Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 121/ШШ2024/0024

 

2024 оны 08 сарын 02                         Дугаар 121/ШШ2024/0024                                Өвөрхангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Б” ХХК-ийн гомдолтой,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Г.Амардэлгэрт холбогдох зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн төлөөлөгч Т.Ш, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г/цахим/, хариуцагч Г.Амардэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Батцагаан нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдлын шаардлага: Өвөрхангай аймгийн аймгийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Г.Амардэлгэрийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ****дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай  шаардлага гаргажээ.  

2. Хэргийн товч үйл баримт, процессын тухайд:

2.1. Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогчоос 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Хяналт шалгалт хийх тухай” удирдамжийг баталсан. Удирдамжид мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэн үйлчилгээ /ломбард/ эрхлэгчдийн үйл ажиллагаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийх, холбогдох төрийн байгууллагад хүргүүлж, шийдвэрлүүлэх арга хэмжээг авч ажиллах зорилготой гэжээ.

2.2. Дээрх удирдамжийн дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын Г.Амардэлгэр нь хяналт шалгалт явуулаад, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ****дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогч “Б” ХХК-ийг хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

2.3. Гомдол гаргагч “Б” ХХК нь дээрх шийтгэлийн хуудсыг 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гардан аваад шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан, шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангуулснаар 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.         

3. Гомдол гаргагч “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ш шүүхэд гаргасан гомдолдоо:

3.1. Өвөрхангай аймгийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Г.Амардэлгэрийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ****дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.3-т заасан журмаар гомдол гаргаж байна.

3.2. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино.”, “...1.2 дугаар зүйл Хууль ёсны зарчим 1.3өрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно, 4.Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй...”, “... 2.1 дүгээр зүйл Зөрчил 1.Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ...” гэж тус тус заасан байдаг.

3.3. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлд тухайн үйл баримт нь зөрчлийн шинжгүй бол зөрчлийн хэрэг нээхгүй гэж тус тус заажээ. Гэтэл дээрх шийтгэлийг оногдуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа эрх бүхий албан тушаалтан хуулийг ноцтой зөрчин, төсөөтэй хэрэглэж, нотлох баримтыг хууль бусаар цуглуулж, бэхжүүлсэн, үндэслэлгүйгээр зөрчлийн шийтгэл оногдуулсан, энэ асуудалд прокурор зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

3.4. Өвөрхангай аймгийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч буюу эрх бүхий албан тушаалтны зүгээс “Б” ХХК-ийн захирал Т.Шт холбогдуулан зөрчлийн хэрэг нээхдээ Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3-т зааснаар зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан байдаг.

3.5. Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3-т “... Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хуч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан, эсхүл хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн бол..." гэж хууль тогтоогчоос зөрчлийн шинжийг тодорхойлсон байдаг.

3.6. Үүнээс үзэхэд хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан гэх зөрчлийн шинжтэй гэж үзсэн тул эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэрэг нээн шалгаж зөрчлийг нотлох ажиллагааг хийсэн гэж үзэхээр харагдаж байна.

3.7. 1. Хуурч мэхлэх, төөрөгдүүлэх, хуч хэрэглэсэн үйлдэл эс үйлдэхүй байсан эсэх тухайд: Зээл олгох үйлчилгээ үзүүлэхдээ миний зүгээс хэрэглэгчдэд хууран мэхлэх, төөрөгдөх, хүч хэрэглэх замаар тулгасан зүйл байхгүй. Учир нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9-д Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар дараахь зарчмыг баримтална гээд 4.1.1-д зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн аюулгүй байдал, тоо, хэмжээ, чанар, хугацаа, зориулалтын зохих шаардлагыг хангасан байх, 4.1.2-т хэрэглэгч нь бараа, ажил, үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл олж авах, хэрэглээний соёл эзэмших боломжоор хангагдсан байх, 4.1.3-д хэрэглэгчийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхол, хүрээлэн байгаа орчинд учирсан гэм хорыг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлөх гэж тус тус заажээ.

3.8. Дээрх хуулиудын үзэл баримтлал болон зарчмаас дүгнэвэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор оролцож буй иргэн хуулийн этгээдээс хэрэглэгчийг хохироосон, хууран мэхэлсэн, төөрөгдүүлсэн, хүч хэрэглэсэн, буруу мэдээллээр хангасан, мэдээлэл авах боломжийг хязгаарласан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан тохиолдолд хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоох, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой байна гэж үзэж байна.

3.9. Гэтэл манай байгууллагад холбогдох зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хэрэглэгчийн буюу мөнгө зээлж авсан гэх этгээдүүдийг хохироосон, хууран мэхэлсэн, төөрөгдүүлсэн, хүч хэрэглэсэн, буруу мэдээллээр хангасан, мэдээлэл авах боломжийг хязгаарласан үйлдэл, эс үйлдэхгүй гаргасан үйлдэл огт нотлогдоогүй, эрх бүхий албан тушаалтан гэрч хохирогчоор тогтоож мэдүүлэг авч нотлоогүй байдаг.

3.10. Мөн мөнгөн зээл олгохдоо иргэний хуульд заасны дагуу зээлдэгчээс сайн дурын үндсэн дээр албан ёсны нотариатын газар очиж итгэмжлэл авсан, хүч хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй төдийгүй итгэмжлэл бүр дээр “тухайн итгэмжлэлийн агуулга, үр дагаврыг ойлгож уншиж танилцсан бөгөөд миний хүсэл зоригт бүрэн нийцсэн тул гарын үсэг зурав” гэсэн тэмдэглэлийг итгэмжлэл олгож буй этгээдүүд үйлдэж олгосон.

3.11. Мөн хэрэглэгч буюу зээлдэгч нь тухайн зээл буюу бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөл таалагдаагүй, эсхүл хохиролтой гэж үзсэн тохиолдолд ижил төстэй үйлчилгээ үзүүлдэг бусад зээлийн үйлчилгээ явуулдаг иргэн хуулийн этгээд, банк, банк бусын байгууллагаас сонголт хийх боломжтой байсан ба миний зүгээс хуулиар хориглосон үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй, хүч хэрэглэсэн гэх үндэслэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй төдийгүй Монгол хэлний их тайлбар тольд хүч хэрэглэх гэдгийг хүч чадлынхаа илүүг ашиглах гэж тайлбарласан байх боловч хууль зүйн утгаараа Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т Хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзнэ гэж заасан байдгийг анхаарч үзэлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3.12. 2. Хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан эсэх тухайд: Иргэний эрх зүйд гэрээ гэж тодорхой үр дүнд хүрэхийн тулд хоёр ба түүнээс дээш этгээд хүсэл зоригоо илэрхийлж эрх үүрэг үүсгэж, өөрчилж дуусгавар болгож буй үйлдэл, эс үйлдэхүйг хэлдэг ба гэрээ байгуулсан тооцох, гэрээнээс татгалзах асуудлыг тодорхойлсон байдаг.

3.13. Гэтэл зөрчлийн хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар хохирогч буюу хэрэглэгч гэх этгээдүүдтэй зөрчлийн холбогдогч Т.Ш миний бие нь дээр дурьдсанаар хууль ёсны итгэмжлэл хийж данснаас зарлагын гүйлгээг хийсэн, харин ч банк болон бусад байгууллагаас зээл олгох боломжгүй нөхцөл байдалтай хүмүүст тус болсон, зээлдэгчид өөрсдөө гуйж хүсэлт тавьж зээлдэг болох нь нотлогддог.

3.14. Эдгээр чухал нөхцөл байдлуудыг эрх бүхий албан тушаалтан, прокурор харгалзаж үзэлгүйгээр шууд буруутай мэтээр ажиллагаа явуулж миний үнэн зөвөөр шударгаар шийдвэрлүүлэх хууль ёсны эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

3.15. Мөн миний бие нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчлийн нөхцөл байдлыг нарийвчлан тогтоолгох, гэрчээр зарим хүмүүсийг асуулгах, нотлох баримт гаргаж өгөх зэрэг хүсэлтүүдийг амаар болон бичгээр эрх бүхий албан тушаалтанд удаа дараа гаргасан боловч хүлээн аваагүй төдийгүй, хэт нэг талыг буюу намайг буруутгах талыг барьж ажиллагаа явуулсан ба зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй байна.

3.16. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйл. Хүсэлт гаргах, 1. Оролцогч зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах тухай хүсэлтийг зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтанд гаргаж болно. 2. Хүсэлтийг амаар, эсхүл бичгээр гаргаж болох бөгөөд хүсэлтийг амаар гаргасан бол тэмдэглэлд тусгаж, хүлээн авсан албан тушаалтан болон хүсэлт гаргагч гарын үсэг зурна. 3. Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг хангах үндэслэл тодорхой бол даруй, шалгах шаардлагатай бол түүнийг хүсэлт гаргаснаас хойш ажлын 3 өдрийн дотор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана: 3.1.хүсэлтийг бүрэн хангах; 3.2.хүсэлтийг хэсэгчлэн хангах; 3.3.хүсэлтийг хангахаас татгалзах.”, 1.15 дугаар зүйл. Хүсэлт, гомдлыг зөрчлийн хэрэгт хавсаргах 1. Энэ хуульд заасны дагуу гаргасан хүсэлт, гомдол, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн талаархи тэмдэглэл, холбогдох бүх баримтыг зөрчлийн хэрэгт хавсаргана гэж заасан хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн байна.

3.17. Мөн түүнчлэн эдгээр асуудлууд дээр манай байгууллагын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан гомдол, мэдээлэлтэй танилцаж тайлбар гаргах, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-т эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана гэж заасан заалтыг ноцтой зөрчин Өвөрхангай аймгийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Г.Амардэлгэрийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ****дугаартай шийтгэлийн хуудас бичихдээ хэргийн материалыг танилцуулаагүй төдийгүй олон дахин очиж хүсэлт гаргаж гуйж байж шийтгэлийн хуудас бичигдсэний дараа 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр танилцсан.

3.18. 3. Хуулийн этгээд эсхүл иргэнд шийтгэл оногдуулаад байгаа нь тодорхойгүй асуудал: Өвөрхангай аймгийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ****дугаартай шийтгэлийн хуудсаар “Б” ХХК буюу миний эзэмшдэг хуулийн этгээдэд зөрчлийн шийтгэл оногдуулсан бөгөөд зөрчлийн хэргийн материалд авагдсан нотлох баримтууд нь иргэн Т.Ш надтай харилцсан хүмүүсийн сайн дурын үндсэн дээр хийж өгсөн итгэмжлэл байгаа ба манай “Б” ХХК-ийн дансанд тухайн иргэдийн мөнгө шилжиж ороогүй буюу эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг компанийнхаа дансанд шилжүүлж аваагүй, манай “Б” ХХК нь тухайн хэрэглэгч хохирогч гэгдээд буй этгээдүүдээс Иргэний хуульд заасны дагуу эд хөрөнгө эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах итгэмжлэл хийлгэж байгаагүй нь нотлогддог.

3.19. Энэ асуудлыг эрх бүхий албан тушаалтан хуулийг буруу тайлбарлах замаар миний болон манай компанийн эрх зүйн байдлыг дордуулан хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах буюу 20 000 нэгжээр торгож шийтгэсэн нь үндэслэлгүй болсон.

3.20. Мөн Т.Ш би урьд нь “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоогүй байж байгаад 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирлаар томилогдсон. Тус компанийн гүйцэтгэх удирдлагаар миний талийгаач нөхөр Тогоомаашир 2009 оноос хойш ажиллаж байсан ба компанийн эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт оруулаагүй байсан. Миний бие тус компанид ямар нэгэн байдлаар гүйцэтгэх удирдлага, ажлын албанд нь байгаагүй. Энэ тухай улсын бүртгэлийн гэрчилгээ лавлагааг шүүхэд гаргаж өгсөн.

3.21. Гэтэл Т.Ш намайг тухайн компанийн захирал гэж шууд ШӨХТГ-ын улсын байцаагч Г.Амардэлгэр шийтгэлийн хуудас бичсэн, бичсэн шийтгэлийн хуудсаа “Өвөрхангайн мэдээ сонин”, “Өвөрхангай залуус”, “Өврийн сайхан хангай”, “Өвөрхангай зар мэдээ”, “Өвөрхангай гэгээлэг мэдээ”, “Өвөрхангай аймаг” гэх 6 фэйсбүүк хаягаар нийтэлж олон мянган хүн тус нийтлэлийг үзэж сэтгэгдэл бичсэн байсан. ШӨХТГ-ын улсын байцаагч Г.Амардэлгэрийн энэ дураар авирласан хууль бус үйлдэл нь анхнаасаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үйлдлээ хаацайлах, олон нийтийг төөрөгдүүлж, иргэн миний болон манай байгууллагын нэр хүндэд халдаж худал мэдээлэл тарааж өөрийн хууль бус үйлдлийг шударга зөв мэтээр харагдуулахыг хичээсэн үйлдэл болсон гэж үзэж байна.

3.22. Эдгээр нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд эрх бүхий албан тушаалтан хэргийн нөхцөл байдлыг нарийвчлан тогтоогоогүй, хуулийг ноцтой зөрчин, төсөөтэй хэрэглэж, нотлох баримтыг хууль бусаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг үндэслэж бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан, эсхүл хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн зөрчлийг хуулийн этгээд буюу “Б” ХХК гаргасан гэж шийтгэл оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

3.23. Иймд Өвөрхангай аймгийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Г.Амардэлгэрийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ****дугаартай дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч Г.Амардэлгэр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

4.1. Монгол Улсын Их хурлаас баталсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 2023 оны 3 дугаар сарын 01ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан 2024 оны 02 сарын 27-ны өдрийн удирдамжаар уг үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээд, иргэний үйл ажиллагаанд эрх бүхий албан тушаалтан нарын ажлын хэсэг хяналт шалгалт хийсэн.

4.2. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай зөрчсөн эсэх талаарх ажиллагаа явуулаад зөрчлийн 242600278 тоот дугаартай хэрэг нээж Т-ын Ш \Б ХХК рд: ***\ нь шалгалтаар Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч нь Иргэний хуулийн 157.1, 157.1.3, 157.2.2, 157.3, 158, 159.2, 159.5, 232.7, 286; Гэрээний стандартыг хангаагүй, Гэрээнд хүлээлгийн 10 хоногоос доошгүй хугацааг тусгаагүй, Эд хөрөнгийн эзэмшигч мөн болохыг нотолсон баримтыг гэрээнд тусгаагүй, Мэдээллийн самбаргүй; ААН-ийн оноосон нэр бичсэн гадна хаяг, цагийн хуваарийг ил харагдах газарт байршуулаагүй, Монгол Улсын стандарт МН55274:2017-ыг мөрдөөгүй. Үйл ажиллагааны зөвшөөрөл, батламж /ил харагдах газарт байршуулсан эсэх/, Хүчинтэй хугацаа, Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний журам, эд зүйлс, бичиг баримт, үнэт эдлэл хадгалахад зориулсан тусгай өрөө, камержуулалт, татварын нэгдсэн санд холбогдоогүй, кассын машин хэвлэх төхөөрөмжгүй, галын байгууллага, цагдаагийн мэргэжлийн үнэлгээ дүгнэлтгүй, бусдын баримт бичгээр үйлчлэх, бичиг баримтгүй этгээдэд үйлчлэх зэрэг мөн иргэний гүйлгээнд хориглосон, эсхүл барьцаалахыг хориглосон эд зүйл, бичиг баримт барьцаалдаг зэрэг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн тогтоогдсон учир шийтгэл оногдуулсан.

4.3. Нэхэмжлэгчийн шаардлагад дурдсанд: Хэргийн материалд Т.Ш 2024 оны 05 сарын 10 өдөр танилцсан тухай тэмдэглэл, “Б” ХХК захирлаар 2024.06.10-ны өдөр захирал болсон гэхийн тухайд 1996 оноос хойш Нийгмийн даатгалаас олгох хөдөлмөрийн чадвар алдагдсаны мөнгөн тэтгэмж, Асран хамгаалагч тэжээгчээ алдсаны мөнгөн тэтгэмж, ХБИ-н асаргааны мөнгөн тэтгэмж, жирэмсний болон цалинтай ээжийн, өрх толгойлсон эцэг эхэд олгох тэтгэмж, одонтой ээжийн мөнгөн тэтгэмж, оршуулгын зардал зэргийн барьцаалцсан гэж хууль бус гэрээ байгуулахдаа Б гэх тамгаар гэрээг баталгаажуулсан байдаг.

4.4. Мөн бид ашиг хонжоо олох зорилгогүй харин буяны тусламж үзүүлдэг гэж тайлбарласан нь Хуулийн этгээдийн хэлбэрийг буруу ашигласан байна гэх үндэслэл байгаа боловч татварын газраас ирүүлсэн баримтаас харахад Т.Ш-ын тайлбарт дурдсанаас “Би тэтгэврээс өөр орлогогүй гэх боловч банк санхүүгийн байгууллагын буй хадгаламжийн хэмжээ дээрх тайлбарт нийцэхгүй байсан.

4.5. Манай гэрээ хохироосон зүйлгүй гэхийн тухай: Хохирогчоор тогтоогдсон Н.О-ын данснаас зээлсэн гэх мөнгөнөөс илүү шилжүүлсэн авсан тухай дансны хуулга түүний тайлбар, Прокурорын зүгээс хяналт тавиагүй гэх боловч удаа дараа Т.Ш нь гомдол гаргасан байсан хэргийг хянан татаж авсан. Мөн Т.Ш удаа дараа хүсэлт гаргасан гэх боловч ШӨХТГ-ын байцаагчид хандсан хүсэлт гаргасан удаагүй ба тайлбар өгөх хугацаанд биедээ бичлэг хийж байсан, гэрчид нөлөөлж байсан үйлдэл ч байдаг /шүүх хуралд дэлгэрэнгүй тайлбар гаргана/.

4.6. Нэхэмжлэгчийн шаардлагад “Б” ХХК хэрэглэгчтэй хуулийн этгээдийн тамгаар баталгаажуулсан барьцааны гэрээ хийдэг боловч санхүүгийн санд нэгдсэн тайлан илрэхгүй, аудитын баталгаажуулалт хийдээгүй, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хууль, болон Компанийн тухай хууль болон бусад эрх зүйн баримт бичгийн санхүүгийн зөрчилтэй байж болзошгүй, “Б” ХХК нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хууль, болон Засгийн газрын 2023 оны 06 сарын 21-ний өдрийн 236 тогтоол Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмын 5.2-д заасан Хүүхдийн мөнгийг барьцаалж зээл авах, олгохыг хориглосон зэрэг эрх зүйн зөрчилтэй байгаа тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй ба хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргах хугацаа дууссан болон бусад баримтуудад хуралд тайлбарлах учир тайлбарыг хүргүүлж байна.

4.7. Монгол Улсын Их хурлаас баталсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн удирдамжаар уг үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээд, иргэний үйл ажиллагаанд эрх бүхий албан тушаалтан нарын ажлын хэсэг хяналт шалгалт хийсэн.

4.8. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчсөн эсэх талаарх ажиллагаа явуулаад зөрчлийн **** тоот дугаартай хэрэг нээж, Т-ын Ш /Б ХХК рд:****/ нь шалгалтаар Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч нь Иргэний хуулийн 157.1, 457.1.3 157.2.2, 157.3, 158, 159.2, 159.5, 232.7, 286 Гэрээний стандартыг хангаагүй, Гэрээнд хүлээлгийн 10 хоногоос доошгүй хугацааг тусгаагүй, Эд хөрөнгийн эзэмшигч мөн болохыг нотолсон баримтыг гэрээнд тусгаагүй, Мэдээллийн самбаргүй, ААН-ийн оноосон нэр бичсэн гадна хаяг цагийн хуваарийг ил харагдах газарт байршуулаагүй, Монгол Улсын стандарт МNS5274:2017-ыг мөрдөөгүй. Үйл ажиллагааны зөвшөөрөл, батламж /ил харагдах газарт байршуулсан эсэх/, Хүчинтэй хугацаа, Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний журам, Эд зүйлс, бичиг баримт, үнэт эдлэл хадгалахад зориулсан тусгай өрөө, камержуулалт, татварын нэгдсэн санд холбогдоогүй, кассын машин хэвлэх төхөөрөмжгүй, галын байгууллага, цагдаагийн мэргэжлийн үнэлгээ дүгнэлтгүй, бусдын баримт бичгээр үйлчлэх, бичиг баримтгүй этгээдэд үйлчлэх зэрэг мөн иргэний гүйлгээнд хориглосон, эсхүл барьцаалахыг хориглосон эд зүйл, бичиг баримт барьцаалдаг зэрэг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсон учир шийтгэл оногдуулсан.

4.9. Б ХХК хэрэглэгчтэй хуулийн этгээдийн тамгаар баталгаажуулсан барьцааны гэрээ хийдэг боловч санхүүгийн санд нэгдсэн тайлан илрэхгүй, аудитын баталгаажуулалт хийгдээгүй, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хууль, болон Компанийн тухай хууль болон бусад эрх зүйн баримт бичгийн санхүүгийн зөрчилтэй байж болзошгүй.

4.10. Б ХХК нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хууль, болон Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 236 тогтоол Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмын 5.2 д заасан Хүүхдийн мөнгийг барьцаалж зээл авах, олгохыг хориглосон зэрэг эрх зүйн зөрчилтэй байгаа тухай зөрчлийн хэргийн 1 хавтас бүхий 122 хуудас ****** дугаарт материал, флаш диск 1, СД-1 ширхгийг хүргүүлж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр маргаж буй шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.

2. Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогчоос баталсан 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу эрх бүхий албан тушаалтан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Г.Амардэлгэр нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ****дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогч “Б” ХХК-ийг хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

3. Зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, зөрчилд холбогдсон Т.Ш нь иргэдэд улсаас олгодог хувьцааны мөнгө, одонгийн мөнгө, хүүхдийн мөнгө, асаргааны мөнгө, тэтгэврийн зээл авах эрх, жирэмсэн болон амаржсаны тэтгэмж, цалинтай ээжийн тэтгэмж, оршуулгын тэтгэмж, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж зэргийг барьцаалан /дээрх тэтгэмж, зээлийг авах эрх шилжүүлсэн итгэмжлэлийн дагуу/ зээл олгодог болох нь түүний өөрийнх нь тайлбар мэдүүлэг, иргэдээс олгосон итгэмжлэлүүд, барьцаат зээлийн үйлчилгээний гэрээнүүд, хохирогч Ж.Т, Н.О нарын мэдүүлгээр тогтоогдсон. Ийнхүү зээл олгосон үйл баримтад гомдол гаргагчаас маргаагүй.

4. Хариуцагч улсын байцаагчаас зөрчилд холбогдогч Т.Ш нь дээрх байдлаар иргэдэд зээл олгохдоо Иргэний хуульд заасан гэрээний стандартыг хангаагүй, гэрээнд хүлээлгийн 10 хоногоос доошгүй хугацааг тусгаагүй, гэрээр зээл олгодог, Монгол Улсын стандарт “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, нийтлэг шаардлага” MNS 5274:2017-ыг мөрдөөгүй, бусдын баримт бичгээр үйлчлэх, бичиг баримтгүй иргэнд үйлчлэх, иргэний гүйлгээнд хориглосон, эсхүл барьцаалахыг хориглосон эд зүйл, бичиг баримт барьцаалдаг зэргээр хууль бус гэрээ байгуулж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглосон заалтыг зөрчсөн, зээл олгох гэрээнд Б ХХК-ийн тамга дарж зээл олгосон тул хуулийн этгээдийн хувьд торгосон гэж тайлбарлан маргасан.

5. Маргаан бүхий шийтгэлийн хуудаст үндэслэл болгосон Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчих зөрчлүүдийг хуульчилсан байх бөгөөд тус зүйлийн 3-т “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан, эсхүл хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ.

6. Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн тохиолдолд шийтгэл оногдуулахаар хууль тогтоогчоос зааж өгсөн байна.

7. Харин Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь бараа, бүтээгдэхүүн /цаашид "бараа" гэх/ худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх болон үйлчилгээ үзүүлэх явцад хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж, 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1."хэрэглэгч" гэж бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгаа хувь хүнийг; ...3.1.6."ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх" гэж Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд тодорхойлсныг.” гэж тус тус заасан.  

8. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд Ажил гүйцэтгэх гэрээг тодорхойлон заасан байх бөгөөд тус зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, 359 дүгээр зүйлд Хөлсөөр ажиллах гэрээг тодорхойлон заасан бөгөөд тус зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж тус тус заажээ.  

9. Ийнхүү Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн зорилт болон тус хуулийн нэр томъёог тусгайлан тайлбарласнаас үзэхэд бараа, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах болон ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ зэрэг тодорхой төрлийн гэрээний дагуу ажил гүйцэтгэх болон үйлчилгээ үзүүлэх явцад хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбоотой харилцаанд энэ хууль үйлчлэхээр хууль тогтоогчоос баталсан байна.  

10. Харин энэ маргааны тохиолдолд иргэд /хуулийн этгээд/ хоорондын мөнгөн зээл олгосон, зээл авсан ажил, үйлчилгээ байх бөгөөд энэ нь бараа, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах болон ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээний харилцаа биш тул Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн зохицуулах хүрээнд хамаарахгүй юм. 

11. Тодруулбал, мөнгөн зээл өгөхөд иргэдийн эрхийг зөрчсөн гэх үйлдэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн зохицуулах харилцаанд хамаарахгүй тул мөнгөн зээл авсан иргэдийг хэрэглэгч гэж үзэх, зээл олгох үйлчилгээг тус хуульд заасан ажил, үйлчилгээг үзүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

12. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллыг зааж өгсөн бөгөөд тус зүйлийн 6-д “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ: ...6.16.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.10, 10.1, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.5 дахь заалт, 10.7, 10.8 дугаар зүйл, 10.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 10.27 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 16.7 дахь заалт, 19 дэх хэсэгт заасан зөрчил;” гэж зааснаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлд заасан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар зөрчил тогтоогдсон тохиолдолд шийтгэл оногдуулах эрх хэмжээтэй.

13. Иймд холбогдогч Т.Шын дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлд заасан хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн зөрчилд хамаарахгүй тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь шийтгэл оногдуулах эрх хэмжээгүй байхад хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэлийн хуудас гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: ...47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;” гэж заасанд хамаарах илт хууль бус акт болжээ.

14. Хэдийгээр гомдол гаргагчаас хэд хэдэн үндэслэлийг дурдаж маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч зөрчилд холбогдогч Т.Шын гаргасан гэх зөрчил нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар зохицуулсан харилцаанд хамаарахгүйн улмаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь шийтгэл оногдуулах эрх хэмжээгүй байтал шийтгэлийн хуудас гаргасан нь тогтоогдсон тул шүүхээс шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.

15. Нэхэмжлэгч захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд уг акт илт хууль бус болох нь тогтоогдвол шүүх уг актыг илт хууль бусад тооцон шийдвэрлэх нь “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн”-д хамаарахгүй талаар Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаартай тогтоолд тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

16. Тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах үндэслэл болсон Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогчоос баталсан “Хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн Нэг-ийн 1.1-д энэхүү хяналт шалгалтын ажлын зорилго нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэн үйлчилгээ /ломбард/ эрхлэгчдийн үйл ажиллагаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийх, холбогдох төрийн байгууллагад хүргүүлж, шийдвэрлүүлэх арга хэмжээг авч ажиллахад оршино гэж, Дөрөвт хяналт шалгалтын хүрээнд хийх ажлын чиглэл хэсгийн 1-д Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 19 зүйл заалтын хэрэгжилтийг хангаж буй эсэх гэж заасан.

17. Энэ тохиолдолд Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь дээрх удирдамжийн дагуу хяналт шалгалтыг явуулаад зөрчлийг илрүүлсэн бол өөрийн чиг үүрэгт хамаарах зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах, харин өөрийн чиг үүрэг, харьяалах зөрчилд хамааралгүй бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ...1.4 зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналыг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтанд гаргах;” гэж зааснаар харьяаллын дагуу холбогдох улсын байцаагчид шилжүүлэх саналаа гаргах бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэлийн хуудас гаргасан нь дээрх хуулийн заалтуудад нийцээгүй илт хууль бус шийдвэр болжээ.  

18. Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан үндэслэлээр илт хууль бус болох нь тогтоогдож байгаа тул гомдол гаргагч болон хариуцагч нарын бусад маргаж байгаа үндэслэлд шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй байна.

19. Хариуцагч нь гомдол гаргагчийг шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн талаар гаргасан тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2-т “Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.11, 6.12, 6.14, 6.15, 6.16, 6.17, 6.18, 6.19, 6.20, 6.21, 6.22, 6.23, 6.24, 6.25, 6.27, 6.28, 6.31, 6.34, 6.35, 6.36, 6.37, 6.38, 6.39, 6.40, 6.41, 6.42, 6.43, 6.44, 6.45, 6.46, 6.47, 6.48, 6.49, 6.50, 6.51, 6.52, 6.53, 6.54, 6.55, 6.56, 6.57, 6.58, 6.59, 6.60, 6.61 дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ.” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.” гэж тус тус заасны дагуу зөрчлийн холбогдогч нь шийтгэлийн хуудсыг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

20. Маргаж буй шийтгэлийн хуудас нь 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гарсан бөгөөд гомдол гаргагч “Б” ХХК нь шүүхэд анх 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гомдлоо гаргасан нь шүүхийн нэхэмжлэл хүлээж авсан дардсаар нотлогдох тул шүүхэд гомдол гаргах 30 хоногийн хугацааг хэтрүүлээгүй байна.

21. Холбогдогч Т.Ш /Б ХХК/-ийн иргэдэд мөнгөн зээл олгосон, хууль бус гэрээ байгуулсан, иргэдийн эрхийг зөрчсөн гэх үйлдэл нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль болон бусад хуулийг зөрчсөн зөрчилд хамаарах эсэхэд харьяаллын дагуу эрх бүхий албан тушаалтан нь хяналт шалгалт явуулахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйл, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.1, 3.1.6, Иргэний хуулийн 343 дүгээр зүйл, 359 дүгээр зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Б” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Өвөрхангай аймгийн аймгийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Г.Амардэлгэрийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ****дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван /5/ хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ө.БОЛОРЧИМЭГ