Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
Хэргийн индекс | 121/2023/0021/З |
Дугаар | 109/ШШ2024/0021 |
Огноо | 2024-08-01 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 109/ШШ2024/0021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа, Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Б
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргад холбогдох “Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх” тухай шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х, Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Т /цахимаар/, иргэдийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Б-гаас Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар маргаж байна.
2. Нэхэмжлэгч Ц.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Өвөрхангай аймгийн А сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар 7 жилийн хугацаанд ажиллаж байгаад Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны Б/18 дугаар тушаал нь Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэг “Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга ерөнхий боловсролын сургуулийн захирлыг хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө”, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2,5 дахь хэсэгт “Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дэх хэсэгт “энэ хуулийн 10, 14, 17, 18 дугаар зүйл, 20.1, 20.4-т заасныг зөрчсөн, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг худал мэдүүлсэн, ...хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаалыг нь бууруулах” гэсэн эрх зүйн хэм хэмжээг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ажлаас чөлөөлсөн тушаалд хэрэглэсэн эрх зүйн хэм хэмжээ болох Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дэх хэсэг нь “...хариуцлага хүлээлгэх зөрчлийг дараа гаргасан бол албан тушаалыг нь бууруулах” тухай заалт байх бөгөөд энэхүү заалтыг хэрэглэн ажлаас чөлөөлсөн нь хууль хэрэглээний алдаатай захиргааны акт байна. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэгт “.... шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасныг дагуу шүүхэд хандаж байна. Иймд Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч өмгөөлөгч Л.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Б-гаас Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 18 дугаар тушаалыг хүчингүй болгож, А сумын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байгаа. Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар А сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалаас Ц.Б-г чөлөөлсөн байдаг. Уг тушаалыг гаргахдаа Авлигатай тэмцэх газрын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 04/13126 дугаар албан бичгийг үндэслэсэн. Тус албан бичгээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3 дахь заалтыг зөрчиж эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй, төрийн сангийн тусгай данс нээлгүйгээр төгсөгчдөөс 72 сая төгрөгийн хандив цуглуулан зарцуулсан нь тогтоогдсон байна. Иймээс хуульд заасны дагуу хариуцлага ногдуулна уу гэсэн байдаг. Нэхэмжлэгч Ц.Б-гийн хувьд Өвөрхангай аймгийн А сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар 7 жилийн хугацаанд ажилласан байдаг юм байна. Энэ хугацаанд ямар нэгэн алдаа, зөрчил гаргаж байгаагүй. 2023 оны 7 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд 2 дугаар сургуулийн 100 жилийн ойн арга хэмжээг сургуулиас зохион байгуулсан ийм үйл ажиллагаа байгаа. Үүнтэй холбогдуулаад маргаан бүхий тушаалыг гаргасан байдаг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Албан тушаалтан төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, албан үүрэгтэй нь холбогдолгүй, гуравдагч этгээдээс үзүүлж байгаа нийтийн албаны хэрэгцээнд ажилтны сургалт, үйл ажиллагааны зохион байгуулалт, техникийн дэмжлэг зэрэг албан тушаалтныг ашиг сонирхлын зөрчилд оруулахгүй. Хандив болон бусад санхүүгийн туслалцааг хязгаарлалтад заасан тохиолдолд авч болно гэж заасан. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна гэж заасныг Ц.Б-гийн хувьд зөрчөөгүй гэж үзэж байна. Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлөөс зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж, төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангахад оршино” гэж заажээ.
Хуульд зааснаар нийтийн албан тушаалтанд ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй, үүнээс урьдчилан сэргийлэх зорилго нь тухайн хуулиар зохицуулагдсан. Нэхэмжлэгчийн хувьд бол хувийн ашиг сонирхлын үүднээс тухайн арга хэмжээг зохион байгуулаагүй. Мөн хувийн ашиг сонирхлын буюу нийтийн албатай холбоотой тухай үйл ажиллагааг зохион байгуулаагүй. Шүүхийн шийдвэрээр энэ 2 дугаар сургуулийн 100 жилийн ой болсон гэдэгтэй холбогдуулаад сургууль хамт олноороо ярилцаад 2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр энэ сургуулийн ой зохион байгуулахтай холбогдуулаад зөвшөөрөл авахаар аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан. Ойн арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан төгсөгчдөөс хандив цуглуулсан. Энэ үйл ажиллагаа нь сургууль хамт, олноороо зохион байгуулсан ажил учраас тус хандивын дансыг тусдаа нээж хүлээн авсан. Өөрөөр хэлбэл энэ ойн арга хэмжээ нь дээрх хуулийн 17.2.2-т заасан албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, албан үүрэгтэй нь холбогдолгүй, гуравдагч этгээдээс үзүүлж байгаа үйл ажиллагааны зохион байгуулалтын хандив авч болохоор заасны дагуу авсан. Нөгөөтээгүүр 17 дугаар зүйлийн 17.3-д энэ хандивыг албан тушаалтан авч байгаа тохиолдолд зөвшөөрөл авахаар заасан. Гэтэл тухайн арга хэмжээг сургуулиас зохион байгуулж байгаа учраас заавал хуулийн дагуу хандив авах, хуульд зааснаар албан тушаалтнаас зөвшөөрөл авна гэсэн агуулгатай.
Тэгэхээр хандив авах зөвшөөрлийг хуулиар авна гэсэн ойлголт байхгүй гэж үзэж байгаа. Тийм ч учраас ойн арга хэмжээг сургууль зохион байгуулж, холбогдох комисс байгуулагдаад тусдаа данс нээсэн. Төрийн нийтийн албаны хэрэгцээнд зориулан хандив цуглуулж байгаа тохиолдолд заавал төрийн тусгай сангийн данс нээх ёстой. Тухайн тохиолдолд нийтийн үйл ажиллагаатай хамааралгүй учраас төрийн сангийн тусгай данс шаардлагагүй, харин тусдаа хандивын данс гэдгийг нээсэн. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Гэтэл Авлигатай тэмцэх газраас тухайн зөрчлийг хянан шийдвэрлэж байгаа хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэж, хариуцлага тооцуулахаар албан бичиг ирүүлсэн нь бол үндэслэлгүй. Гэтэл тухайн зөрчил яг гаргасан эсэх дээр захиргааны байгууллага болох аймгийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны газрын дарга маргаан бүхий актыг гаргахдаа тухайн албан бичиг нь хуульд нийцсэн эсэх, гаргасан зөрчил нь үндэслэлтэй эсэхийг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 25 дугаар зүйлд зааснаар нотлох баримт цуглуулах, 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулах ёстой гэж заасан байхад тухайн хуульд заасан журмын дагуу нөхцөл байдлыг бүрэн дүүрэн шалгаж тогтоохгүйгээр дээрх хууль бус шийдвэрийг гаргасан.
Үүнээс гадна Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д энэ хуулийн 17 дугаар зүйлийг зөрчсөн бол албан тушаалаас бууруулна гэж заасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэж тус тус заасан заасан. Энэ нь маргаан бүхий актын үндэслэсэн хууль зүйн үндэслэлүүд нь албан тушаал бууруулах, нөгөөх нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох гэсэн агуулгаар гарсан байдаг.
Тэгэхээр Авлигатай тэмцэх газраас 2023 оны 8 сарын 15-ны өдрийн албан бичгээр тогтоогдсон гэх зөрчил албан тушаалаас чөлөөлөх бус албан тушаалаас бууруулах агуулгатай байхад хариуцагчаас Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга сонгон шалгаруулалтыг үндэслэн харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д зааснаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй байна. Сургуулийн захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалтны хувьд сонгон шалгаруулалтаар тусгай шаардлага хангасны үндсэн дээр томилогддог ба Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга, сургуулийн захирлаас бусад сургуулийн багш, ажилчдыг томилох эрх хэмжээгүй учир сургуулийн захирлын албан тушаалыг бууруулах боломжгүй албан тушаал гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл албан тушаал бууруулсан шийдвэр гаргах тохиолдолд өмнө нь ажиллаж байсан албан тушаалаас чөлөөлж, бууруулсан албан тушаалд шууд томилон ажиллуулах бүрэн эрх хэмжээ захиргааны байгууллага, албан тушаалтанд байх ёстой. Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчийг албан тушаалаас бууруулахын тулд албан тушаалаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Тодруулбал, Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчсөн этгээдэд албан тушаал бууруулах, хэрэв албан тушаалыг бууруулах боломжгүй албан тушаал бол албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэлх хугацаа 30 хувиар бууруулах гэж заасан ба Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг хангах зорилт бүхий Төрийн албаны тухай хууль, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Захиргааны ерөнхий хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас гэж бүрдэнэ гэж заасантай нийцэхгүй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Иймээс нэхэмжлэгч Ц.Б-гийн хувьд хуульд заасан зөрчил гаргаагүй, албан тушаал бууруулах үндэслэл бүрдээгүй байхад хариуцагчаас түүнийг албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь дээр дурдсанаар хуульд нийцээгүй болох нь тогтоогдож байгаа учраас Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож, А сумын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан байгаа гэв.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчийн 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгөөч ээ гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа үндэслэл нь өөрөө юу юм бэ гэхээр нэгдүгээрт, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болоод бусад хуульд заасан үндэслэлийг харахаар тухайн гаргаж байгаа зөрчлийг одоо хувь хүн гаргах хуулийн шаардлагыг өөрөө хууль тогтоогч нар тавьсан байна аа гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын зүгээс харж байгаа. Энэ нь өөрөө хуулийн этгээд, иргэн гэж яагаад хуулийн нэр томьёон дээр хэрэглээд байдаг юм гэдэг энэ агуулгаараа авч үзэх юм бол иргэнд магадгүй тухайн хууль үйлчилнэ. Харин нэхэмжлэгчийн зөрчил гаргасан гээд байгаа үйлдэл өөрөө сургууль буюу байгууллага хамт олноороо ярилцаад комисс байгуулагдаад түүнийгээ нийтийн үйл ажиллагаатай холбоотой зарцуулсан зүйл байхгүй. Зөвхөн тухайн ойг тэмдэглэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхтэй холбоотойгоор хандивыг цуглуулж, зарцуулж байгаа энэ үйлдэл нь өөрөө тухайн хуульд хамаарахгүй юм байна гэж бидний хувьд харж байгаа. Нөгөө талаар магадгүй Ц.Б- нэхэмжлэгчийн хувьд тухайн хандив цуглуулсантай холбоотой, хувьдаа завшсан, эсвэл өөр зүйл гарч ирж байгаа бол энийг Авлигатай тэмцэх газраас бусад хууль тогтоомжийн хүрээнд бол өөр субъектүүд өөр байгууллага шалгах ёстой зөрчил болж хувирна л даа. Гэтэл эдгээр зөрчил тогтоогдохгүй байгаа учраас Авлигатай тэмцэх газрын зүгээс 2023 оны 8 дугаар сард явуулсан албан бичгээр албан тушаалыг бууруулах ёстой юм байна гэдэг албан бичгийг явуулсан байдаг. Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын хувьд болохоор хууль зүйн хувьд эрх хэмжээний хувьд тухайн шийдвэрийг гаргах боломжтой субъект мөн үү, биш үү гэдэг дээр Л.Х өмгөөлөгч 2 дахь дүгнэлтийг хэлж байна. Энэ нь бол өөрөө субъектийн хувьд тухайн албан тушаалтныг шууд ажлаас чөлөөлөх хууль зүйн хувьд үндэслэлтэй шийдвэр гаргах тийм боломж байхгүй юм байна. Яагаад гэхээр сонгон шалгаруулалтын үндсэн дээр тухайн албан тушаалтан томилогдож байгаа, түүнийг бууруулах эрх зүйн зохицуулалтыг хариуцагчид бол олгоогүй байна. Гэтэл өөрт олгоогүй эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж байгаа нь өөрөө хууль бус юм. Нөгөө талаар Боловсролын газрын даргын гаргаж байгаа шийдвэр нь өөрөө хуулиар зөвшөөрөгдсөн болоод хуулиар хамгаалагдсан үйл ажиллагаа биш байгаа учраас түүнийг хуулийн хүрээнд зөвтгөх хууль зүйн үндэслэл бидний хувьд олж харахгүй байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хангаж өгөөч ээ гэж хүсье ээ гэв.
5. Хариуцагч Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Өвөрхангай аймгийн А сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Ц овогтой Б-д хариуцлага тооцуулах тухай Авлигатай тэмцэх газрын 2023 оны 08 сарын 15-ний өдрийн 04/13126 тоот албан бичиг ирсний дагуу захирал Ц.Б-г 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ажлаас нь чөлөөлж албан тушаал бууруулах арга хэмжээ авч ажилласан болно. Тус Авлигатай тэмцэх газрын албан бичигт захирал Ц.Б- нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17. 1, 17. 2, 17.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авахгүйгээр сургуулийн ойн арга хэмжээ зохион байгуулсан мөн өөрийн албан хаагчийн дансаар болон төгсөгчдөөс их хэмжээний мөнгө бэлнээр авсан нь шалгалтын явцад тогтогдсоноос гадна тухайн байгууллагын албан хаагчдаас бичгээр хууль бус цуглуулсан талаар хөндлөнгийн шалгалт хийлгүүлэх хүсэлт Боловсрол шинжлэх ухааны газарт ирүүлснийг Боловсролын ерөнхий газар хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газарт хүргүүлж ажилласан. Мөн тухайн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Э.С-д Ц.Б-г зохих ажлын байраар хангаж ажиллах талаар Боловсрол шинжлэх ухааны газрын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 251 тоот албан бичиг хүргүүлсэн боловч өөрөө татгалзсан хариу өгсөн талаар албан бичиг манайд ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б-гийн хувьд анхан шатын шүүх дээр анх нэхэмжлэл өгөөд өмгөөлөгчөөс тайлбар гаргаад явж байхдаа зөвшөөрөлгүйгээр ойн арга хэмжээг зохион байгуулсан, хандивын дансыг хуульд заасны дагуу нээлгүйгээр хувийн дансаар ажилтныхаа нэр дээр данс нээгээд тэр дансанд хандив цуглуулсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд, зөрчлийнхөө хувьд маргахгүй, хүлээн зөвшөөрч байна гэдэг үндэслэлээр явж байсан. Давж заалдах шатны шүүх дээр тодруулж асуухад зөрчил ерөөсөө огт гаргаагүй, иргэний хувьд зөрчил гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж ярьсан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд хэрвээ хандив тусламж авах гэж байгаа бол төрийн сангийн тусгай дансанд хандивын данс нээгээд энэ хандивын дансаар хандив авах, тэгээд үүнийг тайлагнах гэдэг ийм зохицуулалтыг хуульд тодорхой заагаад өгсөн байгаа. Нэхэмжлэгч уг хандивын дансыг хуульд заасны дагуу нээгээгүй. Гэмт хэрэг биш, энэ чинь зөрчил нь тогтоогдоогүй учраас Авлигатай тэмцэх газраас албан бичиг явуулчхаад хэргийг хэрэгсэхгүй болсон гэдэг юм ярьж байх шиг байна. Гэмт хэрэг болохгүй ч гэсэн захиргааны процесс ажиллагаа зөрчсөн байж болно. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хуулийн заалтыг зөрчсөн байж болно. Энэ тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээхгүй ч гэсэн төрийн албан хаагчийн хувьд болгоомжлох ёстой байсан учраас маргаан бүхий захиргааны актыг хариуцагч гаргасан. Нэхэмжлэгчийн ойн арга хэмжээг зохион явуулахдаа эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл аваагүй гэдэг нь гэрчийн мэдүүлэг, хавтаст хэргийн хэдэд авагдсаныг нь мэдэхгүй байна. Аймгийн Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөл авсан эсэхийг тодруулахад Ц.Б-г дуудаад ойн арга хэмжээ зохион явуулах боломжгүй. Шүүхийн маргаантай байгаа учраас ойн арга хэмжээг тэмдэглэхийг зөвшөөрөх боломжгүй байна гэсэн хариуг өгөөд гаргасан байдаг. Энэ талаар гэрчийн мэдүүлэг албан тоотоор нотлогдож байгаа учраас ойн арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрлийг Ц.Б-д хуулийн дагуу олгоогүй байхад өөрөө дур мэдэж хуралдаад, дахиад тэрийгээ зохион явуулснаа сургуулийн удирдлагууд гэж яриад байгаа юм. Сургуулийн удирдлага гэдэг маань өөрөө Ц.Б- өөрөө захирлын ганц л орон тоо байгаа. Нөгөө удирдлагыг хамтаараа хэрэгжүүлдэг байсан байгууллага байсан бол хурлаараа шийдсэн юм байна гэж ярьж болох байх. Энэ тохиолдолд зөвхөн өөрөө 2 дугаар сургуулийн захирал байгаа учраас албан хаагчийг өөрөө удирдана. Ийм учраас албаны удирдлагыг хэрэгжүүлсэн шийдвэрээ, байгууллагын шийдвэрт ч олон газар хариуцлага хүлээх үү гэдэг асуудал бол яригдахгүй. Тэгээд үүнтэй холбоотой ойн арга хэмжээ зохион байгуулаад тайлагнаагүй байцаагчийн дүгнэлтүүд сүүлд нотлох баримтаар очсон байгаа. Үүнд хариуцагчийн тайлбарт дурдаад байгаа ёс зүйн зөрчил гаргадаг, цалин урамшууллыг олгохдоо бичихгүйгээр танил талаа харж урамшуулал, цалин хөлс олгосон. Үүнд нь бол акт тавигдсан гэдэг асуудлууд нэлээн их байдаг. Гэхдээ маргаан бүхий тушаал ойн арга хэмжээг зохион байгуулахдаа зөвшөөрөл авсан юм уу, ойн арга хэмжээг зохион байгуулахдаа хуульд заасны дагуу хандивын дансыг нээгээд процессын дагуу явсан юм уу гэдэг зөрчил дээр нь л арга хэмжээ ав гэж тушаал гарсан. Үүнийг эрх бүхий албан тушаалтан буюу Авлигатай тэмцэх газар шалгаж тогтоогоод гэмт хэргийн шинжгүй боловч захиргааны зөрчил байна. Ийм учраас энэ албан хаагчдаа арга хэмжээ авч өгөөч гээд албан тоотыг хариуцагчид ирүүлээд хариуцагч нь хуулийн боломжит хүрээнд ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан байдаг. Нэхэмжлэгч талаас томилж чөлөөлж байгаа албан тушаалтан юм чинь албан тушаал бууруулах эрх хэмжээ нь агуулагдаж байгаа шүү дээ. Энэ чинь ерөнхий агуулгаар тайлбарлагдана гэж ярьж байгаа боловч Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиас гадна илүү нарийвчилсан Боловсролын ерөнхий хуулийн дагуу зохицуулагдах харилцаа юм. Аймаг, нийслэлийн боловсролын даргын сонгон шалгаруулалт, төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох хуульд заасан үндэслэл нь сонгон шалгаруулалт зөвхөн томилохтой холбоотой хэсэг дээр яригдаж байгаа. Хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө өө гээд чөлөөлөх эрх хэмжээ нь олгогдчихсон. Энэ эрх, үүргийнхээ хүрээнд чөлөөлөх тушаал гаргаад сургуулийн захирал энэ албан тушаал бууруулах, бууруулж томилох чиглэлээ албан бичгээр хүргүүлсэн байдаг. Мөн хуулийн 33 дугаар зүйлд боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Тухайн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг хуульд заасны дагуу томилж чөлөөлөх гээд тодорхой хуулийн заалт байхад Хөдөлмөрийн тухай хуулийг нөхөж хэрэглэх юм уу дэлгэрүүлэн тайлбарлаж хэрэглэх, Төрийн албаны тухай хуулийг иш татаж хэрэглэх ийм боломжууд байхгүй. Нэгэнт цагаан дээр хараар Боловсролын ерөнхий хуульд тодорхой заагаад өгчихсөн байгаа учраас өөрийнхөө хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгчийг чөлөөлөөд, томилох эрх бүхий субъект буюу сургуулийн захирал Ц.Б-г давхар албан тушаалд нь томил гэдэг чиглэл хүргүүлсэн. Сургуулийн захирлаас Ц.Б-г дуудаж уулзаад албан тушаалд томилно гэхэд өөр нэхэмжлэгч татгалзсан. Ийм учраас нэхэмжлэгчийн хамгаалагдах гээд байгаа эрх ашиг энэ тохиолдолд байхгүй ээ. Өөрөө сахилгын зөрчлөө гаргасан, сахилгын зөрчил гаргасан гэдэг нь баримтаар тогтоогдсон. Энэний дагуу ажлаас чөлөөлж томилсон. Тайлбартаа дэлгэрэнгүй дурдаад давж заалдах шатны шүүх дээр дэлгэрэнгүй дурдсан байгаа. Мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй ээ гэдэг юм ярьдаг. Мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийсэн, нэхэмжлэгч тухай бүрд нь оролцоод явсан гэдэг нь харагдана. Нэхэмжлэгчийн эрх ашиг аль нөхцөлд яригдах вэ гэдэг дээр манай зүгээс тэр албан тушаал бууруулаад томилох ёстой байсан албан тушаал хэсэг дээр л яригдах болов уу гэж үзэж байгаа. Гэхдээ нэхэмжлэгч өөрөө албан тушаал бууруулаад томилж болно гэхэд өөрөө татгалзсан учраас ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй ээ. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.
7. Иргэдийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын нэхэмжлэгч Ц.Б-д авсан арга хэмжээ нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримт, хэргийн оролцогч тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс харьцуулан үнэлж дүгнэж үзсэний үндсэн дээр дараах хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ. Учир нь:
Нэг. Хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн тухайд
1.1 Шүүхээс хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн ч хариуцагч нь шүүх хуралдаанд оролцохгүй өмгөөлөгчөө оролцуулах талаараа шүүхэд мэдэгдсэн, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирж оролцоогүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно.”, 91.5-т “энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж заасны дагуу хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд
2.1 Иргэн Ц.Б-гаас маргаан бүхий Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн Б/18 дугаар тушаалд холбогдуулан 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.
2.2 Иргэн Ц.Б- нь 2004 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс Өвөрхангай аймгийн А сумын Соёмбо цогцолбор сургуульд түүх-уран зохиолын багшаар томилогджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 81 дэх тал)
2.3 Өвөрхангай аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар Ц.Б-г Сант сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 80 дахь тал)
2.4 Мөн Өвөрхангай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б/51 дүгээр захирамжаар тус аймгийн А сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар томилсон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 82 дахь тал)
2.5 Улмаар Ц.Б- нь А сумын Засаг даргатай 2020, 2023 онд тус тус хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байжээ.
2.6 Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 145/ШШ2018/00747 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Өвөрхангай аймгийн А сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийг 1923 онд үүсгэн байгуулагдсан болохыг тогтоожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 202-204 дэх тал)
2.7 Өвөрхангай аймгийн А сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн Хамт олны хурлаар хэлэлцэх асуудал 3-т Сургуулийн түүх 100 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааг зохион байгуулах талаар тусгаж, Шийдвэрлэсэн: 1. “... Комиссын гишүүдийг танилцуулахад өөр санал шүүмж гараагүй учраас ойн зохион байгуулах комиссын гишүүдийг дэмжиж байна гэж үзэж байна. Ой зохион байгуулах комисс дахин хуралдаж үйл ажиллагааны төлөвлөгөөгөө нарийвчлан захирлаар батлуулахаар боллоо. 2. Ойн ажлын хэсгийн ахлагч Э.С, Ц.Ц багш нарыг хандивын дансыг нээн хариуцан ажиллуулахыг комиссын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжив” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 205, 206 дахь тал)
2.8 2023 онд Өвөрхангай аймгийн А сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн үүсгэн байгуулагдсан 100 жилийн ой тохиосон байна. Улмаар Өвөрхангай аймгийн А сумын ерөнхий боловсролын сургуулиас 2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 44 дүгээр албан бичгээр 2023 оны 7 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд сургуулийн “100-н жилийн ой”-н “нэг овгоор овоглосон-нэгэн түүхийн эзэд-2” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулахыг дэмжин шийдвэр гаргуулах тухай хүсэлтийг Өвөрхангай аймгийн Засаг даргад хүргүүлжээ. (2 дугаар хавтаст хэргийн 139-141 дэх тал)
2.9 Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 3/284 дугаартай албан бичигт: “...Энэхүү албан бичгийг аймгийн Засаг дарга тухайн үеийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Н.Ч, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.С дарга нарт судалж, санал танилцуулах чиглэл өгсөн байна. Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Н.Ч-оос тус сургуулийн үүсэл, хөгжилтэй холбоотой гомдол маргаан, хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа тул зөвшөөрөл олгох боломжгүй тухай тайлбар ирүүлсэн байна. Аймгийн Засаг дарга А.И-с Захиргааны ерөнхий хуулийн дагуу шийдвэр гаргах ажиллагааны бүх үе шатанд Ц.Б-г оролцуулж, нөхцөл байдлыг тогтоосон бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар албан бичгийн хариуг эрх зүйн акт гаргалгүйгээр 2 удаагийн уулзалт зохион байгуулж Ц.Б-д ой тэмдэглэж болохгүй тухай аймгийн Засаг дарга, чиглэл хариуцсан албан тушаалтнуудын хамт амаар танилцуулж мэдэгдсэн байна.” гэх тайлбар, баримтыг гаргажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 138 дахь тал)
2.10 Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга ажилтай иргэн Н.Ч гэрчийн мэдүүлэгтээ: “...2023 оны 6 дугаар сард Ц.Б- захирал сургуулийнхаа ахмад багш нарын төлөөлөлтэй ирж аймгийн Засаг даргатай уулзсан. Энэ уулзалтад би мөн оролцсон. Энэ уулзалтаар эцсийн байдлаар аймгийн Засаг даргад 100 жилийн түүхтэй холбоотой 2 дугаар сургуулийн 100 жилийн ойг тэмдэглэх эсэхийг зөвшөөрөх боломжгүй, хоёр сургуулийн хооронд маргаантай учраас зөвшөөрөл олгох боломжгүй байгаа талаар танилцуулсан” гэжээ. (2 дугаар хавтаст хэргийн 188-189 дэх тал)
2.11 Мөн Өвөрхангай аймгийн Засаг дарга А.И-оос 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1/391 дугаартай “Өвөрхангай аймгийн Арвай хээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд сургуулийн ой тэмдэглэх болон хандив цуглуулах чиглэлээр зөвшөөрөл олгоогүй болно” гэсэн утга бүхий албан бичгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж байжээ. (2 дугаар хавтаст хэргийн 134 дэх тал)
2.12 Өвөрхангай аймгийн А сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн “Сургуулийн 100 жилийн ойн ажлын хэсэг байгуулах тухай” А/07 дугаартай тушаалаар А сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн түүхэн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 200 дахь тал)
2.13 Улмаар 2023 оны 7 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн А сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сургуулийн “100-н жилийн ой”-н “нэг овгоор овоглосон-нэгэн түүхийн эзэд-2” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан байна.
2.14 Мөн тус ойн арга хэмжээг зохион байгуулсантай холбоотой хамт олны болон зохион байгуулах комиссын хурлын тэмдэглэл, үйл ажиллагааны төлөвлөгөө, дансны хуулга, ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагаа, цугларсан хандив, мөнгө хөрөнгийг зарцуулсан талаарх холбогдох баримт хэрэгт авагджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 200-223, 230-249, 2 дугаар хавтаст хэргийн1-96 дахь тал)
2.15 Нөгөөтээгүүр тус ойн арга хэмжээг тухайн өдрүүдэд зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлсэн талаар талууд маргаагүй болно.
2.16 Авлигатай тэмцэх газраас 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 04/4356 дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгээр “ ...Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно.”, 17.3.Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна.” гэсэн зохицуулалтыг мөрдүүлэх, нэгдсэн бүртгэл хөтлөх, тогтмол хяналт тавих; -хуулиар зөвшөөрөгдсөн хандив тусламж авахаас өмнө бичгээр зөвшөөрөл авах, зарцуулалтад олон нийтийн хяналт тавих боломжийг бүрдүүлэх, ил тод байдлыг хангах ...” гэж дурджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дахь тал)
2.17 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр иргэн Э.Э нарын нэр бүхий иргэдээс Өвөрхангай аймгийн А сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Ц.Б-д холбогдуулан гомдол, мэдээлэл гаргажээ. Уг гомдол, мэдээллийг Авлигатай тэмцэх газраас хянан шалгаж, 2023 оны 8 дугаар сарын 1-ний өдөр “23/0002163 дугаартай гомдлыг шийдвэрлэсэн тухай” танилцуулгад Ц.Б-д нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3-т заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэн зөрчил гаргасан Ц.Б-д Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулах шаардлага хүргүүлж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллах саналыг үүгээр танилцуулж байна.” гэж сахилгын шийтгэл ногдуулах санал хүргүүлж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллах саналыг танилцуулжээ. (2 дугаар хавтаст хэргийн 133-136 дахь тал)
2.18 Ийнхүү Авлигатай тэмцэх газрын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “Хариуцлага тооцуулах тухай” 04/13126 дугаартай албан бичигт “ ... Ц.Б- нь ... эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй, төрийн сангийн тусгай данс нээгээгүй төгсөгчдөөс 72.000.000 /далан хоёр сая/ төгрөгийн хандив цуглуулан зарцуулсан нь тогтоогдлоо ... Ц.Б-д Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага тооцож ... хариу ирүүлэх ...” талаар Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргад мэдэгджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 24, 2 дугаар хавтаст хэргийн 136 дахь тал)
2.19 Дээрх албан бичгийн дагуу Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Ц.Б-д сонсох ажиллагаа явуулж, тэмдэглэл үйлдсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 89-91 дэх тал)
2.20 Улмаар 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн маргаан бүхий Б/18 дугаар тушаалаар Ц.Б-г ажлаас нь чөлөөлсөн байна.
2.21 Үүний дараа Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 251 дүгээр албан бичгээр Ц.Б-г зохих ажлын байраар хангаж, авсан арга хэмжээний талаар 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг Өвөрхангай аймгийн А сумын 2 дугаар сургуульд мэдэгджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 25 дахь тал)
2.22 Өвөрхангай аймгийн А сумын 2 дугаар сургууль 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 113 дугаартай албан бичгээр “ ... Ц.Б- нь миний биеийг ажлаас чөлөөлөх 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн Б/18 дугаар тушаалд ямар нэгэн байдлаар албан тушаал бууруулах, ажлын байраар хангах тухай заагаагүй учир миний бие энэхүү ажлаас чөлөөлсөн тушаалаа дагаж мөрдөнө ...” гэх тайлбар гаргасан талаар хариу хүргүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 26 дахь тал)
2.23 Тус сургуулийн 100 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулан Төрийн сангийн тусгай данс нээлгээгүй талаар Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас тайлбар ирүүлсэн байна. (2 дугаар хавтаст хэргийн 156 дахь тал)
2.24 Мөн маргаан бүхий Б/18 дугаартай тушаал гарснаас хойш багш, ажилчдаас ирүүлсэн хүсэлтийг Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас Боловсролын ерөнхий газарт хүргүүлсний дагуу, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 65/23 дугаартай улсын байцаагчийн албан шаардлага, мөн өдрийн 28/23, 29/23 дугаартай улсын байцаагчийн акт, Өвөрхангай аймгийн төрийн аудитын газрын дүгнэлт зэрэг гарч хэрэгт нотлох баримтаар авагдсан байх боловч эдгээр албан шаардлага, акт, дүгнэлтээрээ тогтоогдсон зөрчилд холбогдох үйл баримт нь энэ хэргийн тухайд маргаан бүхий актын үндэслэл болоогүй байх тул шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно. (1 дүгээр хавтаст хэргийн 32-348 159-163 дахь тал)
2.25 Түүнчлэн энэ хэргийн 2 дугаар хавтаст хэргийн 191-200 дахь талд авагдсан гэрчүүдийн мэдүүлэгт нэхэмжлэгч Ц.Б-гийн сургууль удирдах арга барил, харилцаа, хандлага, сургуулийн санхүүгийн ажиллагааны үйл ил тод нээлттэй байдал, санхүүгийн зөрчил, дутагдалтай холбоотойгоор мэдүүлдэг боловч эдгээр үндэслэл нь энэ хэргийн маргаан бүхий актын үндэслэлд дурдсан үйл баримтад хамааралгүй байх тул шүүхээс тухайлан үнэлж эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Гурав. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд
3.1 Маргаан бүхий Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн Авлигатай тэмцэх газрын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “Хариуцлага тооцуулах тухай” 04/13126 дугаартай албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу А сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Ц.Б-г 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 5 дахь тал)
3.2 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Ажлаас чөлөөлсөн тушаалд хэрэглэсэн эрх зүйн хэм хэмжээ болох Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь хэсэг нь “... хариуцлага хүлээлгэх зөрчлийг гаргасан бол албан тушаалыг нь буруулах” тухай заалт байх бөгөөд энэхүү заалтыг хэрэглэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй, хууль хэрэглээний алдаатай захиргааны акт байна…тухайн зөрчлийг гаргаагүй” гэж тайлбарлан маргадаг. (1 дүгээр хавтаст хэргийн 1-2 дахь тал)
3.3 Хариуцагчийн зүгээс тайлбар, татгалзлын үндэслэлдээ: “...эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авахгүйгээр сургуулийн ойн арга хэмжээ зохион байгуулсан, төрийн сангийн тусгай данс нээгээгүй хандив цуглуулан зарцуулсан нь эрх бүхий байгууллагын шалгалтын явцад тогтоогдсон. Тухайн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчид Ц.Б-г зохих ажлын байраар хангаж ажиллах талаар албан бичиг хүргүүлсэн боловч өөрөө татгалзсан хариу өгсөн талаар албан бичиг ирүүлсэн” гэж тайлбарлан маргадаг. (Хавтаст хэргийн 16 дахь тал)
3.4 Маргаан бүхий Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн Б/18 дугаартай тушаалд үндэслэл болгосон эрх зүйн хэм хэмжээ нь Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна: 123.2.5.ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл хүлээлгэнэ: 29.2.3.энэ хуулийн 10, 14, 17, 18 дугаар зүйл, 20.1, 20.4, 201.2-т заасныг зөрчсөн, энэ хуулийн 9.2-т заасан арга хэмжээг аваагүй, энэ хуулийн 21.1-д заасан хязгаарлалтад хамаарах этгээдтэй гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан, зөвшөөрөл олгосон, энэ хуулийн 23.7-д заасныг зөрчиж илтэд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг албан тушаалд томилсон, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг худал мэдүүлсэн, энэ хуулийн 29.2.2-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаалыг нь бууруулах; Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна.” гэсэн хуулийн зохицуулалтыг тус тус үндэслэжээ.
3.5 Энэхүү маргаан бүхий хэргийн тухайд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар үнэлэгдсэн нотлох баримт, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүхээс эрх зүйн дүгнэлт өгвөл зохих асуудал нь:
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн эсэх тухайд
3.6 Нэхэмжлэгч Ц.Б-гийн ажиллаж байсан Өвөрхангай аймгийн А сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна: 4.1.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч;” гэж зааснаар төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн “захирал” нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар “нийтийн албан тушаалтан” бөгөөд тус хуулийн үйлчлэлд хамаарч уг хуулиар зохицуулсан хориглолт, хязгаарлалтыг зөрчихгүй байх үүрэгтэй этгээд байхаар хуульчлан зохицуулжээ.
3.7 Нэхэмжлэгч нь Өвөрхангай аймгийн А сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд ажиллаж байхдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2. 17.3-д заасныг тус тус зөрчсөн болохыг Авлигатай тэмцэх газраас хянан шалгаж, 2023 оны 8 дугаар сарын 1-ний өдөр “23/0002163 дугаартай гомдлыг шийдвэрлэсэн тухай” танилцуулга, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “Хариуцлага тооцуулах тухай” 04/13126 дугаартай албан бичиг болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.
3.8 Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “Хариуцлага тооцуулах тухай” 04/13126 дугаартай албан бичигт “ ... Ц.Б- нь ... эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй, төрийн сангийн тусгай данс нээгээгүй төгсөгчдөөс 72.000.000 /далан хоёр сая/ төгрөгийн хандив цуглуулан зарцуулсан нь тогтоогдлоо” гэжээ.
3.9 Тус сургуулийн 100 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулан Төрийн сангийн тусгай данс нээлгээгүй талаар Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас тайлбар ирүүлсэн байна. (2 дугаар хавтаст хэргийн 156 дахь тал)
3.10 Ийнхүү тус ойн арга хэмжээний хандивыг төрийн сангийн тусгай данс нээлгэж, цуглуулан зохих гүйлгээг хийгээгүй талаарх үйл баримтыг нэхэмжлэгч няцааж үгүйсгэдэггүй.
3.11 Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна.” гэж заажээ.
3.12 Түүнчлэн Төсвийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр банкинд тусдаа данс нээснээс бусад тохиолдолд төсөвт хамаарах бүх гүйлгээг Төрийн сангийн нэгдсэн дансаар гүйцэтгэнэ.”, 35.4.-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр ирүүлсэн зөвшөөрөлгүйгээр банк аливаа төсвийн байгууллагад данс нээхийг хориглоно.”, 35.6.-д “Төсвийн байгууллага төрийн сангийн нэгдсэн данснаас гадуур банканд данс нээх, түүнийг хаахтай холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монгол банктай хамтран батална.”, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Төсвийн захирагч нь дараах нэмэлт төсвийг холбогдох төсөл, арга хэмжээнд зарцуулж болно:, 47.1.1.төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдээс авсан хандив, тусламж;” 47.2-т “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна.” гэж заажээ.
3.13 Төсвийн тухай хуулийн дээрх хэм хэмжээнээс үзэхэд төсвийн байгууллагын аливаа орлого, зарлагын үйл ажиллагаа нь Төсвийн тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу төрийн сангийн нэгдсэн дансаар хийгдэх бөгөөд төсөвт байгууллага нь төрийн сангийн нэгдсэн данснаас гадуур банкинд данс нээх тохиолдолд эрх бүхий этгээдийн зохих зөвшөөрөлтэйгөөр хийх, төсвийн захирагч нь нэмэлт төсвийн хөрөнгийг төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдээс авсан хандив, тусламж хэлбэрээр авсан тохиолдолд мөн л төрийн сангийн нэмэлт данс нээж түүгээр зарцуулалт, гүйгээг хийж тайлагнахаар зохицуулсан байна.
3.14 Нэхэмжлэгч нь төсөвт байгууллагад төсвийн шууд захирагчаар буюу Өвөрхангай аймгийн А сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд ажиллаж байхдаа тус ойн арга хэмжээг хийхтэй холбоотойгоор бусад этгээдээс 72.000.000 /далан хоёр сая/ төгрөгийн хандив цуглуулан төрийн сангийн нэмэлт данс нээлгэлгүйгээр зарцуулсан үйл баримт тогтоогдож байх тул “.... төрийн сангийн тусгай данс нээгээгүй төгсөгчдөөс 72.000.000 /далан хоёр сая/ төгрөгийн хандив цуглуулан зарцуулсан” гэх үндэслэл бодитой байна.
3.15 Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл хүлээлгэнэ: 29.2.3.энэ хуулийн 10, 14, 17, 18 дугаар зүйл, 20.1, 20.4, 201.2-т заасныг зөрчсөн, энэ хуулийн 9.2-т заасан арга хэмжээг аваагүй, энэ хуулийн 21.1-д заасан хязгаарлалтад хамаарах этгээдтэй гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан, зөвшөөрөл олгосон, энэ хуулийн 23.7-д заасныг зөрчиж илтэд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг албан тушаалд томилсон, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг худал мэдүүлсэн, энэ хуулийн 29.2.2-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаалыг нь бууруулах” гэж заасан.
3.16 Иргэнээс гаргасан гомдол, мэдээллийн дагуу Авлигатай тэмцэх газар нь хяналт шалгалт явуулсан болох нь хэрэгт авагдсан шалгалтын материалаар тогтоогдох бөгөөд улмаар зөрчлийг тогтоож, тус газрын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “Хариуцлага тооцуулах тухай” 04/13126 дугаартай албан бичгээр хариуцлага тооцуулахаар хариуцагчид хүргүүлсэн байна.
3.17 Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-т “Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй.” гэж тусгайлан иператив байдлаар заасан байх тул эрх бүхий этгээдийн зүгээс зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох нь зайлшгүй юм.
Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн эсэх тухайд
3.18 Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.” гэж заажээ.
3.19 Маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө нэхэмжлэгч Д.Б-д Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн хариуцлага тооцуулах тухай албан бичгийн дагуу хариуцлага тооцох нөхцөл байдал үүссэн талаар мэдэгдэж, сонсох ажиллагааг 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр уулзалтыг хийж тэмдэглэл үйлджээ. Нэхэмжлэгчийн зүгээс ч дээрх уулзалт болсон талаарх баримтыг үгүйсгээгүй. (1 дэх хавтаст хэргийн 147 дахь тал)
3.20 Ийнхүү маргаан бүхий захиргааны акт гаргахаас тодорхой боломжит хугацааны өмнө захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид энэ талаар урьдчилан мэдэгдэж санал, тайлбараа гаргах боломж олгосон нь сонсох ажиллагааг огт хийгээгүй гэж үзэхээргүй байна.
3.21 Тийм учраас хариуцагч захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл, шаардлага, журмыг огт хэрэгжүүлээгүй, үүнээс үүдэж нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн тухайд
3.22 Иргэдийн төлөөлөгчөөс “Хариуцагч Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга нь нэхэмжлэгч Ц.Б-д авсан арга хэмжээ нь хуулийн үндэслэлгүй байна” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүхээс дор дурдсан үндэслэлээр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч шүүхийн шийдвэрийн үндэслэлд харгалзаж үзсэн болно.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.3-т “... албан тушаалыг нь бууруулах” гэж заасан байхад албан тушаалаас нь чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх тухайд
3.23 Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө.” гэж зааснаар Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга нь харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх эрх хэмжээтэй.
3.24 Өөрөөр хэлбэл зөвхөн хуульд заасан үндэслэл бүрдсэн нөхцөлд л захиргааны байгууллага дээрх хэм хэмжээг хэрэглэж нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөх эрх хэмжээ олгосон гэж үзнэ.
3.25 Маргаан бүхий энэ хэргийн тухайд тухайн маргаантай тохиолдолд хэрэглэгдэх гол материаллаг эрх зүйн хэм хэмжээ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль байх бөгөөд тус хуульд дээрх төрлийн зөрчилд “албан тушаалыг нь буруулах” сахилгын шийтгэл ногдуулахаар хуульчлан зохицуулжээ.
3.26 Энэ хэргийн тухайд нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөх хуульд заасан үндэслэл бүрдээгүй, өмнө дурдсанаар нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.3-т заасан хариуцлагыг л хүлээлгэх үндэстэй байхад хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий актыг гаргахдаа Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасан өөр агуулга бүхий хуулийн заалтуудыг хэрэглэж, нэхэмжлэгч Ц.Б-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас чөлөөлсөн нь, зөрчлийн шинж байдал, материаллаг хуулийн хэм хэмжээнд нийцээгүй, эрх зүйн зөрчилтэй байна.
3.27 Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар болон бусад хуулиар зохицуулна.” гэж заасан.
3.28 Улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна:” 123.2.1.өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах; 123.2.2.нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах; 123.2.3.үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах; 123.2.4.албан тушаал бууруулах; 123.2.5.ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах.” гэж тус тус заажээ.
3.29 Ийнхүү Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тухайлсан сахилгын шийтгэлийн төрлийг заасан, Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээ захиргааны байгууллагад олгогдсон байхад хариуцагч захиргааны байгууллагаас Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д зааснаар ажлаас чөлөөлөх л эрх хэмжээтэй гэж явцуу байдлаар тайлбарлан маргасныг шүүхээс хүлээн авах үндэсгүй байна.
3.30 Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмын дагуу аливаа захиргааны байгууллага нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, субьектив эрхэд халдах тохиолдолд үндэслэл нь бодитой, хууль зүйн хувьд үндэслэл бүхий байхыг шаарддаг.
3.31 Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д зааснаар “нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий акт нь үндэслэлтэй, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх ёстой”.
3.32 Гэтэл бодит байдалд нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөх сахилгын шийтгэл хүлээлгэх зөрчил гаргаагүй байхад ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчим, шаардлагыг мөн хангахгүй байна.
3.33 Нөгөөтэйгүүр хариуцагчаас Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д зааснаар зөвхөн чөлөөлөх л эрх хэмжээтэй гэж байгаа боловч нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тухайлсан заасан сахилгын шийтгэлийг л ногдуулахаар шууд зааж өгсөн.
3.34 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана.” гэж заасан.
3.35 Өөрөөр хэлбэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.3-т заасантай нийцүүлэн, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар сахилгын шийтгэл хүлээлгэх эрхтэй байхад Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д зааснаар зөвхөн чөлөөлөх л эрх хэмжээтэй гэж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь захиргаа сонгох боломжийг зорилгодоо нийцээгүй байдлаар ашиглаж, хэрэглэсний улмаас зөрчилтэй захиргааны актыг гаргажээ гэж үзэх үндэстэй.
3.36 Дээр дүгнэснээр нэхэмжлэгч нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасныг зөрчин сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдсон энэ тохиолдолд сахилгын зөрчил гаргасан албан хаагчид сахилгын шийтгэлийг сонгох боломжийн хүрээнд ногдуулах эрх нь томилох эрх бүхий хариуцагчид хуулиар олгогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан сахилгын шийтгэлээс зөрчлийн шинж байдал, материаллаг хуулийн хэм хэмжээтэй нийцүүлэн, захиргаа сонгох боломжийн хүрээнд нөхцөл байдалтай уялдуулан шинэ акт гаргах боломжтой бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээнээс хэтэрсэн байх ба энэхүү алдааг шүүхээс нөхөн гүйцэтгэх, энэ тохиолдолд шүүх захиргааны чиг үүргийг нөхөн хэрэгжүүлэх боломжгүй гэж үзлээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу хариуцагч Өвөрхангай Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг 2 /хоёр/ сарын хугацаатайгаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.7, 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Өвөрхангай Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг 2 /хоёр/ сарын хугацаатайгаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Өвөрхангай Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар 48.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА
ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ