Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ДШМ/05

 

2023            01           23                                      2023/ДШМ/05

                                                  Ч.О, Л.А нарт холбогдох

                         эрүүгийн хэргийн тухай

        Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

       Прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Д.Бунжаа, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

     Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж явуулсан шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/211 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах  гомдлыг үндэслэн Ч.О, Л.А нарт холбогдох, 2235000000177 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, .. өдөр Увс аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эцэг, эх, ах, эмээгийн хамт амьдардаг, Увс аймгийн .. багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ю овогт Л-ын А, регистрийн дугаар: .

        Монгол Улсын иргэн, .. өдөр Увс аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ..ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн .. багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Ч-ны О, регистрийн дугаар: .

1. Холбогдсон хэргийн талаар:

              Шүүгдэгч Л.А, Ч.О нар бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 16-ны шөнө Увс аймгийн .. сумын .. багийн нутагт иргэн З.Б-ийн эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу автомашины гражийн цоожийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох дугуй задлагч лапатак төмрөөр хөшиж онгойлгон нэвтэрч, хохирогч Д.Б-ын эзэмшлийн 2.671.900 төгрөгийн үнэ бүхий “Мустанг-150” загварын, улсын дугааргүй, цэнхэр өнгийн мотоциклийг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

           2. Увс аймгийн Прокурорын газраас: Ч.О, Л.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

          3. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/211 дүгээр шийтгэх тогтоолоор:

       - Шүүгдэгч Ю овогт Л-ын А, Х овогтой Ч-ны О нарыг “тусгайлан хамгаалсан байр, агуулах саванд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Ч.О, Л.А нарт тус бүр хоёр жил хорих ял тус тус шийтгэж,

       - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.О, Л.А нарт оногдуулсан хоёр жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

          - шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ч.О, Л.А нарын эдлэх хорих ялыг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолж,

               - энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.О, Л.А нараас гаргуулах хохирол, хор уршиггүй болохыг дурдаж,

           - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн, ногоон өнгийн хятад цоож 1 ширхэг, дугуй задлагч лапатак төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

          - шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж,

            - шүүгдэгч Л.Агаас 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хураан авсан 1 хос пүүзийг шүүгдэгчид буцаан өгөх асуудлыг даруй шийдвэрлэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг хэрэгжүүлэхийг мөрдөгч Б.Хүрэлсайханд даалгаж тус тус шийдвэрлэжээ. 

                4. Шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нар хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Ад оногдуулсан хоёр жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-ыг журамлан ял хөнгөрүүлэн өөрчилж өгөхийг хүсэж гомдол гаргаж байна.

          Анхан шатны шүүх Л.А-д ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлах боломжгүй гэж дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Л.А нь 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр мөрдөн байцаах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэг өгч, гэм буруугаа хүлээхдээ 2022 оны 8 дугаар сарын 16-ны шөнө Ч.Отай хийсэн хэргийнхээ үйл явдал,  цаг хугацааг үнэн зөв хүлээн мэдүүлсэн нь хх-ийн 99-111, 113-р талд авагдсан байдаг. Мөн Л.Агийн энэхүү мэдүүлэгт мотоцикль авах санааг Ч.Окьябрь гаргасан гэдэг нь өөрсдийнх нь өгсөн мэдүүлгээр нотлогддог.

          Л.Ад ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нэг үндэслэл нь хулгайлсан мотоциклийг эзэн нь хайж байгааг сонсоод, мотоциклийг авч амбаарт нуусан байгаа талаараа айгаад хэлж чадахгүй байж байсан. Гэтэл Нэргүй гэгч нь тэднийд мал тууж яваад зам асууж ирэхэд нь Лгийн хаваржааны байшингийн дэргэдүүр яваарай гэж зам зааж өгсөн. Нэргүй нь заасан замаар явж, амбаарт мотоцуикль нуусан байсныг олж илрүүлж, хохирогчид мэдэгдсэн байгаа. Энэ талаар Нэргүйгийн мэдүүлэг авагдсан байна. Иймд хулгайлагдсан мотоциклийг илрүүлэхэд Агийн оролцоо байсан гэж үзэж байна. 

          Хохирогч Б нь мотоциклио буцаан авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэж /хх-ийн 25-28 тал/ мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч Л.А-гийн хувийн байдлын талаар гэрч Л, Т нарын өгсөн мэдүүлгийг шүүх түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх боломжтой байсан. Мөн анх удаа гэмт хэрэгт холбогдсон нь нотлогдож байгаа.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг  гэм буруугаа хүлээгээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

          Шүүгдэгч Л.А “ би ганцаараа Б-ийн орон байранд нэвтрэн мотоцикль хулгайлсан, харин О уг орон байранд нэвтрээгүй” гэж мэдүүлсэн нь шүүгдэгч нар мөрдөж буй хуулийн хэрэглээг ойлгоогүй, мөн цагдаагийн эрх бүхий албан тушаалтан тэдэнд буруу ташаа ойлголт өгч, та нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах байх гэх ойлголт өгснөөр, нөгөө талаар ар гэрийн амьдралын хүнд нөхцөл байлаас болоод буруу ташаа мэдүүлэг өгснийг үгүйсгэхгүй байна.

            Иймд Л.А-гийн гомдлыг үндэслэн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхэд дүгнэлт хийж өгөхийг хүсэж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан хоёр жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэжээ.

          5. Шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нар хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ”Шүүгдэгч Л.А, Ч.О нар тусгайлан хамгаалсан байр, агуулах саванд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ч.О анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргасан. Харин шийтгэх тогтоол гарсны дараа шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн, давж заалдах шатны шүүхэд ял хөнгөрүүлж өгөхийг хүссэн гомдол гаргасан.

Анхан шатны шүүхээс Ч.О-т оногдуулсан хоёр жил хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Ч.О нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгон ухамсарласан байгаа, хохирол төлбөр байхгүй, урьд өмнө ямар нэг хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Ч.О ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь нурууны өвчтэй, ажилгүй, 20-30 сая төгрөгийн банкны зээлтэй, Ч.О нь ажил хийж амьдралаа залгуулж байсан залуу гэр бүл юм.

           Иймд Ч.О-ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд өмнө ямар нэг хэрэг зөрчилд холбогдож байгаагүй зэрэг өөрийн болон амьдралын нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хоёр жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан нэг жил хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэжээ.

            6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Энхтуул дүгнэлтдээ: “ Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор Х.Энхтуул би өнөөдрийн шүүх хуралдаанд томилолтоор ороолцож байна.

             Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 211 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тус бүр 2 жилийн хорих ял оногдуулж, ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. 

         Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдолтой танилцсан. Шүүгдэгч Ч.О түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нар гаргасан гомдолдоо: гэм буруугийн шүүх хуралдаанаар гэм буруутайд тооцсон учраас хүндэтгэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэсэн байна.

               Шүүгдэгч А болон түүний өмгөөлөгч Д.Бунжаа нараас мөн дээрх агуулга бүхий гомдлуудыг гаргасан.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.А, Ч.О нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буюу 2022 оны 8 дугаар сарын 16-нд Увс аймгийн Ховд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт иргэн Бийн гражны хаалгыг эвдлэн орж хохирогч Б-ын 2.670.000 төгрөгийн үнэ бүхий “Мустанг-5” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь тогтоогдсон байна.

          Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 211 дүгээр шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж прокурорын зүгээс дүгнэж байна. Д.Бунжаа өмгөөлөгчийн гаргасан гомдлын хувьд хоёр агуулгатай гомдол гаргасан байна. Энэ хэрэгт Д.Бунжаа, Б.Цагцалмаа нар нь мөрдөн байцаалтын шатнаас өмгөөлөгчөөр оролцсон. Үйлчлүүлэгч нартаа хууль зүйн зөвлөгөө өгөх ёстой. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөгч нь бугуйн цаг зүүдэг ял өгнө гэх ойлголтыг өгсний улмаас шүүгдэгч нарыг төөрөгдөлд оруулж шүүхээс 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр гаргасан юм шиг гомдлоо гаргасан байна. Хэрвээ ийм үйлдэл байгаа бол мөрдөгчийн үйлдэлд гэмт хэргийн шинжтэй асуудал яригдана. Гэм буруугаа хүлээн зөвшөөрвөл хуулийн ийм боломж нөхцөл байгаа гэдгийг шүүх хурал болохоос өмнө ойлгуулж тайлбарлах нь өмгөөлөгчийн үүрэг гэж ойлгож байна.

          Энэ үүргээ биелүүлээгүйн төлөө ажлаа хийж байсан мөрдөгчийг “бугуйн цаг  зүүлгэдэг ял оногдуулна” гэж хэлсэн гэдэг агуулгаар  нь гомдол гаргаж байгаа нь зохисгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлийг шүүх тайлбарлаж өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхээр заасан. А, О нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэж мэдүүлэг өгсөн байдаг. Өмгөөлөгч нарын хувьд ч гэсэн энэ нь хулгайлах гэмт хэрэг биш, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн гэж маргасан. Энэ тохиолдолд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна.

           Иймд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 211 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

           7. Шүүгдэгч Л.Агийн өмгөөлөгч Д.Бунжаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Л.А нь тухайн үйлдсэн хэргийг илрүүлэхэд тусалж, мөрдөн байцаалтын ажиллагааг түргэн шуурхай явуулахад ач холбогдол үзүүлсэн гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувийн нөхцөл байдлын талаар давж заалдсан гомдолдоо дурдсан. Л.Агийн Ховд аймагт суралцаж байсан 2-р курсийн оюутан дүү нь нас барсан. Мөн ах нь өвчний улмаас ухаангүй шахуу нөхцөл байдалтай байгаа.  

         А-гийн ээж нь шүүгдэгчийн асаргаанд байгаа зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан үзнэ үү. Ар гэрийнхэн нь ийм хүнд нөхцөл байдалтай байхад өөрөө гэмт хэрэгт холбогдож байгаадаа харамсаж байна гэж мэдүүлэг өгсөн байдаг. Хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг баримтлан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн санал гаргаж байна.  Гэмтт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг байдлаар маргаж гомдол гаргаагүй. Зөвхөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж өгнө үү гэж гомдол гаргасан” гэв. 

          8. Шүүгдэгч Ч.О-ийн өмгөөлөгч Б.Цагцалмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч О-ийн өмгөөлөгчийн хувьд гэм буруугийн асуудал дээр маргаантай оролцсон. Яагаад маргаж оролцсон бэ гэвэл тухайн үед гражид хулгай орсон хэрэг болсноос хойш 5-6 хоногийн дараа үзлэгийг хийсэн байсан учраас маргаж оролцсон.

           Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэр гаргасан учраас анхан шатны шүүхийн тогтоолыг хүндэтгэж хүлээж авсан.

          Шүүгдэгч О “хулгай хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, харамсаж байна. Өөрөөсөө дүү хүүхдийг дагуулж хулгайн хэрэгт оролцуулсандаа харамсаж байна. Би ах хүнийхээ хувьд үүнийг таслан зогсоох боломж байсан. Энэ үйлдлийг хийж чадаагүйдээ харамсаж байна” гэж хэлсэн.  Тийм учраас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналыг гаргаж байсан.

              Анхан шатны шүүхээс Ч.О, Л.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-ийг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар хоёр жил хорих ял оногдуулсныг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Шүүгдэгч О нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, эхнэр нь ажил хийдэггүй, 3-10 насны хоёр хүүхэдтэй, залуу гэр бүл байдаг.

           Шүүгдэгч Ч.О нь ажил хийж амьдралаа залгуулж байсан. Төрийн байгууллагад ажилладаг гэсэн ч ажлынхаа хажуугаар, чөлөөт цагаараа ажил хийж амьдралаа залгуулдаг байсан. Амьдралын нөхцөл байдал, хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж өгнө үү. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж, харамсаж ойлгож байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа.  Урьд нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгаа.  

Ийм учраас амьдралын нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа ойлгож харамсаж байгаа зэрэг эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлаж, оногдуулсан ялыг нэг жил болгож өөрчилж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

              1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/211 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн Л.А, Ч.О нарт холбогдох, 2235000000177 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Шүүгдэгч Л.А, Ч.О нар бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 16-ны шөнө Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн З.Б-ийнэзэмшлийн автомашины гражийн цоожийг дугуй задлагч лапатак төмөр ашиглан онгойлгон орж, тус граж дотор байсан хохирогч Д.Б-ын эзэмшлийн  “Мустанг-150” загварын, улсын дугааргүй,  цэнхэр өнгийн мотоциклийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өгсөн:  “...Би 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гэрт байхад над руу Б ахын залуу Н утсаар ярьж, “  та гражаас мотоциклио авсан уу гэж асуусан, би аваагүй гэхэд “таны мотоцикль байхгүй байна, гражийн хаалганы цоож онгорхой ямар нэг эд зүйлээр эвдэлж хулгай орсон юм байна. Та аавыг аваад ороод ир” гэж хэлсэн.

          Тэгээд би Б ахыг авч бид хоёр миний УАЗ-469 машинаар сумын төв рүү орж ирсэн юм. Сумын төвд Б ахын хашаанд ирээд гражид орж үзэхэд миний мотоцикл байхгүй, харин мотоциклийн ар талын шаврын хаалтын хагарсан хэсэг болон тайлж тавьсан байсан даруулга үлдсэн байсан.

       Би 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Ховд сумын Халиунбулаг багийн нутаг дэвсгэр “Олон нуур” гэх газар руу нүүхдээ мотоциклио өөрийн хүү Б.Сугарт өгч, сумын төвд байх Б ахын гражид тавьчихаарай гэж хэлээд явуулсан юм. Түүнээс хойш мотоциклио очиж хараагүй.

        2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр би хүүгээ Б ахын гэрт очиж түлхүүр аваад мотоциклио авчих гэж хэлээд явуулсан, гэтэл манай хүү Б ахын гэрт очиход Б ах “гражийн түлхүүр болон мотоциклийн түлхүүр одоо надад байхгүй, сумын төвд байгаа гэрийн авдарт хадгалсан байгаа, би гэрийн түлхүүр өгч явуулж чадахгүй юм байна” гэж хэлсэн байсан. Тэгээд манай хүү ачаагаа авахаар найзынхаа мотоциклоор хамт яваад орой нь найзтайгаа хамт мотоциклоор нь ирсэн.

         Б ах 2022 оны 8 дугаар сарын 07-ний өдөр очиход миний мотоцикль гражид байсан гэсэн. Түүний дараа 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Б ахын залуу Н очиход мотоцикль алга болсон байсан гэсэн. Тэгэхээр энэ 10 хоног дотор алга болсон байна гэж бодож байна.

          Би тухайн мотоциклийг 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Ховд сумын Б гэх хүний дэлгүүрээс 2.850.000 төгрөгөөр худалдан авсан юм.  Надад тухайн үед гаалийн бичиг өгнө гэж хэлсэн боловч одоог хүртэл аваагүй байгаа.

          Миний мотоциклийн урд 2 толь хагарсан, мөн 2 толь дээр нь жижиг дугуй толь наасан, арын ачааны даруулгыг нь тайлж тавьсан байсан. Арын дугуйны шаврын хаалт, хар туяаруулагчтай хэсэг нь хагарсан. Миний мотоцикль шинэ, 2 дугуй нь  арзгар хээтэй байсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 25 дахь тал /,  

           - хохирогч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: " Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Харин нэмж ярих зүйл байна. Манай сумын Нэргүй гэх залуу 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр над уруу утсаар залгаж “ Шивэр багийн Хар хөтөл гэх газар Л гэх айлын хаваржааны хажууд нэг шинэ цэнхэр мотоцикль байна,  та ирж үзэх үү, би таныг тосож аваад зам заагаад өгье гэж хэлсэн юм. Тэгээд би хөдөө байх гэрээсээ явж очиж үзэхэд миний мотоцикль мөн байсан. Би мотоциклио хүлээж авсан тул надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),

               - гэрч Б.н-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өгсөн :  “...Би 2022 оны 8 дугаар сарын 17-ны өглөө найз Сэр-Одын хамт манай мотоциклиор Ачит нуур орсон, гэтэл мотоциклийн бензин дуусаж, бид хоёр сумын төв рүү 14 цагийн үед орж мотоцикльдоо бензин хийгээд манай хажуу талын хөршийнд цай уугаад Голын эхэн гэх газарт байх  гэр лүүгээ  явах гээд хөршийн гэрээс гарч өөрийн хашааны хажуугаар зөрөх үед манай хашааны хаалга онгорхой байсан тул би мотоциклиосоо бууж хашааны хаалгаар ороход мотоцикль гараад явсан мөр байсан, би очиж гражийн хаалга харахад гадна талын бөсөөр боосон боолт газар унасан байсан, мөн хоёр хүний мөр байсан юм.

              Манай граж дотор манай 2 мотоцикль, Б ахын 1 мотоцикль, Хүрэлээ гэх хүний 1, нийт 4 мотоцикль байсан. Манай 2 мотоцикль болохоор хурд загварын улаан өнгөтэй юм. Хүрэлээ гэх айлын мотоцикль ногоон өнгийн мустанг-150 загварын мотоцикль байсан. Харин Б гэх хүний цэнхэр өнгийн мустанг-150 мотоцикль алга болсон байсан юм” гэх мэдүүлэг /1- р хавтаст хэргийн 34, 35 дахь тал/,

              - гэрч Б.н-ын мөрдөн байцаалтад 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн :  “ О, А нар нь манай сумын хүмүүс учир танина, мэнд ус мэдэлцээд явдаг, найз нөхдийн дотно холбоо байхгүй.

Тухайн өдөр хашаандаа ороход 2 хүний гутлын мөр байсан, нэг нь арзгар ултай байсан ба нэг нь цагаан ултай гутал юм шиг мөр нь тод гараагүй байсан. Хашааны дотор, гадна газруудад  мөрнүүд байсан” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 191 дэх тал),

            - иргэний нэхэмжлэгч З.Б-ийнмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэрт байтал манай малчин Д.Б гэрт ирж “ танай хүү утсаар ярилаа, миний мотоцикль алга болсон байна гэнэ, та бид хоёрыг төв рүү ороод ир гэж байна” гэж хэлсэн.

              Би Д.Б-тай хамт машинаар сумын төв орж, хашаандаа ирээд харахад  гражийн хаалга онгорхой, цоож нь дүүжилсэн байдалтай байсан. Манай гражид манай 2 мотоцикль, Бын нэг мотоцикль, Хүрлээ гэх хүний 1 мотоцикль,  нийт 4 мотоцикль байсан. Гэтэл Д.Б-ын шинэ мотоцикль алга болсон байсан юм. Анх манай хүү хашааны хаалга онгорхой байхаар нь орж шалгасан байсан. Гражийн хаалга цоожлоод даавуугаар боосон байсан, тухайн боосон боолт байхгүй болохоор манай залуу орж үзсэн гэсэн.

        2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр үзэхэд граж дотор 4 мотоцикль бүгд байсан. 2022 оны 8 сарын 13-ны өгөөл 9 цагийн үед Д.Б-ын хүү Сугар, хажуудаа Хосоо гэх залуутай хамт манайд ирж, Сугар нь манайх мотоциклио гаргаж авмаар байна гэж хэлсэн. Тэгэхэд нь би “ манай гражийн түлхүүр болон мотоциклийн түлхүүр төвд байгаа гэрт авдарт байгаа. Би гэрийн түлхүүр чамд өгч явуулах боломжгүй байна гэж хэлэхэд Сугар “ за за, би тэгвэл энэ залуутай хамт сумын төв ороод гарч ирье гэж хэлээд явсан. Орой нь манай гэрийн хажуугаар гэр лүүгээ буцаж байсан  юм. Надад гомдол, хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 31-32 дахь тал),

           - гэрч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 08 дугаар сарын 17-ны өглөө Н-ынхамт Ховд сумын Халиунбулаг багийн Голын эхэн гэх газраас Ачит нуур ороод буцах гэтэл мотоциклийн бензин дуусаад сумын төв орж бензин аваад  Н-ынаавын хашааны хажуу талын хөрш айлд цай уучхаад буцах гээд Н-ынгэрийн хашааны хажуу талаар өнгөртөл Н  “хашааны хаалгаар мотоцикль гараад явсан мөр байна” гэж хэлээд бууж, бид хоёр хашааны дотор ороход гражийн хаалга хаалттай, хаалганаас нь цоож дүүжлээстэй байсан. Н гражийн хаалга онгойлгож үзээд  “нэг мотоцикль алга, манай мал хариулдаг Б ахын мотоциклийг авсан байна” гэж хэлээд Б ах руу залгаж “ та мотоциклио авсан уу” гэж асуухад үгүй гэж хэлсэн, тэгээд “ таны мотоцикль алга болсон байна, та аавыг авч ирж хармаар байна” гэж хэлсэн. Граж дотор 3 мотоцикль байсан” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 46-47 дахь тал),

             - гэрч З.Нэргүйгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “ Би 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Ховд сумын Шивэр багийн нутгаас Давс гэх газар луу дунд намаржаандаа буухаар малаа тууж явахдаа зам асуухаар Лхагважав ахын гэрт очсон. Лхагважав ахын залуу А надад “ уулын дундуур явахаар зам товчилдог юм, та Л гэх айлын хаваржааны байшингийн хажуугаар өнгөрч яваарай” гэж зам зааж өгсөн. Тухайн заасан замаар явж, Л ахын хаваржааны хажуугаар малаа туугаад өнгөрч байхад тухайн хаваржааны модон амбаар дотор юм гялалзаж харагдаад байхаар нь очиж харахад мотоцикль байсан. Урд өдөр Нямаа ахын гэрт байхад Б ахын дүү Батгэрэл “манай ахын хашаан дотроос Бын шинэ мустанг-150 маркийн, цэнхэр мотоцикль хулгайд алдагдсан”  гэж хэлж байсан, тэр мотоцикль юм байхдаа гэж бодоод би Б луу утсаар залгаж Шивэр багийн Хар хөтөл гэх газар Л ахын хаваржааны амбаарт цэнхэр өнгийн шинэ мотоцикль байна,  та ирж үзээрэй” гэж хэлсэн. 1 цагийн дараа ирж үзээд” миний мотоцикль мөн байна,  баярлалаа” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 49 дэх тал),

             - Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны кримналистикийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 45 дугаартай "...Шинжилгээнд ирүүлсэн цоож нь хэвийн ажиллагаатай биш байна, хатуу зүйлээр хүчтэй цохих буюу хөших хүчний үйлчлэлээр буюу эвдлэгч багаж хэрэгслээр эвдсэн байна, уг цоожийг дахин ашиглах боломжгүй. Цоожийг өөрийн түлхүүрээс бусад аргаар онгойлсон байж болно. Шинжилгээнд ирүүлсэн цоожийг өөрийнх нь түлхүүрээс өөр ямар нэг тодорхой багаж буюу бусад зүйлээр онгойлгож болно..." гэх дүгнэлт (1-р хавтаст хэргийн 78-80 дахь тал),

            - шүүгдэгч Л.А-гийн 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “ Би 2022 оны 08 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед би “хуурай” ах Ч.О-н гэрт очсон. Тухайн үедээ онцын шаардлагагүй л очсон. О ах бид хоёр гэрийн гадна байх машинд болон гэрийн нь ойролцоо байх толгой дээр гарч юм ярьж байгаад энэ намар хаанаас ямар байдлаар хадлан авах, ашиглах хадуурын талаар ярилцаж миний хадуурын бүс муудсан тул Д.Б-ын хүү Н нь Хонда гэх хадууртай учраас бүсийг авах талаар ярилцаж Н-ынгэр нь сумын төв дээр байдаг, мөн хадланд гарахаас нь хадуурын бүсийг нь авч хэрэглээд буцаагаад өгье гэж ярилцаад бид хоёр 23 цаг өнгөрч байхад Д.Бийн хашаанд очсон. Бийн гэрийнх нь хөдөө зуслан руу явсан учраас хашаанд хүн байхгүй байсан тул бид хоёр хашаанд нь ороод хашааны зүүн талд байх шавар амбаар нь монгол цоожтой байхаар нь цоожийг татаж онгойлгоод дотогш ороход гурил будаа болон бусад ахуйн зүйлс болон цахилгаан хадуур байсан боловч хадуурын бүс байхгүй учраас буцаж гараад цоожийг нь буцаан янзалсан.

              Амбаараас гарсны дараа хашааны баруун талд байх ногоон өнгийн хаалгатай граж руу очиход жижиг хятад цоожтой байсан бөгөөд гражны хаалганы доод талд байсан хоёр төмрийг нь холдуулаад би барьж явсан дугуйны лапатакаар цоожийг хөшихөд цоож нь онгойж, бид хоёр дотогш ороход граж дотор дөрвөн ширхэг мотоцикль байсан, дотор нь ороод байж байхад О ах гражийн хаалга талд буюу захад нь байсан ягаан өнгийн бүтээлэгтэй, цэнхэр мотоциклийг хөдөлгөж үзээд “бензин нь дүүрэн байна” гэж хэлээд энэ мотоциклиор Ховд сумын 1 дүгээр багийн нутаг Ямаат гэх газар луу сонгинод явж ирээд эзэнд нь мэдэгдэхгүйгээр хариу авч ирээд хийчихье гэж хэлээд мотоциклийн тогны утас салгах гэж оролдоход гар нь багтахгүй байсан учраас би очиж утсыг салгасан. Учир нь мотоциклийн түлхүүр байхгүй байсан учраас тогны утсыг нь салгаж мотоциклийг гражаас болон хашаанаас түлхэж гаргасан. Би мотоцикль түлхэж явсан учраас О ах гражийн хаалга болон хашааны хаалга хаасан. Гражийн хаалганы цоожийг буцааж цоожилсон эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Мотоциклийг хашаанаас түлхэж гарсны дараа би мотоциклийн маниулыг гишгэхэд тогны утсыг нь салгасан учраас шууд ассан тул би мотоциклийг барихад О ах тус сумын 1 дүгээр багийн Л гэх хүний хаваржаа руу очиж амбаар руу нь хийчихээд маргааш нь тэндээс явья гэж хэлсэн учраас 2-3 километр байх хаваржаа руу очиход модон амбаар нь хаалгагүй байсан, тэгээд мотоциклийг нь дотогш оруулж О ах хаалгыг нь төмрөөр хааж, бид хоёр буцаж гэрлүүгээ алхаж харьсан. Маргааш өглөө нь надад ажил гарсан учраас сонгинод явахгүйгээр зуслан руу явсан. 2-3 хоногийн дараа би О ахтай утсаар холбогдоход Б ахын мотоцикль алга болсон учраас цагдаа нар хайж байна гэж хэлж бид хоёр хоорондоо цагдаад мэдэгдэхгүйгээр яаж эзэнд өгөх талаар ярилцсан боловч айж сандарсан учраас ямар нэгэнд шийдэлд хүрч чадахгүйгээр утсаа тасалсан. Тухайн үед миний дугуйны лапатак О ахад байсан учраас би гэрлүүгээ авч явахын тулд лапатак барьж явсан. Тэгээд замдаа гражаас орж хадуурын бүс хайх гэж байсан учраас цоожийг татахад онгойхгүй болохоор лапатакаар хөшиж онгойлгосон ” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 99-100 дахь тал),

                   - шүүгдэгч Ч.О-ийн 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 20-ны шөнө хуурай дүү болох Ч.А манай гэрт ирж бид хоёр гэрийн гадаа гарч хоорондоо юм ярьж байгаад А хадуурын бүс муудсан тул хэнээс авч болох талаар ярилцаж, З.Б гэх хүнд хадуурын бүс  байж магадгүй хадландаа гарахаас нь өмнө авч хэрэглээд буцаагаад өгье гэж ярьсан. Тэгээд Бийн сумын төвд байх гэрт нь очиход зуслан руугаа нүүсэн учраас хашаанд ямар нэгэн хүн байхгүй байсан тул дотогш орж хашааны зүүн талд байх амбаарт орж үзэхэд цахилгаан хадуур байсан боловч бид хоёрын хайж явсан бүс байгаагүй, амбаараас гарч хаалгыг нь хааж хашааны баруун талд байх гражид байж магадгүй гэж бодоод очиход тэр гражийн хаалгыг ногоон өнгийн цоожоор цоожилж хоёр төмрөөр даруулж тавьсан байхаар нь би төмрийг нь холдуулж цоожийг Л.А нь төмөр ломбоор хөшиж онгойлгон бид хоёр дотогш орж хадуурын бүс хайсан боловч олдоогүй.

                  Уг граж дотор дөрвөн ширхэг мотоцикль байсан. Би нэг мотоциклийг нь очиж үзэхэд бензинтэй байсан учраас уул руу сонгино түүхээр унаж явчихаад эзэнд мэдэгдэхгүйгээр буцаагаад авч ирээд тавьчихъя гэж ярилцаад мотоциклийг би асаах гэсэн боловч тогны утсыг нь салгаж чадахгүй байсан учир А ирж тогны утсыг нь салгасны дараа гадагш түлхэж гаргаад би гражын хаалгыг хааж холдуулсан хоёр төмрийг нь буцааж тавиад цоожийг нь буцааж цоожлоход цоож нь цоожлогдохгүй байхаар тэр чигт нь үлдээж,  хашаан гадна гарч мотоциклийг асааж А барьж явсан. Хүмүүст мэдэгдэхгүйгээр , нууцаар сонгинод явах байсан тул гэрлүүгээ авч явбал хүмүүс мэдэж магадгүй гэж бодоод сумын төвөөс 2-3 километрт байх Л гэх хүний хаваржаанд аваачиж амбаарт нь оруулж тавиад буцаж сумын төв рүү алхаж явсан. Маргааш өглөө нь сонгинод явах байсан боловч А ирээгүй юм. Тэгээд 2-3 хоногийн дараа утсаар холбогдож, би түүнд “ чи бид 2-ын авч явсан мотоциклийг цагдаа нар хайж байна” гэж хэлсэн. Бид 2 яаж буцааж өгөх талаар ярилцаад шийдэлд хүрч чадаагүй, цагдаа барих байх гээд айгаад буцааж аваачиж өгч чадаагүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 110-111-р тал/ гэх мэдүүлэг,

                  - хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хавтаст хэргийн 4-9 дэх тал/,

                  - мотоцикль нуусан амбаар болон мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хавтаст хэргийн 9-15 дахь тал/,

          - дугуйны лафатак төмөр, ногоон өнгийн цоож / эвдэрсэн/ -ийг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн  тогтоол / 1-р хавтаст хэргийн 21-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

            3. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, тухайн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Л.А, Ч.О нарыг тусгайлан хамгаалсан байр, агуулах саванд зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

          Тодруулбал, шүүгдэгч Л.А, Ч.О нар хохирогч Д.Б-ын мотоциклийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ бусдын тусгайлан хамгаалсан байр буюу цоожтой гражид нэвтрэхийн тулд дугуй задлах зориулалт бүхий төмрийг ашиглан цоожийг хөшиж онгойлгон, хууль бусаар нэвтэрсэн нь нотлогдож тогтоогдсон талаар болон шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч ”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “ учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүдийг тус тус хангасан талаар хууль зүйн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуульд нийцсэн гэж дүгнэв.

                4. Шүүгдэгч нарын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас 2.671.900 (хоёр сая зургаан зуун далан нэгэн мянга есөн зуу) төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 283 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 66 дахь тал)-ээр нотлогдсон, хохирогч Д.Б нь мотоциклио биет байдлаар нь буцаан авсан, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн нь хэрэгт авагдсан байх бөгөөд шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиггүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.   

             5. Шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Д.Бунжаа, Ч.О, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан: “Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

                5.1. Шүүгдэгч Л.А, Ч.О нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт “  хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирол арилсан байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, тухайн зүйл, хэсэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээ болох хоёр жил хорих ялыг тус тус оногдуулсан нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчимд нийцжээ.  

              5.2. Шүүгдэгч Л.А, Ч.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг хэрэглэж, хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулахыг хүссэн шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын санал, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй, тухайлбал шүүгдэгч нар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй талаар анхан шатны шүүхээс  хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх ба давж заалдах шатны шүүхээс уг дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

             5.3. Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах зохицуулалтын суурь үндэслэл нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх урьтач нөхцөл бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх шаардлага нь агуулга, онолын үзэл баримтлалын хувьд анхан шатны шүүхээр гэм буруугийн асуудал хэлэлцэгдэх үед болон түүний өмнөх шатанд хэрэгжсэн байхыг ойлгоно. 

         Түүнчлэн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх гэдэгт: 1. Гэм буруутай үйлдлээ зөвшөөрсөн байх, 2.хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн байх, 3. гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар буюу хохирол, хор уршгийн хэр хэмжээ, тухайн гэмт хэргийг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг хамааруулж үздэг.   

          Шүүгдэгч Ч.О, Л.А нар 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ хулгайлах гэмт хэргийг хэзээ, хэрхэн үйлдсэн үйл баримтын талаар тодорхой мэдүүлсэн байх боловч Ч.О 2дахь удаа яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ : “ хохирогч Д.Б-ын мотоцикль хулгайлсан гэмт хэрэгт оролцоогүй” гэж, шүүгдэгч Л.А яллагдагчаар 2 дахь удаагаа өгсөн мэдүүлэгтээ : “ энэ гэмт хэрэгт Ч.О оролцоогүй, би ганцаараа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэж,

               мөн шүүгдэгч Л.А гэм буруугийн шүүх хуралдаанд : “ Энэ хэрэгт Б.О оролцоогүй, бид бүлэглэж гэмт хэрэг үйлдээгүй, энэ хэргийг би ганцаараа хийсэн” гэж,

              гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.О:  “Би энэ гэмт хэрэгт хамтран оролцоогүй. Тухайн үед цагдаа та хоёр хоёулаа хамт явсан бол явсан гэдгээ хэлж, мэдүүлгээ зөрүүлэхгүй адилхан өгвөл  хэрэг чинь хурдан шийдэгдэнэ гэж хэлсэн. Би хуулийн мэдлэггүй учраас анхны мэдүүлгээ буруу зөрүү ярьж, худлаа мэдүүлэг өгсөн” гэж тус тус мэдүүлсэн, өмгөөлөгч Б.Цагцалмаагийн зүгээс : “Ч.О нь мотоцикль хулгайлах гэмт хэрэгт оролцоогүй нь Л.Агийн мэдүүлгээр нотлогдож байна. Л.Аг хашаа руу ороход Б.О хашааны гадна талд үлдсэн байдаг. Б.Октябрийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй. Иймд Б.Октябрийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлт гаргаж,    

        шүүгдэгч нар гэм буруугийн асуудлаар маргасан нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх дээрхи шаардлагад нийцээгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтад тулгуурласан, үндэслэл бүхий байна. 

       Шүүгдэгч Л.А нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэм буруугийн асуудлаар маргаангүй гэх боловч тэрээр гэмт хэрэг бүлэглэж үйлдээгүй, шүүгдэгч Ч.О энэ хэрэгт оролцоогүй, би ганцаараа хийсэн гэж мэдүүлж буй нь хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаас зөрүүтэй, өөрөөр хэлбэл, түүний энэхүү мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй, түүнчлэн Ч.Отай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй байдал нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх үндэслэл, шаардлагад нийцэхгүй байна.  Иймд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хорих ялын доод хэмжээнээс доош хорих оногдуулах үндэслэлгүй гэж дүгнэлээ.  

            6. Давж заалдах шатны шүүхээс ял хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Д.Бунжаа, шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/211 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.             

                 7. Шүүгдэгч Л.А, Ч.О нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2022 оны 12 дугаар сарын 08-ны  өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл тус тус цагдан хоригдсон нийт 46 /дөчин зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

                    1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/211 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Д.Бунжаа, шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

             2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Л.А, Ч.О нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл тус тус цагдан хоригдсон 46 /дөчин зургаа/ хоногийг тус тус  эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.МӨНХЖАРГАЛ

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

                                ШҮҮГЧ                                                           Л.АЛТАН