| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/01383/И |
| Дугаар | 181/ШШ2024/04318 |
| Огноо | 2024-11-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2024/04318
2024 11 05 181/ШШ2024/04318
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.М /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.А оролцож, тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Мд холбогдуулан 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 1,000,000 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 6,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Нэхэмжлэгч Б.Б Э ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд тус компани нь сонгодог хөгжмийн сургалтын чиглэлээр 11 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа.
Б.Б би өөрийн танил Б.Мд 2021 оны 02 дугаар сард Kawai CN27 загварын төгөлдөр хуурыг 9,000,000 төгрөгөөр худалдсан юм. Хариуцагч Б.М нь төгөлдөр хуурын төлбөрийг 4 сарын хугацаанд хувааж төлж дуусгана гэсэн боловч 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг төлж, үлдэх 6,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй.
Б.М нь охиноо төгөлдөр хуурын сургалтад явуулсан төлбөр 1,000,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төлсөн. Үүнийг төгөлдөр хуурын төлбөрт төлөөгүй.
Иймд хариуцагч Б.Мгаас төгөлдөр хуурын үлдэгдэл төлбөр 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.М би иргэн Б.Бтэй харилцан тохиролцож, 2021 онд Kawai CN27 загварын төгөлдөр хуурыг 6,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Төгөлдөр хуурын төлбөрт 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр урьдчилгаа 1,000,000 төгрөгийг Б.Бгийн Хаан банк дахь 50........ тоот данс руу, 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн бөгөөд 2,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа.
Мөн би Э ХХК-иас төгөлдөр хуурыг худалдаж авсан. Иймд Б.Б нэхэмжлэх эрхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 126,50 төгрөг төлсөн баримт, Б.Бгийн Хаан банк дахь 50........ тоот дансны хуулга, Т.М-д олгосон итгэмжлэл, Э ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 24/10 тоот албан бичиг, Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлсэн.
Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: Б.Мгийн Хаан банк дахь 50............. тоот дансны хуулга, төгөлдөр хуурын зураг, Б.А-д олгосон итгэмжлэлийг ирүүлсэн.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр О.О-аас гэрчийн мэдүүлэг авч, нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.М нарын харилцсан мессежинд үзлэг хийсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Б.Б нь Б.Мд 2021 онд Kawai CN27 загварын төгөлдөр хуурыг 9,000,000 төгрөгөөр худалдсан. Б.М нь төгөлдөр хуурын төлбөрөөс 3,000,000 төгрөгийг төлж, үлдэх 6,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй тул гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Б.Мгийн хувьд Э ХХК-иас Kawai CN27 загварын төгөлдөр хуурыг 6,000,000 төгрөгөөр зээлээр худалдаж авсан. Төгөлдөр хуурын төлбөрөөс 4,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийг зөвшөөрнө. Үлдэх 4,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргав.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Б.Б нь Э ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх43/
4.2. Хариуцагч Б.М нь нэхэмжлэгч Б.Бгийн Хаан банк дахь 50........ тоот дансанд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байна. /хх11-13/
4.3. Нэхэмжлэгч Б.Б нь 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хариуцагч Б.Мгаас төгөлдөр хуурын үлдэгдэл төлбөрийг шаардаж байсан болох нь Б.Б, Б.М нарын харилцсан мессежинд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон. /хх55-62/
5. Хариуцагч Б.М нь төгөлдөр хуур худалдах, худалдан авах гэрээг Э ХХК-тай, эсхүл нэхэмжлэгч Б.Бтэй байгуулсан эсэх, Б.Мгаас 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Б.Бд шилжүүлсэн 1,000,000 төгрөг нь уг төгөлдөр хуурын төлбөрт төлөгдсөн эсэхэд талууд маргаж байна.
6. Шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.Б, Б.М нарын харилцах дансны хуулга, Б.Б, Б.М нарын төгөлдөр хуурын төлбөрийн талаар харилцсан мессежинд үзлэг хийсэн тэмдэглэлээс дүгнэхэд нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.М нарын хооронд 2021 оны 12 дугаар сард төгөлдөр хуур худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Хариуцагч Б.М нь төгөлдөр хуурыг Б.Бгөөс хүлээн авч, төгөлдөр хуурын төлбөрийг Э ХХК-ийн дансанд бус, нэхэмжлэгч Б.Бгийн дансанд шилжүүлэн төлж байснаас дүгнэхэд дээрх гэрээний худалдагч тал нь нэхэмжлэгч Б.Б гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийх бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хэлцлийг хүчин төгөлдөр гэж үздэг.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулах шаардлага тавигдаагүй тул шүүх Б.Б, Б.М нарын хооронд төгөлдөр хуур худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан гэж дүгнэв.
7. Нэхэмжлэгч Б.Б нь Kawai CN27 загварын төгөлдөр хуурыг 9,000,000 төгрөгөөр Б.Мд худалдсан гэж үзэж, үлдэх төлбөр 6,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.М эс зөвшөөрч, төгөлдөр хуурыг 6,000,000 төгрөгөөр худалдан авсан, үүнээс 4,000,000 төгрөгийг төлсөн, 2,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж маргасан.
Хэрэгт авагдсан, Э ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 24/10 тоот албан бичгээр Kawai CN27 загварын төгөлдөр хуур нь 2019-2022 оны хооронд 9,000,000 төгрөгөөр худалдан борлуулагдаж байсан болох нь тогтоогдсон. Мөн гэрч О.О шүүхэд Б.Б төгөлдөр хуур 9,000,000 төгрөгөөр зарсан гэж надад хэлсэн. гэж мэдүүлсэн тул нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Мд Kawai CN27 загварын төгөлдөр хуурыг 9,000,000 төгрөгөөр худалдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч талаас уг баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар няцаах үүргээ хэрэгжүүлээгүй.
8. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар хариуцагч Б.М нь төгөлдөр хуурын төлбөрөөс 3,000,000 төгрөгийг төлсөн үйл баримтад маргаагүй.
Харин хариуцагч Б.Мгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Б.Бгийн Хаан банк дахь 50........ тоот дансанд шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бгийн хүүхдийн төгөлдөр хуурын сургалтын төлбөр-т шилжүүлсэн гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс төгөлдөр хуурын урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн гэж тус тус тайлбарласан.
Гэвч нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.М нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдахаас 1 жилийн өмнө төлөгдсөн 1,000,000 төгрөгийг Kawai CN27 загварын төгөлдөр хуурын урьдчилгаа төлбөрт төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Б.Мгаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгохоор шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгч Б.Б нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 1,000,000 төгрөгөөр багасгасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тохиолдолд нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Мгаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ