Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 560

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “*******” ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн өмч, газрын харилцааны албанд холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: “...Дархан цаазат Богдхан Уулын Арцатын амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар эрх олгосон 2 га газрыг ашиглах эрхийн гэрчилгээг 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр олгосноос хойш газар ашиглуулах гэрээ байгуулах хүртэл хугацааны төлбөрийг нэхэмжилж байгаа үйлдлийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, манай компанийн газар ашиглах гэрээ байгуулсан 2013 оны 5 дугаар сараас 06-ны өдрөөс хойшхи хугацааны газрын төлбөрийг төлөх үндэслэлтэй болохыг тогтоож, газар ашигласны төлбөрт төлсөн төлбөрийг 2013 оны 5 дугаар сараас 06-ны өдрөөс хойшхи хугацааны газрын төлбөрт тооцохыг Хан-Уул дүүргийн Засаг дарга, дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгуулах, газрын төлбөрийг үндэслэлгүйгээр өндөр тогтоосныг хууль бус болохыг тогтоож, “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах гэрээ”-ний газрын төлбөрийг холбогдох журмын дагуу тооцож тогтоохыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, О.А*******, нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...“*******” ХХК нь Дархан цаазат Богдхан Уулын Арцатын амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын газарт Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2011/158 тоот газар ашиглах эрхийн  гэрчилгээг 5 жилийн хугацаатайгаар 2011 оны  12 дугаар сарын 28-ны өдөр олгосон боловч хуульд зааснаар гурван талт гэрээг төрийн захиргааны байгууллагаас шалтгаалан байгуулаагүй байж байгаад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын даргаар батлуулж, нэг талаас Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нартай манай “*******” ХХК-нь 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2011/158 дугаартай гэрээг байгуулсан бөгөөд Газрын тухай хууль, гэрээнд зааснаар газраа ашиглах эрх минь баталгаажиж албан ёсоор газраа гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу ашиглах эрх үүссэн.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "газар" гэж газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхаргыг гэж тодорхойлсон бөгөөд мөн зүйлийн 3.1.3-д "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3.1.4-д "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө”, мөн зүйлийн 7.2-д “Газрын төлбөрийн хэмжээ, түүнийг хөнгөлөх, чөлөөлөх, зарцуулах журмыг хуулиар тогтооно” гэж заасны дагуу газрын төлбөрийн хэмжээ, түүнийг хөнгөлөх, чөлөөлөх, зарцуулах журмыг Газрын төлбөрийн тухай хуулиар зохицуулсан байдаг.

Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд иргэн, аж ахуй нэгж байгууллага нь хуульд заасны дагуу газар эзэмшиж, ашиглахдаа гэрээ, гэрчилгээний үндсэн дээр тодорхойлон тохиролцсон, нөхцөл, болзол, шаардлагын үндсэн дээрх эрхээ хэрэгжүүлэх бөгөөд гэрээ байгуулаагүй тохиолдолд газрыг эзэмшиж, ашиглах боломжгүй болохыг тодорхой зааж зохицуулсан байна.

Манай байгууллагад хэдийгээр 2011 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яам улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2011/158 дугаар гэрчилгээг олгосон боловч “газар ашиглах гурван талт гэрээ”-г төрийн захиргааны байгууллага тухайн үед байгуулаагүй байж байгаад 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 2011/158 тоот гэрээг байгуулж тус гэрээнд дурдсан газар ашиглах эрхийг нээсэн хугацаа буюу анх гэрчилгээ олгосон 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн газрын төлбөрийг нэхэмжилж байгаа нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан иргэд, аж ахуй нэгжийг хохироож байгаа үйлдэл гэж үзэж байна.

Хуулиар газраа ашиглах эрхийг нь бүрдүүлж, ашигласан иргэн, аж ахуйн нэгжээс  газрын төлбөрийг шаардахаар заасан байхад манай байгууллагад гэрээний дагуу газраа  ашиглах эрхийг бүрдүүлж өгөөгүй, зөвхөн гэрчилгээг үндэслэн газраа ашиглах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд гэрээ, гэрчилгээний аль аль нь олгогдсон байж хууль, гэрээнд заасан зориулалт, болзол, нөхцөл журмын дагуу газраа ашиглах эрх, орчин нөхцөл бүрэлдэх атал манай байгууллагад энэ нөхцөлийг бүрдүүлж, гэрээгээ байгуулаагүй байсан атлаа, 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 2011/158 тоот гэрээг байгуулаад шууд газар ашиглах эрхийг нээсэн хугацаанаас эхлэн газар ашигласны төлбөрийг Хан-Уул дүүргийн Засаг дарга нь өөрийн Өмч, газрын харилцааны албаараа дамжуулан  нэхэмжилж байгаа нь буруу гэж үзэж байна. 

Өөрөөр хэлбэл манай компани хуулиар зөвшөөрсөн хүрээнд байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглээгүй, хэрэглэх, ашиглах боломжийг олгоогүй байж ашигласан гэж үзэн газрын төлбөрийг нэхэмжилж байгаа нь дээр дурдсан хуулийн заалтууд болон Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 34.1-34.5, 34.6.1 - 34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална”, 27.1. Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасныг зөрчиж байна.

Түүнчлэн газар ашиглах гэрээг байгуулаагүй учир Газрын төлбөрийн тухай хуулийн З дугаар зүйлийн 3.1-д “Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна” гэж зааснаар манай компани нь газар ашиглах гэрээг байгуулах хүртэл газрын төлбөр төлөгч биш байхаар байх ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 1О дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна” гэж зааснаар манай компанид эзэмшүүлэхээр зөвхөн гэрчилгээ олгогдсон газар нь газрын төлбөр ногдуулах газарт хамаарахгүй байна.

Төрийн захиргааны байгууллага нь Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, сум, дүүргийн Засаг даргатай байгуулах газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээнд тусгуулан уг гэрээг бүртгэнэ” гэж заасны дагуу төлбөр ногдуулахдаа 2013 онд байгуулсан гэрээнээс хойшхи газар ашигласны төлбөрийг ногдуулж шаардахаас бус хуулийн дагуу гэрээ байгуулаагүй, газрыг ашиглах боломжгүй байх хугацааны төлбөрийг нэхэмжлэх үндэслэлгүй байна.

 Иргэн, аж ахуй нэгж байгууллага Төрийн захиргааны байгууллагын хооронд бий болж буй харилцааны нэг онцгой зарчим бол “нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтаны хэрэгжүүлж болох эрх хэмжээ нь зөвхөн хуулиар зөвшөөрч олгосон эрх хэмжээг захиргааны байгууллага, албан тушаалтан  эдлэх боломжтой, харин хуулиар эрх олгоогүй байхад хэрэгжүүлсэн, хууль бус шаардлага тавихыг хориглосон байдал юм. Гэтэл энэ зарчмыг зөрчиж хуулиар эрх олгоогүй байхад ийнхүү газрын төлбөрийг нэхэмжилж, хэрэв өгөхгүй бол газар ашиглах эрхийг хүчингүй болгоно гэж хууль бус шаардлага тавьсны үндсэн дээр бид өөрийн газар эзэмших эрхээ хүчингүй болгуулахгүйн тулд тус дүүргийн Өмч, газрын харилцааны албатай 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 15/01 тоот “Газрын төлбөрийн өр барагдуулах тухай гэрээ”-г байгуулсан явдал юм. Түүнээс бус ийм хууль бус зүйл шаардаж байгааг тухайн үед мэдээгүй бөгөөд Төрийн захиргааны байгууллагын үгэнд орж тус гэрээг байгуулсан болно. Энэхүү гэрээг байгуулснаараа бид төлбөрийг 100 хувь төлөхийг шууд хүлээн зөвшөөрсөн зүйл биш бөгөөд газар эзэмших эрхээ хүчингүй болгуулахгүйн тулд төрийн байгууллагын шахалтанд орж, өөрийн газраа хүчингүй болгуулах жагсаалтаас гаргуулсан зүйл юм. Бид энэхүү хууль бус үйлдлийг өмгөөлөгчөөс зөвлөгөө аван төлөх ёсгүй мөнгөө төлөх талаар тохиролцож, түүний дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын харьяа  Өмч, газрын харилцааны албанаас төлбөрийг нэхэмжилж байгааг хууль бус болохыг мэдлээ.

Иймд Дархан цаазат Богдхан Уулын Арцатын амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар эрх олгосон 2 га газрыг ашиглах эрхийн гэрчилгээ олгосноос хойш газар ашиглуулах гэрээ байгуулах хүртэл хугацааны төлбөрийг нэхэмжилж байгаа үйлдлийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, манай компанийн газар ашиглах гэрээ байгуулсан 2013 оны 05 дугаар сараас 06-ны өдрөөс хойшхи хугацааны газрын төлбөрийг төлөх үндэслэлтэй болохыг тогтоож, газар ашиглах хугацааг мөн гэрээ байгуулсан хугацаанаас тооцохыг Хан-Уул дүүргийн Засаг дарга, дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгаж өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц******* 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:

“Нэхэмжлэгч “*******” ХХК нь Хан-Уул дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн өмч, газрын харилцааны албанд холбогдуулан “Дархан цаазат Богдхан Уулын Арцатын амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар эрх олгосон 2 га газрыг ашиглах эрхийн гэрчилгээ олгосноос хойш газар ашиглах гэрээ байгуулах хүртэл хугацааны төлбөрийг нэхэмжилж байгаа үйлдлийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, манай компанийн газар ашиглах гэрээ байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс хойших хугацааны газрын төлбөрийг төлөх үндэслэлтэй болохыг тогтоож, газар ашиглах хугацааг мөн гэрээ байгуулсан хугацаанаас тооцохыг Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн өмч, газрын харилцааны албанд даалгуулах” тухай нэхэмжлэл гаргасан. 

Дээрх нэхэмжлэлийн шаардлагаа “...Дархан цаазат Богдхан Уулын Арцатын амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар эрх олгосон 2 га газрыг ашиглах эрхийн гэрчилгээг 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр олгосноос хойш газар ашиглуулах гэрээ байгуулах хүртэл хугацааны төлбөрийг нэхэмжилж байгаа үйлдлийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, манай компанийн газар ашиглах гэрээ байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс хойших хугацааны газрын төлбөрийг төлөх үндэслэлтэй болохыг тогтоож, газар ашигласны төлбөрт төлсөн төлбөрийг 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс хойших хугацааны газрын төлбөрт тооцохыг Хан-Уул дүүргийн Засаг дарга, тус дүүргийн өмч, газрын харилцааны албанд даалгуулах” гэж тодруулж байна” гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц******* нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ:  

“...Нэхэмжлэгч “*******” ХХК нь тус шүүхэд Хан-Уул дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн өмч, газрын харилцааны албанд холбогдуулан “...Дархан цаазат Богдхан Уулын Арцатын амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар эрх олгосон 2 га газрыг ашиглах эрхийн гэрчилгээг 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр олгосноос хойш газар ашиглуулах гэрээ байгуулах хүртэл хугацааны төлбөрийг нэхэмжилж байгаа үйлдлийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, манай компанийн газар ашиглах гэрээ байгуулсан 2013 оны 05 дугаар сараас 06-ны өдрөөс хойшхи хугацааны газрын төлбөрийг төлөх үндэслэлтэй болохыг тогтоож, газар ашигласны төлбөрт төлсөн төлбөрийг 2013 оны 05 дугаар сараас 06-ны өдрөөс хойшхи хугацааны газрын төлбөрт тооцохыг Хан-Уул дүүргийн Засаг дарга, дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаа бүрэн дэмжиж байхын зэрэгцээ уг нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-д зааснаар “Газрын төлбөрийг үндэслэлгүйгээр өндөр тогтоосныг хууль бус болохыг тогтоож, “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах гэрээ”-ний газрын төлбөрийг холбогдох журмын дагуу тооцож тогтоохыг даалгуулах” гэж нэмэгдүүлж байна. 

Уг нэмэгдүүлж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь “...2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ашиглах эрхийн гэрчилгээг олгосноос хойш газар ашиглуулах гэрээ байгуулах хүртэл хугацааны төлбөрийг нэхэмжилж байгаа үйлдлийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, газар ашигласны төлбөрт төлсөн төлбөрийг 2013 оны 05 дугаар сараас 06-ны өдрөөс хойшхи хугацааны газрын төлбөрт тооцохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай нягт уялдаж байгаа бөгөөд манай компанитай байгуулсан “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах гэрээ”-ний 2 дугаар заалтын 2-т “...дүүргийн Засаг дарга газрын төлбөрийн хувь, хэмжээг тогтоох” талаар заасны дагуу хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх болсон шалтгаан нь Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утга” болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолоор тогтоосон газрын төлбөрийн хэмжээг тогтоох журмыг зөрчиж, үндэслэлгүйгээр газрын төлбөрийг өндрөөр тогтсон байна” гэв. 

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяаг тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

 “...Тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Арцатын аманд “*******” ХХК нь 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2011/158 дугаар 20000 м.кв газар ашиглах гэрчилгээ авч 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 2011/158 дугаар Улсын тусгай хамгаалалтай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг байгуулсан. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна”, мөн хуулийн 37.2-т “ тухайн газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгө,  газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, газрыг ашиглах,хамгаалах талаарх талуудын эрх, үүрэг, хариуцлага, гэрээ дуусгавар болсон тохиолдолд газрыг эргүүлж авах нөхцөл, журам, уг газрыг нөхөн сэргээх, засаж тохижуулах, хүлээлгэн өгөх журам зэргийг газрын гэрээнд тусгана”, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.6-д “ газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа” гэж тус тус зохицуулсан. 

Өөрөөр хэлбэл, “*******” ХХК-ийн Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2011/158 дугаар гэрээний 2.4.а-д “ нэгж үнэ 792 төгрөг, 1 жилд 15.840.000 төгрөг, төлбөр төлөх хугацаа газрын нэг жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлөх, Газар ашиглах хугацаа 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дуусахаар, мөн гэрээний 4.2-т газрын төлбөрийг газрыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөхөөр тусгасан. 

“*******” ХХК нь хууль болон гэрээгээр хүлээсэн газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул газрын төлбөрийн өр барагдуулах 15/01 дүгээр гэрээг 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тус дүүргийн өмч, газрын харилцааны албаны даргатай байгуулсан. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө” гэж заасан байдаг. Нэгэнт хуулиар төлбөр төлөх болон хугацааг гэрээгээр зохицуулахаар заасан мөн 2013 онд байгуулсан 2011/158 дугаар гэрээтэй маргаагүй бөгөөд дээрх гэрээ хүчин төгөлдөр байх тул өөрийн хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм. 

Иймд “*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм” гэв. 

Хан-Уул дүүргийн өмч, газрын харилцааны албаны дарга Л.Отгонбаатар нь тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“*******” ХХК-нд Дархан цаазат газар нутаг Богдхан уулын Арцатын амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/491 дүгээр тушаалаар шийдвэр гарган Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2011/158 дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаатайгаар 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр олгосон байдаг. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж заасан ч сайдын тушаалаар гэрээ байгуулах үүргийг Богдхан уулын Дархан цаазат хамгаалалтын захиргаанд өгсөн байдаг тул уг захиргаа өөрийн баталсан загварын дагуу иргэн, аж ахуй нэгж байгууллагатай гэрээ байгуулдаг. 

“*******” ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн дэвсгэрт газар ашиглах тухай 2011/158 дугаар гэрээгээр, уг гэрээний 2.5 дах заалтад “газар ашиглах хугацаа а/эхлэх 2011-12-28, б/дуусах 2016-12-26”, мөн гэрээний 4 дүгээр зүйлд 4.2-т “газрын төлбөрийг газрыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх” гэж заасныг үндэс болгон 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс газрын төлбөрийг нэхэмжлэн тус компанитай 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 15/01 дүгээр гэрээг байгуулсан” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч “*******” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 дүгээр тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутаг, Арцатын ам нэртэй газарт 2 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар, 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахыг зөвшөөрч, 2011/158 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээг 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр олгосон байх бөгөөд үүнийг үндэслэн байгуулсан 2011/158 дугаартай “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” гурвалсан гэрээг Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулж, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн өмч, газрын харилцааны албаны 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11/19 дугаартай “...нэхэмжлэгч “*******” ХХК-иас 2011/158 тоот гэрээний, 2011-2015 оны газрын төлбөр нийт 44.180.000 төгрөгийг, 2015 оны 12 дугаар сард багтаан төлөх”-ийг шаардаж, нэхэмжлэх хүргүүлсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 83 дугаартай тооцоо нийлсэн актаар 2011, 2012 онуудад нийт 4.180.000 төгрөг төлөх ёстойг бүрэн төлж, үлдэгдэлгүй, 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн 820150114 тоот актаар жил бүр 15.840.000 төгрөгийг төлөх ёстойгоос 2012 оны гэрээгээр 4.180.000 төгрөгийг төлж, 11.660.000 төгрөгийн үлдэгдэл, 2013 оны гэрээгээр 8.000.000 төгрөг төлж, 7.840.000 төгрөгийн үлдэгдэл, 2014 оны гэрээгээр 0 төгрөгийн төлөлт, 15.840.000 төгрөгийн үлдэгдэл, 2015 оны гэрээгээр 7.000.000 төгрөг төлж, 8.840.000 төгрөгийн үлдэгдэлтэй, нийт 44.180.000 төгрөг төлөхөөр тооцоо нийлжээ.

Нэхэмжлэгч “*******” ХХК нь Хан-Уул дүүргийн өмч, газрын харилцааны албатай байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 15/01 дугаартай “Газрын төлбөрийн өр барагдуулах тухай гэрээ”-гээр “...”*******” ХХК нь газрын төлбөрийн үлдэгдэл 44.180.000 төгрөгийг хавсралт хуваарийн дагуу 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 7.000.000, 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 18.295.000, 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 18.885.000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцов” гэжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2011/158 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээг, 5 жилийн хугацаатайгаар, 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчид олгосон боловч хуульд зааснаар гурван талт гэрээг төрийн захиргааны байгууллагаас шалтгаалан хууль тогтоомжид заасан боломжит хугацаанд байгуулж чадалгүй байсаар 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2011/158 дугаартай гэрээг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын даргаар батлуулж, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нартай байгуулснаар Газрын тухай хууль болон гэрээнд заасан зориулалтаар газраа ашиглах эрх нь баталгаажиж, ашиглах эрх үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Тухайлбал “*******” ХХК нь 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 29 дугаартай албан бичгээр Хан-Уул дүүргийн Засаг даргад хандан “...газар ашиглах гурвалсан гэрээ”-г батлуулахаар хүсэлт гаргасныг өмч, газрын харилцааны алба мөн оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, бүртгэлийн дэвтрийн 365 дугаарт бүртгэж, газрын албаны даргын 09/331 /...335 гэж бүртгэлийн дэвтэрт тэмдэглэсэн/ дугаар албан бичгээр 4 дүгээр сарын 26-ны өдөр хариу өгсөн гэж хаажээ.

Мөн Хан-Уул дүүргийн өмч, газрын харилцааны албаны 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 09/331 дүгээр албан бичгээр тус дүүргийн Засаг даргад хандаж, “...”*******” ХХК-тай улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг байгуулах боломжтой” талаар мэдэгдсэн болох нь тус албаны бүртгэл хяналтын карт, бүртгэлийн дэвтэр, шүүхээс Засаг даргын тамгын газар болон өмч, газрын харилцааны албаны архивт үзлэг хийсэн баримт, уг албан бичгээр тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 21 дугаартай албан бичгээр Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд “...газар ашиглах гурвалсан гэрээг байгуулах”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар албан бичгээр “...газар ашиглах эрхийн гэрээг баталгаажуулах”, 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 21 дүгээр албан бичгээр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт “...гурвалсан гэрээг батлуулах” тухай хүсэлтүүдийг тус тус гаргаж, хууль журамд заасан хугацаанд “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай” гурвалсан гэрээг байгуулахаар хандаж байсан зэрэг нь тус яамны болон хамгаалалтын захиргааны албан бичиг хүлээн авсан картууд, шүүхийн үзлэг хийсэн баримт зэргээр нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/159 дүгээр албан бичгээр /шинжээч Д.Энхбатын гарын үсэгтэй/ нэхэмжлэгч “*******” ХХК-д “...байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ шаардлагатай” гэж үзсэн талаар мэдэгдсэний дагуу нэхэмжлэгчээс “*******” ХХК-ийн Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Богдхан уулын Дархан цаазат газрын Нүхтийн задгайд “1000 хүнд нэг дор үйлчлэх ресторан, хаус, зочид буудал бүхий аялал жуулчлалын цогцолбор төв байгуулах” төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрүүдийг 2012 онд гаргаж өгснийг хүлээн авч баталгаажуулсан байна. /ерөнхий шинжээч Д.Энхбат гарын үсэг зурж, тамга дарсан/

Хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтуудаас үзэхэд Байгаль орчны сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3 дахь заалтын 3.4-т “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж заасан журмыг төрийн захиргааны байгууллагаас зөрчиж, нэхэмжлэгчид газраа зориулалтын дагуу ашиглах боломжийг олгоогүй байна гэж шүүх үзэв.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө” гэж тус тус заасны дагуу тусгай хамгаалалтай газар нутагт газар ашиглах зориулалт болон газрын төлбөрийн хэмжээ зэргийг газар ашиглах тухай гэрээнд тусгаснаар ашиглах эрх баталгаажихаар байна. 

Нэхэмжлэгчид хэдийгээр 2011 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яам улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2011/158 дугаар гэрчилгээг олгосон боловч “газар ашиглах гурван талт гэрээ”-г төрийн захиргааны байгууллагаас шалтгаалан тухайн үед байгуулаагүй байсаар 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 2011/158 тоот гэрээг байгуулсан хэрнээ анх гэрчилгээ олгосон 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн газрын төлбөрийг төлүүлэхээр нэхэмжилж байгаа нь “*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хуульд нийцэхгүй үйлдэл гэж үзэхээр байна.

Төрийн захиргааны байгууллагаас газраа ашиглах эрхийг нь бүрдүүлж, ашигласан иргэн, аж ахуйн нэгжээс газрын төлбөрийг шаардахаар заасан байхад нэхэмжлэгчид Газрын тухай хуульд зааснаар газрынхаа аль нэг ашигтай чанарыг гаргаж хэрэглэх боломжийг бүрдүүлж өгөөгүй, зөвхөн гэрчилгээг олгосноор газраа ашиглах эрх үүссэн гэдэг үндэслэлээр газар ашигласны төлбөрийг Хан-Уул дүүргийн Засаг дарга нь өөрийн Өмч, газрын харилцааны албаараа дамжуулан  нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байхын зэрэгцээ хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд энэ талаар амаар гаргасан тайлбартаа “...гэрээний төслийг гаргаад нэхэмжлэгч буюу компанид нь өөрт өгөөд Засаг даргаар гарын үсэг зуруулахаар явуулдаг” гэх боловч энэ үйл явцыг зохицуулсан холбогдох журам байхгүй, нэхэмжлэгчид хүлээлгэн өгч явуулсан болох нь баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагчийн уг тайлбар үндэслэлгүй байна.

Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, Газрын төлбөрийн тухай хуулийн З дугаар зүйлд “Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, З7 дугаар зүйлийн 1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчид газар ашиглах эрхийг олгосноос хойш хууль журамд заасан хугацаанд газар ашиглуулах гурвалсан гэрээг байгуулаагүй нэхэмжлэгчийн газраа зориулалтын дагуу ашиглах эрхийг хязгаарласан байхын зэрэгцээ нэхэмжлэгч нь газар ашиглах гэрээг байгуулах хүртэл газрын төлбөр төлөгч биш байхаар байна.

Өөрөөр хэлбэл Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу иргэн, аж ахуйн нэг, байгууллагад ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, сум, дүүргийн Засаг даргатай байгуулах газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээнд тусгуулан уг гэрээг бүртгэнэ.” гэж зааснаар газрын төлбөрийн хэмжээг эрх бүхий албан тушаалтан тогтоож, гэрээнд тусгаагүй байхад газар ашиглагч газрын төлбөрийг дур мэдэн төлөх боломжгүй нөхцөл үүсэх юм.   

Эдгээр нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгчид анх газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон өдөр буюу 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн газар ашиглуулах гэрээ байгуулсан өдөр буюу 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны газрын төлбөрийг нэхэмжлэгчээс нэхэмжилж байгаа хариуцагч нарын үйлдэл нь хуульд нийцэхгүй байхын зэрэгцээ дээрх хугацаанд нэхэмжлэгчээс газрын төлбөрт төлсөн төлбөрийг гэрээ байгуулснаас хойших хугацааны газрын төлбөрт тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

 Харин Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоол, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/02 дугаар тогтоолоор маргаж байгаа газар нь 2 дугаар бүст, худалдаа бүх төрлийн үйлчилгээ гэдэг ангилалд багтаж, 1 м.кв газрын төлбөр 264 төгрөг гэж тогтоосон байх бөгөөд Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6-д “Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно” гэж заасны дагуу газрын нэгжийн үнийг 792 төгрөг гэж тогтоосон нь холбогдох хууль болон журамд нийцэж байна. 

Иймд нэхэмжлэгч өөрийн ашиглаж байгаа газар нь 2 дугаар бүст хамаарч байгаад маргаагүй, газрын төлбөрийг үндэслэлгүйгээр өндөр тогтоосон хариуцагчийн хууль бус үйлдэл тогтоогдохгүй байх тул “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах гэрээ”-ний газрын төлбөрийг холбогдох журмын дагуу тооцож тогтоохыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчид Дархан цаазат Богдхан Уулын Арцатын амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар олгосон 2 га газрын ашиглах эрхийн гэрчилгээг 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр олгосноос хойш газар ашиглуулах гэрээ байгуулсан 2013 оны 5 дугаар сараас 06-ны өдрийг хүртэл хугацааны төлбөрийг нэхэмжилж байгаа үйлдлийг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 2013 оны 5 дугаар сараас 06-ны өдрөөс хойшхи хугацааны газрын төлбөрийг төлөх үндэслэлтэй болохыг тогтоож, энэ хугацаанаас өмнө газар ашигласны төлбөрт төлсөн төлбөрийг 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс хойшхи хугацааны газрын төлбөрт тооцохыг Хан-Уул дүүргийн Засаг дарга, дүүргийн Өмч, газрын харилцааны албанд тус тус даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “...газрын төлбөрийг үндэслэлгүйгээр өндөр тогтоосныг хууль бус болохыг тогтоож, “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах гэрээ”-ний газрын төлбөрийг холбогдох журмын дагуу тооцож тогтоохыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.САЙХАНТУЯА