Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2023/ДШМ/02

 

  2023          01           04                                      2023/ДШМ/02

 

                                   Ц.Б-д холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

Прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Ц.Б-д, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, хохирогчийн өмгөөлөгч Д.Бунжаа, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/207 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч С.Ж-ийн  давж заалдах гомдлоор Ц.Б-д холбогдох, 2235000000230 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..-нд Увс аймгийн .. суманд төрсөн.. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, .. хийдэг, ам бүл 2, ээжийн хамт Увс аймгийн .. сумын 10 дугаар баг . тоотод оршин суух, урьд нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2001 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 357 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, төрөөс авсан гавьяа шагналгүй,  Ш овогт Ц-ний Б.

1. Шүүгдэгч Ц.Б-д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн .. сумын .. дугаар багийн нутагт  2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хохирогч С.Ж-ийн  эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газраас: Ц.Б-дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/207 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Ш овогт Ц-ний Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 450 /дөрвөн зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

- хохирогч С.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,

-шүүгдэгч Ц.Б-д нь энэ хэрэгт цагдан хоригсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Б-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр авахаар шийдвэрлэжээ. 

4. Хохирогч С.Ж давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-д ял оногдуулахдаа хөнгөрүүлэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүгдэгч Ц.Б-дөөр зодуулснаас миний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан. Гэмтэл авснаас хойш маш их зовиуртай байх болсон ба өдөр бүр хоёроос гурван ширхэг өвчин намдаагч хэрэглэж байсан. Тухайн үед гарсан эм, тариа бусад өөрийн эрүүл мэндтэй холбоотой гаргасан зардлынхаа нотлох баримтыг бүрдүүлж ирэхийг байцаагч болон миний өмгөөлөгч нар надад удаа дараа хэлж шаардсан.

Тэгэхэд намайг Ц.Б-д гуйж, ахаа баримт бүрдүүлэх шаардлага байхгүй, би таны хохирлыг барагдуулна, ээжийн тэтгэвэр буухаар би танд нүүрс буулгаж өгнө, мөнгө төгрөг өгнө гэж хөгшин намайг хуурч, тухайн үед нотлох баримтыг бүрдүүлгээгүй юм. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор нь шүүгдэгч Ц.Б-дөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан байхад анхан шатны шүүх түүнд 450 цаг /дөрвөн зуун тавин/ цаг ажил хийлгэх ял оногдуулж, хөнгөрүүлэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

5. Давж заалдах шатны шүүхэд оролцсон прокурор А.Анхбаяр дүгнэлтдээ: “Шүүгдэгч Баяртөгс нь хохирогч С.Жг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон.

Анхан шатны шүүх түүний гэм буруугийн асуудлыг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 207 дугаар шийтгэх тогтоолоор хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Б-дөд 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан. Анхан шатны шүүх прокурорын санал, хавтаст хэрэгт авагдсан баримт, хувийн байдал зэргийг харгалзан үзэж 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

Хохирогч С.Ж-г мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд хохирлын баримтаа гаргаж өгнө үү гэсэн асуудлыг мөрдөгч болон прокуророос тавьж байсан. Гэтэл хохирогч нь хохирлын баримтыг мөрдөн шалгах болон прокурорын шатанд гаргаж өгөөгүй. Хүндэвтэр зэргийн гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж, хохирол, хор уршиг гарсан нь тодорхой байсан. Шүүхийн шатанд хохирлын баримтгүй атлаа хохирол нэхэмжилсэн тул улсын яллагчийн зүгээс хохирлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх санал гаргасан.

Анхан шатны шүүх хохирлын баримтад тулгуурлаж, хохирол хор уршгийн асуудлыг шийдэх ёстой. Баримтгүй нөхцөлд хохирлыг тааж гаргах үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна “ гэв.

6. Хохирогчийн өмгөөлөгч Д.Бунжаа давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Өмгөөлөгчийн хувьд мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Жг хохирлын баримтаа гаргаж өгье гэхэд тэгэх шаардлагагүй, надад учирсан хохирлыг Ц.Б-д төлж барагдуулна гэж хэлсэн гээд хохирлын баримт гаргаж өгөөгүй. Хохирогч С.Ж нь Улаангомд байсан ба түүний гэрт Ц.Б-д эхнэртэйгээ хамт амьдарч байсан. Хэрэг шүүхэд шилжих үед Ц.Б-дийг хохирогч С.Ж-д нэг портер нүүрс авч өг гэж хэлэхэд за одоо аваад ирье гэж хэлсэн. Гэтэл шүүх хурал хүртэл ямар ч хохирол төлөөгүй. Баяртөгс хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон хохирол төлөх шаардлагагүй гэж үзэж байгаа юм байна лээ. Шүүгдэгч Ц.Б-д нь хохирогч С.Жд сэтгэлээрээ туслаж дэмжиж, хохирлыг гаргаж өгөөгүйд хохирогч гомдож давж заалдах гомдол гаргасан гэж үзэж байна. Надад сэтгэл гаргаагүй юм чинь хуулийн дагуу ялыг нь эдлүүлж цээрлүүлэх хэрэгтэй гэж үзсэн.

Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Б-дөд 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасныг шүүх 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болгож хөнгөрүүлж, өөрчилснийг хохирогч С.Ж зөвшөөрөхгүй, улсын ялагчийн санал болгосон ялыг эдлүүлэх хэрэгтэй гэж үзэж энэхүү гомдлоо гаргасан. Хохирогчийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна” гэв.

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа : “Ц.Б-д холбогдох хэргийг анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримт, хэргийн оролцогчдын гаргасан санал хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэрэгт дүгнэлт хийсэн.

Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаангүй оролцсон. Талуудын хувьд хохирлын талаар яригдаж байсан боловч хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй учраас хохирол, төлбөр төлөөгүй байгаа.

Анхан шатны шүүх нь тухай хэрэгт дүгнэлт хийж, Ц.Б-дийн гаргасан үйлдэлд хариуцлага хүлээлгэсэн. Энэ шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/207 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.Ж-ийн  гаргасан гомдлыг үндэслэн, Ц.Б-дөд холбогдох, 2235000000230 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж гаргасан шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

3. Шүүгдэгч Ц.Б-д нь согтуугаар, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт байрлах хохирогч С.Ж-ийн  гэрийн үүдэнд түүнийг хүчтэй татаж, хавирч унагаан, эрүүл мэндэд нь “цээжний баруун талын 6, 7, 8, 9 дүгээр хавиргануудын далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цээжний баруун хэсэг болон бүсэлхийн баруун хэсгийг хамарсан цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хохирогч С.Ж-ийн  мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 18-ны өглөө Тогтуур, Л, Долгор нар манай гэрт ирэхээр нь би хоол, цай хийж, нэг шил архи задалж өгөөд сууж байхад гаднаас Ш.Цагаанхүү, Ц.Б-д нар орж ирсэн. Ц.Б-д нь архи согтууруулах ундаа нэлээн хэрэглэсэн согтуу орж ирсэн ба намайг архи аваад ир гэхээр нь надад мөнгө байхгүй гэсэн чинь Төгсөө зээл тавиад архи аваад ирэхгүй юу гэхээр би зээл тавихгүй, чи манай гэрээс гарч зайл гэсэн.

Гэтэл Ц.Т нь чи намайг хоёр удаа гэрээсээ хөөлөө гэж хэлээд намайг сууж байхад миний нуруу хэсэг рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би Ц.Б-дийг мөр хэсгээс нь татаж гэрийн хаалгаар түлхэж гаргаад манайхаас яв зайл гэж хэлээд араас нь гарахад Ц.Б-д намайг эргэж өшиглөсөн. Би орилж гэрийн үүдэнд унасан байхад Л намайг гэрт оруулсан. Ц.Б-д гэрийн гадна намайг өшиглөж миний хавирга хугалсан ба гэр дотор өшиглөхөд миний биед ямар нэгэн гэмтэл үүсээгүй. Би гомдолтой байна. Би Ц.Б-дөөс миний эрүүл мэндэд учруулсан гэмтлийн нөхөн төлбөр 2.000.000 /хоёр сая/ төгрөг нэхэмжилж байна. Миний бие учирсан хохирлын талаар баримт бүрдүүлж чадаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19, 20 дахь тал/,

-гэрч Ш.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2022 оны 10 дугаар сарын 17-ны  өдөр миний хамтран амьдрагч Ц.Б-д бид хоёр С.Ж ахын гэрийг өвлийн байдлаар барьж тэдний гэрт хоносон. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 18-ны өглөө босоод гэрийн хаяа булах гэж байхад Л нар ирэхээр нь С.Ж ах Л-д 20.000 төгрөг гаргаж өгөөд архинд явуулсан. Л нь архи авч ирэхэд С.Ж, Тогтуур, Л, Ц.Б-д бид нар гэрт орсон. Гэрт ороод Лийн хийж өгсөн архийг би амсаад гэрээс гарч зүүн талын багснаас гэрийн гол буюу хоймор хүртэл хаяаг шороогоор булаад гэрийн зүүн талаас хаяаны шороо саванд хийж авах гэж байхад араас хүн тэврэхээр нь би цочиж орилж харахад С.Ж ах нилээн согтсон байдалтай миний араас тэвэрсэн байсан. Би С.Ж ахыг боль гээд зогсож байхад Ц.Б-д гэрээс гарч ирээд манай эхнэртэй ноцолддог хэн бэ гэж хэлээд С.Ж ахыг гэрийн үүдэнд байдаг шалны өнцөг дээр хүчтэй татаж, хавирч унагааж цээжин дээр нь дараад авчихсан байхад би Ц.Б-дийг салгаж авсан. Ц.Б-дийг С.Ж-ийн  биед халдаж байхыг надаас өөр хүн хараагүй. Ц.Б-дийг Лийн гэрт амраагаад буцаж С.Ж ахын гэрт очиход С.Ж ахын бие нь эвгүй байхаар нь өвчин намдаах эм уулгаад унтуулсан. Тэгээд Ц.Б-дийг Лийн гэрээс очиж авч С.Ж ахын гэрт хамт очоод С.Ж ахыг бариачид очиж бариулахад зүүн талын 3 хавирга хугарсан байна гэхээр нь эмийн сан орж наалт, өвчин намдаах эм зэрэг зүйл авч С.Ж ахын гэрт ирж хоносон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28, 30 дахь тал/,

-гэрч М.Тогтуурын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..С.Ж ах, Төгсөө хоёр хэзээ гэрээс гарсныг би мэдэхгүй байна. Гэнэт С.Ж ах зовуурьтайн аргагүй чанга дуугаар дуугарахаар нь гэрээс гарахад С.Ж гэрийн үүдний жижиг шалан дээр уначихсан, хажууд нь Ц.Б-д, Ш.Цагаанхүү нар зогсож байсан. Би юу болсон талаар асуухад С.Ж нь Ц.Б-д намайг цохьчихлоо гэхээр би Ц.Б-дөөс яагаад настай хүн зодсон юм бэ гэж асуухад наад хөгшин чинь манай эхнэр Ш.Цагаанхүүг тэвэрсэн байсан болохоор би түүнийг түлхэж унагаасан гэж хэлсэн. Тухайн үед С.Ж ах зовуурьтай дуугараад байхаар нь Лийг дуудаж гэртнь оруулаад баруун орон дээр хэвтүүлсэн. Ц.Б-д нь Улаангом сумын 10 дугаар багт байрлах С.Ж ахын гэрийн гадна түүний биед халдаж цохисон. Ц.Б-д, С.Ж ахын биед халдаж цохиж байхыг Ш.Цагаанхүү харсан. Харин Л бид хоёр гэрт байсан болохоор хэн нь хэний биед яаж халдаж цохисон болохыг хараагүй. С.Ж ах зовуурьтай дуугарахаар нь би гэрээс гарахад гэрийн үүдэнд уначихсан байсан. Уг өдөр Ц Баяртөгс нь С.Ж ахыг гэрийнхэн гадна биед нь халдаж унагаахаас өмнө С.Ж ахын биед ямар нэгэн гэмтэл, өвдөж зовуурилж байсан зүйл байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

-гэрч Л.Лийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ц.Б-д, С.Ж-ийн  биед халдаж зодож байхыг би хараагүй. Би гэрээс гарахад Ц.Б-д өшиглөчихлөө гээд элэг, цээжээ тэврээд доош хараад үүдний жижиг шалан дээр хэвтэж байсан. Би Ц.Б-дөөс юунаас болж С.Жг цохисон талаар асуухад миний эхнэр Ш.Цагаанхүүгийн араас тэврээд авчихсан байхаар нь би түлхэж унгаасан гэж байсан. Тухайн өдөр өвөөгийн биед ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй байсан ба Ц.Б-д гэрийн гадна түлхэж унагаасны дараа С.Ж өвөө босож чадахгүй баруун талын далны доод хэсгээр хатгаж өвдөж байна гэсэн. Тухайн үед Тогтуур бид хоёр өргөж босгоод гэрт нь оруулаад орон дээр нь хэвтүүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

- гэрч Л.Д-ын  мөрдөн байцаалтад өгсөн: “...С.Ж ах надад хэлэхдээ Ц.Т миний хавирга хугалсан гэсэн ба түүний хавиргыг яаж хугалсан талаар би асуугаагүй. Харин би С.Ж ахад хандаж та архи уусан хүн болгоныг гэртээ цуглуулж архи уугаад байхаар ийм асуудал болж байгаа юм гэж хэлсэн. С.Ж ахын гаргасан гомдол мэдээллийн талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

- гэрч Ю.Балжиннямын мөрдөн байцаалтад өгсөн: “...С.Ж ахын хүргэн Мягмаржав 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн үед надтай утсаар холбогдож, хадам аав С.Ж-ийн  хавирга хугарсан юм шиг байна. Гэрт нь очоод юу болсон талаар мэдээд өгөөч гэж хэлсэн. Би уг өдөр 12 цагийн үед С.Ж ахын гэрт очиход С.Ж ах баруун орон дээрээ хэвтэж байсан ба гэрт У.Цэцэгмаа гэх эмэгтэй зүүн талын орон дээр унтаж байсан. Би С.Ж ахаас юу болсон талаар асуухад Ц.Б-д гэх залуу надаас архины мөнгө нэхэж, миний хавирга руу өшиглөж намайг бэртээсэн гэж хэлж байсан. Би С.Ж ахыг нэгдсэн эмнэлэг дагуулж орж цээжний зураг авахуулсан. Тухайн өдөр С.Ж ах цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дахь тал/,

-Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 475 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний  “...Үзүүлэгч С.Ж-ийн  биед цээжний баруун талын 6, 7, 8, 9 дүгээр хавирганууд далны шугамаар хөндлөн зөрөөтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цээжний баруун хэсэг болон бүсэлхийн баруун хэсгийг хамарсан цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний байдлаар үүсчихсэн байсан талаар түүний рентген зургийн хариунд бичигдсэн байна. Шинэ гэмтлүүд байна. Цээжний баруун талын 6, 7, 8, 9 дүгээр хавирганууд далны шугамаар хөндлөн зөрөөтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цээжний баруун хэсэг болон бүсэлхийн баруун хэсгийг хамарсан цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журам” -ын 2.3.1 -т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Цус хуралт гэмтлүүд нь биеийн нийт гадаргуугийн 4 хувь орчим талбайг хамарч байна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

- шүүгдэгч Ц.Б-дийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

4. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба хохирогч С.Ж-ийн  биед учирсан хүндэвтэр зэргийн гэмтэл нь шүүгдэгч Ц.Б-дийн хохирогчийн биеийг хүчтэй татаж хавирч унагасан гэм буруутай үйлдэлтэй шууд холбоотой байна.

5. Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Б-ийн үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

6. Хохирогч С.Ж давж заалдах шатны шүүхэд : ” шүүгдэгч Ц.Б-дөд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Б-д нь миний хохирол төлбөрийг төлж өгнө гэсэн тул би хохирлын баримтаа бүрдүүлээгүй. Гэтэл Ц.Б-д нь надад учирсан хохирлыг төлж өгөөгүйд гомдолтой байна. Прокуророос шүүгдэгч Ц.Б-дөд зургаан зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар санал гаргасан байхад шүүх уг ялын хэмжээг багасгаж оногдуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна”  гэх агуулга бүхий гомдол гаргасан ба уг гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна .

6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “ Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх”-ээр хуульчилсан.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2-т заасан “ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн...” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн мөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэх дүгнэлт хийж, дээрх зүйл хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, хэмжээг дөрвөн зуун тавин цагаар  тогтоосон нь гэмт хэргийн улмаас  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцсэн байна.

6.2. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хохирогч С.Ж-г гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, нөгөө талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хангасан гэж үзнэ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан ялын хэмжээг өөрчлөх хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хохирогчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/207 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С.Ж-ийн  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.АЛТАН

ШҮҮГЧ                                                           Н.МӨНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН