Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2017/0301/З |
Дугаар | 221/МА2017/0507 |
Огноо | 2017-07-18 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2017/0507
2017 оны 07 сарын 18 өдөр | Дугаар 221/МА2017/0507 | Улаанбаатар хот |
“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0370 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаартай шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ.
Анхан шатны шүүх шийдвэртээ: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан “... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаартай шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Ш” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0370 тоот шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Гомдлын агуулга: Анхан шатны шүүх дараах нотлох баримтыг үнэлээгүйгээс гадна дараах хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй гэж үзэж байна.
Манай компани Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах Шанаган нэртэй 1015.18 гектар талбай бүхий MV-018434 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлэн авсан бөгөөд эхний жилийн буюу 2015-2016 оны төлбөрийг төлсөн. Ашигт малтмал, газрын тосны газар манай компанийн тусгай зөвшөөрлийг төлбөрөө урьдчилан төлөөгүй гэх үндэслэлээр цуцалсан. Гэтэл Ашигт малтмалын газар манай компанид мэдэгдэх үүрэгтэй байсан атлаа тэр үүргээ биелүүлээгүй болох нь Монгол шуудан компанийн албан бичиг, албан бичгийг манай компани хүлээн аваагүй болохыг нотолсон Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/1329 тоот албан бичгээр тогтоогдсоор байтал шүүх түүнийг үнэлээгүй.
Хууль буруу хэрэглэсэн талаар: Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасан “... тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн эсэх талаар мэдэгдэнэ” мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дэх хэсэгт “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д “тухайн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, факсны дугаар, цахим шуудангийн хаяг”-ийг аливаа этгээд нь анх хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө хавсаргаж өгөх бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч байгууллага Ашигт малтмал, газрын тосны газартай албан ёсоор харилцах хаягаа өөрөө тодорхойлж өгөх үүрэгтэй бөгөөд төрийн захиргааны байгууллага хууль зүйн үр дагавар бүхий асуудлаар нэхэмжлэгч хуулийн этгээдтэй албан ёсны хаягаар нь харилцах үүрэгтэй байна.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн албан ёсоор бүртгүүлсэн хаяг руу урьдчилсан мэдэгдлээ хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч буй хуулийн этгээдийн тодорхойлолтод бичсэн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 4-24 тоот хаягт хүргүүлсэн боловч “Монгол шуудан” ХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 03/461 дүгээр албан бичиг болон Ашигт малтмалын газрын, тосны газрын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/1329 дүгээр албан бичиг зэргээр тус хаягт нэхэмжлэгч хуулийн этгээд байгаагүй тул албан бичгийг буцаасан байна.
Анхан шатны шүүх “ ... тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч буй хуулийн этгээдийн тодорхойлолтод бичсэн хаягаар хүргүүлсэн байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь мэдэгдлийг бүртгэлтэй хаягаар нь хүргүүлснээр хариуцагч байгууллага нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн бөгөөд хариуцагчийн уг мэдэгдлийг нэхэмжлэгч хуулийн этгээд хүлээж аваагүй нь нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл биш юм. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан зохицуулалт нь тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн боловч түүнээс үл хамаарах шалтгаанаар төлбөр хугацаандаа төлөөгүйгээс үүсэх үр дагаврыг зохицуулсан бөгөөд төлбөр төлөх хугацааг өөрийн буруутай үйл ажиллагаанаас хэтрүүлснээ хариуцагчийн үйлдэлтэй холбон тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэд дэх дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 370 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ЦОГТ