Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2024/0053/З |
Дугаар | 128/ШШ2024/0610 |
Огноо | 2024-08-05 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2024/0610
2024 08 05 128/ШШ2024/0610
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г*******” ХХК, РД:*******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ч,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.О,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Д, Г.Э нарын хоорондын “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/2821 тоот, Ашигт малтмал, газрын тосны газар, мөн газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2816, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8/1057 дугаар захиргааны актууд нь илт хууль бус акт болохыг тогтоож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар сарын 106.3.4-т заасныг үндэслэн хүчингүй болгож, “Г*******” ХХК-ийн XV- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хуульд заасан журмаар шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. “Г*******” ХХК-иас 2021 оны 06 дугаар сарын 14, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрүүдэд Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад хандан “Манай компани 2015 оноос Ө аймгийн Х суманд XV- дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа ба 6 дахь жил буюу 2 дахь удаагийн сунгалтаа хийлгэхээр орон нутаг руу холбогдох бичиг баримтаа хөөцөлдөхөөр 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 10-ны хооронд Ө аймаг руу нэвтрэх хүсэлтийг Улсын онцгой комиссоос хүссэн боловч цар тахалтай холбоотой тус аймгийг ногоон бүс байлгах зорилгоор, өвчний нөхцөл байдал хүндэрснээс, Ө аймаг тэг зогсолт хийсэн зэргээс бид явж холбогдох бичиг баримтаа бүрдүүлж адахгүйд хүрээд байна. Иймд манай тусгай зөвшөөрлийг сунгаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан
1.2. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2816, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8/1057 тоот албан бичгүүдээр “... тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргаагүй байна. Иймд танай хүсэлтийг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдье” гэсэн хариу хүргүүлсэн.
1.3. “Г*******” ХХК-иас 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 26 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад хандан “... тухайн үед биднээс үл шалтгаалах давагдашгүй хүчин зүйл үүссэн нөхцөл байдлыг үл хайхран хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдлийг маань удаа дараа хүлээн аваагүйгээс бид хохирч байгаад гомдолтой байна, шийдвэрлэж хариу өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасан.
1.4. Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/2821 тоот албан бичгээр “... хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж бүртгүүлээгүй тул уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болсон байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхэд хамаарах бөгөөд ... гомдлыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна” гэсэн хариу хүргүүлсэн байна.
1.5. “Г*******” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад тус тус холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/2821 тоот, Ашигт малтмал, газрын тосны газар, мөн газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2816, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8/1057 дугаар захиргааны актууд нь илт хууль бус акт болохыг тогтоож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар сарын 106.3.4-т заасныг үндэслэн хүчингүй болгож, “Г*******” ХХК-ийн XV- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хуульд заасан журмаар шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах” тухай нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гаргажээ.
1.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/2821 тоот, Ашигт малтмал, газрын тосны газар, мөн газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2816, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8/1057 дугаар захиргааны актууд нь илт хууль бус акт болохыг тогтоож, “Г*******” ХХК-ийн XV- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хуульд заасан журмаар шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах” гэж тодруулсан.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ““Г*******” ХХК нь Ө аймгийн Х сумын нутагт байрлах Ж******* нэртэй ХУ- дугаартай 12385,06 гектар талбайг хамарсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг билээ.
Уг зөвшөөрлийн хугацаа 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дуусаж, дахин 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сунгасан байсан болно. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу 2 дахь жилдээ сунгуулах хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан юм. Тухайн үед Ковид-19 цар тахлын үе байсан учир “Г*******” ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улсын онцгой комисст хандан “Дээрх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө батлуулах зайлшгүй шаардлагатай тул тус компанийн захирал Ш.Д*******, Г.Г******* нарыг Ө аймаг руу нэвтрэх зөвшөөрөл олгоно уу” гэсэн хүсэлт болон урьдчилан сэргийлэх 2 тун вакцин хийлгэсэн баримтын хамт хүргүүлсэн боловч Улсын онцгой комисс татгалзсан хариу өгсөн юм.
Ийм учир компанийн удирдлагын зүгээс 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д. Б*******д хандан дээрх нөхцөл байдлын улмаас байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулж чадаагүйн улмаас ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах материалаа өгч чадахгүй байгаа хүндэтгэн үзэх шалтгааныг үндэслэн “Г*******” ХХК-ийн ХҮ- дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж өгөхийг хүссэн хүсэлтийг, тусгай зөвшөөрөл сунгуулах төлбөр болох 1 000 000 /Нэг сая/ төгрөгийг төлсөн баримтын хамт хүргүүлсэн болно.
Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б******* нь хүсэлтээ хугацаандаа гаргаагүй учир тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан гэсэн хариуг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн байсан. Манай компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дуусах байсан учир хуульд зааснаар компанийн зүгээс байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг Х сумын Засаг дарга Б.Г******* болон Ө аймгийн Кадастрын албаар батлуулах шаардлагатай байсан. Гэвч улс даяар Ковид-19 цар тахлын хөл хорио цээрийн дэглэм тогтоосон, орон нутаг, хот хоорондын зорчих хөдөлгөөн бүрэн хаасан, тэг зогсолт хийсэн биднээс үл шалтгаалах нөхцөл байдал үүссэн байсантай холбоотойгоор компанийн зүгээс хууль зөрчиж, бүрэн бус материалаар хугацаа сунгуулах боломж байгаагүй.Ингээд бид 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дахин Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Д. Б*******д хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг харгалзан үзээд ХҮ- дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг хүргүүлсэн. Хариуцагч нь дээрх хүсэлтийг хүлээн авч 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8/1057 дугаартай албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн.
2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч тал Ашигт малтмал, газрын тосны газарт дээрх үндэслэлээр дахин хугацаа сунгуулах хүсэлт, гомдлын хамт гаргасан. Гэтэл 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/2821 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “Таны гомдлыг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан хугацаа хэтэрсэн” гэсэн хариу өгсөн зэрэг нь Цар тахлын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн 33, 35, 47.1.3, 47.2, 47.3-д заасныг болон Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус бүр зөрчсөн захиргааны акт илт хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгохоор энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь урьд нь захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч шүүх захиргааны хэрэг үүсгэсэн атлаа нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй шалтгаанаар 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 6030 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан байдгийг дурдах нь зүйтэй болно.
Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/2821 тоот “Хариу хүргүүлэх тухай”, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б*******гийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2816, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8/1057 тоот хариу хүргүүлсэн захиргааны актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.3-т заасан илт хууль бус акт болохыг тогтоож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасныг үндэслэн дээрх актуудыг хүчингүй болгож, “Г*******” ХХК-ийн Ө аймгийн Х сумын нутагт байрлах Ж******* нэртэй ХҮ- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хуульд заасан журмаар шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Г*******” ХХК нь Ө аймгийн Х сумын нутагт байрлах Ж******* нэртэй XV- дугаартай 12.385,06 гектар талбайг хамарсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Уг зөвшөөрлийн хугацаа 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дуусаж, дахин 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сунгасан байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу 2 дахь жилдээ сунгуулах хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан. Тухайн үед коронавирус цар тахлын үе байсан учир "Г*******" ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улсын онцгой комисст хандан “Дээрх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө батлуулах зайлшгүй шаардлагатай тул тус компанийн захирал Ш.Д*******, Г.Г******* нарыг Ө аймаг руу нэвтрэх зөвшөөрөл олгоно уу" гэсэн хүсэлт болон урьдчилан сэргийлэх 2 тун вакцин хийлгэсэн баримтын хамт хүргүүлсэн боловч 3 удаа татгалзсан хариу өгсөн. Иймд компанийн удирдлагын зүгээс 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б*******д хандан дээрх нөхцөл байдлын улмаас Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулж чадаагүй улмаас Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах материалаа өгч чадахгүй байгаа хүндэтгэн үзэх шалтгааныг үндэслэн “Г*******” ХХК-ийн XV- дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж өгөхийг хүссэн хүсэлтийг, тусгай зөвшөөрөл сунгуулах төлбөр болох 1.000.000 төгрөг төлсөн баримтын хамт хүргүүлсэн болно. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б******* нь хүсэлтээ хугацаандаа гаргаагүй учир тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан гэсэн хариуг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн. Манай компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дуусах байсан учир хуульд зааснаар компанийн зүгээс Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг Х сумын Засаг дарга Б.Г******* болон Ө аймгийн кадастрын албаар батлуулах шаардлагатай байсан. Гэтэл улс даяар коронавирус тахлын хөл хорио цээрийн дэглэм тогтоосон, орон нутаг, хот хоорондын зорчих хөдөлгөөн бүрэн хаасан, тэг зогсолт хийсэн биднээс үл шалтгаалах нөхцөл байдал үүссэн байсантай холбоотойгоор компанийн зүгээс хууль зөрчиж, бүрэн бус материалаар хугацаа сунгуулах боломж байгаагүй. Улсын Онцгой комисс ажил явдлаар уг зөвшөөрлийг өгдөг байсан. Бусад ажлаар Ө аймгийн Онцгой комисс цахимаар хүлээж авч байсан” гэв.
2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О шүүх хуралдаанд дүгнэлтдээ: “Нэхэмжлэлийн шаардлага Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/2821 тоот хариу хүргүүлэх тухай, Газрын тосны газар, мөн газрын Геологи урвал, уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б*******гийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2816, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8/1057 тоот хариу хүргүүлсэн захиргааны актуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2,47.3, 47.1.5,47.1.6-д тус тус заасныг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн үед Цар тахлын тухай хууль Монгол Улсад үйлчилж байсан. Мөн Засгийн газраас болоод тухайн аймаг, орон нутгаас коронавирустай холбоотой Ө аймгийн тухайд 06 дугаар сарын эхнээс 08 дугаар сарыг дуустал ногоон бүс, тэг зогсолт хийсэн. Аймаг, орон нутаг руу хүн нас барж, ажил явдал гарахаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарласан байсан. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, хүндэтгэн үзэх шалтгаан байсан. Нэхэмжлэгч талаас Ш.Д*******, н.Г******* гээд 2 хүн Ө аймаг руу нэвтрэх гэж Улсын онцгой комисс, Ө аймгийн Онцгой комисс руу хэд хэдэн удаа албан бичиг өгсөн. Менежментийн төлөвлөгөөг батлуулах шаардлагатай гэдэг талаар хандаж байсан.
Нэвтэрч орох зөвшөөрөл өгөөгүй учраас бид өөрсдийн биеэр очиж менежментийн төлөвлөгөөгөө батлуулах боломжгүй байсан. Менежментийн төлөвлөгөөг гаргасан боловч тухайн аймаг, орон нутгийн төрийн захиргааны байгууллагад хүргүүлж байна гэсэн талаар шийдвэрлэж чадаагүй байдаг. Онцгой байдлыг комисстой зууралдсаар тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан. Иймд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлээд Ашигт малтмал, газрын тосны газарт тусгай зөвшөөрлөө сунгуулъя гээд хандсан. Боломжтой байдал нь хураамжаа төлөөд, хүсэлтээ өгөх боломж байсан. Уг боломжоор хүсэлтээ өгөөд, хураамжид 1,000,000 төгрөг төлсөн байдаг. “Г*******” ХХК тусгай зөвшөөрөл болон лицензийн орлого гээд гүйлгээний утга бичсэн боловч тусгай зөвшөөрөл сунгах зориулалтаар төлсөн гэдгээ тайлбарладаг. Лицензийн орлогыг жилийн 72,000,000 төгрөгийг тусгай зөвшөөрөл цуцлагдахаас өмнө жил бүр төлж ирсэн. Хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсныг харгалзаж үзээд уг захиргааны актыг илт хууль бус акт болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Г*******” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/2821 тоот “Хариу хүргүүлэх тухай”, мөн газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б*******гийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2816, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8/1057 тоот хариу хүргүүлсэн захиргааны актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.3-т заасан илт хууль бус акт болохыг тогтоож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасныг үндэслэн дээрх актуудыг хүчингүй болгож, “Г*******” ХХК-ийн Ө аймгийн Х сумын нутагт байрлах Ж******* нэртэй ХҮ- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хуульд заасан журмаар шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Нэг. Ө аймгийн Х сумын нутагт байрлах “Ж*******” нэртэй 12385.06 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ- дугаартай тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагын кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 494 дүгээр шийдвэрээр “Г*******” ХХК-д анх олгожээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана”, 22.1.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар”, 22.1.2-т “Үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-д “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.4-д “Хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” гэж заасан. “Г*******” ХХК нь дээр дурдсан хуулийн хугацаанд ашигт малтмалын хайгуулын ХВ- дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө гаргаж өгөөгүй байна.
Хоёр. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна”, 47.3-т “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж хуульчилсан. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх заалтад “Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” бол уг тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохоор зохицуулсан.
Гурав. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж хуульчилсан хуулийн хугацаа хэтэрсэн байна.
Дөрөв: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-т “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан. Иймд дээрх хуулийн зохицуулалтыг үндэслэн “Г*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд нотлох баримтыг гаргаж өгсөн. 2 маргаан бүхий захиргааны актыг хэзээ, хэрхэн хүлээж авсан талаар Монгол шуудангийн буцалтаар ирээгүй. Кадастрын хэлтсийн даргад 2021 он, 2022 онд хүсэлт өгөөд 1 жил 3 сарын дараа дахин өгсөн. Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2023 онд хүсэлт өгсөн. Хэдий илт хууль бус боловч дурдаад явж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар уг баримтууд тогтоогдож байна гэж үзэж байна.
Нэхэмжлэгч талаас хэлж байна, Ө аймгийн хилд коронавирусын цар тахал гараад нэвтэрч чадахгүй байсан гэж байгаа. Монгол Улсад анхны тохиолдол 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэгдээд өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон боловч 05 дугаар сард хөдөлгөөн тодорхой хэмжээнд нээгдсэн. Засгийн газрын тогтоол нийтэд илэрхий байгаа учраас харагдана. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахад зайлшгүй биеэр очиж батлуулна гэсэн зүйл байхгүй, батлуулна, хүргүүлнэ гэж байгаа. 40 дүгээр зүйлд заасны дагуу Засаг даргад хүргүүлнэ. Монгол Улсын хэмжээнд шуудан, цахилгаан, бүх зүйл нээлттэй байсан, хүргүүлэх боломж байсан.
Үйлчилгээний хөлс 1.000.000 төгрөг төлсөн гэж байгаа. Гэтэл уг баримт хавтаст хэрэгт байхгүй. Албан бичигт хавсаргаж өгсөн нотлох баримтаар дансанд үйлчилгээний тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн, гүйлгээний утга нь тусгай зөвшөөрлийн төлбөр гэж байгаа. Үйлчилгээний хөлсийг тусдаа дансанд тушаадаг, 1.000.000 төгрөгийг яаж тушаах талаарх бүх баримтууд байгаа. Иймд үйлчилгээний хөлс гэж байхгүй, тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн гэсэн баримт байгаа. Хэдий үйлчилгээний хөлс гэж төлж байгаа бол 06 дугаар сарын 15-ны өдөр төлсөн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар сарын өмнө өргөдөл гаргах ёстой. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу ямар баримт бүрдүүлж сунгах өргөдлийг гаргах талаар хуульчилж өгсөн байгаа. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, зардлын доод хэмжээ баталгаажуулсан эсэх тайлан төлөвлөгөө гэсэн байтал “Г*******” ХХК-иас зардлын доод хэмжээ баталгаажуулаагүй, тайлан ирүүлээгүй. Иймд үйлчилгээний хөлс төлсөн гэж үзээгүй байгаа. Мөн тусгай зөвшөөрлийн хавсралт гэрчилгээ эх хувиар өгөх ёстой. Эдгээр баримтуудыг гаргаж өгөөгүй, сунгах өргөдөл өгөхөөс өмнө ямар хүндэтгэн үзэх шалтгаан байсан, яагаад хугацаандаа гаргаж өгөөгүй талаар төрийн захиргааны байгууллагад ирүүлж байсан талаар албан бичиг ирүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Г*******” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад тус тус холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/2821 тоот, Ашигт малтмал, газрын тосны газар, мөн газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2816, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8/1057 дугаар захиргааны актууд нь илт хууль бус акт болохыг тогтоож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар сарын 106.3.4-т заасныг үндэслэн хүчингүй болгож, “Г*******” ХХК-ийн XV- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хуульд заасан журмаар шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах” тухай нэхэмжлэлийг анх гаргасан.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/2821 тоот, Ашигт малтмал, газрын тосны газар, мөн газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2816, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8/1057 дугаар захиргааны актууд нь илт хууль бус акт болохыг тогтоож, “Г*******” ХХК-ийн XV- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хуульд заасан журмаар шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах” гэж тодруулж, нэхэмжлэлийн үндэслэлээ “цар тахлын улмаас хөл хорио тогтоосон байсан хугацаанд Улсын онцгой комисст хандаж Ө аймаг руу нэвтрэх зөвшөөрөл хүссэн боловч татгалзсан, энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад хүсэлтээ гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаантай талаараа мэдэгдсэн байхад тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6 дахь заалтуудад нийцээгүй” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 494 дүгээр шийдвэрээр “Г*******” ХХК нь Ө аймгийн Х сум, Ж******* нэртэй газар орших 12385.06 гектар талбай бүхий ашигт малтмалын XV- дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар олгож, 2018 оны 06 дугаар сарын 130-ны өдрийн 430 дугаар шийдвэрээр 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэжээ.
4. Маргааны үйл баримтын тухайд:
4.1. “Г*******” ХХК-иас 2021 оны 06 дугаар сарын 14, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрүүдэд Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад хандан “Манай компани 2015 оноос Ө аймгийн Х суманд XV- дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа ба 6 дахь жил буюу 2 дахь удаагийн сунгалтаа хийлгэхээр орон нутаг руу холбогдох бичиг баримтаа хөөцөлдөхөөр 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 10-ны хооронд Ө аймаг руу нэвтрэх хүсэлтийг Улсын онцгой комиссоос хүссэн боловч цар тахалтай холбоотой тус аймгийг ногоон бүс байлгах зорилгоор, өвчний нөхцөл байдал хүндэрснээс, Ө аймаг тэг зогсолт хийсэн зэргээс бид явж холбогдох бичиг баримтаа бүрдүүлж чадахгүйд хүрээд байна. Иймд манай тусгай зөвшөөрлийг сунгаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан
4.2. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2816, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8/1057 тоот албан бичгүүдээр “... тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргаагүй байна. Иймд танай хүсэлтийг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдье” гэсэн хариу хүргүүлсэн.
4.3. “Г*******” ХХК-иас 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 26 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад хандан “... тухайн үед биднээс үл шалтгаалах давагдашгүй хүчин зүйл үүссэн нөхцөл байдлыг үл хайхран хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдлийг маань удаа дараа хүлээн аваагүйгээс бид хохирч байгаад гомдолтой байна, шийдвэрлэж хариу өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасан.
4.4. Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/2821 тоот албан бичгээр “... хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж бүртгүүлээгүй тул уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болсон байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхэд хамаарах бөгөөд ... гомдлыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна” гэсэн хариу хүргүүлсэн байна.
5. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” заасан нөхцөл бүрдсэн үед захиргааны акт илт хууль бус болохоор хуульчилсан ба маргааны тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргаас “Г*******” ХХК-ийн хүсэлтүүдэд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2816 тоот, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8/1057 тоот албан бичгүүдээр “... Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагад тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргаагүй ... мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон байна” гэх хариу өгснийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
6. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” гэж, 11.2-т “Төрийн захиргааны байгууллагын ..., кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.26-д заасан асуудлыг эрхэлнэ” гэж тус тус заасан тул хариуцагч захиргааны байгууллагын хуулиар олгогдсон эрх хэмжээг хэрэгжүүлж нэхэмжлэгч хуулийн этгээдийн хүсэлтэд “... хүсэлтийг хүлээн авах боломжгүй” тухай хариу өгсөн шийдвэрийг илт хууль бус гэх үндэслэлгүй байна.
7. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах”-аар зохицуулж, хавсаргах баримтуудыг жагсаажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл,
7.1. Хайгуулын ажлын зардлын доод хэмжээ хангасан баримтыг хавсаргасан талаар нэхэмжлэлдээ дурьдаагүй, хариуцагчаас ирүүлсэн баримтад “2020 он баталгаажуулаагүй, 2016-2019 он хүртэлх хугацаанд баталгаажуулсан (1 дүгээр хавтаст хэргийн 118 дахь тал)” гэсэн,
7.2. Хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тайлан, хүлээлгэн өгсөн баримтыг мөн нэхэмжлэгчээс гаргаж ирүүлээгүй, хариуцагчаас ирүүлсэн баримтад “2017 оноос 2019 он хүртэлх хугацаанд хянуулсан, 2020 он хянуулаагүй(1 дүгээр хавтаст хэргийн 118 дахь тал)” гэсэн үйл баримтууд тогтоогдов.
8. Энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь маргаан бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад шаардлагатай баримтуудыг бүрдүүлж, захиргааны байгууллагад хүргүүлээгүй байх тул “XV- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хуульд заасан журмаар шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах” шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
9. Нэхэмжлэгчээс Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулах боломжгүй байсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэх боловч
9.1 Улсын онцгой комиссын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 15, 04 дүгээр сарын 19-ний өдрийн 33, 05 дугаар сарын 20-ны өдрийн 43 тоот албан бичгүүдээр “Г*******” ХХК-иас 2021 оны 06 дугаар сард ямар нэгэн хүсэлтийг цахимаар болон бичгэн хэлбэрээр Улсын онцгой комисст ирүүлээгүй байна” гэж,
9.2. Ө аймгийн Х сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1-62 тоот албан бичигт “... Г******* ХХК нь 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Х сумын Засаг даргын Тамгын газарт хандаж байгаагүй болно” гэж, 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1-83 тоот албан бичигт “... ашигт малтмалын хайгуулын XV- тоот тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх 2021 оны уулын ажлын болон байгаль орчны менежментийн төлөвлөгөө хүргүүлээгүй, батлуулах хүсэлт ирүүлээгүй болохыг тодорхойлов” гэж,
9.3. Ө аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 02/1441 тоот албан бичигт “... “Г*******” ХХК-ийн гаргасан хүсэлт нь Улсын онцгой комисст хандан гаргасан байх бөгөөд аймгийн Онцгой комисст тус компаниас 2021 оны 06 дугаар сард хүсэлт ирсэн бүртгэл байхгүй байна” гэсэн хариуг тус тус шүүхэд ирүүлснээс үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээргүй байна.
10. Иймд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргаас 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2816, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8/1057 тоот албан бичгүүдээр “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагад тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргаагүй ... мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон байна” гэж шийдвэрлэсэн нь хариуцагчид хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гарсан шийдвэр гэж үзнэ.
11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Ашигт малтмалын газрын нэг цэгийн үйлчилгээнд ажиллаж байсан ажилтан нь баримт дутуу учраас хүсэлтүүдийг хүлээж авахгүй байсан” гэж тайлбарлах боловч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д “...хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар” гэж зааснаас үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг шуудангаар хүргүүлэх боломжтой байсан нэхэмжлэгч хуулийн этгээд нь энэ хууль зүйн боломжийг ашиглаагүй, мөн хүсэлт, баримт бичгийг хүлээж аваагүйтэй холбоотойгоор гомдол, нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлээгүй байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
12. Нэхэмжлэгч нь “...“Г*******” ХХК-ийн XV- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хуульд заасан журмаар шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах” шаардлага гаргасан боловч өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай” 66 дугаар тогтоол гарснаас хойш болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт” гэж, 22.1.4-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт” гэж заасан баримтуудыг бүрдүүлсэн талаарх баримтуудыг шүүхэд ирүүлсэнгүй.
13. Энэ тохиолдолд зөвхөн “цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон байсан” гэх нэг үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй.
14. Иймд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2816, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8/1057 шийдвэрүүдийг илт хууль бус гэж үзэх боломжгүйн зэрэгцээ нэхэмжлэгч нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад гаргах өргөдлийн бүрдлийг хангаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
15. Ашигт малтмалын газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/2821 дугаартай албан бичиг нь нэхэмжлэгчээс 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 26 тоот албан бичгээр гаргасан “... тухайн үед биднээс үл шалтгаалах давагдашгүй хүчин зүйл үүссэн нөхцөл байдлыг үл хайхран хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдлийг маань удаа дараа хүлээн аваагүйгээс бид хохирч байгаад гомдолтой байна, шийдвэрлэж хариу өгнө үү” тухай гомдлыг шийдвэрлэж өгсөн хариу байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актад хамаарахгүй юм.
16. Тодруулбал “Г*******” ХХК-иас урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдсэн гомдлын хариу албан бичиг байх бөгөөд захирамжилсан шинжгүй, дангаар эрх зүйн үр дагавар үүсгээгүй албан бичиг байна.
17. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу “Г*******” ХХК-иас гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/2821 тоот актыг илт хууль бус акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучнаар/ 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2816, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8/1057 дугаар захиргааны актууд нь илт хууль бус акт болохыг тогтоож, “Г*******” ХХК-ийн XV- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хуульд заасан журмаар шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “Г*******” ХХК-иас гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/2821 тоот шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ