Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/04

 

2023          01           18                                      2023/ДШМ/04

                                                                А.Г-т холбогдох

                           эрүүгийн хэргийн тухай

       Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

           Прокурор А.Анхбаяр, хохирогч Н.Т, шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч М.Мөнхөө, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

           Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж явуулсан шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/201 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч А.Гийн давж заалдах гомдлыг үндэслэн, түүнд холбогдох, 2235000000174 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, .. өдөр Ховд аймгийн .. суманд төрсөн, ..настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, .., ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Увс аймгийн .. тоотод оршин суух хаягтай, урьд Ховд аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.3–д зааснаар 3 жилийн хорих ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, тус аймгийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, Ховд аймаг  дахь сум дундын нэгдүгээр эрүүгийн хэргийн шүүхийн 2004 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, Нийслэлийн Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Х овогт А-н Г, регистрийн дугаар:.

Холбогдсон хэргийн талаар:

 

                Шүүгдэгч А.Г нь 2022 оны 07 дугаар сарын 31-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 14-02  тоотод байрлах хохирогч Н.Т-ийн амьдарч байсан орон байранд буюу гэрт  нэвтэрч хурганы арьсан дотортой эмэгтэй дээл 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, алдарт уяачийн малгайн тэмдэг 1 ширхэг,  мөн  гэрийн хажууд байрлах Н.Т-ийнэзэмшлийн гражид хууль бусаар нэвтэрч 2.5 кг ноолуур хулгайлж  1.862.500 төгрөгийн,

            - 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Н.Т-ийн гэрт хууль бусаар орж, гэрийн авдарт байсан  хурганы арьсан дотортой эрэгтэй хүний дээл 1 ширхэгийг, морины хусуур 1 ширхэгийг тус тус хулгайлж 1.850.000 төгрөгийн,  

          -  2022 оны  08 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө хохирогч Н.Т-ийнэзэмшлийн гражид хууль бусаар  нэвтэрч 25 кг сарлагийн хялгас  хулгайлж 125.000 төгрөгний нийт 3 удаагийн үйлдлээр хохирогч Н.Т-ийнгэр, грашид хууль бусаар нэвтэрч 3.837.500 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэх гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус  холбогджээ

         2. Увс аймгийн Прокурорын газраас: А.Гийн үйлдлүүдийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

        3. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/201 дүгээр шийтгэх тогтоолоор:

         - Шүүгдэгч Х ургийн овогт А-н Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Г-т дөрвөн жил хорих ял шийтгэж,

          - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Г-т оногдуулсан дөрвөн жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

           - шүүгдэгч А.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч А.Г-ийн эдлэх хорих ялыг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолж, 

         - шүүгдэгч А.Г-өөс гэмт хэргийн хор уршигт 3.362.500 (гурван сая гурван зуун жаран хоёр мянга таван зуу) төгрөг гаргуулж, хохирогч Н.Тд олгож,

         - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4-д зааснаар шүүгдэгч А.Г-ийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 745.000 (долоон зуун дөчин таван мянга) төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулж,

        -  хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, А.Г-т холбогдох эрүүгийн 2235000000174 дугаартай хэрэгт түүнд холбогдох 2235000000175 дугаартай хэргийг нэгтгэж ирүүлснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

           4. Шүүгдэгч А.Г давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Манай эхнэр нь ахмадын хороонд ажиллаж байгаад гарсан. Үүнээс хойш 2 жил цалин хөлсгүй, ажилгүй, 0-14 насны 3 хүүхдээ сургууль, цэцэрлэгт зөөж байгаа. Хохирлыг барагдуулах гэж байсан боловч манай ахын болон нагац ахын эхнэрүүд хагалгаанд ороод хохирол барагдуулах боломжгүй болсон. Миний бие хохирогчийн итгэл найдварыг алдсандаа гэмшиж байна. Цаашид хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн барагдуулна. Надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү” гэв.

        5.  Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Пүрэврагчаа дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Г-т холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанд дээд шатны прокурорын томилолтоор оролцож байна.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр А.Г-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дөрвөн жил хорих ял оногдуулсан.

Анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан,  шүүх хэргийн нөхцөл байдал, бодит байдалд нийцсэн дүгнэлтийг хийсэн гэж прокурорын хувьд үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

         6. Хохирогч Н.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний хохирлыг өнөөдөр хүртэл барагдуулж өгөөгүй. Бид нарын зүгээс А.Гийг хийсэн хэрэгтээ гэмшихгүй байна гэж үзэж байна. Би шүүх хуралд дахин дахин оролцож байгаа учир нь бид нартай ойрхон байж байгаад биднийг хохироосонд гомдолтой байна. Шүүх нь хохирогч талын хохирсон нөхцөл байдлыг үнэлэхгүй байна гэж бодож байна. Би тэр хурганы арьсан дээлийг хүүхдэдээ гараа гаргаж хийсэн, нэг ч удаа өмсөөгүй байсан дээл. Одоо 1 ширхэг хурганы арьс 35.000 төгрөгөөр бодоход зөвхөн арьс нь 2-3 сая төгрөг болж байна. Үүн дээр дээлний оёдлын хөлс нэмэгдэнэ.

     Би хүүхдэдээ оёсон дээлийнхээ хөлсийг шүүгдэгчээс авч чадахгүй байна. Малгайны тэмдгийг 250.000 төгрөгөөр авсныг 25.000 төгрөгөөр үнэлсэн байна. Одоо хотоос шинээр авлаа гэхэд 350.000 төгрөг болсон байна. А.Гөөр ажил хийлгүүлж, зөндөө тэжээж байсан. Хотод хоолгүй өлсөж үхэх гэж байна гэхэд хоол ундны мөнгө явуулж байсан. Манайх хашаандаа 20 гаруй жил амьдрахад нэг ч удаа хулгай орж байгаагүй. Гантөмөрөөр машин тэргээ засуулж ойр дотно харилцаа үүссэнээс болж, эд зүйлээ алдсан. 3 сая төгрөг нь бага мэт санагдаж байгаа боловч бид нарын өчнөөн хөдөлмөр шингэсэн. Сэтгэл гаргахгүй байгаад үнэхээр харамсаж байна” гэв.

       7. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “ Шүүгдэгч нь давж заалдсан гомдолдоо манай эхнэр нь ахмадын хороонд ажиллаж байгаад гарсан. Үүнээс хойш 2 жил цалин хөлсгүй байсан гэж хэлсэн. Энэ амьдралын хүнд нөхцөл байдлаасаа болж сэтгэл санаа нь хямарснаас болоод архи ууж байх явцдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрсөн. Хохирогч нь хохирлын үнэлгээ бага гарсан гэж маргаж байна. Үнэлгээний талаар өмгөөлөгчийн хувьд хэлэх зүйл байхгүй.

       Шүүгдэгч А.Г нь анх удаа 2007 онд арван жил, нэг сар хорих ял шийтгүүлсэн. Үүнээс хойш 10 жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийтгэх тогтоолоор удаа дараа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг холбогдож байсан гэж үзэж хүндрүүлсэн. Мөн хохирол төлөөгүй гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар дөрвөн жил хорих ял оногдуулсан. Хохирлоо төлөх гэж хугацаа авсан боловч ах, дүү нар нь хагалгаанд орсон нөхцөл байдал бий болсон учраас хохирлоо төлж барагдуулж чадаагүй.

          Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ чин санаанаасаа гэмшсэн, хохирлоо төлнө гэдгээ илэрхийлсэн, амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялаас хөнгөрүүлж өгнө үү. А.Г-ийн давж заалдсан гомдлыг дэмжиж оролцож байна” гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь :

          1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/201 дүгээр шийтгэх тогтоолтой, 35000000174 дүгээртэй эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Г-ийн гаргасан  гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

      2. Шүүгдэгч А.Г-т холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно. 

        3.  Шүүгдэгч А.Г нь 2022 оны 07 дугаар сарын 31-ний шөнө Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 14-02 тоотод байрлах хохирогч Н.Т-ийнамьдарч байсан орон байранд буюу гэрт нь нэвтэрч хурганы арьсан дотортой эмэгтэй дээл 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, алдарт уяачийн малгайн тэмдэг 1 ширхэг, мөн Н.Т-ийнэзэмшлийн гражид  нэвтэрч 2.5 кг ноолуур хулгайлж  1.862.500 төгрөгийн,

      - 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Н.Т-ийнгэрт хууль бусаар орж, гэрийн авдарт байсан  хурганы арьсан  дотортой эрэгтэй дээл 1 ширхэг, морины хусуур 1 ширхэгийг тус тус хулгайлж 1.850.000 төгрөгийн,  

       -  2022 оны  08 дугаар сарын 12-аас 13-нд шилжих шөнө хохирогч Н.Т-ийнэзэмшлийн гражид хууль бусаар  нэвтэрч 25 кг сарлагийн хялгас  хулгайлж, 125.000 төгрөгийн нийт 3 удаагийн үйлдлээр хохирогч Н.Т-ийнгэр, гражид хууль бусаар нэвтэрч 3.837.500 төгрөгийн эд зүйл хулгайлсан  гэмт хэрэг үйлдсэн нь :

        - хохирогч Н.Т-ийнмөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: “ 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр би Бөхмөрөн суманд нөхөртэйгээ хамт байсан. Тухайн үед машин эвдрээд хүүхэд рүүгээ ярьж,  машин засдаг Гантөмөрийг дагуулаад хүрээд ир гэж хэлэхэд манай хүү Амараа Бөхмөрөн сум уруу машин засуулахаар Гантөмөр гэх хүнийг дагуулж ирсэн. Тухайн газар машины сэлбэг байхгүй болохоор бид нар бүгд 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Бөхмөрөн сумаас аймгийн төвд ирсэн. Бид нар ирэхдээ манай хөдөөний гэрээс аймгийн алдарт уяачийн малгай тэмдэгтэйгээ, морины хусуур, сарлагийн хялгас зэргийг аймгийн төвд байх гэртээ авч ирсэн. Манай ээжийн бие нь муу байсан учраас би ээжийгээ сахиж байгаад 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Бөхмөрөн сум руу явж, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр аймгийн төвд гэртээ ирсэн. Тэгээд ирээд айлын найранд явах гээд авдраа онгойлгоход манай авдраас хурганы арьсан дотортой дээл 2ширхэг /3.500.000 үнэлж байна/, алдарт уяачийн малгайны тэмдэг 1 ширхэг /2020 онд Улаанбаатар хотод 250.000 төгрөгөөр захиалж авч байсан/, 6-ын мөнгөн аяга 2 ширхэг /2020 онд Улаанбаатар хотоос 1 ширхэгийг нь 300.000 төгрөгөөр авч байсан/, 2.5 кг ямааны ноолуур зэрэг эд зүйл тус тус хулгайлагдсан байсан. Манай гэрээс урьд өмнө олон удаа эд зүйл хулгайд алдагдаж байсан би маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн  28 дахь тал);

          -гэрч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн “...А.Г гэх хүн 2022 оны 08 дугаар сарын эхээр буюу өдрийг сайн санахгүй байна, намайг гэртээ амарч байхад миний утсаар залгаж нэг мөнгөн аяганы мөнгө өгөх гэсэн юмаа гэхээр нь би тухайн үед орой болчихсон байна маргааш авья гэж хэлэхэд эгчээ яаралтай хэрэгтэй байна гэсээр байгаад манай гэрт нэг мөнгөн аяганы мөнгийг хуулчихсан 1,1 гр мөнгө авч ирж өгөөд 60,000 төгрөг аваад буцаад явсан, харин малгайн тэмдэг авч ирж өгөөгүй..." гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 24-25 дахь тал);

          - мөрдөгчийн эд зүйлд үзлэг хийсэн: “Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1-12 тоот хашааны цэнхэр өнгөтэй төмөр хаалгыг онгойлгож ороход хашааны зүүн талд 3 ширхэг модон амбаар байх ба эхний амбаарын хаалгыг Гантөмөрөөр онгойлгуулж ороход ногоон өнгийн том шуудайтай хар өнгийн сарлагийн хялгастай уут байв.

         Амбаарын урд хананд газарт хүрэн өнгийн хуучин яндан байх ба уг яндангийн үзүүр хэсэгт харцага шувууны сийлбэртэй, их бие дээр нь 12 жилийн амьтны сийлбэртэй,бариул хэсэгт нь давхиж буй морины сийлбэртэй модон хусуурын бариул хэсгээс хар өнгийн үстэй мориний сойтог байв.

           Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хашаан дотор хийхэд хашааны хойт талд бор өнгийн 6 размерийн модон тагш байх ба иргэн Гантөмөр нь хэлэхдээ айлаас хулгайлсан мөнгөн аяганы мөнгийг хуулж аваад хаясан модон тагш гэж байв.Хэрэгт ач холбогдол бүхий өөр зүйл илрээгүй тул үзлэгийг дуусгав”  гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас),

       - хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 281 дүгээртэй “Увс аймгийн Улаангом суманд 2022 оны 08 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ цэнийн баримжаа 6-ын хэмжээтэй мөнгөн 2 ш аяга  400.000 төгрөг,эрэгтэй хүний хурганы арьсан дээл 1 ширхэг нь 1.500.000 төгрөг, эмэгтэй хүний хурганы арьсан дээл 1 ширхэг нь 1.200.000 төгрөг,мориний хусуур 1 ширхэг нь 350.000 төгрөг, Аймгийн алдартын тэмдэг 1 ширхэг нь 25.000 төгрөг,2.5 кг ноолуур 237.500 төгрөг нийт хохирол 3.712.500 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),

       -хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 282 дугаартай “...Улаангом суманд 08 дугаар сарын байдлаар Улаангом суманд 1кг сарлагын хялгасны зах заалийн үнэ цэнийн баримжаа 5.000 (таван мянган)  төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 80 дахь тал )

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-12 дахь тал);

       -шүүгдэгч А.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох  баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

        4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Гийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

         5. Хохирогч Н.Т-ийнбайнга амьдардаг монгол гэр нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд, түүний эзэмшлийн авто граж нь тусгайлан хамгаалсан байр, агуулахад тус тус хамаарах бөгөөд шүүгдэгчийн хохирогч Н.Т-ийнорон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

        6. Шүүгдэгч  А.Г нь хохирогч Н.Т-ийнгэрээс хулгайлж авсан 2 ширхэг мөнгөн аяганы мөнгийг нь хуулж 60.000 төгрөгөөр, 2.5 кг ноолуурыг 185.000 төгрөгөөр, эрэгтэй хүний хурганы арьсан дотортой 1 ширхэг дээлийг 500.000 төгрөгөөр тус тус бусдад худалдан борлуулж, хууль бусаар нийт 745.000 төгрөгийн орлого олсон  нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон тул гэмт хэрэг үйлдэж олсон уг хөрөнгийг  улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний зохицуулалтад нийцсэн  гэж үзлээ.

        7. Шүүгдэгч А.Г давж заалдах шатны шүүхэд “ ...миний амьдрал, байдлыг харгалзан үзэж хуульд заасан  ялын доод хэмжээг оногдуулж  өгнө үү ” гэх агуулга бүхий гомдол гаргасан ба уг гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна .

        7.1. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

         7.2. Шүүгдэгч А.Гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял  шийтгэх” -ээр хуульчилсан.

       Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Г-т ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгаагүй, урьд удаа дараа хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  зэргийг  харгалзан үзэж, дөрвөн  жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилгод нийцсэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

        7.3. Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Г-т оногдуулсан хорих ялын хэмжээг багасгах  хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

         8. Шүүгдэгч А.Гийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 50 /тавь/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

          1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/201 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Г-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч А.Г-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2022 оны 11дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 50 /тавь/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

             3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.АЛТАН

 

                                    ШҮҮГЧ                                                     Н.МӨНХЖАРГАЛ

 

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН