Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 121/ШШ2024/0025

 

 

2024 оны 08 сарын 08                         Дугаар 121/ШШ2024/0025                                Өвөрхангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “И” ХХК-ийн гомдолтой,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.Б-д холбогдох зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн төлөөлөгч Б.И, түүний өмгөөлөгч Б.Х, хариуцагч татварын улсын байцаагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Батцагаан нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдлын шаардлага: “Өвөрхангай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” ***** дугаар тоот актыг хүчингүй болгуулах” тухай  шаардлага гаргажээ.  

2. Хэргийн товч үйл баримт, процессын тухайд:

2.1. Иргэн В.Бээс 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “И” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан А блок *** тоотод 60.97 мкв талбай бүхий 2 өрөө байрыг 140.231.000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг бүрэн барагдуулсан. Тус компаниас төлбөрийн баримтаа авах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэх гомдлыг тус аймгийн Татварын газарт гаргасан.

2.2. Дээрх гомдлын дагуу Өвөрхангай аймгийн Татварын газрын хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч Б.Б нь зөрчлийн хэрэг хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогч “И” ХХК-ийг төлбөрийн баримт олгоогүй зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-т заасны дагуу 15,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2.3. Гомдол гаргагч “И” ХХК нь дээрх шийтгэлийн хуудсыг 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гардан аваад шүүхэд 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан, шүүхээс 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

3. Гомдол гаргагч “И” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.И шүүхэд гаргасан гомдолдоо:

3.1. “И” ХХК-ийн захирал Б.И миний бие 2024 оны 06 сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Татварын газрын үйлдсэн №***** дугаартай шийтгэлийн хуудастай танилцаж хувийг гардаж авсан. Тухайн шийтгэлийн хуудсанд “И” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-т заасан зөрчил үйлдсэн гэж дүгнээд 15.000.000 төгрөгөөр торгох шийдвэр гарсан байна.

3.2. Улсын байцаагч энэхүү торгох шийтгэлийн хуудсыг гаргахдаа холбогдох хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн байх тул манай компанийн зүгээс дараах үндэслэлээр гомдол гаргаж байгаа болно.

3.3. Энэ зөрчлийн хэрэг үүсэх болсон шалтгаан нь иргэн В.Б болон И ХХК -ны хооронд Монгол Улсын Иргэний хуулийн 243-т зааснаар худалдах худалдан авах харилцаа бий болсон. 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан байдаг бөгөөд иргэн В.Бт биет байдлын доголдолгүй “ЦТ” 32 айлын орон сууцны ** давхарт, *** тоот 60.97 мкв 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгсөн.

3.4. Нөгөө талаас иргэн В.Б нь ИХХК-д үнийг бүтэн төлж байж гэрээ хүчин төгөлдөр байх ёстой. Гэтэл иргэн В.Б нь үнийг бүрэн гүйцэт төлөөгүйгээс түүнд НӨАТ баримт олгох эрх үүсээгүйн улмаас энэхүү зөрчил бий болсон. Өөрөөр хэлбэл дээрх шийтгэврийг гаргасан татварын улсын байцаагч нь манай компанийг олоогүй орлогодоо татвар ногдуулж НӨАТ баримт олго гэж шаардаж, улмаар зөрчлийн хэрэг үүсгэж, шийтгэвэр ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.5. 2. Монгол Улсын Иргэний хуулийн 243-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой иргэний маргааныг Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Худалдан авагч В.Б Иргэний хуулийн 243-т заасны дагуу үнийг бүрэн гүйцэт төлсөн тохиолдолд НӨАТ-ын баримт өгөх ёстой. Гэтэл иргэн В.Б үнээ бүрэн төлөөгүй гэрээний үүргээ биелүүлээгүй байж НӨАТ баримт өгөөгүй гэх гомдлыг аймгийн татварын хэлтэст өгсөн.

3.6. Уг гомдол 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэгдсэн бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар 2024 оны 04 сарын 22-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 1. Зөрчлийн тухай гомдлыг хүлээн авахаас татгалзах, 2. Хялбаршуулах, 3. Зөрчлийн хэрэг нээх гэсэн 3 шийдвэрээс аль нэгийг гаргана.

3.7. Татварын хэлтсийн Улсын байцаагч нь 2024 оны 05 сарын 01-ний өдөр зөрчлийн № ***** дугаартай хэрэг нээсэн байна. Гэтэл 2024 оны 04 сарын 29-ний өдрөөс 2024 оны 05 сарын 01 ний өдрийн хооронд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь 2 хоног тасарсан ноцтой зөрчил бий болсон байна. Зөрчлийн гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш бүтэн 2 хоног хугацаа алдаж шийтгэл оногдуулж байгаа нь манай компани хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

3.8. Мөн №***** дугаартай хуудсанд оролцогчийн эрхийг хангаагүй буюу гомдол гаргах шүүхийг Эрүүгийн шүүх гэж төөрөгдөлд оруулсан зэрэг ноцтой зөрчил гаргаж үндэслэлгүй шийтгэл оногдуулсан байх тул Өвөрхангай аймгийн татварын хэлтсийн улсын байцаагч Б.Бямбасүрэнгийн 2024 оны 06 сарын 27-ний өдрийн №***** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1. Иргэн В.Б нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “ЦТ” *** давхар *** тоотыг 140,231,000 төгрөгөөр худалдаж авахаар худалдах-худалдан авах гэрээ байгуулж үл хөдлөх хөрөнгийн үнийг бүрэн төлсөн байтал Татварын ерөнхий хуульд зааснаар и-баримт олгоогүй. Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” гэсэн үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр гомдол гаргасан.

4.2. Өвөрхангай аймгийн татварын хэлтэс нь В.Бийн гомдлыг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч шалгаад 2024 оны 06 дугаар сарын 27-нд зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-т заасан зөрчил үйлдэгдсэн байна гэж дүгнээд 15,000,000 төгрөгөөр “И” ХХК-ийг торгохоор шийдвэрээ гаргасан. 

4.3. Хэргийн материалд авагдсанаар татварын эрх бүхий албан тушаалтан нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зөрчлийн хэрэг нээх тухай ****** дугаартай тогтоолыг гаргасан. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно гэж заасан. 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэлийн хуудас гарах хүртэл энэ хугацаанд зөрчлийн хэрэг бүртгэл явагдсан. Энэ хугацаа нь нийт 59 хоног болсон. Тэгэхээр хууль зүйн үүднээс шийтгэх хуудас үндэслэлгүй гэж үзэж байгаа.

4.4. Яагаад гэхээр Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлд Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна. Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно гэсэн. Мөн хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4-т зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан бол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.

4.5. Гэтэл зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа дууссан байхад шийтгэл оногдуулсан. Хэргийн материалд анх “И” ХХК-ийн захирал Б.И мэдүүлэг өгөхөд гомдол гаргагчийн үндсэн төлбөр төлөгдсөн эсэх талаар прокурор бүрэн зөв нөлөөлж байж тэрний үндсэн дээр шийдүүлмээр байна гэдэг саналаа хэлсэн. Яагаад гэхээр татварын хуулийн холбогдох журмууд дээр үндсэн төлбөрөө бүрэн төлж дууссаны дараа төлбөрийн баримтыг төлбөр хийгдсэнээс 3 хоногийн дотор нэгдсэн системд илгээсэн байна гэж татвар төлөгчид үүрэг болгосон заалт байгаа.

4.6. Энэ заалт нь Сангийн сайдын 2016 оны 05 дугаартай тушаалын хавсралтаар нэмэгдсэн өртгийн албан татварын нэгдсэн ба хэрэглээний системийн үйлчилгээ эрхлэгч этгээдийн ажиллах журмын 5.10 дахь хэсэгт заасан байгаа.

4.7. Энэ журам болон Татварын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу үндсэн төлбөр бүрэн хийгдсэний дараа и-баримт шивэх үүрэг үүсэж байгаа учраас үндсэн төлбөр бүрэн хийгдсэн эсэх талаар тогтоомоор байна гэдэг хүсэлтийг гаргасан. Тэрнээс хойш 2024 оны 06 дугаар сарын 27-ны шийдвэр гардуулдаг өдөр гомдол гаргагч В.Б нь баримтаа ирүүлсэн байсан. Баримт ирүүлсний дараа шийтгэлийн хуудсаа авах үед үндсэн төлбөрийг нэг бүрчлэн тулгахад 61,000 төгрөг дутуу төлсөн байсан.

4.8. Тэгэхээр Татварын хууль, сая хэлсэн журамд заасны дагуу “И” ХХК нь В.Бт и-баримт шивэх үүрэг нь үүсээгүй байсан гэж үзэх үндэслэлтэй байгаа. Гомдолд гаргагч В.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн татварын газар гомдлоо гаргасан байхад эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуульд зааснаар ажлын 5 хоногийн дотор зөрчлийн хэрэг нээх, татгалзах талаар шийдвэрээ гаргах байтал 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 7 хоногийн дараа зөрчлийн хэргийг нээх шийдвэрийг гаргасан байсан. Энэ нь хугацаа алдагдуулсан байсан.

4.9. Энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй бол Эрүүгийн шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан. Тэр үед “И” ХХК-ийн хуулийн зөвлөх өмгөөлөгч би байсан учраас Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан харьяаллын дагуу Захиргааны шүүхэд гомдлоо гаргасан гэв.

5. Хариуцагч татварын улсын байцаагч Б.Бямбасүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

5.1. “И” ХХК нь иргэн В.Бтэй 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Тус гэрээний 2.8-д захиалагчид орон сууц өмчлөх эрх шилжүүлэх, 3.1-т гүйцэтгэгч орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэж өгөх хугацаа, 3.5-т орон сууц захиалгын гэрээг цуцлах талаар тусгаж гэрээг үйлдсэн байна. Иргэн В.Бийн үл хөдлөх хөрөнгийн лавлагааг Өвөрхангай аймгийн Прокурорын газрын зөрчлийн ахлах прокурорын зөвшөөрлөөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулан авахад 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн **** дугаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон мөн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байрны үлдэгдэл мөнгө буюу ипотекийн зээл Өвөрхангай аймаг дахь Хас банкны салбараас зөвшөөрөгдөж И ХХК-ний захирал Б.Иийн дансанд шилжүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд И ХХК иргэн В.Б нарын дунд ямар нэгэн төлбөр тооцооны маргаан байгаагүй нь харагдаж байна.

5.2. Иргэн В.Бийн Өвөрхангай аймгийн Татварын газарт гаргасан гомдлыг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр бичгээр хүлээн авч гомдол гаргагчаас тайлбар мэдээллийг авсны дагуу Өвөрхангай аймгийн Прокурорын газрын зөрчлийн ахлах прокурорт гомдлыг нэн даруй мэдэгдэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Зөрчлийн тухай хуулийн Хоёр дугаар бүлгийн 2.1 дүгээр зүйлд “Зөрчил”-ийг тодорхойлон зааж өгсөн байдаг. И ХХК-ний захирал Б.Иийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ноос 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл харилцаа, холбооны хэрэгсэл ашиглан дуусан боловч хүрэлцэн ирээгүй Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан мөн иргэн В.Бтэй маргаантай байгаа учир Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх зэрэг худал мэдээлэл өгч ажиллагааг удаашруулсан байдаг. /нотлох баримтуудаар нотлогдоно/

5.3. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “И” ХХК нь зөрчлийн удирдах албан тушаалтан буюу дээд шатны прокурорт гомдол гаргасан боловч хяналт тавьсан прокурор, аймгийн ерөнхий прокурорын хяналт шалгалтаар зөрчлийн шинжтэй хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаархи хариуг “И” ХХК-нд хүргүүлсэн байна.

5.4. Мөн И ХХК-ний Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэх нь Татварын газрын үйлдсэн шийтгэлийн хуудаст, татварын улсын байцаагчийн үйлдсэн шийтгэлийн хуудаст гомдол гаргасан аль болох нь тодорхойгүй утга зүйн алдаатай, үйлдсэн зөрчлийн зүйлчлэл, үйлдэл, эс үйлдэхүйд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын зөрчлийн ахлах прокурор, аймгийн ерөнхий прокурорын шат шатны хяналт шалгалтаар хянагдаж зөрчил үйлдсэн нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байх тул N0***** дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх гомдол гаргагчийн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр “И” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, маргаж буй шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

2. Өвөрхангай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” ***** дугаар шийтгэлийн хуудсаар “И” ХХК-ийг төлбөрийн баримт олгоогүй зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3 дахь хэсэгт заасны дагуу 15,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

3. Гомдол гаргагчаас шүүх хуралдаанд “...В.Бт биет байдлын доголдолгүй орон сууцыг хүлээлгэн өгсөн. Гэтэл иргэн В.Б нь үнийг бүрэн гүйцэт төлөөгүйгээс түүнд НӨАТ баримт олгох эрх үүсээгүй..., ...Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан тохиолдолд зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох байтал 1 хоногоор хэтрүүлж шийтгэлийн хуудас гаргасан нь хууль зөрчсөн...” гэх үндэслэлүүдээр маргаж байна.

4. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8-д Татварын хууль зөрчих зөрчлүүдийг зааж, мөн зүйлийн 8.3-т энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан.

5. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй гэж,

6. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т "төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ойлгохоор, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: ...17.3.2-т бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно гэж тус тус зохицуулжээ.

7. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, гомдол гаргагч “И” ХХК нь иргэн В.Бтэй 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр орон сууцны нийт үнэ 140,231,000 төгрөгийг гэрээ хийх үед 25,000,000 төгрөг, барилга ашиглалтад орохоос өмнө 17,069,300 төгрөг, барилга ашиглалтад орсны дараа /ипотек/ 98,161,700 төгрөгийг графикийн дагуу төлөхөөр тохиролцсон байна.

8. Улмаар В.Б нь тус компанийн захирал Б.И болон түүний хамаарал бүхий хүний *******, ******* дугаарын дансанд 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 15,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 9,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 42,000,000 төгрөг төлсөн, 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хас банкнаас 98,161,700 төгрөгийн ипотекийн зээл авч, Б.Иийн дансанд шилжүүлсэн болох нь түүний дансны хуулга, Хас банкны төлбөрийн баримт зэргээр нотлогдож байна.

9. Гомдол гаргагч “И” ХХК-аас шүүх хуралдаанд “...В.Б нь одоог болтол гэрээнд заасан үндсэн төлбөрөөс 69,300 төгрөг дутуу төлсөн учраас Сангийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Журам батлах тухай” 5 дугаар тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын нэгдсэн ба хэрэглэгчийн системийн үйлчилгээ эрхлэгч этгээдийн ажиллах журам”-ын 5.10-т төлбөрийн баримтын мэдээллийг төлбөр хийгдсэнээс 3 /гурав/ хоногийн дотор нэгдсэн системд илгээсэн байна гэж заасны дагуу үндсэн төлбөр дутуу тул төлбөрийн баримт олгоогүй” гэж маргасан нь үндэслэлгүй.

10. Учир нь гэрээний дагуу захиалгаар бариулсан орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь В.Бийн нэр дээр 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гарч, В.Б нь 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тус орон сууцыг барьцаалан банкнаас 98,161,700 төгрөгийн ипотекийн зээл авч “И” ХХК-ийн захирал Б.Иийн дансанд 98,161,700 төгрөгийг 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн. Улмаар талуудын тохиролцсоны дагуу /орон сууцны төлбөрийн урьдчилгаанд машин өгсөн байсан гэж хохирогчоос мэдүүлсэн/ 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр тус компаниас В.Бт 30,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн болох нь шүүх хуралдаанд гаргасан банкны дансны гүйлгээний баримт, Б.Иийн тайлбараар нотлогдоно.

11. Ийнхүү тухайн компаниас 30,000,000 төгрөгийг В.Бт буцаан олгосноос үзэхэд орон сууцны төлбөр тооцоо дууссан гэж үзэх боломжтой бөгөөд 69300 төгрөг дутуу байгаад В.Бийг буруутгах боломжгүй байна.

12. Хариуцагч нь шүүх хуралдаанд В.Бээс тухайн компанид 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 76,800 төгрөг шилжүүлсэн тул үндсэн төлбөрийн үлдэгдэл байхгүй гэж тайлбарлан дансны гүйлгээний баримтыг нотлох баримтаар гаргасан боловч уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул шүүхээс үнэлээгүй болно.

13. Дээрх байдлаар орон сууц захиалгаар бариулсан иргэн төлбөрөө төлсөн болох нь тогтоогдож байгаа тохиолдолд “И” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д зааснаар төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэг хүлээнэ.

14. Тодруулбал, дээрх хуулиар борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээхийг татвар төлөгч аж ахуйн нэгжид үүрэгжүүлсэн байхад гомдол гаргагч “И” ХХК нь хуулиар хүлээсэн төлбөрийн баримт хэвлэж өгөх, цахимаар илгээх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэхээр байна.

15. Гэвч хариуцагч татварын улсын байцаагч нь тухайн компанийг төлбөрийн баримт олгоогүй зөрчил гаргасныг шалган тогтоосон хэдий ч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг хэтрүүлсэн нь шийтгэлийг хуудсыг хүчингүй болгох үндэслэл боллоо.

16. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2-т “Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно.” гээд, 6.8 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна.”, 2-т “Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно.” гэж тус тус заасан.

17. Зөрчлийн хэрэг дэх баримтуудаас үзэхэд, хариуцагч татварын улсын байцаагч нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр зөрчлийн хэрэг нээсэн /зөрчлийн хэрэг-33 тал/ байх бөгөөд дээрх хуульд зааснаар энэ өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн 58 хоногийн хугацааг тоолоход хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтны шалгах 14 хоногийн хугацаа нь 5 дугаар сарын 13-ны өдөр дууссан, энэ өдрөөс удирдах албан тушаалтан 14 хүртэл хоногоор сунгахад 5 дугаар сарын 27-ны өдөр, энэ өдрөөс прокурор 30 хүртэл хоногоор сунгахад 6 дугаар сарын 26-ны өдөр хэрэг бүртгэлтийн 58 хоногийн хугацаа дуусахаар байна.

18. Гэтэл Зөрчлийн хэрэг бүртгэлийг удирдах албан тушаалтан нь 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгах тухай тогтоолоор хугацааг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 14 хоногоор /зөрчлийн хэргийн-44 тал/, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 13 дугаар Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тухай тогтоолоор /зөрчлийн хэргийн-104 тал/ хугацааг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 30 хоногоор тус тус сунгаж, эрх бүхий албан тушаалтан болох татварын улсын байцаагч нь хуульд заасан хэрэг бүртгэлтийн хугацааг 1 хоногоор хэтрүүлж 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр шийтгэлийн хуудас гаргасан байна.

19. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан дараахь үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана: ...1.4.зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан.” гэж зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан тохиолдолд зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох байтал шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй хууль бус шийдвэр байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

20. Ийнхүү шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь хохирогч В.Бийн “И” ХХК-аас төлбөрийн баримт олгоогүй, төлбөрийн баримтыг борлуулалтын дүнгээс зөрүүтэй олгосон тохиолдолд дахин гомдол гаргах эрхийг, мөн татварын улсын байцаагч нь иргэний гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулах, зөрчлийг арилгах албан шаардлага өгөх эрхийг хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.11 дүгээр зүйлийн 1, 1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “И” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Өвөрхангай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ***** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван /5/ хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ө.БОЛОРЧИМЭГ