| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0068/Э |
| Дугаар | 61 |
| Огноо | 2018-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Пүрэвсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
Улсын яллагч О.Пүрэвсүрэн,
Хохирогч Л.Г,
Шүүгдэгч Ч.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Асгат гурван булаг овогт Чгийн Нд холбогдох 1708027090384 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо ...тоотод оршин суух Асгат гурван булаг овогт Чгийн Н /РД:.../
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг.Яллах талын нотлох баримтууд.
1.1.Хохирогч Л.Гын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өглөө 11 цагийн үед өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай Приус-20 маркийн машинтайгаа Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .. дэлгүүрийн гаднаас хүн суулгаж байсан чинь ...улсын дугаартай Приус-11 маркийн машинтай хүн ирээд хүн суулгасан, тэгэхээр нь би очоод яагаад хүн ачаад байгаа юм бэ, би ачиж байна гэсэн чинь цагаан машинтай залуу цонхоо онгойлгоод чи зүгээр зайл гөлөг минь гэж хэлэхээр нь би чи намайг гөлөг байхыг нь хаана харсан юм бэ гэж хэлээд маргалдаж байгаад би машиндаа суугаад 100 метр яваад зогсоод машинаасаа буугаад тамхи татаад зогсож байсан чинь машинтайгаа чиглэж хүрч ирээд намайг машинаараа тулж ирээд зогссон. Тэгэхээр нь арай ч мөргөчихгүй байх гэж бодоод гайхаад зогсож байтал машинаа хөдөлгөөд намайг түрсэн бөгөөд түрэгдсэний улмаас би урд талын копутан дээр нь унасан. Тэгээд тэр жолооч нь бууж ирснээ курткээ тайлаад “чамайг дайрж алаагүйд баярлаарай” гээд намайг заамдаад бариад авахаар нь би тэр залууг зөрүүлээд заамдаад бариад авсан. Тэгсэн чинь миний нүүрэн тус газар духаараа мөргөөд, заамдаж хоолой боож байгаад миний нүүр, толгойн тус газар гараараа хэд хэдэн удаа цохьсон. Тэгсэн чинь зам дагуу явж байсан настайвтар нэг ах хүрч ирээд салгасан. Надаас одоог хүртэл уучлалт гуйгаагүй. Миний зүүн нүдний ухархай өвдөөд байгаа, цаашид эмчид үзүүлэх гэсэн боловч мөнгө төгрөгний боломж муу байгаагаас үзүүлж чадахгүй байна. Нүдний эмчид үзүүлж зураг авахуулахад 120-150 мянган төгрөгний үнэ ханштай байгаа гэж бодож байна. Би 350,000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 х/
1.2.Шүүгдэгч Ч.Нгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эхнэр Дгийн Баянбүрдэд байдаг ажил дээр нь очиж нүүрсний мөнгө аваад буцаад гэр рүүгээ өөрийнхөө 24-15 УНБ улсын дугаартай приус-11 маркийн машинтайгаа явж байгаад 1-р хорооллын Цамбагаравын арын гүүрэн дээрээс 3 хүн гар өргөхөөр нь зогсоод “..” дэлгүүр рүү аваад дэлгүүрийн гадаа зам дагуу буулгаад байж байтал араас 500-гийн унаанд явдаг зүс харж байсан Г гэх залуу машинтайгаа хүрч ирээд “чи яагаад хүн ачаад байгаа юм бэ? зайлал даа пизда минь, машинтай чинь дайрч ална шүү” гэхээр нь би “гэр рүүгээ харих замаа чамаар заалгахгүй гэж хэлсэн чинь битгий хүн ачаад байгаарай, чамтай талхны мөнгөө хуваамааргүй байна шүү” гээд явахдаа над руу салаавч гаргаад доошоо уруудаад “..” дэлгүүрийн урд талд очоод машинаасаа гарч ирээд тамхи татаад зогсож байхаар нь миний уур хүрээд машинаа хөдөлгөөд Гын урд тулаад зогссон. Тэгээд би машинаасаа буугаад Гыг заамдаад авсан, Г ч гэсэн зөрүүлээд нүүр рүү цохисон. Тэгэхээр нь би гараараа нүүр рүү нь цохьсон, намайг ч гэсэн зөрүүлээд нүүр рүү цохисон. Машины тэнд зогсож байсан 1 ах болил доо гэж хэлж байсан. Ингээд би салаад доошоо явсан. Тэгсэн Г цагдаа дээр өргөдөл өгсөн байсан. ... би гэм буруугаа ойлгож байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.3.Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 17-ны 11 цагийн үед машинтайгаа гудамжныхаа таньдаг нэг хүнийг гэрийнхээ доор байдаг худаг дээр буулгачихаад ус авахыг нь хүлээгээд машин дотроо сууж байтал миний зүс таних 500-ын унаанд явдаг Г гэх залуу машинаараа хүмүүс ачих гээд “..” дэлгүүрийн урд талын 500-ын унаа явдаг зогсоол дээр машиныхаа хажууд зогсож байсан чинь ...улсын дугаартай цагаан өнгийн приус-11 машины жолооч Гыг машинаараа тулаад дайрах нь холгүй зогссон, гэтэл Г тэр залууг “чи хүн дайрлаа ш дээ гэж хэлэх хооронд би тухайн үед ус авсан хүнээ машиндаа суулгаад тэр хоёрын маргалдаж, хэрүүл хийх үеэр нь дээшээ хөдлөөд явсан. Тэгээд худгаас ус авсан хүнээ буулгачихаад буцаад “..” дэлгүрийн урд ирсэн чинь Г тэр приус-11-ын жолооч залуутай маргалдаад зогсож байсан ба зүүн нүд нь хавдчихсан байдалтай байсан. Ингээд тэр хоёрын хэрүүл маргааныг салгах гээд очих хооронд Г машиндаа суугаад хөдлөөд явсан. Харин нөгөө приус-11-ын жолооч ч гэсэн машинаа хүчтэй хаазлаад дээшээгээ яваад өгсөн. Тийм л асуудал болосн юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 х/
1.4.Гэрч Д.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би эхлээд энэ хэргийн талаар өөрийн харсан, үзсэн зүйлийн талаар мэдүүлмээр байна. Би 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 11 цагийн үед гэрээсээ гараад “..” хүнсний дэлгүүрээс юм авах гээд алхаад явж байсан чинь манай нөхөр Н “..” дэлгүүрийн доохон талд 500-ын унаа явдаг зогсоолын хажууд нэг залуутай заамдалцаад харилцан бие биенийгээ цохилцож байгаад салсан. ...Н бид 2 Төв аймгийнх бөгөөд Н Цээл сумынх, харин би Угтаал цайдам сумынх. Бид 2 бие биенээ багаасаа л мэднэ. Нтай 2008 онд албан ёсоор гэр бүл болоод дундаасаа нэг хүүтэй болсон. Хүүг маань Б гэдэг, 7 настай. Н хүн чанарын хувьд сайн. Элдэв янзын эмэгтэй хүн шиг аашлаад байдаггүй, ямар ч хүнтэй яриа хөөрөөтэй, хэл амаа хурдан ололцдог. ...Манай нөхөр эхээс 6-лаа, дээрээ 2 эгчтэй, 3 ахтай, айлын бага нь, бид 2 10 жил хамт амьдарч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 х/
1.5.Шинжээчийн 14403 тоот дүгнэлт
1.Л.Гын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний доод зовхи, дотор булан, зүүн чихний ард цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Дээрх гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 27 х/
Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.
2.1.Ч.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 44 х/
2.2.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 45 х/
Гурав:Хохирлын талаарх нотлох баримтууд.
3.1.Хохирогч Л.Гын “...Томографийн зураг авахуулахад 120,000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8000 төгрөг тус тус гарсан. Нүдний эмчид үзүүлж зураг авахуулахад 120-150 мянган төгрөгний үнэ ханштай байгаа гэж бодож байна. Би 350,000 төгрөг нэхэмжилж байна. цаашид шинжилгээ хийлгэх шаардлагатай байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 х/,
3.2.Комьпютер томографийн зурагны төлбөрийн 120,000 төгрөгийн баримт /хх 54 х/
3.3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний төлбөр 8000 төгрөгийн баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтуудын хүрээнд үнэлэлт дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн хэрэг гарсан нөхцөл байдлын талаар өгсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Гэм буруугийн талаар.
Ч.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “..” хүнсний дэлгүүрийн ойролцоо иргэн Л.Гыг “хүн битгий ачаад бай” гэж хэлсний улмаас муудалцаж улмаар түүний нүд, хамрын хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний доод зовхи, дотор булан, зүүн чихний ард цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Л.Гын“...Би 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өглөө 11 цагийн үед өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай Приус-20 маркийн машинтайгаа Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .. дэлгүүрийн гаднаас хүн суулгаж байсан чинь ...улсын дугаартай Приус-11 маркийн машинтай хүн ирээд хүн суулгасан, тэгэхээр нь би очоод яагаад хүн ачаад байгаа юм бэ, би ачиж байна гэсэн чинь цагаан машинтай залуу цонхоо онгойлгоод чи зүгээр зайл гөлөг минь гэж хэлэхээр нь би чи намайг гөлөг байхыг нь хаана харсан юм бэ гэж хэлээд маргалдаж байгаад би машиндаа суугаад 100 метр яваад зогсоод машинаасаа буугаад тамхи татаад зогсож байсан чинь машинтайгаа чиглэж хүрч ирээд намайг машинаараа тулж ирээд зогссон. Тэгэхээр нь арай ч мөргөчихгүй байх гэж бодоод гайхаад зогсож байтал машинаа хөдөлгөөд намайг түрсэн бөгөөд түрэгдсэний улмаас би урд талын копутан дээр нь унасан. Тэгээд тэр жолооч нь бууж ирснээ курткээ тайлаад “чамайг дайрж алаагүйд баярлаарай” гээд намайг заамдаад бариад авахаар нь би тэр залууг зөрүүлээд заамдаад бариад авсан. Тэгсэн чинь миний нүүрэн тус газар духаараа мөргөөд, заамдаж хоолой боож байгаад миний нүүр, толгойн тус газар гараараа хэд хэдэн удаа цохьсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 х/
Шүүгдэгч Ч.Нн“...Би 2017 оны 11 дүгээр сарын 17-ны эхнэр Дгийн Баянбүрдэд байдаг ажил дээр нь очиж нүүрсний мөнгө аваад буцаад гэр рүүгээ өөрийнхөө 24-15 УНБ улсын дугаартай приус-11 маркийн машинтайгаа явж байгаад 1-р хорооллын Цамбагаравын арын гүүрэн дээрээс 3 хүн гар өргөхөөр нь зогсоод “..” дэлгүүр рүү аваад дэлгүүрийн гадаа зам дагуу буулгаад байж байтал араас 500-гийн унаанд явдаг зүс харж байсан Г гэх залуу машинтайгаа хүрч ирээд “чи яагаад хүн ачаад байгаа юм бэ? зайлал даа пизда минь, машинтай чинь дайрч ална шүү” гэхээр нь би “гэр рүүгээ харих замдаа чамаар заалгахгүй гэж хэлсэн чинь битгий хүн ачаад байгаарай, чамтай талхны мөнгөө хуваамааргүй байна шүү” гээд явахдаа над руу салаавч гаргаад доошоо уруудаад “..” дэлгүүрийн урд талд очоод машинаасаа гарч ирээд тамхи татаад зогсож байхаар нь миний уур хүрээд машинаа хөдөлгөөд Гын урд тулаад зогссон. Тэгээд би машинаасаа буугаад Гыг заамдаад авсан, Г ч гэсэн зөрүүлээд нүүр рүү цохисон. Тэгэхээр нь би гараараа нүүр рүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч Б.Бын “... ...улсын дугаартай цагаан өнгийн приус-11 машины жолооч Гыг машинаараа тулаад дайрах нь холгүй зогссон, гэтэл Г тэр залууг “чи хүн дайрлаа ш дээ гэж хэлэх хооронд би тухайн үед ус авсан хүнээ машиндаа суулгаад тэр хоёрын маргалдаж, хэрүүл хийх үеэр нь дээшээ хөдлөөд явсан. Тэгээд худгаас ус авсан хүнээ буулгачихаад буцаад “..” дэлгүрийн урд ирсэн чинь Г тэр приус-11-ын жолооч залуутай маргалдаад зогсож байсан ба зүүн нүд нь хавдчихсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 х/
Гэрч Д.Дгийн “... Би 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 11 цагийн үед гэрээсээ гараад “..” хүнсний дэлгүүрээс юм авах гээд алхаад явж байсан чинь манай нөхөр Н “..” дэлгүүрийн доохон талд 500-ын унаа явдаг зогсоолын хажууд нэг залуутай заамдалцаад харилцан бие биенийгээ цохилцож байгаад салсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 х/
Шинжээчийн 14403 тоот дүгнэлт
1.Л.Гын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний доод зовхи, дотор булан, зүүн чихний ард цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Дээрх гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 27 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.
Хохирлын талаар.
Хохирогч хохирлын төлбөрт 350,000 төгрөг нэхэмжилсэн боловч хэргийн материалд 120,000 төгрөгийн Натур эмнэлэгт толгойн КТГ зураг авахуулсан баримт /хх 54 х/, шүүх эмнэлгийн шинжилгээний төлбөр 8000 төгрөг гарсан болох нь дээрх баримтуудаар нотлогдож байгаа тул хохиролд нийт 128,000 төгрөгийг шүүгдэгч Ч.Нгаас гаргуулж, 01 сарын хугацаанд уг хохирлыг хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд үүрэг болгож, хохирогч цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.
Ч.Нгийн үйлдэлд эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.
Ял шийтгэлийн талаар.
Шүүгдэгч Ч.Н нь нь гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хувийн байдлын хувьд тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хохирол төлж барагдуулаагүй, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдоогүй зэргийг харгалзан түүнд шүүхээс 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн.
Бусад асуудлын талаар.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, Ч.Нгаас хохиролд 128,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулж, хохирогч цаашид гарах хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд дурьдаж, Ч.Н-д тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Асгат гурван булаг овогт Чгийн Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Н-г 480 /дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ч.Н-д мэдэгдсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Ч.Нгаас 128,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 6-679 тоотод оршин суух Лувсанжамцын Г /РД:ГЮ81102319/-д олгож, уг хохирлыг 01 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд үүрэг болгож, хохирогч цаашид гарах хохирлын нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
5.Ч.Нн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ