Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 135/шш2024/01333

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2024/01404/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******** хэсэг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ******** баг, ******** гудамж, ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас *******/-д холбогдох,

 

Тээврийн хэрэгслийн батарейны үнэ 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.*******,

Хариуцагч Ц.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Н.******* нь 2024 оны 06 сарын 21-ний өдөр Ц.*******оос приус 30 машиныг худалдаж авсан. Тэгсэн батарей нь нурсан байсныг өөрөө мэдэж байгаа. Хэд хоногийн дараа 2 батарейг нь сольж өгсөн. Одоо батарей нь асуудал гарвал шинэ батарей сольж өгнө гээд алга болчихсон. Одоог хүртэл зөндөө залгаад утсаа авахгүй хариу мэдэгдэл өгөхгүй байгаа тул Ц.*******оос 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Ц.******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие нь 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ДАР улсын дугаартай приус 30 маркийн автомашиныг Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, 1-р хэсэг, 1 тоот хаягт оршин суудаг ******* *******т худалдах, худалдан авах гэрээ хийж банк бус санхүүгийн байгууллагаар зарсан болно. Тухайн өдөр ******* ******* болон түүний нөхөр хамт уг машиныг өөрсдийн биеэр үзэж, харж, шалгаж авсан болно. Тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөхөд ямар ч эвдрэл гэмтэл байхгүй байсан болно. Нэхэмжлэгч талын хэлсэнчлэн батарей нурсныг мэдэж байгаа болон шинэ батарей тавьж өгнө гэсэн гэж бичсэн нь худал болно. Нэхэмжлэгч талын 1,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүмүүсийг залгах бүрд би үгүй гэж огт хэлээгүй, бүх зүйл дээр нь хүлээцтэй хандаж байсан нь миний буруу болсон гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, фото цаасан дээр хэвлэсэн зураг, худалдах, худалдан авах гэрээ зэргийг баримтаар ирүүлсэн байна.

 

4. Хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний хуулбар, тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл, гэрэл зураг зэргийг баримтаар ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...2024 оны 06 сарын 21-ний өдөр Ц.*******оос приус 30 машиныг худалдаж авсан. Тэгсэн батарей нь нурсан байсныг өөрөө мэдэж байгаа. Хэд хоногийн дараа 2 батарейг нь сольж өгсөн. Одоо батарей нь асуудал гарвал шинэ батарей сольж өгнө гээд алга болчихсон. Өнөөдрийг хүртэл зөндөө залгаад утсаа авахгүй хариу мэдэгдэл өгөхгүй байгаа тул 1,500,000 төгрөг гаргуулна гэх агуулгаар тайлбарласан болно.

2. Хариуцагч Ц.******* нь ...нэхэмжлэгчийн нөхөр Нямцогт нь уг машиныг өөрийн биеэр үзэж, харж, шалгаж авсан. Тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөхөд ямар ч эвдрэл гэмтэл байхгүй байсан учраас нэхэмжилж байгаа 1,500,000 төгрөгийг төлөхгүй... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан байна.

3. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ц.*******оос 2024 оны 06 сарын 21-ний өдөр арлын дугаартай Toyota, Prius маркийн ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ байгуулан, Нэткапитал финанс корпораци ББСБ-аас авах зээлээр, 14,000,000 төгрөгөөр тээврийн хэрэгслийг худалдан авсан байна.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

4. Нэхэмжлэгч Н.******* нь приус 30 маркийн автомашины батарейны үнийг 1,500,000 төгрөг гэж тодорхойлон нэхэмжилж байх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.

5. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д эд хөрөнгийн доголдлыг арилгуулахаар худалдан авагчаас гаргах шаардлагыг тодорхойлжээ. Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгуулахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна. Худалдан авагчийн шаардах эрх хуульд тодорхойлсон байдлаар худалдагчид үүргийг үүсгэнэ.

Нөгөөтэйгүүр, худалдан авагчийн дээрх эрхийг хязгаарлах зохицуулалт нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д тусгагдсан байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан шаардах эрхээ алдана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Н.******* нь хуучин машин худалдан авахдаа мэргэжлийн байгууллагаар техникийн бүрэн бүтэн байдлыг оношлуулж, доголдлын талаар мэдэх боломжтой байхад худалдан авагч өөрөө буюу өөрийн нөхрөөрөө шалгуулан авсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байх үндэслэл тогтоогдсон гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Н.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,500 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасныг баримтлан Н.*******ийн хариуцагч Ц.*******од холбогдуулан гаргасан тээврийн хэрэгслийн батарейны үнэ 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,500 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  З.ТУНГАЛАГМАА