Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 0009

 

 

 

 

 

 

 

 

Я.Год холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Д.Азжаргал, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                          Ж.Б

Шүүгдэгч                                           Я.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Т.Э

Нарийн бичгийн дарга                 Г.Отгонтуяа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 403 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Я.Гын давж заалдах гомдлоор Я.Год холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овогт Я-н Г,

           

Я.Г нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр        аймгийн       сумын       багийн       тоотод хохирогч Б.Б-н байшинд согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад “Елко” загварын 50 инчийн телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр       аймгийн        сумын         багийн Б    гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Х” амралтын газрын хажууд байрлах байшинд хохирогч С.А-г согтуурсан байдалтай унтаж байхад өмдний халаасанд нь байсан бэлэн 200,000 төгрөг, гадаа байсан        улсын дугаартай Тоёота Хайлюкс загварын тээврийн хэрэгслийг нь тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 44,200,000 төгрөгийн хохирол, нийт 45,400,000 төгрөгийн хохирол бусдад учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Я.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Шүүгдэгч Х овогт Я-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я-н Г-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Год оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Гын цагдан хоригдсон 41 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, Шүүгдэгч Я.Г нь бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Я.Г давж заалдах гомдолдоо: 

... Аав минь маш хүнд хагалгаанд орсон эмчийн хяналтад байдаг, нэг дүү Улаанбаатар хотод, нэг дүү Америкийн Нэгдсэн Улсад, нэг дүү бага насны хүүхэдтэй тусдаа амьдардаг болохоор аав ээжийгээ надаас өөр асрах хүн байхгүй. Аавын чих муу сонсдог учраас тэр болгон гэрээсээ гараад байдаггүй, ээж таяг тулдаг болохоор асрах хүн байхгүй би маш их гэмшиж байна. Надад нэг удаа боломж олгож хорих ялыг минь нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэн харгалзах ялаар сольж өгөх юм бол ажил хийж аав ээж дүү нараа зовоохгүйгээр цаашид хүн шиг амьдарна ... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Я.Г тайлбартаа: ... Гэмт хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Надад нэг удаа боломж олгож өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э тайлбартаа: ... Анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Шүүгдэгчийн нэг үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна. Өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж оногдуулсан гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ж.Б дүгнэлтдээ: ... Өмгөөлөгч нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах тайлбар гаргаж байна. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх хугацаанд дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Зүйлчлэл болон оногдуулсан эрүүгийн хариуцлага тохирсон. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Год холбогдох эрүүгийн хэргийг түүний давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 Шүүгдэгч Я.Гын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр           аймгийн         сумын       багийн      тоотод хохирогч Б.Б-н байшинд согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад “Елко” загварын 50 инчийн телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр       аймгийн         сумын         багийн Б гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Х” амралтын газрын хажууд байрлах байшинд хохирогч С.А-г согтуурсан байдалтай унтаж байхад өмдний халаасанд нь байсан бэлэн 200,000 төгрөг, гадаа байсан     улсын дугаартай Тоёота Хайлюкс загварын тээврийн хэрэгслийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 44,200,000 төгрөгийн хохирол, нийт 45,400,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь

хавтаст хэрэгт авагдсан  хохирогч Б.Б-н ... Дэлгүүр орж архи авахаар явахдаа байшингаа онгорхой орхиод Г-г гэртээ үлдээгээд явсан. Буцаад гэртээ ирэхэд зурагтын тавиур дээр байсан 50 инчийн Елко загварын зурагт алга болсон байсан болохоор би цагдаагийн байгууллагад хандсан. Хамт архи уусан Г зурагтыг минь хулгайлж авсан байсан... гэсэн мэдүүлэг,

хохирогч С.А-н ... Би хөрштэйгөө архи уугаад байж байхад Г гэдэг залуу архитай орж ирээд хамт архи уусан. Намайг тасраад унтсан байхад өмдний карманд байсан 200.000 төгрөг, ширээн дээр тавьсан байсан машины түлхүүрийг минь аваад миний эзэмшлийн        улсын дугаартай Тоёота Хайлюкс” маркийн машиныг минь авч явсан байсан ... гэсэн мэдүүлэг,

иргэний нэхэмжлэгч М.М-н ... 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр модны захаас гараад айлд мод буулгах гээд явж байх замд том зурагт тэвэрсэн хүн зогсож байхаар нь зурагтаа зарах уу гэж би асуусан. 500.000 төгрөгөөр зарна гэхээр нь би 330.000 төгрөгөөр худалдаж авсан ... талаарх мэдүүлэг,

гэрч Я.М-н ... 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр над руу         аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн алба хаагч утсаар ярьж танай ах Г хүний тээврийн хэрэгсэл хулгайлж авч явж байгаад баригдсан гэхэд нь би журмын хашааны төлбөр 65.000 төгрөгийг нь төлж хар өнгийн “Тоёота хайлюкс” маркийн тээврийн хэрэгслийг журмын хашаанаас гаргасан ...гэсэн мэдүүлэг,

гэрч Д.Н-н ... 2022 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 02 цагийн үед      аймгийн       сумын нутаг дэвсгэрт замын цагдаагийн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байхад      багийн нутаг дэвсгэрт      дугаарын Тоёота Hilux маркийн тээврийн хэрэгсэлд шалгалтын ажиллагаа явуулахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу эрэгтэй хүн жолоодож явсан ба овог нэр, регистрийг нь асуухад өөрийгөө Я-н Г гэж хэлсэн. Согтолтын зэргийг нь драгераар үлээлгэн үзэхэд 3,44 хувьтай гарсан тул тээврийн хэрэгслийг журмын хашаанд журамлаж Я.Гыг         аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн албан хаагчид хүлээлгэн өгсөн...Тээврийн хэрэгслийн гэрчилгээг шалгахад С-н А гэсэн өмчлөгчтэй байсан... гэсэн мэдүүлэг,

“Ашид билгүүн” ХХК-нийн шинжээчийн “Еlko” брэндийн 50 инчийн зурагтыг 1.200.000 төгрөгөөр үнэлсэн хохирлын үнэлгээ, мөн “Тоёота Hilux” машиныг 44.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Я.Гын яллагдагчаар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 “Хулгайлах гэмт хэрэг” гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байдаг.

Гэмт этгээд өөрийн үйлдлийг хэн ч мэдээгүй гэдэгт бат итгэсэн байдаг бөгөөд тухайн эд зүйлсийн өмчлөгч, эзэмшигч нь бага насны, сэтгэцийн өвчтэй, согтуурал, мансуурлын байдалд байгаагийн улмаас хулгайлах үйлдлийн утга учрыг ойлгохгүй гэж бодож, тэдний дэргэд бусдын эд хөрөнгийг авсан тохиолдолд хулгайлах гэмт хэрэгт тооцогдоно.

Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь тухайн авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр үйлдэгддэг, харин тухайн тээврийн хэрэгслийг завших зорилгоор өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч явсан бол хулгайлах гэмт хэргээр зүйлчлэх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э-н шүүх хуралдаанд гаргасан “ ... хэргийн зүйлчлэл тохироогүй ... ” гэсэн тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.

 Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Я.Гын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг  шийдвэрлэсэн байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Я.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирчээ.

            Шүүгдэгч Я.Г урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан боловч тухайн гэмт хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээсэн байхад анхан шатны шүүх түүний хувийн байдлын талаар дүгнэхдээ ял хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулсан байгааг цаашид анхаарвал зохино.

Иймд шүүгдэгч Я.Гын ... надад оногдуулсан хорих ялыг нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү ... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 403 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Я.Гын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                                     Д.АЗЖАРГАЛ

 

                                                                        С.ЦЭЦЭГМАА