Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 38

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Х.Анхцэцэг,

Иргэдийн төлөөлөгч Ц.Төмөрсайхан,

Хохирогч Ж.Б,

Насанд хүрээгүй гэрч Э.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Д,

Шүүгдэгч О.Ц, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж /ҮД:0032/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Оын Цт холбогдох 201726010231 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар  сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэгэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, ...тоотод оршин суух,

2007 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 251 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2010 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 125 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 03 сар 10 хоногийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 430 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар, 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,   Боржигон овогт Оын Ц, /РД:УШ92070352/.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

           

            Нэг:Яллах талын нотлох баримтууд.

1.1.Шүүгдэгч О.Цийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн: “...Б өвдөг дээрээ суучихсан нэг гараараа хана тулчихсан, нөгөө гараараа бэлэг эрхтэнээ барьчихсан засаж өгсөн ор руу шээж байхаар нь би Бт “чи жорлонд очоод шээвэл яасан юм бэ” гэж хэлээд тухайн үед маш их уурласан байсан болохоор түүнийг шээж байхад нь гэдэс рүү нь баруун хөлөөрөө 1 удаа өшиглөчихсөн юм. ...Маргааш өглөө Б босоод гэдэс өвдөөд байна гэхээр нь бид нар олгой байж магадгүй гээд Бийг Гэрлээтэй цуг эмнэлэг рүү явуулсан. Тэгтэл 22 цагийн үед над руу Гэрлээ утсаар яриад Бийн гэдэс дотор болохоо байчихсан юм шиг байна, маргааш хагалгаанд орохоор болсон гэхээр нь би маргааш өглөө нь Бтэй очиж уулзаад уучлалт гуйгаад эмнэлгийн төлбөрийг нь төлж барагдуулсан. Тэр үед Б манайд анх орж ирэхдээ найз охин Гэрлээгээрээ түшүүлчихсэн нэлээн согтуу орж ирсэн. Би шууд ор засаж өгөөд унтуулсан. Хэрэг болох үед Б тасарчихсан, өөрийн ухаангүй л байх шиг байсан. Б намайг өшиглөсний дараа эвгүй дуугараад л шууд хэвтээд өгсөн. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 75-76, 84-86 х/

 

1.2.Шүүгдэгч О.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр Б, Гэрлээгийн хамт манайд ирсэн. Б ирэхдээ халамцуу байсан болохоос биеэ хамгаалах чадваргүй байгаагүй. Гэрлээ Б нар жижиг өрөөнд орж унтсан. Дараа нь Гэрлээ ирээд Бийг үгэнд орохгүй шээгээд байна гэж хэлсэн. Би шээж байхаар нь уурласандаа өшиглөсөн. Миний мэдүүлэгт биеэ хамгаалах чадваргүй байгаагүй гэж хэлснийг тасарсан байсан гэж хэлсэн болгож өөрчилсөн байсан. Б гэмтлийн эмнэлэгт очоод хэн намайг гэмтээснийг мэдэхгүй, Гэрлээгээс сүүлд сонссон гэж хэлснээс болоод намайг хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг мэдсээр байж гэж хүндрүүлэн зүйлчилж байна. Бийн биед хүнд  гэмтэл учруулсандаа харамсаж байна ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

1.3.Насанд хүрээгүй хохирогч Ж.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ...бид 5-лаа Амгаагийн төрсөн өдрийг тэмдэглэсэн. Тэгээд 00 цагийн үед архи уусан. Тэгээд би согтсон. Хамгийн сүүлд 03 цагийн үед нилээд согтоод байж байснаа санаж байна. Нэг сэрэхэд 8-ны үдээс хойш 15 цагийн үед сэрсэн. Тэгэхэд миний гэдсээр өвдөөд байсан. ...Чингэлтэй дүүргийн эмнэлэг дээр очоод харахад гэдэсний баруун талд хөхөрчихсөн байсан. Гэрлээ чи өчигдөр том өрөөнд шээж байгаад Ц ахад өшиглүүлсэн шүү дээ гэсэн. Тэгж анх өшиглүүснээ мэдсэн. Тэгээд Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд дотуур цус алдаж байна гээд яаралтай хэвтүүлж 9-ний өглөө хагалгаанд орсон. Би зодуулснаа мэдэхгүй байгаа, зодсон ч гэж дээ намайг согтоод том өрөөнд шээж байхад нь Ц очоод нуруу руу 1 цохиод гэдэс рүү өшиглөсөн гэсэн. Гэрлээ надад ингэж хэлсэн. ... тэгээд намайг эмнэлэгт байхад Ц өөрөө ирж уулзаад ахыгаа ёстой уучлаарай гээд байсан. Манай эгч Алтанзултай уулзаад уучлаарай айлын том өрөөнд шээж байхад уурлаад өшиглөчихсөн юм, надад битгий гомдол гаргаач гэж хэлсэн гэсэн. Тэр эмчилгээнд гарсан 150,000 төгрөгийг төлсөн. ...Намайг эмнэлэгт хагалгаанд орж байхад эгч Алтанзул гомдол гаргачихсан байна лээ. ...Миний хувьд одоо ямар нэгэн гомдол, санал хүсэлт байхгүй. Эмчилгээний зардлыг тухайн үед нь Ц төлж барагдуулсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 х/,

1.4.Хохирогч Ж.Б /насанд хүрсэн/-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хэрэг гардаг 01 дүгээр сарын 8-ны өдөр би Бийн хамт Цийн гэрт орсон. Гэрт ороход Жаагий, Амгаа, Дээгий, Ц нар байсан. Хажуу өрөөнд Дээгий бидэнд ор засаж өгсөн. Шээс их хүрч байсан, тэгээд унтаж байгаад би зүүрмэглээд сэрэхэд Б шээхээ болиоч гэж хэлсэн. Б Цийн авчирсан. Ц ах намайг яагаад шээгээд байгаа юм бэ гэхээр нь би пизда гэх мэт хараал хэлээд бид маргалдсан. Тэгээд Ц намайг гэдэс рүү өшиглөсөн. Өшиглөсний дараа бага зэрэг өвдөж байсан ч би унтсан. Маргааш нь гэдэс өвдөөд байхаар нь 2-3 цагийн үед эмнэлэг орсон. Хохиролд нийт 340000 төгрөг авсан, нэхэмлэх зүйлгүй гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

1.5.Гэрч Ц.Алтанзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бийг эмнэлэгт хэвтээд 2 хонож байхад Ц гэж залуу ирж уулзаад ахыгаа уучлаарай ахынх нь буруу гэж хэлсэн. ...хагалгааны зардал 150,000 төгрөгийг Ц шууд тушаагаад өгсөн. ...Ц надад ярихдаа Гэрлээ над руу ирээд Б шээж байна гэхээр нь очиход танай дүү айлын том өрөөнд шээж байхаар нь би өшиглөхөд тэр унаад тэр чигээрээ унтаад өгсөн юм гэж ярьсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 х/

 

1.6.Насанд хүрээгүй гэрч Э.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Б гэнэт босоод нэг гараараа хана түшээд хоёр өвдөг дээрээ сууж байснаа  шээхээр нь би том өрөө рүү гүйж ороод Ц ахаа Б шээчихлээ гэж хэлчихээд Цтэй буцаад ороход Б шээж байсан. Тэгтэл Ц уурлаад арчаагүй муу лалар вэ, гэр доромжиллоо гэж хэлээд Бийн араас нуруу руу нь өшиглөхөд Б 4 хөллөөд унахаар гэдэс рүү нь дахиад 1 өшиглөсөн юм. ...” гэх мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

1.7.Шинжээчийн 249 тоот дүгнэлт

1.Ж.Бийн биед хэвлийн битүү гэмтэл, дэлүүний задрал, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай  тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх 19 х/

 

Хоёр:Хувийн байдлын талаарх нотлох баримтууд.

2.1.Гэрч Д.Бадамцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц нь 1992 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн айлын ганц хүүхэд байгаа юм. Ц нь зан төрхийн хувьд даруухан, хөгжилтэй, бусадтай их нийтэч зантай залуу бөгөөд архийг өөртөө тохируулаад маш бага хэрэглэдэг, тамхи татдаг, өөр элдэв гаж буруу зуршилгүй. Надтай танилцсанаасаа хойш ямар нэгэн зөрчилд холбогдож байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 87-88 х/

 

2.2.Гэрч О.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид хоёр 2015 онд барилга дээр хамт ажиллаж байгаад анх танилцаж байсан. 2 сар хамтдаа ажилласан. Мөн 10 гаран хоног хамт амьдарч байсан. Ц зан төрхийн хувьд ажилсаг, бусадтай нийтэч, хүнд тусархуу, даруу төлөв зантай залуу байгаа юм. Архи дарсыг нэг их хэрэглээд байдаггүй, уухаараа элдэв гаж буруу ааш авир гаргаад байдаггүй. Урьд хэрэгт холбогдож байсан гэж өөрөөс нь дуулсан бөгөөд ямар хэрэгт холбогдсоныг нь мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 89-90 х/

 

2.3.Гэрч Д.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү Ц 1992 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотын 2 дугаар төрөхөд төрсөн, айлын ганц хүү юм. Хүү маань бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн, аав нь 1997 онд нас барсан юм. Ц 1999 онд 80-р сургуулийн 1-р ангид элсэн орж суралцаад 2007 онд 67 дугаар сургуулийн 8-р ангийг төгсөөд ар гэрийн гачигдлаар сургуулиасаа гарчихсан юм. Тэгээд 2007 онд хулгайн хэрэгт холбогдож 4 жилийн хорих ялаар шийтгүүлж тэнссэн бөгөөд 2010 онд дахин хулгай хэрэгт холбогдож 2 жил ял хойшлуулсан юм. Тэр жилээ буюу 2010 онд дээрмийн хэрэгт холбогдож 5 жил хорих ялаар шийтгүүлж Зүүн хараагийн шоронд ялаа эдэлж дуусгаад 2015 онд суллагдсан. Түүнээс хойш Болжмор авто угаалгын газар угаагч, барилга дээр туслах ажичнаар ажиллаж байсан. Зан төрхийн хувьд хүнд тусархуу, хамт олонтойгоо нийтэч, даруу төлөв л зантай хүүхэд юм. Хүү маань тамхи татдаг, архи уугаад байдаггүй, гэртээ согтуу ирж байгаагүй л хүүхэд байгаа юм. Билгүүн, Лхагваа гэдэг найзуудтайгаа дотно найзалж нөхөрлөдөг. Ц урьд нь 2 хүүхэнтэй хамт амьдарч байгаад салсан, эхнэрүүдээсээ тус тус 1 хүүхэдтэй болсон бөгөөд 2 хүүхэд нь ээжүүд дээрээ байцгаадаг. Ц энэ хэрэгт холбогдож хоригдохоосоо өмнө надтай цуг Сүхбаатар дүүргийн 20-р хороонд ...тоотод амьдарч байсан. ...” гэх мэдүүлэг /хх 91-93 х/

2.4.О.Цийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 101 х/

2.5.Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 105-114 х/

 

Гурав:Хохирлын талаарх нотлох баримтууд.

3.1.Насанд хүрээгүй хохирогч Ж.Бийн “...Миний хувьд одоо ямар нэгэн гомдол, санал хүсэлт байхгүй. Эмчилгээний зардлыг тухайн үед нь Ц төлж барагдуулсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 х/,

3.2.Хохирогчид Ж.Бт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх 157 х/

3.3. “хохиролд нийт 340,000 төгрөг авсан, эмчилгээ бүрэн хийгдсэн, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх хохирогч Ж.Бийн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/


            Дөрөв:Бусад нотлох баримт

4.1.Насанд хүрээгүй гэрч Э.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... орой 22 цагийн үед шиг санаж байна Залуус хороололд байдаг Цийн гэрт очиход тэнд Амгаа, Жаагий, Дээгий, Ц нар байсан бөгөөд надаас бусад нь архи, пиво уусан юм. шөнийн 00 цагийн үед шиг санаж байна Б согтоод тасарчихаар нь Ц жижиг өрөөндөө Б бид хоёрт ор засаж өгөхөөр нь ороод унтаж байхад хэдэн цагийг нь санахгүй байна Б гэнэт босоод нэг гараараа хана түшээд хоёр өвдөг дээрээ сууж байснаа  шээхээр нь би том өрөө рүү гүйж ороод Ц ахаа Б шээчихлээ гэж хэлчихээд Цтэй буцаад ороход Б шээж байсан. Тэгтэл Ц уурлаад арчаагүй муу лалар вэ, гэр доромжиллоо гэж хэлээд Бийн араас нуруу руу нь өшиглөхөд Б 4 хөллөөд унахаар гэдэс рүү нь дахиад 1 өшиглөсөн юм.Тэгээд тэнд байсан Дээгий бид хоёр Цийг салгаад унтацгаасан ... Бийг шээлээ гэх шалтгаанаар Ц түүний нуруу болон гэдэс рүү нь хоёр удаа хүчтэй өшиглөсөн.Тэгээд маргааш өглөө нь Б босч чадахгүй гэдэс өвдөөд байна гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх 143 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

            Насанд хүрээгүй гэрч Э.Бээс мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж, тухайн гэрч 17 насанд хүрсэн байхад Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийг сануулаагүй мэдүүлэг авсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтанд тооцох боломжгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхээс бусад нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн тул дээрх нотлох баримтуудын хүрээнд үнэлэлт дүгнэлт өгч хэргийг хянан  шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.     

 

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

 

Гэм буруугийн талаар.

О.Ц нь 2017 оны 01 дүгээр сарын 08-ны шөнийн 00 цагийн үед  Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын 48-669 тоотод байрлах гэртээ Ж.Б болон бусад хүмүүсийн хамт архидан согтуурч улмаар Ж.Б нь согтуурсны улмаас тэдний гэрт “шээсэн” асуудлаас болж уурлан түүний хэвлий тус газар өшиглөж эрүүл мэндэд нь “хэвлийн битүү гэмтэл, дэлүүний задрал, хэвлийн хөндийн цусан хураа” бүхий хүнд гэмтэл санаатай  учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ж.Бийн  “...2017 оны 01 дүгээр сарын ... 8-ны үдээс хойш 15 цагийн үед сэрсэн. Тэгэхэд миний гэдсээр өвдөөд байсан. ... Гэрлээ чи өчигдөр том өрөөнд шээж байгаад Ц ахад өшиглүүлсэн шүү дээ гэсэн. Тэгж анх өшиглүүлснээ мэдсэн. Тэгээд Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд дотуур цус алдаж байна гээд яаралтай хэвтүүлж 9-ний өглөө хагалгаанд орсон. Би зодуулснаа мэдэхгүй байгаа, зодсон ч гэж дээ намайг согтоод том өрөөнд шээж байхад нь Ц очоод нуруу руу 1 цохиод гэдэс рүү өшиглөсөн гэсэн. Гэрлээ буюу гэрч З.Б надад ингэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 х/

 

Шүүгдэгч О.Цийн “...Б өвдөг дээрээ суучихсан нэг гараараа хана тулчихсан, нөгөө гараараа бэлэг эрхтэнээ барьчихсан засаж өгсөн ор руу шээж байхаар нь би Бт “чи жорлонд очоод шээвэл яасан юм бэ” гэж хэлээд тухайн үед маш их уурласан байсан болохоор түүнийг шээж байхад нь гэдэс рүү нь баруун хөлөөрөө 1 удаа өшиглөчихсөн юм.  ... Б намайг өшиглөсний дараа эвгүй дуугараад л шууд хэвтээд өгсөн. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 75-76, 84-86 х, шүүх хуралдаан тэмдэглэл/

 

Гэрч Ц.Алтанзулын “...Бийг эмнэлэгт хэвтээд 2 хонож байхад Ц гэж залуу ирж уулзаад ахыгаа уучлаарай ахынх нь буруу гэж хэлсэн. ...хагалгааны зардал 150,000 төгрөгийг Ц шууд тушаагаад өгсөн. ...Ц надад ярихдаа Гэрлээ над руу ирээд Б шээж байна гэхээр нь очиход танай дүү айлын том өрөөнд шээж байхаар нь би өшиглөхөд тэр унаад тэр чигээрээ унтаад өгсөн юм гэж ярьсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 х/

 

Насанд хүрээгүй гэрч Э.Бийн “... Б гэнэт босоод нэг гараараа хана түшээд хоёр өвдөг дээрээ сууж байснаа  шээхээр нь би том өрөө рүү гүйж ороод Ц ахаа Б шээчихлээ гэж хэлчихээд Цтэй буцаад ороход Б шээж байсан. Тэгтэл Ц уурлаад Бийн араас нуруу руу нь өшиглөхөд Б 4 хөллөөд унахаар нь гэдэс рүү нь дахиад 1 өшиглөсөн юм. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

 Шинжээчийн 249 тоот дүгнэлт

1.Ж.Бийн биед хэвлийн битүү гэмтэл, дэлүүний задрал, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай  тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх 19 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

Улсын яллагч: Б нь Цт өшиглүүлчихээд тэр чигтээ унаад унтсан. Хэрэг гарах үед Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ хамгаалах чадваргүй байсан гэдэг нь харагдаж байна. Хэрэв биеэ хамгаалах чадвартай байсан бол айлын гэрт шээхгүй, мөн хүнд өшиглүүлчихээд шууд унтахгүй байх байсан. Маргааш нь ч хэнд өшиглүүлсэнээ мэдэхгүй олгой юм болов уу гэж хэлсэн нь согтуурсан, биеэ хамгаалах чадваргүй байсан гэдгийг харуулж байна. Одоо шүүгдэгч хохирогч нар ах дүүсийн харьцаатай гомдол саналгүй, эвлэрсэн гэдэг нь шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал болохоос гэмт хэрэг гарсан нөхцөл байдалд дүгнэлт өгөхөд нөлөөлөхгүй” гэсэн тайлбар гаргасныг шүүх дараахь үндэслэлээр няцааж байгаа болно.Үүнд:

 

Хэргийн үйл баримтуудаар хохирогч, шүүгдэгч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, улмаар хохирогч Ж.Б нь унтаж байгаад шүүгдэгч О.Цийн гэрт орон дээр нь шээсэн асуудлаас болж түүнийг зодож хүнд гэмтэл учруулсан болох нь тус тус тогтоогдож байгаа.

Дээрх байдлаас үзэхэд хохирогч, шүүгдэгч нар аль аль нь архидан согтуурсан, тэдгээрийн хооронд энэ гэмт хэрэг гарахаас өмнө ямар нэгэн маргаан, зодоон болоогүй, хохирогчийн зүй бус ажиллагаанаас буюу айлын гэрт унтуулахаар засаж өгсөн орон дээр нь шээж байсныг гэрч Э.Б нь О.Цт очиж хэлээд О.Цийг ирэхэд орон дээр нь шээж байхаар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх үйлдэл хийсний улмаас хохирогчид хүнд гэмтэл учруулсан.

            Мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогч Ж.Бийг хэр хэмжээний согтолттой, биеэ хамгаалж чадахгүй байдалд байсан гэдгийг хангалттай нотлож тогтоогоогүй, мөн уг гэмт хэрэг нь хохирогчийн зүй бус үйлдлээс болж үйлдэгдсэн, Өмгөөлөгчийн “Гэрлээ чамд шээж байна гэж хэлэхээр нь чи юу гэж бодсон бэ?” гэх асуултанд шүүгдэгч нь “Гэрлээ Бийг болиулж чадахгүй болохоороо надад хэллээ гэж ойлгосон, ... миний бодлоор Б биеэ хамгаалах чадвартай байсан ...”, хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт  “Ц ахыг өшиглөсөн гэдгийг нуух гээд олгой гэж хэлсэн, ... шээс их хүрсэн байсан учраас шээсэн” гэх мэдүүлгүүд нь тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгснөөс зөрүүтэй, хэргийн гол гэрч З.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг хууль зөрчиж цуглуулсан тул нотлох баримтаар тооцож үнэлэх боломжгүй зэргээс дүгнэлт хийхэд улсын яллагчийн “биеэ хамгаалах чадвартай байсан бол айлын гэрт шээхгүй, мөн хүнд өшиглүүлчихээд шууд унтахгүй байх байсан маргааш нь хэнд өшиглүүлснээ мэдэхгүй, олгой юм болов уу гэж хэлсэн нь биеэ хамгаалах чадваргүй байсан гэдгийг харуулж байна” гэх дүгнэлтийг хуульд заасан журмаар цуглуулсан нотлох баримт /гэрч З.Бийн мэдүүлэг/-нд үндэслээгүй, мөн шүүгдэгч хохирогч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй, хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байсныг түүний уусан архитай холбож тайлбарлан яллаж байгаа боловч шинжилгээгээр ямар хэмжээний согтолттой, бие авч явах чадвартай байсан эсэхийг тогтоогоогүй тул шүүгдэгчид ашигтайгаар буюу хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн О.Цт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон. Хэргийн зүйлчлэлийг шүүх хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой.

 

Хохирлын талаар.

Хохирогч Ж.Бийн эмчилгээний зардлын 340,000 төгрөгийг бүрэн төлсөн, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй болох нь  “...Миний хувьд одоо ямар нэгэн гомдол, санал хүсэлт байхгүй. Эмчилгээний зардлын 340,000 төгрөгийг тухайн үед нь Ц төлж барагдуулсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14, 157 х, шүүх хуралдааны тэмдэглэл/-ээр тогтоогдож байгаа тул О.Ц-г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

            Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.

            Хохирогч Ж.Бийн зүй бус үйлдлээс болж уг гэмт хэрэг үйлдэгдсэн, шүүгдэгч нь хохирлыг бүрэн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцож эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

             Ял шийтгэлийн талаар.

             О.Ц нь гэм буруугаа хүлээж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, уг гэмт хэрэг нь хохирогчийн зүй бус ажиллагаанаас үүдэлтэй, хохирогчийн эрүүл мэндийн байдал сайжирсан, гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн түүнд 01 жил 01 сарын хугацаагаар хорих ял оноож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

           

            Цагдан хоригдсон хугацааны талаар:

            О.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон болох нь хавтаст хэргийн 153, 159 дүгээр хуудаснуудад авагдсан шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байгаа тул 2017.10.19-2018.01.15 хүртэл цагдан хоригдсон 88 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсон болно.

            Бусад асуудлын талаар:

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас О.Цт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2.Боржигон овогт Оын Ц-г Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Цийг 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар О.Ц-н эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар О.Цийн урьдчилан цагдан хоригдсон 88 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

6.О.Цийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан О.Цт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ

 

                  ШҮҮГЧИД                               Г.АЛТАНЦЭЦЭГ

                   

                                                               Г.ГАНБААТАР