газар эзэмшихээр гаргасан хүсэлт нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газар байна гэж заасан. Шүүх.мн зэрэг шүүхийн цахим системүүдийг шүүж үзэхэд юун дээр маргаан гардаг вэ гэх юм бол төлөвлөгөөнд орсон эсэх дээр маргаан гарсан байдаг. Үүнийг зохицуулсан зохицуулалт нь Газрын тухай хуульд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна гэж тусгасан байдаг. О.Ганцэцэгийн хувьд тухайн газартаа 2007 оноос хойш амьдарч хашаалаад өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж байгаа. Нэхэмжлэгчийн тайлбараас харахад газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, хууль ёсоор эзэмших эрхгүй этгээд тухайн газартаа амьдарч байх нь тухайн иргэний газар эзэмших эрхтэй, давуу байдал үүсэх мэт тайлбарлаж байна. О.Ганцэцэг нь хууль ёсоор хүсэлтээ гаргаад тухайн төлөвлөгөөнд тусгагдсан гэдгийг сонссон цаг мөчөөс эхлээд хүсэлтээ гарган газар эзэмших эрхээ авсан. Р.Катав нь 2009 онд хүсэлт гаргахад уг хүсэлтийг татгалзсан. Нэхэмжлэгч тухайн газраа амьдарснаас хойш хүсэлт гаргах бүрэн эрх нь нээлттэй байсан. Түүнээс хойш эзэмших хүсэлтээ гаргаад газрыг эзэмшиж болох байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Р.Катав нь анх Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Р.Катавын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, товчоо 7-19 тоотод байрлах 339 м.кв газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/368 тоот захирамжийн О.Ганцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/213 тоот захирамжийн О.Ганцэцэг, Б.Түмэнбаяр нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах[1] гэж нэмэгдүүлсэн байна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/368 тоот захирамжийн О.Ганцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах болон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/213 тоот захирамжийн О.Ганцэцэг, Б.Түмэнбаяр нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай А/213 тоот захирамж /уг захирамжийн хавсралтын 228, 229/-аар О.Ганцэцэг, Д.Түмэнбаяр нарт Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, товчоо 7-11А болон товчоо 7-11 тоот хаягт тус тус байрлах, тус бүр 700 м.кв хэмжээтэй газрыг эзэмшүүлсэн байна.
Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/368 тоот захирамжаар О.Ганцэцэгийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасан байна.
Шүүх дээрх заалтын дагуу хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, захиргааны байгууллагаас буюу Баянзүрх дүүргийн Засаг даргаас дахин шинэ акт гарах хүртэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/213 тоот захирамжийн О.Ганцэцэг, Б.Түмэнбаяр нарт холбогдох хэсгийг болон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/368 дугаар захирамжийн О.Ганцэцэгт холбогдох хэсгийг тус тус 1 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Үндэслэлийг тайлбарлавал:
Хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд, энэ маргааны тухайд дараах нөхцөл байдлууд тодорхойгүй байх бөгөөд үүнийг хариуцагч нягтлан шалгах шаардлагатай байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч Р.Катав болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гуравдагч этгээд О.Ганцэцэг, Б.Түмэнбаяр нар нь өөрсдийн эзэмшлийн газар дээр байрлаж буй хашаагаа хойш сунгах боломжтой, ийнхүү сунгасны үндсэн дээр газрын давхцалыг арилгах боломжтой гэсэн агуулгаар тайлбарлаж байх ба хариуцагч нь энэхүү нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгах шаардлагатай
2. Одоогийн бодит нөхцөл байдалд нэхэмжлэгч Р.Катавын амьдарч байгаа хашаа нь гуравдагч этгээд О.Ганцэцэг, Б.Түмэнбаяр нарын эзэмшлийн газартай тодорхой хэдий хэмжээтэй давхцаж байгааг нарийвчлан хэмжиж тогтоох шаардлагатай байх ба энэхүү тодорхойгүй нөхцөл байдлыг хариуцагч тодруулан шалгах шаардлагатай
3. Хэрэгт цугларсан бүртгэл хяналтын картаас[2] үзэхэд, нэхэмжлэгч Р.Катав нь маргаан бүхий газрыг эзэмшихээр 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүсэлт гаргасан болох нь тогтоогдож байх ба харин гуравдагч этгээд О.Ганцэцэг, Б.Түмэнбаяр нар нь уг хугацаанаас өмнө нь хүсэлт гаргасан нь болох нь тогтоогдохгүй байх бөгөөд энэ нөхцөл байдлыг хариуцагч харгалзан үзэх шаардлагатай
4. Маргаан бүхий газарт очиж хийсэн шүүхийн үзлэгээр, бодит байдалд нэхэмжлэгч Р.Катав нь маргаан бүхий газар дээр гэр бүлийн гишүүдийн хамт байшин барин амьдарч байгаа болох нь тогтоогдсон ба энэхүү нөхцөл байдлыг хариуцагч харгалзан үзэх шаардлагатай
5. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд нь өөр өөрсдийн одоо барьсан байгаа хашааныхаа хэмжээгээр газрыг эзэмших хүсэлтийг гаргаж, зөвшилцсөн тохиолдолд ямар ч маргаан гарахгүй ба ийм байдлаар зөвшилцсөн тохиолдолд хариуцагчийн зүгээс энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой. гэсэн агуулгаар тайлбарлаж байгааг судлан үзэх
Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд, хариуцагч захиргааны байгууллага нотлох баримтыг гүйцэт цуглуулах, бодит нөхцөл байдлыг нарийвчлан шинжлэн судалж тогтоох үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасан байна.
Захиргааны акт гаргахын өмнө уг захиргааны акттай холбоотой бодит нөхцөл байдлыг нарийвчлан шалган тогтоох чиг үүрэг нь шүүхийн биш харин хариуцагч захиргааны байгууллагын чиг үүрэг тул нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзнэ.
Иймд дээр тайлбарласан нөхцөл байдлуудыг нарийвчлан нягтлан шалгах бүрэн эрх хариуцагчид хуулиар олгогдсон тул шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн ба захиргааны байгууллагын шалгах үүргээ гүйцэд биелүүлээгүй үйлдлийг хариуцагчаар өөрөөр нь зөвтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагч нь дээр дурдсан нөхцөл байдлыг шалгаж үзсэний үндсэн дээр дахин шинэ акт гаргах нь зүйтэй байх ба энэ арга замаар тус шүүхийн шийдвэрийг биелүүлнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана гэж заасан байна.
Дээрх зохицуулалтаас үзэхэд, хариуцагч нь шүүхээс тогтоосон 1 хүртэл сарын хугацаанд дээр тайлбарласан нөхцөл байдлыг хянан шалгасны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргаагүй бол Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/213 тоот захирамжийн О.Ганцэцэг, Б.Түмэнбаяр нарт холбогдох хэсгийг болон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/368 дугаар захирамжийн О.Ганцэцэгт холбогдох хэсгийн нэхэмжлэгч Р.Катавын хашаатай давхцалтай хэсэг тус тус хүчингүй болно.
Иймд дээр тайлбарласан үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/213 тоот захирамжийн О.Ганцэцэг, Б.Түмэнбаяр нарт холбогдох хэсгийг болон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/368 дугаар захирамжийн О.Ганцэцэгт холбогдох хэсгийг тус тус 1 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Р.Катавын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, товчоо 7-19 тоотод байрлах 339 м.кв газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Шүүх дээр тайлбарласан үндэслэлүүдээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/213 тоот захирамжийн О.Ганцэцэг, Б.Түмэнбаяр нарт холбогдох хэсгийг болон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/368 дугаар захирамжийн О.Ганцэцэгт холбогдох хэсгийг тус тус 1 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл, шүүх маргаан бүхий захиргааны актуудыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх шаардлагагүй, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаснаар нэхэмжлэлийн энэ шаардлага шийдвэрлэгдэх боломжтой.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-д заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/213 дугаар захирамжийн О.Ганцэцэг, Д.Түмэнбаяр нарт холбогдох хэсгийг болон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/368 дугаар захирамжийн О.Ганцэцэгт холбогдох хэсгийг Баянзүрх дүүргийн Засаг даргаас дахин шинэ акт гарах хүртэл нэг сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Баянзүрх дүүргийн Засаг дарга нь тус шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан 5 нөхцөл байдлыг шалган үзсэний үндсэн дээр захиргааны шинэ актыг дахин гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг дарга нь шүүхээс тогтоосон 1 хүртэлх сарын хугацаанд захиргааны шинэ акт гаргаагүй тохиолдолд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/213 дугаар захирамжийн О.Ганцэцэг, Д.Түмэнбаяр нарт холбогдох хэсгийн Р.Катавын хашаатай давхцалтай хэсгийг болон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/368 дугаар захирамжийн О.Ганцэцэгт холбогдох хэсгийн Р.Катавын хашаатай давхцалтай хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4. Нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгч Р.Катавын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, товчоо 7-19 тоотод байрлах 339 м.кв газарт газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ