Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2024/04011

 

 

 

 

 

 

 

2024 10 22 181/ШШ2024/04011

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Денверийн гудамж, Офис констракшны байранд байрлах, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс УТҮГ /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б овогт А.А /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 4,350,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс УТҮГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.18, Засгийн газрын 2011 оны 375 дугаар Журам батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам-ын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсгийг үндэслэн тус хэлтэс нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Төрийн сан банкин дахь тоот дансны хөрөнгийг бүрдүүлж, зарцуулж, хяналт тавьж ажилладаг.

Тус хэлтэс нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.2, 23 дугаар зүйлийн 23.1.7, 23.1.11 дэх хэсэгт заасны дагуу тус дүүргийн хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн А.Ад Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралт Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасны дагуу 100%-ийн эргэн төлөх нөхцөлтэй, 36 сарын хугацаатай 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 3/109 тоот гэрээ байгуулан олгосон.

А.Атай байгуулсан 3/109 тоот гэрээний дагуу түүнтэй утсаар холбогдож, гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу тайлан өгөх, эргэн төлөлтөө хийхийг сануулж байсан боловч А.А нь гэрээний 3.9 дэх хэсэгт заасан Төслийн хэрэгжилтийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг тогтоосон хугацаанд гаргах..., 3.10 дахь хэсэгт заасан Санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу зарцуулж, хавсралтад тусгагдсан Эргэн төлөлт хийх хуваарь-ийн дагуу санхүүгийн дэмжлэгийг эргэн төлнө. Мөн жил бүрийн 06, 12 дугаар сарын 20-ны дотор тооцоо нийлсэн актад гарын үсэг зурж, тооцоо нийлнэ. гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

Мөн гэрээний 2.5 дахь хэсэгт Гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй болон удаа дараагийн зөвлөгөө, шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд хугацаанаас өмнө гэрээг цуцлах... гэж заасан.

А.А нь 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд үндсэн санхүүгийн дэмжлэгийн 2,900,000 төгрөгийн эргэн төлөлтийн өртэй байна.

А.Атай байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт Б тал олгосон санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар хоног тутамд алданги тооцож А тал нэхэмжилнэ. гэж заасан.

Энэхүү заалтын дагуу хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувь нь хоногийн 5,800 төгрөг байх бөгөөд эргэн төлөлтийн хуваарийн дагуу буюу 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 13-ны хооронд нийт 22 сарын хугацаанд 660 хоногийн алданги тооцоход нийт 3,828,000 төгрөг болох боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг үндэслэн алдангийг тооцоход 2,900,000 төгрөгийн 50 хувь нь 1,450,000 төгрөг болж байна.

А.Атай байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан Гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй болон удаа дараагийн зөвлөгөө шаардпагыг хүлээн аваагүй тохиолдолд хугацаанаас өмнө гэрээг цуцлах..., мөн гэрээний 4.10 дахь хэсэгт Маргааныг шийдвэрлэх боломжгүй үед Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ. гэж заасны дагуу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буюу төрд учирсан 2,900,000 төгрөг, нийт 4,350,000 төгрөгийн хохирлыг хариуцагч А.Агаас гаргуулан Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Төрийн сан банкны тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч А.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Аюуш овогтой Аззаяа нь 2021 оны 12 дугаар сард хүлээн авсан 5,000,000 зээлийн үлдэгдэл 4,350,000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 7 сарын хугацаанд сар бүр 621,430 төгрөгөөр сар бүрийн 10-нд төлж барагдуулна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Доржсугар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: А.Агийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч эвлэрэв гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс УТҮГ нь хариуцагч А.Ад холбогдуулан санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 4,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч А.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,350,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 7 сарын хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 621,430 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, А.Ад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс УТҮГ-ын нэхэмжлэлтэй, А.Ад холбогдох санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 4,350,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч А.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,350,000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 7 сарын хугацаанд, сар бүрийн 10-ны өдөр 621,430 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, А.Ад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 42,275 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ