Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2024/04477

 

 

 

 

2024 11 12 181/ШШ2024/04477

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О.О /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Денверийн гудамж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын байранд оршин байх Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ТБАГ /РД:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт 25,705,485 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: О.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.А оролцож, тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.О хариуцагч Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ТБАГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 25,705,485 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

О.О миний бие 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны 19 дүгээр хорооны иргэний танхимын зохион байгуулагчаар ажилд ороод хөдөлмөрийн гэрээ байгуулан төрийн үйлчилгээний албанд 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Б/80 дугаар захирамжаар ажилд томилогдсон.

Үүнээс хойш уг ажлыг тасралтгүй 5 жил гаруй хийх хугацаандаа өөрт ногдсон ажлыг цаг тухайд нь биелүүлж, ажлын үр бүтээлтэй, хариуцлагатай ажиллаж байсан.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/82 дугаар захирамжаар ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагийн хоцрогдолтой, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй зөрчил гаргасан хэмээн ажлаас үндэслэлгүй, хууль бусаар чөлөөлснийг эс зөвшөөрч, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд хандсан.

Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/00804 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1162 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2020/00411 дүгээр тогтоолоор О.О намайг Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны иргэний оролцооны хэлтсийн 19 дүгээр хорооны иргэний танхимын зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоосон билээ.

Гэтэл ажил олгогч, хариуцагч Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, одоог хүртэл ажилд буцаан авахгүй байгаа билээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй байсан тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШЗ2020/12411 дүгээр захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шийдвэр гарч, улмаар 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 00846 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас олгож, одоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа боловч өнөөдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ажилд буцаан авсан шийдвэр гаргахгүй байна.

Улмаар миний бие 2021, 2022 онд тус тус шүүхэд хандан 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хоорондох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/00769 дүгээр шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2022/00666 дугаар шийдвэр тус тус гарсан.

Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас 2023 оны 12 дугаар сард дуудаж уулзаад миний ажиллаж байсан ажлын байранд өөр хүн ажилд авсан бөгөөд түүнийг ажлаас чөлөөлж чадахгүй байгаа тул одоогоор ажилд авах боломжгүй гээд ажилд эгүүлэн томилох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа одоо болтол явагдаж байна.

Улмаар би 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд өргөдөл, гомдол гаргасан.

Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаан 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр болж, хоёр тал харилцан тохиролцоогүй үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаар тэмдэглэл гаргасан. Уг тэмдэглэлийг 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр надад гардуулан өгсөн.

Иймд О.О надад Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 6 дугар сарын 07-ны өдөр хүртэлх 29 сар, 7 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 25,705,485 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх зүйн үндсийг бүрдүүлж үйл ажиллагаандаа удирдлага болгох гол хууль болох Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль шинэчлэгдэж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Дээрх өөрчлөлтийн хүрээнд өөрийн ажлын албаны бүтэц, орон тоог тогтоох эрх зүйн хэм хэмжээ Засгийн газраас тогтоож өгдөг байдлаар шинэчлэгдсэн.

Сүхбаатар дүүргийн хувьд 3 хэлтэс, 56 орон тоотой ажиллаж байсныг Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 375 дугаар тушаалаар хязгаарлаж, 2 хэлтэс, 18 орон тоотой байхаар тогтоож өгсөн. Тус зохицуулалтын үр дүнд 19 дүгээр хорооны иргэний танхимын зохион байгуулагч гэх албан тушаал Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны бүтэц, орон тоонд байхгүй болсон.

Мөн О.О нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан цалин хөлсөө авсан бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны хүний нөөцөөс холбогдох бичиг баримт, хувийн хэргээ хүлээн авч, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусган өөр байгууллагад ажиллаж, хөдөлмөрлөх эрхээ эдэлж байгаа ба манай байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл гаргаагүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хэргийн оролцогч нараас шүүхэд гаргасан нотлох баримтууд болон тэдний хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудын тухайд:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 287,000 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2019 оны 4 дүгээр сарын 04-ний 181/ШШ2019/00804 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1162 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2020/00411 дүгээр тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/00769 дүгээр шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2022/00666 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаар тэмдэглэлийг ирүүлсэн.

3.2. Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: Л.Э-д олгосон итгэмжлэл, хариу тайлбар ирүүлсэн.

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд:

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/00804 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1162 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 001/XT2020/00411 дүгээр тогтоолыг тогтоолыг албадан биелүүлэх ажиллагаа явагдаж байгаа эсэх лавлагаа, холбогдох баримтуудыг гаргуулсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгч О.Оээс  2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагааг нотлох баримтаар гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь О.О намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх 29 сар 07 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 25,705,485 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга /2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн/-аар Засгийн газраас ажлын албаны бүтэц, орон тоог тогтоодог болсоны дагуу Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 375 дугаар тушаалаар Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн баталж, 3 хэлтэс, 56 орон тоотой ажиллаж байсныг 2 хэлтэс, 18 орон тоотой байхаар тогтоосон. Уг өөрчлөлтийн үр дүнд нэхэмжлэгчийн ажиллаж байсан 19 дүгээр хорооны иргэний танхимын зохион байгуулагч гэх албан тушаал Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны бүтэц, орон тоонд байхгүй болсон. Түүнчлэн, нэхэмжлэгч О.О нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, бичиг баримтуудаа авч, өөр байгууллагад ажиллах болсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

4.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/00804 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1162 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2020/00411 дүгээр тогтоолоор О.Оийг Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны иргэний оролцооны хэлтсийн 19 дүгээр хорооны иргэний танхимын зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,609,280 төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг зохих журмын дагуу хийхийг Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд даалган шийдвэрлэжээ. /хх7-20/

4.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 20280962 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/00804 дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг эхлүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 04-155/24294 тоот албан бичгээр тогтоогдож байна. /хх58-83/

4.3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/00769 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч О.Оийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18,264,960 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн байна. /хх21-25/

4.4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2022/00666 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч О.Оийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10,049,805 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргуулж, нэхэмжлэгч О.Од олгохоор шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна. /хх26-28/

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтуудаар, Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нэхэмжлэгч О.Оийг Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны иргэний оролцооны хэлтсийн 19 дүгээр хорооны иргэний танхимын зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгч О.О нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж зааснаар хариуцагч Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ТБАГ-аас 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж, цалин хөлстэй тэнцэх олговроо нэхэмжлэх эрхтэй.

Нэхэмжлэгч О.О нь Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ТБАГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 25,705,485 төгрөг гаргуулах тухай гомдлоо Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гарган шийдвэрлүүлж, хорооны 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн №47 дугаартай тэмдэглэлийг гардан авснаас хойш 9 хоногийн дараа буюу 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан нийцсэн байна.

6. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлага нь нэхэмжлэгч О.Оийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал сайн дураар биелүүлээгүйтэй холбоотой үүсэж буй шаардах эрх юм.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа учраас нэхэмжлэгч дээрх хугацаанд өөр ажил, албан тушаал эрхэлж байсныг хөдөлмөрлөх эрхийн зөрчил дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/00804 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч О.Оийн нэг өдрийн цалинг 40,770 төгрөгөөр, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/00769 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалинг 876,555 төгрөгөөр тогтоосон, дээрх шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Оийн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг дээрх хүчин төгөлдөр шийдвэрүүдийн дагуу тооцоход 25,705,485 төгрөг байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр, хариуцагч Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ТБАГ-аас нэхэмжлэгч О.Оийн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 25,705,485 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Од олгохоор шийдвэрлэв.

8. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 286,477 төгрөг, улсын төсвийн орлогоос илүү төлсөн 523 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ТБАГ-аас 25,705,485 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Од олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 286,477 төгрөг, улсын төсвийн орлогоос илүү төлсөн 523 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ