Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 0008

 

 

 

 

 

 

 

А.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Д.Азжаргал, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                         Г.А

Шүүгдэгч                                                          А.О

Нарийн бичгийн дарга                                Г.Отгонтуяа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Оийн гаргасан давж заалдах гомдлоор А.От холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г овогт А-н О,

А.О нь        аймгийн         сумын       багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” цэцэрлэгийн “Б” бүлгийн багшаар ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1 нас 4 сар 17 хоногтой Г.Д-г “унтсангүй” гэх шалтгаанаар гарын алгаараа цохиж, чимхэж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: А.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

   Шүүгдэгч Г овогт А-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Оийг  720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч А.От оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 /зургаа/-аас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.От оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шүүгдэгч А.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

 

            Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж үлдээж  шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.О давж заалдах гомдолдоо: ... Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Хохирогч болон түүний эцэг, эхээс уучлалт гуйсан. Гэмт хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Харин оногдуулсан ялын тухайнд анхан шатны шүүх хуралдаан болоход ажилгүй байсан бөгөөд энэ хугацаанд шинээр ажилд орсон. Залуу гэр бүл учраас ганц хүний цалин хүрэлцэхгүй. Зээлээ төлөөд дуусчихдаг. Би ажил хийснээр гэр бүлийн санхүүгийн байдал дээрдэж байна.

Хэрвээ нийтэд тустай ажил хийх юм бол ажил хийх боломжгүй болох юм. Иймд миний хувийн байдал болоод гэр бүлийг минь харгалзан үзээд анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгч тусална уу ...” гэжээ.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.О тайлбартаа: ... Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Миний хувьд дахин ийм хэрэг үйлдэхгүй, надад боломж олгож өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.А дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлт гаргаж байна ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Оийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

             Шүүгдэгч А.О нь         аймгийн         сумын    багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” цэцэрлэгийн “Б” бүлгийн багшаар ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1 нас 4 сар 17 хоногтой Г.Д-г “унтсангүй”  гэсэн шалтгаанаар гарынхаа алгаар хацар луу нь цохиж, чимхэж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

 

             хохирогч М.Г-н ... 2022 оны 10 дугаар сарын 26-ны орой хүүгээ цэцэрлэгээс нь манай эхнэр авахад манай хүүгийн зүүн талын хацар дээр нь хөх толбо үүсчихсэн байхаар нь багшаас нь асуухад тоглоом булаацалдаж байгаад хүүхдэд цохиулсан гэж хэлэхээр нь тухайн үед юм бодолгүй өнгөрсөн. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 27-ны орой авахад баруун талын хацар нь мөн адил хөхөрч улайсан байсан. Тэгээд гэртээ хүүгээ аваад харьсан чинь уйлаад ээжээсээ салахгүй байхаар нь гайхаад хувцсыг нь тайлаад харахад нуруу, хөл дээр нь хөх толбонууд үүсэж гэмтсэн байсан. Тэр шөнө манай хүү огт унталгүй юмнаас цочиж, уйлж хоносон. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус цэцэрлэг дээр очиж ангийн хяналтын камерыг үзэхэд багш О нь миний хүүг унтуулах гэж зодож байгаа бичлэг байсан ... гэсэн мэдүүлэг /хх-21, 29 тал/,

 

             гэрч Ц.А-н ... Г.Д-н төрсөн эцэг, эх мөн эгч нь гээд гурван хүн миний өрөөнд орж ирээд Г.Д-н хацар улайж, хөхөрсөн байна, хяналтын камерын бичлэгийг шүүж үзье гэсний дагуу би А.О багшийг дуудаж хамтдаа хяналтын камерын бичлэгийг үзэхэд 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12 цаг 40 минутын орчимд Г.Д-г А.О багш унтуулах гэж биеийг нь илж байхад Г.Д унтахгүй байсан чинь А.О нь Г.Д-н нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа алгадаж байгаа дүрс бичлэг харагдсан ... гэсэн мэдүүлэг /хх-31-32 тал/,

 

             гэрч Г.Э-н ... 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр цэцэрлэгээс нь аваад гэртээ харихад шөнөжингөө халуураад уйлаад унтаагүй. 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хамт хяналтын камерын бичлэг үзэхээс өмнө захирал А нь О багшаас “юу болсон талаар хэлэхгүй юм уу, одоо хяналтын камерын бичлэг үзээд бүх зүйл тодорхой болно” гэхэд юу ч хэлэхгүй суугаад байсан. Тэгээд хяналтын камерын бичлэг үзэж дууссаны дараа “тийм ээ би Г.Д-г унтахгүй болохоор нь цохисон юм аа” л гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-35-36 тал/,

 

             гэрч М.О-н ... намайг дөнгөж орж ирэхэд А.О багш Г.Д-н баруун хацар нь хөхөрсөн байна, яагаад хөхөрсөн юм бол гэж надад хэлсэн болохоор би хүүхдийн хацрыг хараад хөхөрсөн байна гэдгийг нь мэдсэн ... гэсэн мэдүүлэг /хх-38-39 тал/,

 

             Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 824 дугаартай ... Г.Д-н биед баруун болон зүүн хацар, баруун гуя, нуруу баруун чихний дэлбээнд зөөлөн эдэд 8 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ... Зөөлөн эдийн гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана ... гэсэн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

             Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

             Анхан шатны шүүх шүүгдэгч А.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

             Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэснийг хөнгөрүүлэн өөрчилж, торгох ял болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

             Иймд шүүгдэгч А.Оийн ... залуу гэр бүл учраас ганц хүний цалин хүрэлцэхгүй. Зээлээ төлөөд дуусчихдаг ... анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү ... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Оийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                                     Д.АЗЖАРГАЛ

 

                                                                        С.ЦЭЦЭГМАА