Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2024/0516

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Ц, Ц.Э

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Маргааны төрөл: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай дугаар захирамжийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч C.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, М.Энхжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай дугаар захирамжийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын үндэслэлдээ: Монгол Улсын иргэн Л Ц, Ц Э бид Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 сарын 27-ны өдрийн дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 324 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон бөгөөд 2019 оны 09 сарын 09-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосны дагуу тухайн газрыг эзэмшиж байна. Гэвч Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжаар бидний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байх бөгөөд энэхүү захирамжийг бидэнд шуудангаар илгээснийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авсан болно. Бид энэхүү шийдвэрийг хүлээж аваад Газрын тухай хуулийг судалж үзэхэд тус хуулийн 40.3-т эрхийн гэрчилгээ эзэмшигч нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргахаар заасан боловч энэхүү хугацаа өнгөрсөн байсан, мөн эмнэлэгт хэвтэж байсан зэрэг шалтгааны улмаас Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхээр хүсэлт гаргасан. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 сарын 07-ны өдрийн дугаар захирамжаар шүүхэд гомдол гаргах хугацааг сэргээж тогтоож өгсний дагуу бид 2023 оны 11 сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан болно. Газрын тухай хуулийн 40.3-т шууд шүүхэд гомдол гаргахаар заасан, мөн Газрын тухай хуулийн 60.1.1-д газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга шийдвэрлэхээр заасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын дээд шатны Засаг дарга байхгүй тул шууд шүүхэд хандсан болно. Нийслэлийн Засаг дарга бидний газар эзэмших эрхийг /хүчингүй болгосон захирамждаа ашиглах эрх гэж бичсэн байгаа/ Газрын тухай хуулийн 40.1.6-д заасны дагуу тухайн газраа зориулалтын дагуу 2 жилийн хугацаанд ашиглаагүй, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж үзсэн нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй байна. Үүнд:

 

1. Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг үндэслэхдээ энэ хугацаанд бий болсон дор дурдсан бодит нөхцөл байдал болон газар эзэмшигчийн зүгээс хийж хэрэгжүүлсэн ажил, захиргааны байгууллагын өөрсдийнх нь үүрэг оролцоо зэргийг харгалзан үзээгүй болно. Үүнд: Ковид-19 цар тахал гарч тухайн газар дээрээ ямар нэг үйл ажиллагаа явуулах боломж хязгаарлагдмал байсан; Тухайн газар дээрээ бид эрх бүхий байгууллагаас давхар барилга барихыг зөвшөөрсөн архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу зураг төсөл боловсруулах, хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэхээр ажиллаж байсан боловч зэргэлдээ газар эзэмшигч Б.Б /Барилгын хөгжлийн захирал асан/ 9 давхар барилга барихаар зөвшөөрөл авахдаа манай барилга барих газрыг авто зогсоол барихаар төлөвлөлт хийлгэсэн; Нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын ерөнхий архитекторт зэргэлдээ газар эзэмшигч Б.Б******* 9 давхар барилга барих зөвшөөрөл өгөхдөө бидний газар эзэмших эрхийг зөрчиж, өөрийн эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах боломжгүй болгож байгаа талаар 2022 оны 4 сарын 6-ны өдөр гомдол гаргасан; Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар 2022 оны 04 сарын 27-ны өдөр СӨХ болон манай зэргэлдээ газар эзэмшигч ******* и*******г ХХК, иргэн Б.Б болон Ц.Э намайг оролцуулан уулзалт хийж, Б.Б******* барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгох талаар ярилцаж, харин манай асуудлын тухайд "танай барилга барих эрх нээлттэй байгаа" гэсэн хариу өгсөн; Дээрхи уулзалтын дараа Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас "танайх хуучин архитектур төлөвлөлтийн даалгавраа өөрчлүүл, яг ямар хэмжээтэй барилга барих хүсэлтэй байгаа талаараа хүсэлтээ гаргаж өг гэсний дагуу бид 2022 оны 05 сарын 02-ны өдөр зэргэлдээ баригдах 9 давхар барилгатай ижил барилга барих хүсэлтээ гаргасан боловч СӨХ нь барилга бариулахыг эсэргүүцэж байгаа гээд бидний асуудлыг шийдэж өгөхгүй байсан; Барилга барих хүсэлтийг шийдэж өгөхийг хүсэж 2022 оны 6 сарын эхээр Улаанбаатар хотын Ерөнхий архитектор болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын даргатай уулзахад Нийслэлийн Засаг дарга танай газар эзэмших эрхийг цуцлах шийдвэр гаргасан, та бүхэн өөр байршилд газар эзэмших хүсэлт гаргах эрхтэй, эсвэл шүүхээр заргалдах боломжтой гэсэн хариу өгсөн; Бид 2022 оны 06 сарын 15-нд нийслэлийн Засаг даргад дахин гомдол гаргасан бөгөөд 2022 оны 08 сарын 2-ны өдөр бидний газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй гэсэн хариу өгсөн; Бид "*******" СӨХ-тэй эзэмшил газартаа барилга барих асуудлаар хэд хэдэн удаа уулзаж, зөвшилцсөн бөгөөд эзэмшил газартаа эрчим хүчний хэмнэлттэй хабрид пассив 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга барихыг тэд зөвшөөрч, бид бэлтгэл ажлаа хангаж байгаа болно. Мөн бид эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахад гадны нөлөөлөл буюу зэргэлдээ газар эзэмшигчдийн эрх мэдэл, албан тушаалын давуу байдал их нөлөөлж байгаа бөгөөд хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчим бидний хувьд үйлчлэхгүй байгаад маш их гомдолтой байна. Иргэн Б.Б газраа зарчих гэсэн санал хэд хэдэн удаа тавьж байсан боловч биднийг зөвшөөрөхгүй болохоор захиргааны байгууллагад нөлөөлж газар эзэмших эрхийг маань хүчингүй болгуулах арга саам хайж, захиргааны байгууллага түүнд хүссэн хэмжээгээр нь барилгын зөвшөөрөл олгож, бусдын газар дээр авто зогсоолыг нь төлөвлөж өгч байгаа нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна. Хэдийгээр бид өөрсдөөс үл шалтгаалах шалтгаанаар эзэмшил газар дээрээ барилгын ажлаа эхлүүлж чадахгүй байгаа боловч Газрын тухай хууль болон гэрээгээр хүлээсэн газрын төлбөр төлөх, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийлгэх, газрын тухай хуулийг дагаж мөрдөх үүргээ зөрчөөгүй, зохих ёсоор биелүүлж байгаа болно.

2. Маргаан бүхий захиргааны актын үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 40.1.2 дахь заалтыг үндэслээгүй боловч Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-т заасныг үндэслэж газар эзэмшигчийг нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь тухайн газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон зүйл байхгүй бөгөөд энэ талаар захиргааны байгууллагаас бидэнд ямар нэг шаардлага тавьж байгаагүй болно. Иймд Нийслэлийн Засаг дарга иргэн бидний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргах ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; хууль ёсны итгэлийг хамгаалах зэрэг зарчмыг мөрдөөгүйгээс уг шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй болж иргэн бидний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн "Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай" дугаар захирамжийг хүчингүй болгож, бидний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгөхийг хүсье. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжаар нэхэмжлэгч Л.Ц, Ц.Э нарт 324 м.кв газрыг үйлчилгээний зориулалттай олгосон. Газар эзэмших эрх олгосон захирамж гарсантай холбоотой 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай газар эзэмших гэрээ байгуулсан. Анх 2002 онд газар эзэмших эрхээ авсан. Газрыг сунгуулахтай холбоотойгоор өмнөх гэрээний дагуу гэрээ дүгнэсэн акт, газрын төлбөр төлсөн баримтууд, газрын гэрчилгээ зэрэг нь Газрын тухай хуульд заасан баримт бичгийг бүрдүүлж зохих шатын Засаг дарга буюу Нийслэлийн Засаг даргад хандсан ба 2019 онд газар эзэмших эрхийг сунгаж шийдвэрлэсэн. Үүнээс хойш 3 жилийн дараа маргаан бүхий захиргааны акт гарсан. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус захирамжийн 1 дэх заалтад нэхэмжлэгч Л.Ц, Ц.Э нар нь газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн, газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг захирамжтай холбоотойгоор Газрын тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн. Хугацаа хэтрүүлсэн шалтгаан нь нэхэмжлэгч нар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул нэхэмжлэл гаргах хугацааг сэргээсэн шүүгчийн захирамж гарсан. Газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд нэхэмжлэгч нар нь өнгөрсөн хугацаанд газар эзэмших эрхээ сунгуулснаас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашигласан эсэх бодит нөхцөл байдлыг захиргааны байгууллага тогтоох ёстой байсан гэж үзэж байгаа. 2019 оны сүүлээр 2020 он хүртэл Ковид-19 цар тахлын улмаас төрийн захиргааны үйл ажиллагаа хязгаарлагдмал болж хатуу хөл хорио тогтоосон байсан тул 2020 онд газартай холбоотой асуудлыг хөөцөлдөх ийм хязгаарлагдмал цаг үе байсан. Нийтэд илэрхий үйл баримт учраас энэ талаар нэхэмжлэгч нар нотлох шаардлагагүй гэж үзэж байна. Үүнээс хойш 2021 оны эхээр Ковид-19 цар тахал тодорхой байдлаар намжиж зарим төрийн байгууллагын үйл ажиллагаа хэсэгчлэн сэргэж эхэлсэн. 2021 оноос нэхэмжлэгч нар газартай холбоотой асуудал буюу газар дээрээ үйл ажиллагаа явуулж, барилга байгууламж барих ажлаа эхэлсэн. Л.Ц гуай өндөр настай хүн байдаг учраас охин Ц.Э дээрх ажлыг эхлэхээр хөөцөлдөж байсан. Нэхэмжлэгч нар 2019 оноос өмнө газраа зориулалтын дагуу ашиглахаар архитектур төлөвлөлтийн даалгавраа авч байсан. Мөн газартаа барилга барихаар зураг төслөө батлуулахын тулд холбогдох байгууллагуудад хүсэлтээ гарган хандаж байсан. Мөн нэхэмжлэгч нарын газартай зэргэлдээ хуучны 5 давхар орон сууц байдаг ба уг орон сууцны СӨХ-оос Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газарт хандан орон сууцны оролцоо барилга бариулахгүй гэсэн хүсэлт ирүүлсэн байдаг тул энэ асуудлыг шийдвэрлэхээс өмнө барилгын зураг төслийг батлах боломжгүй гэсэн ийм нөхцөл байдлууд үүсдэг. Сүүлд 2022 оны 04 дүгээр сард нэхэмжлэгч нар Хот байгуулалт, хөгжлийн газар, СӨХ-ны удирдлагууд уулзаж тухайн газарт барилга барих юм бол хэдэн давхар барилга барих, газрын болон газар дээрээ барилга барих ажил хэрэгжих боломжтой эсэх талаар хуралдаж, тэмдэглэл хөтөлсөн. Үүнтэй холбоотойгоор Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч нарыг СӨХ-той зөвшилцөн газар дээрээ барилгын ажил эхлэх боломжтой гэж байсан. Хүндэтгэн үзэх шалтгаан гэхээс илүүтэй Ковид-19 цар тахал дэгдсэн жилүүдэд төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа нөлөөлсөн. Тодруулбал, нэхэмжлэгч нараас газар дээрээ үйл ажиллагаа эхлэхээр хүсэлтүүдийг гаргахад тодорхой байдлаар шийдэлд хүрч чаддаггүй. Газар анх олгохдоо иргэдийн саналыг авч тухайн аймгийн эсхүл нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын ерөнхий төлөвлөгөөгөө батлуулдаг. Хуулийн дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан журмынхаа дагуу тухайн бүс, нутаг дэвсгэрт газар олгох боломжтой шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгосон. 2021, 2022 онуудад өмнө батлуулсан архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлүүлэх хүсэлтээ өгөхөд ямар нэгэн байдлаар шийдвэрлэсэн тодорхой хариу өгдөггүй. 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр СӨХ болон Хот байгуулалт, хөгжлийн газартай уулзалт хийж газар дээрээ барилга барих эрх нээлттэй гэж төрийн байгууллагын удирдлага, төлөөлөгч нар хэлсэн байдаг. Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасныг үндэслэсэн байдаг. Захиргааны байгууллага Үндсэн хуулиас гадна үйл ажиллагаандаа баримтлах хууль нь Захиргааны ерөнхий хууль юм. Нийслэлийн Засаг даргаас 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг тодорхой хугацаагаар сунгасан. Хариуцагч энэ захирамжаа сөрөг нөлөөлөл гэж үзэж байна гэж ойлгож байна. Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэдэг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсэгт зааснаар тухайн акт чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэнэ. Газар эзэмших эрх олгосон акт нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт биш. Хариуцагч газар эзэмших эрхийг цуцалсан актадаа Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасныг баримталсан нь хуулийг буруу хэрэгжүүлсэн гэж үзэж үзэхээр байна. Нэгэнт нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэдэг байдлаар шийдвэрээ гаргасан учраас нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ямар байдлаар зөрчигдсөн талаараа нотлох үүрэгтэй. Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий захиргааны актадаа Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасныг баримталсан мөртөө тус хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох ажиллагаагаа хийгээгүй. Нотлох баримт цуглуулах ажиллагааг дутуу хийсэн учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Ц, Ц.Э нарт Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* нэгж талбарын дугаар бүхий 324 м.кв газрыг "үйлчилгээний" зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн "Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай" ******* дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн ба Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01-08/1240 дугаар албан бичгээр хүргүүлсэн болно. Дээрх захирамжийг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 "газар төрийн хяналт, хамгаалалтад байх", 4.1.4 "газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх", 35 дугаар зүйлийн 35.3.1 "газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх", 40 дүгээр зүйлийн 40.1.6 "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй", Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 "бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн", Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно" гэж заасныг баримтлан хүчингүй болгосон. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож егнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн "Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай" А/169 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн ба Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01-08/1240 тоот албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн. Дээрх захирамжийг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т "газар төрийн хяналт, хамгаалалтад байх", 4.1.4-т "газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх", 35 дугаар зүйлийн 35.3.1-д "Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх" 40 дүгээр зүйлийн 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй", Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т "бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн", мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд зааснаар хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанли бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээгээ эрхлээгүй, барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт зүйлийг ойлгоно. Дээр дурдсан үндэслэлүүдээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Иймд Захиргааны хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Л.Ц, Ц.Э нар нь Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай дугаар захирамжийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай ******* дүгээр захирамжаар газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг зөрчиж, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй, нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн тул гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгчид анх Нийслэлийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 360 тоот захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн болох нь 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №******* тоот Архитектур төлөвлөлтийн даалгавраар тогтоогдож байна.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/398 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан байна.

Харин Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжаар нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан байна.

Дээрхээс үзэхэд, нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2018 оны дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар сунгах боломжтой гэж үзэж газар эзэмших эрхийг сунгасан атлаа Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ******* дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй ба энэ нь 2005 оноос хойш олон жил эзэмшиж байгаа газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхээргүй байна.

Мөн дээрх Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ******* дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр буюу тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газарт барилгын ажил эхлүүлэхтэй холбоотой холбогдох зөвшөөрлийг хүссэн боловч маргаан бүхий газар орчмын оршин суугч иргэд буюу ******* СӨХ эсэргүүцэж байсан болох нь хэрэгт авагдсан ******* СӨХ-ны хүсэлтүүд баримтуудаар тогтоогдож байна.

Гэвч одоогийн бодит байдалд маргаан бүхий газар орчим барилга, хүн амын суурьшил, нягтаршил ихтэй болох нь нийтэд илэрхий үйл баримт тул хариуцагч захиргааны байгууллага нь бодит нөхцөл байдлыг дахин шалгаж тодруулах шаардлагатай байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасан байна.

Шүүх дээрх заалтын дагуу хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, захиргааны байгууллагаас буюу

Нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гарах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай ******* дүгээр захирамжийг 1 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Үндэслэлийг тайлбарлавал:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд би 5 давхар орон сууц төлөвлөсөн байснаа өөрчилж, барилгын талбайн хэмжээг багасгаж 2 давхар барилга барихаар төлөвлөж байгаа гэсэн агуулгаар тайлбарлаж байх ба хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд, энэ маргааны тухайд дараах 2 нөхцөл байдлыг шалган тодруулах шаардлагатай байна. Үүнд:

1. Нэхэмжлэгчийн барихаар төлөвлөж буй барилгын хэмжээг өөрчлөх, багасгах боломжтой эсэхийг бодит байдал дээр очиж нарийвчлан шалгах шаардлагатай.

2. Мөн нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газрын хэмжээг багасгаж эзэмшүүлэх боломжтой эсэх нөхцөл байдлыг хариуцагч бодит байдал дээр очиж шалгах шаардлагатай.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд, хариуцагч захиргааны байгууллага нотлох баримтыг гүйцэт цуглуулах, бодит нөхцөл байдлыг нарийвчлан шинжлэн судалж тогтоох үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасан байна.

Захиргааны акт гаргахын өмнө уг захиргааны акттай холбоотой бодит нөхцөл байдлыг нарийвчлан шалган тогтоох чиг үүрэг нь шүүхийн биш харин хариуцагч захиргааны байгууллагын чиг үүрэг тул нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзнэ.

Иймд дээр тайлбарласан нөхцөл байдлуудыг нарийвчлан нягтлан шалгах бүрэн эрх хариуцагчид хуулиар олгогдсон тул шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн ба захиргааны байгууллагын бодит байдлыг шалгах үүргээ гүйцэд биелүүлээгүй үйлдлийг хариуцагчаар өөрөөр нь зөвтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч нь дээр дурдсан нөхцөл байдлыг шалгаж үзсэний үндсэн дээр дахин шинэ акт гаргах нь зүйтэй байх ба энэ арга замаар тус шүүхийн шийдвэрийг биелүүлнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана гэж заасан байна.

Дээрх зохицуулалтаас үзэхэд, хариуцагч нь шүүхээс тогтоосон 1 хүртэл сарын хугацаанд дээр тайлбарласан нөхцөл байдлыг хянан шалгасны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргаагүй Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай ******* дүгээр захирамж хүчингүй болно.

Иймд дээр тайлбарласан үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай ******* дүгээр захирамжийг 1 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай ******* дүгээр захирамжийг Нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гарах хүртэл нэг сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Нийслэлийн Засаг дарга нь тус шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан 2 нөхцөл байдлыг шалган үзсэний үндсэн дээр захиргааны шинэ актыг дахин гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг дарга нь шүүхээс тогтоосон 1 хүртэлх сарын хугацаанд захиргааны шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай ******* дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ