| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/05968/И |
| Дугаар | 181/ШШ2024/04316 |
| Огноо | 2024-11-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2024/04316
2024 11 05 181/ШШ2024/04316
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Р ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ү ХХК /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 25,816,680.47 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Р ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай Р ХХК нь 2017 онд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдаж, ресторан, кофе шоп, талх, нарийн боов, бялууны үйлдвэрлэл, түгээлт, хоол болон түргэн хоолны хүргэлт, талх нарийн боов, бялууны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Бид үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд 2020 оноос эхлэн Ү ХХК-тай хамтран ажиллаж, өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг Good Price Market дэлгүүрээр дамжуулан худалдан борлуулах болсон.
Талууд хамтран ажиллаж эхэлснээс хойш буюу 2020 оноос 2024 он хүртэлх хугацаанд Ү ХХК-ийн _____ дэлгүүрт тухайн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж, цаг тухай бүрд нийлүүлэлтийн төлбөрийг авдаг байсан.
Гэтэл Ү ХХК нь 2024 оны 6 дугаар сараас эхлээд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг төлөөгүй, улмаар талууд үлдэгдэл төлбөр дээр cap бүр тооцоо нийлсэн акт үйлдсэн.
Тус тооцоо нийлсэн актаар 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Ү ХХК нь тооцооны 25,816,680.47 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг харилцан баталсан байдаг. Манай компанийн зүгээс дээрх тооцоо нийлсэн актын төлбөрийг төлөхийг удаа дараа шаардан ирсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй.
Иймд бараа бүтээгдэхүүн нийлүүлсний үлдэгдэл төлбөр болох 25,816,680.47 төгрөгийг Ү ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч Р ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагч Ү ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С бид харилцан тохиролцож, хариуцагч Ү ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 25,816,680,47 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 12,908,340 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 12,908,340.47 төгрөгөөр нэхэмжлэгч Р ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч Ү ХХК-д холбогдуулан 25,816,680.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С нар харилцан тохиролцож, хариуцагч Ү ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 25,816,680.47 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 12,908,340 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 12,908,340,47 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Р ХХК-д төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Ү ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Р ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ү ХХК-д холбогдох 25,816,680.47 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Ү ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 25,816,680.47 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 12,908,340 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 12,908,340.47 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Ү ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,034 төгрөгөөс 143,517 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 143,517 төгрөгийг, хариуцагч Ү ХХК-иас 143,517 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Р ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ