Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2024/04352

 

 

 

 

 

 

 

 

2024 11 07 181/ШШ2024/04352

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг д-ж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Д.Т /РД:/ын хүсэлттэй,

 

Ажилласан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Д.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Д.Т ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Д.Т миний бие 1989 оны 10 сараас эхлэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны гал тогооны газар ахлах тогоочоор ажиллаж байгаад 1991 оны 8 дугаар сарын 20ноос жирэмсэн болсон учир хүүхэд төрүүлэх амралтаа авсан.

Одоо тэтгэвэр тогтоолгох болоход Өмнөговь аймгийн архивт миний 1989 оны 10 дугаар сард ажилд орсон тушаал байхгүй, мөн 1991 оны 01 дүгээр сард ахлах тогоочийн ажлаас чөлөөлөгдөж, туслах тогооч хийх болсон тушаал байгаа боловч 1991 оны 8 дугаар сарын 20ны өдөр хүүхдээ төрүүлэх амралтаа аваад гарсан, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй. Өмнөговь аймгийн архиваас авсан цалингийн тодорхойлолт байгаа боловч ажиллах үеийн хөдөлмөрийн дэвтрийн бүртгэл нь зөрж байгаа.

Иймд намайг Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр 10 жилийн сургуульд 1989 оны 10 дугаар сараас 1991 оны 8 дугаар сарын 20ны өдрийг дуустал тогоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 5 дугаар сарын 17ны өдрийн 854 дугаартай тодорхойлолт, Д.Тын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Д.Х-гийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, С.Ж-ын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Д.Тын иргэний үнэмлэхний хуулбар, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Өмнөговь аймгийн төрийн архивын 2023 оны 9 дүгээр сарын 11ний өдрийн 445 дугаартай цалингийн тодорхойлолт, Өмнөговь аймгийн Даланзадгад хотын ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1991 оны 01 дүгээр сарын 18ны өдрийн 05 дугаартай Зарим ажилтан ажилчдын ажил өөрчлөх тухай тушаалын хуулбар, Д.Х-гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, С.Ж-ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг ирүүлсэн.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Д.Х-, С.Ж- нараас гэрчийн мэдүүлэг авч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас хүсэлт гаргагч Д.Т /РД:/нь анх ХААТР1 маягтад өөрийн мэргэжил, ажлыг хэрхэн тусгаж мэдүүлсэн болон түүнд анх Бүгд Найрамдах Монгол Ард Улсын иргэний паспорт олгоход өөрийн биеийн байцаалтыг хэрхэн тусгасан мэдээллийг, Өмнөговь аймгийн Төрийн архиваас Даланзадгад хотын ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1991 оны 01 дүгээр сарын 18ны өдрийн №05 тоот Зарим ажилтан ажилчдын ажил өөрчлөх тухай тушаал, мөн 1989 оноос 1991 оны баримтаас хүсэлт гаргагч Д.Т /РД:/ыг ажилд томилсон, ээлжийн амралт олгосон, шагнасан, сахилгын шийтгэл ногдуулсан тушаал, шийдвэрүүдийг нотлох баримтаар гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Хүсэлтийг хангах үндэслэлтэй.

 

2. Хүсэлт гаргагч Д.Т нь ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Өмнөговь аймгийн Даланзадгад хотын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд 1989 оны 10 дугаар сараас 1991 оны 8 дугаар сарын 20ны өдрийг дуустал тогоочоор ажилласан боловч архивт ажилд орсон болон ажлаас гарсан тушаал хадгалагдаагүй тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон гэж тодорхойлов.

 

3. Хүсэлт гаргагч Д.Т нь ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Хүсэлт гаргагч Д.Т нь Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 10 жилийн дунд сургуульд 1989 оны 10 дугаар сарын 01ний өдрөөс эхлэн цайчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Төрийн архивын 2023 оны 9 дүгээр сарын 11ний өдрийн 445 дугаартай цалингийн лавлагаагаар тогтоогдож байна.

Улмаар, Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 01 дүгээр сарын 02ны өдрийн №02 тоот Ажил өөрчлөн зохицуулах тухай тушаалаар 1990 оны 01 дүгээр сарын 08ны өдрөөс эхлэн Д.Тыг ахлах тогоочоор, 1991 оны 01 дүгээр сарын 14ний өдрөөс өөрийн хүсэлтээр туслах тогоочоор 1991 оны 8 дугаар сарын 20ны өдрийг хүртэл ажилласан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Улаанбаатар хотын Худалдааны техникумаас 1987 оны 6 дугаар сарын 20ны өдөр нээсэн 229750 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 02 дугаар сарын 14ний өдрийн №30 тоот Тогооч нарын цалин тогтоох тухай тушаал, Өмнөговь аймгийн Даланзадгад хотын ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1990 оны 7 дугаар сарын 03ны өдрийн №104 дугаартай Ажилчдын 1990 оны ээлжийн амралт олгох тухай тушаал, 1990 оны 7 дугаар сарын 09ний өдрийн №109 дугаартай Жижүүр эргүүл ажиллуулах тухай тушаал, 1990 оны 12 дугаар сарын 03ны өдрийн №159 дугаартай Тооллогын комисс байгуулж ажиллуулах тухай тушаал, 1991 оны 01 дүгээр сарын 18ны өдрийн №05 дугаартай Зарим ажилтан ажилчдын ажил өөрчлөх тухай тушаал, Өмнөговь аймгийн Төрийн архивын 2023 оны 9 дүгээр сарын 11ний өдрийн 445 дугаартай цалингийн тодорхойлолт, гэрч Д.Х-гийн Би Өмнөговь аймгийн төвийн 1 дүгээр 10 жилд 1971 оны 01 дүгээр сараас хойш 1991 оны 02 дугаар сар хүртэл тасралтгүй ажилласан...Д.Т нь 1989 оны намар ажилд орсон гэж санагдаж байна. Ахлах тогоочоор ажилладаг байсан. Намайг ажлаас гартал бид хамт ажилласан. гэх мэдүүлэг, гэрч С.Ж-ын Би 1972 онд Монгол Улсын Их сургуулийг биологийн багшаар төгссөн. 1972 оноос 1995 он хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 10 жилийн сургуульд биологийн багш, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан...Намайг Даланзадгад хотын 10 жилийн сургуульд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаанд Д.Т дотуур байрны тогоочоор ажиллаж байсан. Хэдэн онд ажилд орсныг сайн санахгүй байна. 1992, 1993 он хүртэл ажилласан байх. гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

 

5. Иймд хүсэлт гаргагч Д.Тыг Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 10 жилийн дунд сургуульд 1989 оны 10 дугаар сарын 01ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 08ны өдрийг хүртэл цайчнаар, 1990 оны 01 дүгээр сарын 08ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 14ний өдрийг хүртэл ахлах тогоочоор, 1991 оны 01 дүгээр сарын 14ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 20ны өдрийг хүртэл тогоочоор ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

 

6. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2т зааснаар хүсэлт гаргагч Д.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6д зааснаар хүсэлт гаргагч У овогт Д.Т /РД:/ыг Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 10 жилийн дунд сургуульд 1989 оны 10 дугаар сарын 01ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 08ны өдрийг хүртэл цайчнаар, 1990 оны 01 дүгээр сарын 08ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 14ний өдрийг хүртэл ахлах тогоочоор, 1991 оны 01 дүгээр сарын 14ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 20ны өдрийг хүртэл тогоочоор ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2т зааснаар хүсэлт гаргагч Д.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

Д-АГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ