Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2024/03935

 

 

 

 

 

 

 

 

2024 10 21 181/ШШ2024/03935

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М.И ХХК /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 675,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.У, Г.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.И, У.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.А оролцож, тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч М.И ХХК-д холбогдуулан 675,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

М ХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан үнэт цаасны арилжаа эрхлэх эрх бүхий хувьцаат компани юм.Тус компанийн 64 хувийн хувьцааг Монгол Улсын Засгийн газар буюу түүнийг төлөөлж Сангийн яам, үлдсэн 34 хувийн хувьцааг иргэд олон нийт буюу нийт 7,000 орчим иргэд эзэмшдэг болно.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт Хөрөнгийн бирж үзүүлж байгаа үйлчилгээнийхээ хөлс болон урамшууллын хэмжээг тогтоох эрхтэй. гэж заасан. Үүний дагуу М ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ыг баталж, бүртгэх үйлчилгээний хөлсийг 1 хувиар тогтоосон байдаг.

Хариуцагч Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан ХХК нь 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр М ХК-тэй бүртгэлийн гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулагдсан бүртгэлийн гэрээний 1.2-т зааснаар Бирж нь сангийн гаргасан 1,000 (нэг мянга) төгрөгийн нэрлэсэн үнэтэй 50,000,000 (тавин сая) ширхэг, нийт 50,000,000,000 (тавин тэрбум) төгрөгийн нэгж эрхийг нэгж эрхийн бүртгэлд бүртгэсэн.

Мөн гэрээний 2.1.2-т зааснаар бүртгэх үйлчилгээний хөлсийг нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувиар тогтоосон. Өөрөөр хэлбэл ийнхүү бүртгэх үйлчилгээний хөлс нь 50 тэрбум төгрөгийн 1 хувь буюу 500,000,000 (таван зуун сая) төгрөг байхаар тохирсон.

Улмаар Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан ХХК нь нэгж эрхийн танилцуулгад заасны дагуу олон нийтээс төвлөрүүлбэл зохих хөрөнгийг татан төвлөрүүлж, анхдагч зах зээлийн арилжаа 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр М-д амжилттай явагдсан байдаг.

Бүртгэлийн гэрээний 2.3-т зааснаар бүртгэлийн үйлчилгээний хөлс болох 500,000,000 төгрөгийг анхдагч зах зээлийн арилжаа амжилттай явагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор Биржийн дансанд шилжүүлнэ. гэж заасан боловч Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 50,000,000 (тавин сая) төгрөг төлсөн ба үлдэгдэл 450,000,000 (дөрвөн зуун тавин сая) төгрөгийг одоог хүртэл төлөөгүй.

Бүртгэлийн гэрээний 5.4-т зааснаар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ын 7.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр зохицуулсан. Үүний дагуу алдангийн тооцоолол хийж үзэхэд 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх 51 хоногт хоног тутамд 2,500,000 төгрөгийн алдангиар тооцоход 127,500,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 82 хоногийг хоног тутамд 2,250,000 төгрөгийн алдангиар тооцоход 184,500,000 төгрөг буюу нийт 312,000,000 төгрөгийн алданги төлөх тооцоо байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хэтэрч болохгүй. гэсний дагуу алдангийн хэмжээг хуульд нийцүүлбэл Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан ХХК нь 450,000,000 төгрөгийн 50 хувь болох 225,000,000 төгрөгийн алданги төлөхөөр байна.

Иймд М.И ХХК-иас үйлчилгээний хөлс 450,000,000 төгрөг, алданги 225,000,000 төгрөг, нийт 675,000,000 зургаан зуун далан таван сая) төгрөг гаргуулж, М ХК-д олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.И-ийг үүсгэн байгуулах тухай шийдвэр 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гарсан бөгөөд сан нь нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 50 сая ширхэг нэгж эрхээс бүрдэх нийт 50 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөр үүсгэн байгуулагдсан.

Улмаар зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргах, 50 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлэхийн тулд Монгол Улсын хэмжээнд дээрх үйл ажиллагааг гүйцэтгэх боломж, чадамжтай цор ганц байгууллага болох М ТӨХК-тай гэрээ байгуулж ажиллахаас өөр сонголт хариуцагчид үлдээгүй болно.

I. Хамтын хаалттай сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээ болон гэрээний талуудын тухайд:

Гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-т заасныг хангаж байх тул стандарт нөхцөл бүхий гэрээ юм.

Гэрээний нэг тал болох М ТӨХК-ийн хувьд өөрийн салбартаа буюу зах зээлд Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болохыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тогтоогдсон.

Уг гэрээгээр Бирж нь сангийн гаргасан нэгж эрхийг бүртгэх, нэгж эрхийн арилжааг зохион байгуулахаар, сан нь үйлчилгээний төлбөр төлөх харилцааг тус тус зохицуулсан байдаг. Сангийн хувьд дараах хөлсийг төлөхөөр гэрээнд заасан. Үүнд:

2.1.1. Өргөдлийг хүлээн авч хянах үйлчилгээний хөлс - 2,000,000 төгрөг,

2.1.2. Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс - нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувь,

2.1.3. Жилийн үйлчилгээний хөлс - Цэвэр хөрөнгийн дүнгийн 0.05 хувь,

Энэхүү гэрээний төсөл, загвар болон нөхцөлүүдийг М ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаартай тогтоолоор батлагдсан Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ын хавсралтаар урьдчилан баталсан байсан буюу нэг талын нөхцөл, шаардлагыг нөгөө талдаа шууд тулгасан байдаг.

Харилцагчийн зүгээс уг гэрээний 2.1.2 дахь хэсэгт заасан нөхцөлийг дор дурдсан үндэслэлээр Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

а. Нэгж эрх бүртгэлийн хөлсийг 1 хувь байх тухай гэрээнд тусгаж өгсөн нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой байх тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д заасанчлан уг нөхцөл нь хүчин төгөлдөр бус байхаар байна.

б. Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийн хувьд эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй гэх Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасныг зөрчсөн байх тул энэ үйлдэлдээ хариуцлага хүлээх нь шударга ёсонд нийцнэ.

Дээрхийг үндэс болгон уг гэрээний холбогдох заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл-ийн гол нөхцөлийг хангаж байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох ёстой хэмээн үзэж, уг холбогдох заалтын үр дагаврыг шүүхээс арилгаж өгнө үү хэмээн хүсэж байна.

 

II. Биржийн шимтгэлийн хувь тогтоосон журмын тухайд:

Нэхэмжлэгч нь 2019 онд өөрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоороо Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-аар үйлчилгээний хөлс, түүний хувь хэмжээг тогтоосон.

Хэдийгээр М ТӨХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т зааснаар үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох эрхтэй боловч тухайн үйлчилгээний зардлын хэмжээ, зарцуулалт зэрэг нь бодитоор тогтоогдсон байх учиртай. Аливаа үйлчилгээний хөлс нь үйлчилгээ үзүүлэхэд гаргасан бодит зардалтай уялдсан байх ёстой.

Нэхэмжлэгч нь уг бүртгэлийн хураамжийн хэмжээг 1 хувь байхаар тогтоосон үндэслэл болон зарцуулалтаа аль алиныг нь нотолж чадаагүй тул бодит зардал гэж үзэх боломжгүй юм. Үүнээс үзэхэд М ТӨХК-ийн зүгээс Мандал Ирээдүйн Өсөлт ХОС ХХК-ийн өргөдлийг судлах, улмаар нэгж эрх бүртгэх үйлчилгээ үзүүлэхдээ 500,000,000 төгрөгийн зардал гаргаагүй гэдэг нь тодорхой байна.

Бирж нь хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг зөвхөн бүртгэж авсныхаа төлөө нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх үйлчилгээний хөлс авахаар журам баталсан нь хуулиар олгогдсон эрхээ урвуулан ашигласан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, аливаа хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг бүртгэж авах үйлдэл буюу нэхэмжлэгчийн үзүүлэх үйлчилгээ нь адил, гаргах зардал нь ижил байхад нийт бүртгүүлсэн үнийн дүнгээс хамаарч үйлчилгээний хөлсийг ялгамжтай байхаар журамласан нь шударга бус юм.

Жишээлбэл, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №2018/01 дүгээр тогтоолоор баталсан Үнэт цаасны бүртгэлийн журам-ын 1 дүгээр хавсралтын дагуу хувьцаа болон бонд бүртгүүлэхэд төлөх бүртгэлийн үйлчилгээний хөлсийг 0.1 хувиас ихгүй байхаар тогтоосон. Харин 2019 онд Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ыг шинээр батлахдаа сангийн нэгж эрх бүртгэх үйлчилгээний хураамжийг 1 хувь гэж илэрхий ялгаатай, хэт өндөр дүнгээр тогтоосон байдаг.

Нэхэмжлэгчийн хувьд хувьцаа болон бонд, эсхүл нэгж эрх бүртгэх үйлчилгээг яг адил үйлдлээр, ижил тоног төхөөрөмж, зардлаар гүйцэтгэдэг, тиймээс бүгд дээр нь ижил нэг симбол үүсгээд арилждаг. Тэдгээрийг хооронд нь бүртгэх ажиллагаа, аргачлалаар нь бус зөвхөн кодоор нь ялгаж таньдаг.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн үзүүлэх үйлчилгээ нь адил, гарах зардал нь ижил байхад нийт бүртгүүлсэн үнийн дүнгээс хамаарч үйлчилгээний хөлсийг ялгамжтай байхаар журамласан нь шударга бус буюу хуулиар хориглосон (Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3 дахь заалт) бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох болон зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах зэрэг зах зээлд ноёлох үйл ажиллагаа явуулж буйг харуулж байна.

Дээрх нөхцөл байдал нь хууль бус болохыг Санхүүгийн зохицуулах хороо, мөн нэхэмжлэгч өөрөө хүртэл ойлгож мэдсэн ба тийнхүү хэт өндөр үнэ тогтоосноо ойлгож мэдсэн гэдэг нь нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-ийг 2019 оноос хойш 2 ч удаа үлэмж хэмжээгээр бууруулсан гэх үйл баримтаар нотлогдож байна.

A. Анх батлагдсан журам нь: 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн №22019/07 /Манай шимтгэл төлөлтөд үйлчилж буй/

- Бүртгүүлэх үйлчилгээний хөлс 2,000,000 төгрөг,

- Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс: нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1%,

- Жилийн үйлчилгээний хөлс: Сангийн цэвэр хөрөнгийн дүнгийн 1%,

B. Эхний өөрчлөлт: 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №16

- Бүртгүүлэх үйлчилгээний хөлс 2,000,000 төгрөг

- Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс: нийт бүртгүүлсэн үнийн дүнгээс

20 тэрбум хүртэлх үнийн дүнд 0.5%

20-50 тэрбум хүртэлх үнийн дүнд 0.375%

50 тэрбум төгрөгөөс дээш үнийн дүнгийн 0.25% тус тус байх ба хамгийн багадаа 25,000,000 төгрөг, хамгийн ихдээ 150,000,000 төгрөг байна.

- Жилийн үйлчилгээний хөлс: Сангийн цэвэр хөрөнгийн дүнгийн 1%

C. Сүүлийн өөрчлөлт: 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №37 /одоо дагаж мөрдөгдөж байгаа/

- Бүртгүүлэх үйлчилгээний хөлс 2,000,000 төгрөг,

- Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс: нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 0.25% байх ба хамгийн багадаа 25,000,000 төгрөг, хамгийн ихдээ 100,000,000 төгрөг байна.

- Жилийн үйлчилгээний хөлс: Сангийн цэвэр хөрөнгийн дүнгийн 0.025%, хамгийн багадаа 2,500,000 төгрөг, хамгийн ихдээ 50,000,000 төгрөг байна

Ингэж удаа, дараа үйлчилгээний хөлсөө бууруулсан нь анх тогтоосон хувь хэмжээ нь ямар ч үндэслэлгүй, хэт өндөр байсныг нотолж байна.

Эдгээр тайлбаруудыг нэгтгэж үзвэл Бирж нь хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн үйлчилгээний хөлсийг түүний төрөл, онцлогоор тодорхойлсон, тухайлсан шалгуур үзүүлэлтийг баримталсан, бодит зардалд нийцсэн, үндэслэл бүхий тооцоо судалгааны үндсэн дээр тогтоосон болохоо нотолж чадахгүй байх тул хариуцагчийн зүгээс уг бүртгэлийн үйлчилгээний хөлсийг нэхэмжлэгч нь хэт өндөр тогтоосон, улмаар зах зээл дээрх давуу байдлаа ашиглан тухайн нөхцөлөөр гэрээ байгуулахыг тулгасан буюу хариуцагчийг өөр нөхцөлөөр гэрээ байгуулах аргагүй байдалд оруулсан гэж үзэн уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үүрэггүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь дээрх үйлдлээрээ Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 56 дугаар зүйлийн 56.1.1, 189 дүгээр зүйлийн 189.4, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3, 7.1.11 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байх тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргасан болон хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд.

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар:

- улсын тэмдэгтийн хураамжид 3,532,950 төгрөг төлсөн баримт,

- М ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

- М ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч томилох тухай тогтоолын хуулбар,

- М ХК-ийн 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ТЗ305/01 дугаартай Үнэт цаасны зах зээлд үнэт цаасны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ-ний хуулбар,

- М ХК-ийн дүрмийн хуулбар,

- М ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2019/07 дугаартай Журам батлах тухай тогтоолын хуулбар,

- М ТӨХК-ийн Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ын хуулбар,

- М.И ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

- Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээ-ний хуулбар,

- Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 224 дугаартай Хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэх тухай тогтоолын хуулбар,

- Мийн гүйцэтгэх захирлын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/51 дугаартай Үнэт цаас бүртгэх тухай тушаалын хуулбар,

- М ХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн №4002 дугаартай Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-д хүргүүлэх мэдэгдлийн хуулбар,

- Санхүүгийн зохицуулах хороо-ны 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 257 дугаартай Хамтын хаалттай сангийн нэгж эрхийн танилцуулгыг бүртгэх тухай тогтоолын хуулбар,

- М ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 21/028 тоот Хүсэлт гаргах тухай албан бичгийн хуулбар, хавсралт,

- М ТӨХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 01/308 тоот Анхдагч зах зээлийн арилжааны тухай албан бичгийн хуулбар,

- Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1/2789 тоот Хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрөл олгох тухай албан бичгийн хуулбар,

- Мийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн БН100001821 дугаартай нэхэмжлэх,

- М ХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01/130 тоот Итгэмжлэл олгох тухай албан бичиг,

- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0757 дугаар шийдвэрийн хуулбар,

- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2023/0704 дугаар магадлалын хуулбар,

- Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2024/0019 дүгээр тогтоолын хуулбар,

- Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн танилцуулга,

- Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сангийн бизнес төлөвлөгөө,

- Г.Эн-д олгосон итгэмжлэл,

- М.И ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №24/054 тоот Хүсэлт гаргах нь албан бичгийн хуулбар, хавсралтыг ирүүлсэн.

3.2. Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар:

- М.И ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

- У.Сансармаад олгосон итгэмжлэл,

- 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/306 тоот албан бичиг,

- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/306 тоот Нэхэмжлэлийн хувь гардуулж, хариу тайлбар, нотлох баримт гаргуулах тухай албан бичгийн хуулбар,

- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШЗ2024/0213 дугаартай Захиргааны хэрэг үүсгэх тухай захирамжийн хуулбар,

- Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий албан тушаалтны 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоолын хуулбар,

- Б.Г-д олгосон итгэмжлэлийн хуулбар,

- Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний хуулбар,

- Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 275 дугаартай Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түүнд хяналт тавих журам батлах тухай тогтоолын хуулбар,

- Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түүнд хяналт тавих журам,

- М.И ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №24/003 дугаартай Тооллогын комисс томилох тухай тогтоолын хуулбар,

- М.И ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 24/002 дугаартай Нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах тухай тогтоолын хуулбар,

-Б.Г-д олгосон итгэмжлэл, Б.Г-н иргэний үнэмлэхийн лавлагаа,

- А.И-т олгосон итгэмжлэл,

- Сөрөг нэхэмжлэл,

- М.И ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

- М.И ХХК-ийн Хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар,

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг ирүүлсэн.

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр М ХК-иас Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 537 дугаартай М ТӨХК-ийн журам батламжлах тухай тушаал, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 206 дугаартай Журмын нэмэлт, өөрчлөлтийг батламжлах тухай тушаал, Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж, нийтлүүлсэн эсэх лавлагааг, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 28, 2021 оны 12 дугаар сарын 30, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар, Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн үйлчилгээний журам-ын үйлчилгээний хөлсийг тогтооход судалгаа, туршилт хийсэн эсэх лавлагаа, холбогдох баримтуудыг,

Санхүүгийн зохицуулах хорооноос М ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Ц тохиромжтой этгээдийн шалгуур хангасан эсэх лавлагааг гаргуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: М.И ХХК нь 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр М ТӨХК-тай 2021/72 дугаартай Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр биржид бүртгүүлсэн сангийн нэгж эрхийн бүртгэх үйлчилгээний хураамжид 500,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 50,000,000 төгрөгийг төлж, үлдэх 450,000,000 төгрөгийг төлөөгүй.

 

Бүртгэлийн гэрээний 5.4-т зааснаар хариуцагч М.И ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх үүрэгтэй. Хариуцагчийн төлбөл зохих алдангийг 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл тооцоход 312,000,000 төгрөг байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хэтэрч болохгүй. гэж заасан тул Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан ХХК нь 450,000,000 төгрөгийн 50 хувь болох 225,000,000 төгрөгийн алданги төлөхөөр байна.

 

Иймд М.И ХХК-иас үйлчилгээний хөлс 450,000,000 төгрөг, алданги 225,000,000 төгрөг, нийт 675,000,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: М ТӨХК нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолоор батлагдсан Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ын хавсралтаар гэрээний загварыг урьдчилан баталсан байсан бөгөөд энэ нөхцөл, шаардлагыг шууд тулгаж гэрээ байгуулсан учраас уг гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзэж байгаа. Түүнчлэн, уг гэрээнд нэгж эрхийн бүртгэлийн үйлчилгээний хөлсийг 1 хувь байхаар гэрээнд тусгасан нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой тогтоогдсон тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т зааснаар уг нөхцөл нь хүчин төгөлдөр бус байна.

 

Нэхэмжлэгч нь уг гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасныг зөрчсөн тул уг гэрээний нэгж эрхийн бүртгэлийн үйлчилгээний хөлс 1 хувь байхаар тогтоосон заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус байх нөхцөлд хамаарна.

 

Нэхэмжлэгч нь хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн үйлчилгээний хөлсийг 1 хувь байхаар тогтоосон нь бодит зардалд нийцээгүй, хэт өндрөөр тогтоосон болох нь нэхэмжлэгчээс уг хураамжийн хэмжээг удаа, дараа бууруулсан үйлдлээр нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргав.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон.

 

4.1. М ТӨХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1/301 тоот албан бичгээр Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, А ТӨХХК нарт Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ын төслийг санал авахаар хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан албан бичгээр тогтоогдсон. /2хх,18, 21, 26-27/

 

Улмаар, М ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолоор Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ыг баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 537 дугаар тушаалаар уг журмыг батламжилжээ. /1хх, 19-30, 121/

 

4.2. Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан ХХК нь 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр анх хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр байгуулагдаж, Санхүүгийн зохицуулах хорооноос 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байна. /1хх, 233-236/

 

4.3. Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 224 дүгээр тогтоолоор М ҮЦК ХХК-ийн үүсгэн байгуулж буй Мандал Ирээдүйн Өсөлт хаалттай хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэж, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 257 дугаартай Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн танилцуулгыг бүртгэх тухай тогтоолоор М.И ХХК-ийн хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн танилцуулгыг бүртгэж, М ҮЦК ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хүсэлтийн дагуу Мийн гүйцэтгэх захирлын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/51 дүгээр тушаалаар М.И гийн нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 50,000,000 ширхэг нэгж эрхийг Мийн үнэт цаасны бүртгэлд бүртгэсэн байна. /1хх, 35-36, 39-40/

 

4.4. Улмаар, М ТӨХК, М.И ХХК нар 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 2021/72 дугаартай Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр бирж нь сангийн гаргасан 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 50,000,000 ширхэг, нийт 50,000,000,0000 төгрөгийн нэгж эрхийг нэгж эрхийн бүртгэлд бүртгэх, сан нь биржид өргөдлийг хүлээн авч хянах үйлчилгээний хөлс 2,000,000 төгрөг, нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувь, жилийн үйлчилгээний хөлс цэвэр хөрөнгийн дүнгийн 0.05 хувийн төлбөр төлөхөөр тохиролцжээ. /1хх, 32-34/

 

4.5. М ТӨХК нь Мандал ирээдүйн өсөлт хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн олон нийтэд санал болгож буй нэгж эрхийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрүүдэд авч, анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 47,500,000 ширхэг нэгж эрхийг нэг бүрийг нь 1000 төгрөгөөр олон нийтэд санал болгож, 7014 хөрөнгө оруулагчаас 47,500,000 ширхэг нэгж эрхийг худалдан авах 47,500,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий захиалгыг бүртгэсэн болох нь М ТӨХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 01/308 тоот албан бичгээр тогтоогдож байна. /1хх, 42/

 

4.6. Нэхэмжлэгч М ХК нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмын нэмэлт, өөрчлөлт-ийг баталж, журмын нэмэлт, өөрчлөлтийг Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 206 дугаар тушаалаар батламжилжээ. /1хх, 122/

 

Уг нэмэлт, өөрчлөлтөөр М ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолоор батлагдсан Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсэгт Нэг эрх бүртгэх үйлчилгээний хөлс -нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1% гэснийг Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-нийт үнийн дүнгээс хамаарч, 20 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнд 0,5%, 20-50 тэрбум хүртэлх үнийн дүнд 0,375%, 50 тэрбум төгрөгөөс дээш үнийн дүнд 0,25% гэж, 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь хэсэгт Жилийн үйлчилгээний хөлс-Сангийн цэвэр хөрөнгийн 0.05%, хамгийн багадаа 2,500,000 төгрөг, хамгийн ихдээ 150,000,000 төгрөг өөрчлөлт оруулсан болох нь хэрэгт авагдсан Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, талуудын маргаагүй тайлбараар тогтоогдсон. /1хх,211-215/

 

4.7. М.И ХХК ньМ ХК-д холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан М ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтад зааснаар бүртгэлийн хураамж авах нь хууль бус байсан болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн нэгж эрхийн бүртгэлийн хураамжийг М ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ын 6.2.2-т заасан хувиар хураахыг М ХК-д даалгах тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0757 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2023/0704 дүгээр магадлалаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ. /1хх, 97-108/

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2024/0019 дүгээр тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0757 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2023/0704 дүгээр магадлалыг хүчингүй болгож, М.И ХХК-ийн нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /1хх, 109-112/

 

4.8. М.И ХХК-иас М ХК-д 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №23/061, 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №24/054 тоот албан бичгүүдээр нэгж эрхийн бүртгэлийн үйлчилгээний хөлсний үлдэгдэл төлбөр 450,000,000 төгрөгийг хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлж байжээ.

 

5. Талууд нэхэмжлэгч М ХК-ийг үйлчилгээний хөлсийг тогтоох эрхтэй талаар болон хариуцагч Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан ХХК нь Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ын дагуу 50,000,000 төгрөг төлсөн үйл баримтад маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч М ХК нь Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ын 6.2.2-т заасан нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлсийг нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувиар тогтоосон нь гарсан бодит зардалтай нийцэх эсэх, энэ нь гэрээний стандарт нөхцөлд хамаарах эсэхэд маргав.

 

6. М ТӨХК, М.И ХХК нарын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 2021/72 дугаартай Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээ-ээр бирж нь сангийн гаргасан 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 50,000,000 ширхэг, нийт 50,000,000,0000 төгрөгийн нэгж эрхийг нэгж эрхийн бүртгэлд бүртгэх, сан нь биржид өргөдлийг хүлээн авч хянах үйлчилгээний хөлс 2,000,000 төгрөг, нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувь, жилийн үйлчилгээний хөлс цэвэр хөрөнгийн дүнгийн 0.05 хувийн төлбөр төлөхөөр тохиролцсоноос дүгнэхэд дээрх гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч М ХК нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, сангийн гаргасан 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 50,000,000 ширхэг, 50,0000,000,000 төгрөгийн нэгж эрхийг нэгж эрхийн бүртгэлд бүртгэсэн байх тул хариуцагчаас нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлсийг шаардах эрхтэй.

 

Талуудын байгуулсан Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээ-ний 2.1, 2.1.2-т Сан нь нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлсийг нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувиар Биржид төлөхөөр, 2.3-т Гэрээний 2.1.2-т заасан төлбөрийг анхдагч зах зээлийн арилжаа амжилттай явагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор биржийн дансанд шилжүүлнэ гэж тус тус заасан байна.

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар М.И ХХК нь анхдагч зах зээлийн арилжааг 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр М ХК-д амжилттай явагдсан болох нь тогтоогдсон тул хариуцагч гэрээнд зааснаар 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдөр нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс 500,000,000 төгрөгийг төлөхөөс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 50,000,000 төгрөгийг төлж, үлдэх 450,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдсон.

 

М ХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т заасан Хөрөнгийн бирж үзүүлж байгаа үйлчилгээний хөлс болон урамшууллын хэмжээг тогтоох эрхийнхээ дагуу Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ыг батлахдаа 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1/301 тоот албан бичгээр Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, А ТӨХХК нарт Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ын төслийг санал авахаар хүргүүлж, М -ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолоор Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ыг баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 537 дугаар тушаалаар уг журмыг батламжилсан нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.4-т заасантай нийцсэн байна.

 

7. Хариуцагч талаас М ТӨХК нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолоор батлагдсан Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ын хавсралтаар гэрээний загварыг урьдчилан баталсан байсан бөгөөд энэ нөхцөл, шаардлагыг шууд тулгаж гэрээ байгуулсан учраас уг гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзэж байгаа. Түүнчлэн, уг гэрээнд нэгж эрхийн бүртгэлийн үйлчилгээний хөлсийг 1 хувь байхаар гэрээнд тусгасан нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой тогтоогдсон тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т зааснаар уг нөхцөл нь хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-т Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ. гэж заасан бөгөөд гэрээний стандарт нөхцөл нь олон тооны гэрээнд байнга хэрэглэх зорилгоор урьдчилан бэлтгэж, нэг тал нөгөөдөө санал болгодог хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон гэрээний агуулгыг бүхэлд нь бүрдүүлж байгаа эсхүл тодорхой нэг хэсэг зохицуулалт байна.

 

Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж М ХК, М.И ХХК нарын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 2021/72 дугаартай Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээ-г олон тооны гэрээнд байнга хэрэглэх зорилгоор урьдчилан бэлтгэсэн гэрээ гэж үзэх үндэслэлгүй тул уг гэрээг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д заасан стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзэхгүй.

 

Түүнчлэн, Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.1.2 дахь заалтад заасан нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувь байх заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т заасан харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой тогтоогдсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

 

8. Хариуцагч нь нэхэмжлэгч М ХК нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ. гэж заасныг зөрчсөн тул уг гэрээний холбогдох заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл-д хамаарна гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байх-аар заасан бөгөөд хууль зөрчсөн гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлдэг байна.

 

Энэ тохиолдолд М ХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т заасан үйлчилгээний хөлс болон урамшууллын хэмжээг тогтоох эрхийнхээ дагуу Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ын 6.2.2-т заасан 1%-ийн хэмжээгээр үйлчилгээний хөлсийг тогтоосон, хариуцагч энэ үйлчилгээний хөлсийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан, М ХК-ийг эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулсан үйлдэлд хариуцлага хүлээлгэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул гэрээний 2.1.2 дахь заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй.

 

9. Хариуцагч Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан нь олон нийтэд нээлттэй санал болгосон нэгж эрхийн танилцуулгадаа үүсгэн байгуулах үйл ажиллагаатай холбогдон гарсан зардалд М ТӨХК-ийн бүртгэлийн хураамжийг нийт босгох дүнгийн 1%-иар, зардлын хэмжээг 500,000,000 төгрөгөөр тооцсон, Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сангийн бизнес төлөвлөгөөнд санг байгуулах, хөрөнгө босгохтой холбоотой нэг удаагийн шинж чанартай зардлыг 2021 онд нэг удаа гаргахаар тусгасан зэргээс дүгнэхэд М.И ХХК нь нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлсийг 1% болохыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан гэж үзнэ.

 

Иймд хариуцагч М.И ХХК-иас 450,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХК-д олгох үндэслэлтэй.

 

10. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний 5.4-т Энэхүү гэрээний 2 дугаар зүйлд заасан үйлчилгээний хөлсийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд Биржийн Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ын 7.2-т заасны дагуу алданги тооцно. заасныг үндэслэн хариуцагчаас гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний алдангид 225,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ын 7 дугаар зүйлийн 7.2.-т Сан нь Биржээс үзүүлэх жилийн үйлчилгээний хөлсийг гэрээнд заасан хугацаанд тогтоосон хэмжээгээр төлөөгүй бол хугацаа хожимдуулсан хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлнө. гэж заасан байна.

 

Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ын 7 дугаар зүйлийн 7.2.-т заасан алдангийн талаарх зохицуулалт нь жилийн үйлчилгээний хөлс-ийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүйгээс үүсэх үр дагаврын талаар зохицуулсан байх тул гэрээний 5.4-т заасан алдангийн талаарх зохицуулалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэхгүй гэж дүгнэв.

 

Иймд хариуцагч М.И ХХК-иас алдангид 225,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

11. Дээрх үндэслэлээр, хариуцагч М.И ХХК-иас 450,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 225,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

12. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,532,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,407,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан М.И ХХК-иас 450,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 225,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,532,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,407,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ