Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ДШМ/143

 

 

 

 

 

2022                02            01                                     2023/ДШМ/143                        

 

Б.И-, Д.Б- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Булганчимэг,

хохирогч Д.Б-ь, түүний өмгөөлөгч Р.Бадмаа,

шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг,

шүүгдэгч Б.И-, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Э.Шинэцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/1030 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг, шүүгдэгч Б.И-, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Э.Шинэцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Б.И-, Д.Б- нарт холбогдох 2209004430878 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

И-,

 

Б-,

 

Шүүгдэгч Б.И- нь Д.Б-тай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “гадаадаас их хэмжээний мөнгө орж ирнэ, 50.000.000 төгрөгийн шагналд 150.000.000 төгрөг болгож өсгөж өгнө, ашигтай бизнес хийнэ” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон Д.Б-ийн нэр дээрх Б- дүүргийн ******** тоот 76.72 мкв орон сууцыг 2020 оны 12 дугаар сарын 21-ны өдөр “Инвескор” ХХК-д зээлийн барьцаанд тавиулж, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Д.Б-, Д.Б-ь нар нь зээлийн гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийг бэлнээр авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Д.Б- нь Б.И-тай бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг жоншны уурхайд ерөнхий инженерээр ажилдаг ба нэг ачаа ачихад 150.000 төгрөг олдог, өдөрт 10 ачаа ачихад 1.500.000 төгрөг болно, таны мөнгийг 6 сарын дотор буцаагаад өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Д.Б-ийн нэр дээрх Б- дүүргийн ******** тоот 76.72 мкв орон сууцыг 2020 оны 12 дугаар сарын 21-ны өдөр “Инвескор” ХХК-д зээлийн барьцаанд тавиулж, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Д.Б-, Д.Б-ь нар нь зээлийн гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийг бэлнээр авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.И-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,

Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч И-, шүүгдэгч Б- нарыг бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.И-ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Д.Б-ыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар тус тус шийтгэж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-аас 30.495.115 төгрөг, шүүгдэгч Д.Б-аас 30.495.115 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Д.Б-ьд олгож, шүүгдэгч Б.И-, Д.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...И- “би бүх мөнгийг нь авсан болохоор хохирлыг бүрэн төлнө, та санаа зоволтгүй” гэж ярьсан учраас би төлөөгүй нь үнэн. Д.Б-ийг хохироосондоо уучлалт гуйж байна. Өөрт оногдсон хохирол болох мөнгийг ойрын хугацаанд төлж барагдуулна. Иймд миний ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Би маш их гэмшиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.И- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би Б Март /РД:НВ/ гэх эмэгтэйн үгэнд итгэж, заль мэхэнд хууртагдсан юм. Б.Март хэлэхдээ “Эгч нь 38 тэрбум төгрөгийг гадаадаас оруулж ирсэн. Зарим нэг албан тушаалтанд мөнгө өгөх хэрэгтэй байна. Энэ мөнгө 1 сарын дотор бүтнэ, надад мөнгө олоод өгвөл чамд байр авч өгье гэж хэлсэн. Тэгээд танил ах Д.Б-иас мөнгө авч Б.Мартад өгсөн. Тэр ахад маань бас байр авч өгнө гэсэн. Би тэр мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, Д.Б- ах бас нэг ч төгрөг аваагүй тул гомдолтой байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч М.Өлзийцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч Д.Б-ийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэрчээр, шүүгдэгч Б.И-ын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гэрчээр, мөн өдөр Д.Б-ын гэрчээр тус тус өгсөн мэдүүлэг зэргээс харахад Д.Б- нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл гэм буруу дээрээ огт маргадаггүй. Тэрээр 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон бөгөөд хорих 461 дүгээр ангид очсоны дараа биеийн эрүүл мэндийн байдал нь муудаж хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Чихний өвчний хүндрэлийн улмаас цаашид хагалгаа хийлгэх шаардлагатай талаар эмчилж буй эмч нь зөвлөсөн байдаг. Шүүхээс тогтоосон хохирол болох 30.495.115 төгрөгийг нөхөн төлөхөөр хохирогч Б-ьтай эвлэрлийн гэрээ байгуулсан. Д.Б- нь 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Монголжүюаньли” ХХК-д ажиллаж байгаа бөгөөд цаашид ажлаа хийж хохирогчид учруулсан хохирлоо ойрын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байгаа юм. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан зөрчигдсөн эрхийг сэргээх хохирлыг нөхөн төлүүлэх... гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд 10.000 нэгжээс 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан. Шүүхээс дээрх хоёр төрлийн ялын аль ч төрлийн ял шийтгэл оногдуулсан эрүүгийн хуулийн зорилго биелнэ гэж ойлгож байна.

Харин хорих ял оногдуулснаар хохирогч тал хохирол төлбөрөө авахад хугацаа алдах, хохирсон дээрээ илүү хохирох нөхцөл байдал харагдаж байна.

Иймд миний үйлчлүүлэгч Д.Б-ын хувийн байдал, хохирогчтой эвлэрсэн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал зэргийг нь харгалзан түүнд хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.И-ын өмгөөлөгч Э.Шинэцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэх дараах үндэслэлүүд байна.  Б.И-ын гэм буруугийн талаар дүгнэхдээ “...хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна..., ...гадаадаас их хэмжээний мөнгө орж ирэх нь үнэн бөгөөд хохирогчийг хуурч мэхлээгүй, энэ хэрэгт Март, Алтанзул гэх хүмүүсийг шалгах ёстой гэж шүүгдэгч нар мэдүүлж буй боловч шүүгдэгч нарын бусдыг залилан мэхэлж эд хөрөнгийг нь авсан гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхэд ...ач холбогдол багатай юм. ...мөнгөний асуудал үнэн, эсхүл худал болох талаар хэрэгт мэдээ баримт хомс байгаа боловч шүүгдэгч нь өөрөө үл мэдэх зүйлийн нэр барьж үүнийгээ мэдсээр байж зориуд бусдыг итгүүлэн үнэмшүүлж буй нь залилах гэмт хэргийн субъектив талын шаардлагыг бүрэн тодорхойлж байгаа болно” гэжээ. Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ, тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй, ингэж гэмээ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хэрэгждэг. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байж болох үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай тогтоож чадаагүй, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж хязгаарласан баримтууд хэрэгт авагдсан байхад түүнд ач холбогдол өгөөгүй, анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно’’ гэж зохицуулсан. Эрүүгийн хуулийн тайлбар болон бусад эх сурвалжуудад тайлбарласнаар залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн эсэхийг тогтоохын тулд мөрдөн шалгах, хянан шийдвэрлэхэд хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг олж авах гэсэн субьектив санаа зорилготой байсан эсэхийг зайлшгүй тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл гадаадаас их хэмжээний мөнгө орж ирэх эсэх нь үнэн байсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулах нь энэ хэргийг үнэн зөв бодитой, эргэлзээгүй шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан. Тухайлбал бодит байдлыг тогтооход хамгийн гол байж болох Март, Алтанзул гэх хүмүүсийг мөрдөн шалгах ажиллагааны явцад олж тогтоон, мэдүүлэг авах ажиллагааг хийснээр Март, Алтанзул нар нь гадаадаас их хэмжээний мөнгө орж ирсэн болох нь үнэн болох, хохирогчийг хуурч мэхлээгүй мөн Д.Б-иас авсан мөнгийг Б.И- аваагүй Мартад бэлнээр өгсөн талаар бодитой мэдүүлэг өгөх байсан. Энэ нь хэргийн бодит байдлыг тогтооход ч мөн Б.И-ын гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Б.И- нь хохирогч гэх Д.Б-иас авсан мөнгийг өөртөө зарцуулаагүй, Март гэх хүнд өгсөн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа хэлдэг. Яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бол нотлох баримтаар үнэлэгдэх ёстой. Гэтэл түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй, ач холбогдол өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн.

Хэрэгт авагдсан баримтуудтай нэг бүрчлэн танилцахад /хх 22 талд/ Д.Б-ь хохирогчоор мэдүүлэхдээ “дүүд нь 50 сая төгрөг хэрэгтэй байна барьцаанд нь би аавынхаа 1 өрөө байрныхаа гэрчилгээг өгье... гэж хэлсэн. ...Б.И-т хандан ахад нь танай аавын байрны гэрчилгээ хэрэггүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг, /хх 27 талд/ Б.И- гэрчээр мэдүүлэхдээ “...би мөн бусад байгууллагын тайлан тооцоог нь гаргаж мөнгөө олдог ч ковид өвчин гарснаар байгууллагууд ажлын санал тавихгүй орлогогүй болсон... байгууллагуудын тайлан тооцоог гаргаж мөнгө олж Б-ь ахад буцааж өгнө гэж бодож байсан боловч ажил олдоогүй...” гэх мэдүүлэг, /хх 30 талд/ гэрчээр “Р.А- мэдүүлэхдээ “...И- тухайн үед аавынхаа гэл үү ээжийнхээ 1 өрөө байрны гэрчилгээг барьцаа болгож өгье гэхээр нь би Б-ьд хандаж наад байрных нь гэрчилгээг аваад яах вэ нэг удаа тусалчих гэж хэлсэн.” гэж мэдүүлжээ. Мөн /хх 18 талд/ хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай мөрдөгчийн саналд “...мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй, эрүүгийн хэрэг үүсэх үндэслэлгүй” гэж шийдвэрлэж байсан талаарх баримт авагдсан. Дээрх мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд Б.И- нь Д.Б-иас авсан мөнгийг буцааж өгөхгүй санаа зорилго огт байгаагүй, ковидын нөхцөл байдлаас болоод төлбөрийг төлөх боломжгүй болсон. Мөн зээлийн барьцаанд аав ээжийнхээ 1 өрөө байрны гэрчилгээг өгөх талаар санал гаргахад Д.Б-ийн эхнэр Р.А- авах шаардлагагүй гээд аваагүй талаар тодорхой мэдүүлсэн зэргээс үзэхэд түүнд залилах санаа зорилго байгаагүй болохыг давхар нотолж байгаа юм. Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаар тогтоол зэрэг эх сурвалжуудад тайлбарласнаар “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субьектив санаа зорилго гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдаг.

Хавтас хэргийн 1 дүгээр талд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн прокурорын тогтоол, /хх 63-64 талд/ яллагдагч Б.И-т эрх, үүрэг тайлбарласан баримт, яллагдагчийн мэдүүлэг авагдсан. Гэтэл мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Э яллагдагч Б.И-аас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн прокурорын тогтоолтой холбоотой санал, хүсэлт байгаа эсэхийг тодруулаагүй, мэдүүлэгт энэ талаар тусгаагүй, мөн Б.И- өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэсэн байтал хуульд заасан өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлүүлээгүй, мэдүүлэг өгөх боломжоор хангаагүй байна. Хавтас хэргийн 136 дугаар талд хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд Б.И-ын гарын үсэг зурагдаагүй буюу хэргийн материалтай танилцуулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагч хэргийн материалтай танилцах эрхтэй гэсэн эрхээ эдлэх боломжоор хангалгүй хэргийг шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүх прокурор мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийг заалтыг чанд сахина” гэж заасантай нийцэхгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлуудад үнэлэлт дүгнэлт өгч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал...ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг удирдлага болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.И-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.И-ын өмгөөлөгч С.Дэлгэрмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал гэх үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Хэргийн үйл баримтаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.И-т мөнгө хэрэгтэй байсан нь өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлэг болон хохирогчийн өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогддог. Тухайн үед 50 сая төгрөгийн хэрэгцээ байсан. Март гэх хүнд мөнгө өгсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс тодорхой харагддаг. Дээрх мөнгийг анхнаасаа төлөхгүй байх санаа зорилгоор авсан гэдэг нь баримтаар нотлогдоогүй. Б.И- уг зээлийг төлж барагдуулах боломжтой. Эхний төлөлтүүдийг хийж байсан болох нь баримтаар тогтоогддог. Б.И- тухайн үед ажилтай, орлоготой байсан. Зээлийг буцаан төлөх зорилготой байсан гэдгийг нотолсон баримтууд хэрэгт авагдсан. Залилан мэхлэх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэн хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаар иргэний эрх зүйн харилцаанаас ялгагддаг. Б.И- анхнаасаа Д.Б-ийг хуурч мэхлэх зорилго агуулаагүй. Тухайн зээлсэн мөнгөө өгөхийг хүсэж байсан. Энэ байдал нь “эцгийнхээ 1 өрөө байрыг барьцаанд өгье” гэснээр харагдана. Гэтэл хохирогч Д.Б-ь “өндөр настай хүний байрыг аваад яах вэ” гэсэн байдаг. Анхнаасаа залилах санаа зорилго байхгүй байсан болох нь үүгээр нотлогдож байна. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалж хүнд байсан тул төлж чадаагүй гэх мэдүүлгийг Б.И- гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Хэрэгт Б- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал авагдсан байгаа. “Инвескор” банк бус санхүүгийн  байгууллага нь нэхэмжлэл гаргасан тул уг эрүүгийн хэрэг шалгагдаж байх явцад иргэний хэрэг шийдвэрлэгдсэн. Давж заалдах шатны шүүх дүгнэхдээ талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээ хүчин төгөлдөр, Д.Б-аас шаардах эрхтэй гээд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзсэн. Иргэний шүүхээс хамтран үүрэг гүйцэтгэгч гээд дүгнэсэн байхад эрүүгийн хариуцлага оногдуулж байгаа нь хэр үндэслэлтэй вэ. Иргэний шүүхээр шийдвэрлэгдсэн асуудлыг эрүүгийн гэмт хэрэг буюу залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гэж ял халдааж байгаа нь хууль хэрэглээний хувьд буруу гэх үндэслэлээр гомдол гаргасан. Шүүгдэгч Б.И- нь 45 настай, гэр бүл зохиож байгаагүй, эх хүн болоогүй, 2 жил гаруй хугацаанд хоригдохоор хүүхэд гаргах нас нь оройтох гээд байдаг. Хохирлыг төлөх талаар хохирогчтой тохиролцсон асуудал байдаг. Дээрх байдлыг харгалзаж үзээд иргэний харилцаа гэдэг талаас нь дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Д.Б-ь тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Д.Б-ын тухай яръя. Бор-Өндөрийн жоншны уурхайн ерөнхий инженер, сард 5.000.000 төгрөгийн цалин авдаг, боломжтой хүн. Би хохирлыг барагдуулах байх гэж 3 жил хүлээсэн. Хүүг нь төлнө гэж надаас 50.000.000 төгрөг зээлсэн. Энэ хурлын өмнөхөн Д.Б- 3.000.000 төгрөгийг надад өгсөн.  Д.Б-ын биеийн байдал хүнд байгаа юм байна. Иймд ялыг нь хөнгөрүүлж өгнө үү. Цаашид хохирлыг төлөх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч Б.И-ын хувьд мөн ялыг нь хөнгөрүүлж өгнө үү. Айлын ганц хүүхэд юм байна. Мөнгийг өөр хүнд өгсөн гэдэг. ...” гэв.

 

Хохирогч Д.Б-ийн өмгөөлөгч Р.Бадмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Д.Б- үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрдөг. Шүүгдэгч Б.И-ын хувьд мөнгийг өөрөө аваагүй. Март гэх хүнд өгсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж байна. Анх хэргийг шалгаж байхад цагдаагийн хэлтсийн гадаа би Б.И-тай уулзаад “чи энэ мөнгийг яасан юм бэ” гэхэд “би зээлтэй байсан түүндээ өгсөн. Мөн ойр зуурын зүйлдээ хэрэглэсэн” гэсэн. “Март гэх хүнд өгсөн юм уу” гэхэд, “өгсөн, өгөөгүй” гээд янз янзаар мэдүүлдэг. Тэр хүнийхээ хаягийг мэдэхгүй гэдэг. Бидний зүгээс Март гэх хүн байхгүй гэж үзэж байна. Бид мөнгөө авахын тулд эдгээр хүмүүсийг шалгуул гэж хэлсэн. Б.И-, Д.Б- нар нэг жил гаруй хугацаанд шалгагдсан. Энэ хугацаанд хохирлыг барагдуулах бүрэн бололцоотой байсан. Хохирогч Б.Б-ь маш зөөлхөн хүн. Хохирлоо л өгчих юм бол хориулаад байх шаардлагагүй гэж эхнээсээ хэлсэн. Хохирлыг барагдуулна гэж хэлдэг боловч барагдуулдаггүй. Хэргийн хувьд бүрэн дүүрэн нотлогдсон гэж үзэж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг дээр санал нийлэхгүй байна. Бусад асуудлыг шүүх шийдвэрлэх байх. ...” гэв.

 

Прокурор Э.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.И-, Д.Б- нар залилах гэмт хэрэг үйлдсэн болох мөрдөн шалгах ажиллагааны явцад нь хангалттай тогтоогдсон. Анхнаасаа хохирогч Б.Б-ь мэдүүлгээ тогтвортой мэдүүлсэн. Шүүгдэгч Б.И- нь “гадаадаас их хэмжээний мөнгө орж ирнэ, таны 50 сая төгрөгийг 150 сая төгрөг болгож өсгөж өгнө. Ашигтай бизнес хийнэ” гээд урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, худлаа амлалт өгч хохирогчийн нэр дээрх эд хөрөнгийг барьцаанд тавиулж мөнгө авсан. Шүүгдэгч Д.Б- нь Хэнтий аймгийн Бор өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг жоншны уурхайд ерөнхий инженерээр ажилладаг. Таны мөнгийг төлөх боломжтой гэж гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж худал хэлж, хуурч хохирогчийн эд хөрөнгийг залилсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Март гэх хүний талаар яриад байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Март гэх хүний талаар огт дурдаагүй. Шүүхийн шатанд л ярьж эхэлэсэн. Март гэх хүнд мөнгийг өгсөн бол баримт байх ёстой. Гэтэл баримт байдаггүй. Хохирогч Б.Б-иас Б.И-, Д.Б- нар мөнгө авсан болох нь хангалттай тогтоогдсон. Үнэхээр Март, Алтанзул гэх хүмүүст залилуулсан юм бол цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаад шалгуулах бүрэн боломжтой байсан. Яллагдагч Б.И-т хуульд заасан эрх, үүргийг танилцуулж мэдүүлэг авсан. Яллагдагч нь өөрийн хийсэн үйлдлийг нотлох үүрэг хүлээхгүй тул прокурорын зүгээс мэдүүлгийг нь нотлох баримтаар үнэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Б.И-, Д.Б- нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.И- нь Д.Б-тай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “гадаадаас их хэмжээний мөнгө орж ирнэ, 50.000.000 төгрөгийг 150.000.000 төгрөг болгож өсгөж өгнө, ашигтай бизнес хийнэ” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон Д.Б-ийн нэр дээрх Б- дүүргийн ******** тоот 76.72 мкв орон сууцыг 2020 оны 12 дугаар сарын 21-ны өдөр “Инвескор” ХХК-д зээлийн барьцаанд тавиулж, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Д.Б-, Д.Б-ь нар нь  зээлийн гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийг бэлнээр авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

шүүгдэгч Д.Б- нь Б.И-тай бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг жоншны уурхайд ерөнхий инженерээр ажилдаг, нэг ачаа ачихад 150.000 төгрөг олдог, өдөрт 10 ачаа ачихад 1.500.000 төгрөг болно, таны мөнгийг 6 сарын дотор буцаагаад өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Д.Б-ийн нэр дээрх Б- дүүргийн ******** тоот 76.72 мкв орон сууцыг 2020 оны 12 дугаар сарын 21-ны өдөр “Инвескор” ХХК-д зээлийн барьцаанд тавиулж, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Д.Б-ьтай зээлийн гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийг бэлнээр авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.Б-ийн “...Б.И- манай гэрт ирж надтай уулзахдаа “дүүд нь мөнгөний хэрэг байна, та мөнгө байвал зээлээч” гэж хэлсэн. “Юу болсон юм бэ, яагаад чамд мөнгө хэрэгтэй болов” гэхэд “манай эгч Мартын дансанд гадаадаас сарын дотор их хэмжээний мөнгө орж ирнэ, дүүд нь 50.000.000 төгрөг хэрэгтэй байна, барьцаанд нь би аавынхаа 1 өрөө байрны гэрчилгээг өгье, мөнгөний чинь шагналд 150.000.000 төгрөг болгож өгье” гэж хэлсэн. ...Тэгэхээр нь өөрийн нэр дээр байдаг Б- дүүргийн 8 дугаар хороо, 3 хороолол 108 тоот 2 өрөө 76м/кв байрны гэрчилгээ, газрын гэрчилгээ, машины гаражийн гэрчилгээ зэргийг Б.И-т өгч “ахад нь мөнгө олдохгүй байна, надад байгаа үл хөдлөх хөрөнгө энэ байна” гэж өгсөн. ...“Инвескор” ББСБ дээр очиход Б.И-, Д.Б-, танихгүй хүнтэй хамт гурвуулаа байсан. Тухайн өдөр би Д.Б-тай анх удаа уулзсан. Д.Б- нь “Хэнтий аймаг Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг хятад эзэнтэй жоншны уурхайд ерөнхий инженер ажилтай хүн байгаа юм, таны мөнгөөр уурхайд ковш худалдаж аваад нэг ачаа ачихад 150.000 төгрөг болдог өдөрт 10 ачаа ачихад 1.500.000 төгрөг болно, таны мөнгийг 6 сарын дотор буцаагаад өгнө, байрны гэрчилгээг чинь аваад өгнө” гэж хэлсэн. Тэгээд бид нар хоорондоо тохиролцож “Инвескор” ББСБ-д Б- дүүргийн 8 дугаар хороо, 3 хороолол 108 тоот 2 өрөө 76м/кв байрны гэрчилгээг 50.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тухайн мөнгийг миний дансанд хийж бид нар банкин дээр очиж би 50.000.000 төгрөгийг бэлнээр гарган авч Б.И-, Д.Б- нарт хүлээлгэж өгсөн. ...” /1хх 22/,

гэрч Р.А-ийн “...2020 оны 12 дугаар сард “Инвескор” ББСБ-аас манай нөхрийг дуудах үед нь би хүүгийн хамт очсон. Очиход Б.И- нь Д.Б- гэх хүнтэй хамт байсан. Д.Б- гэдэг хүнтэй анх удаа банк бус санхүүгийн байгууллага дээр очиж танилцсан. Д.Б- гэдэг хүн “би уурхайд ерөнхий инженер ажилтай, уурхайд ковш оруулж ачаа ачиж буулгадаг ажил хийх гэж байгаа, их ашигтай, та нарын мөнгийг 6 сарын дотор төлж барагдуулна, ашигтай бизнес” гэж хэлсэн. Ингээд банк бус санхүүгийн байгууллагаас 50.000.000 төгрөгийн зээлийг гаргаж өгсөн. ...Б.И- нь Д.Б-тай хамт залилж манай байрыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиулсан байна. ...” /1хх 30/,

Д.Б-ын яллагдагчаар өгсөн “...Б.И- надад “энэ хөрөнгийн эзэн нь настай хүн болохоор зөвшөөрдөггүй юм байна, тийм болохоор та надтай хамтраад ямар нэг үйл ажиллагаа явуулдаг, бизнес эрхэлдэг хүн болж өгөөд зээл аваад өгөөч” гэж гэсэн. ...Д.Б-ь гэх хүний 2 өрөө байрыг барьцаанд тавихдаа “Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд уул уурхайд ажилладаг, уурхайд ковш түрээслээд ачаа ачиж буулгадаг ажил хийнэ, сарын түрээс өндөртэй, энэ зээлийг маш богино хугацаанд дарах боломжтой” гэж худал хэлж Б.И-т 50.000.000 төгрөгийг зээл авч өгсөн. ...Би уурхайд ковш оруулж ачаа ачиж буулгах ажил хийж байгаагүй. ...Банк бус санхүүгийн байгууллага дээр очиход надаас “та зээл авч энэ мөнгөөр юу хийх вэ” гэж асуухад нь “мөнгөөрөө уурхайд ковш оруулж ачаа ачиж буулгаж ажил хийх гэж байгаа юм, шинэ ковш 130.000.000 төгрөг байдаг юм байна, хэрвээ урьдчилгаа 50.000.000 төгрөг өгөх юм бол ковшны урьдчилгаанд ашиглана” гэж хэлээд банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан. ...” /1хх 66-67/

Б.И-ын гэрчээр өгсөн “...Д.Б-ь ахын барьцаанд тавиулсан 2 өрөө байрны 50.000.000 төгрөгийг би авч үрсэн, цалингийн зээл, бага сага өрөө дарж, үлдсэн мөнгийг нь хувийн хэрэгцээндээ зарцуулж дууссан. ...” /1хх 27/ гэсэн мэдүүлгүүд,

 

“Инвескор ББСБ”, Д.Б-ь, Б.А-, Р.А- болон Д.Б- нарын хооронд 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /1хх 85-88/, ипотекийн гэрээ /1хх 89-91/, Д.Б-ийн **** тоот дансны зарлагын баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 94, 115/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.И-, Д.Б- нар ямар гэм буруутай, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Б.И- нь “гадаадаас их хэмжээний мөнгө орж ирнэ, 50.000.000 төгрөгийн шагналд 150.000.000 төгрөг болгож өсгөж өгнө, ашигтай бизнес хийнэ” гэж хохирогч Д.Б-ьд хэлж, мөн Д.Б-ыг зээл авахад туслаач гэж гуйн Д.Б- нь “Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд уул уурхайд ажилладаг, уурхайд ковш түрээслээд ачаа ачиж буулгадаг ажил хийнэ, сарын түрээс өндөртэй, энэ зээлийг маш богино хугацаанд дарах боломжтой” гэж хохирогчид хэлж итгүүлэн түүнийг хуурч орон сууцыг нь барьцаанд тавиулж, 50.000.000 төгрөг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл заалтыг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэр болон 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тус тус тодорхой заасан байна.

 

Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой билээ.

 

Энэ хүрээнд гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчин чармайлтаар хүч нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотолсон байвал зохино.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Д.Б- нь зээлж авсан 50.000.000 төгрөгнөөс аваагүй гэх боловч Б.И-ын залилах гэмт хэрэгт нь туслан, өөрийгөө “уул уурхайд ажилладаг, ковш түрээслээд ачаа ачиж буулгадаг ажил хийнэ, сарын түрээс өндөртэй, энэ зээлийг маш богино хугацаанд дарах боломжтой” гэж хохирогчид итгүүлэн орон сууцыг нь барьцаанд тавиулж, зээл авхуулсан үйлдэл нь урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.И-, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Э.Шинэцэцэг нар “...Б.Март гэх хүнд Д.Б-иас авсан мөнгийг өгсөн байхад тэр талаар ажиллагаа хийгээгүй, хохирогчийг залилах санаа сэдэлт байгаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.

 

Зарим тохиолдолд залилах гэмт хэргийн субъект нь хохирогчтой шууд харилцаа бий болгохгүйгээр тухайн хохирогчийн эд хөрөнгийг өөрт шилжүүлэн авч хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн этгээд, эсхүл хохирогчоос тухайн эд хөрөнгийг гаргуулан авч чадах итгэл хүлээлгэсэн гуравдагч этгээдтэй хамтран төөрөгдүүлж жинхэнэ хохирогчийн эд хөрөнгийг дам байдлаар зувчуулан авсан үйлдэл мөн энэ гэмт хэргийн шинжид нэгэн адил хамаарна.

 

Шүүгдэгч Б.И- нь хохирогч Д.Б-ийн эд хөрөнгийг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авах зорилгоор урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглахдаа түүнд Л.Б-ыг “уул уурхайд ажилладаг, уурхайд ковш түрээслээд ачаа ачиж буулгадаг ажил хийнэ, сарын түрээс өндөртэй энэ зээлийг маш богино хугацаанд дарах боломжтой” хэмээн хуурч хохирогч Д.Б-иас 50.000.000 төгрөгийг гаргуулан авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн дээрх шинжийг бүрэн хангажээ.

 

Түүнчлэн Б.И-, Д.Б-ын нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч нар н Март, Алтанзул гэх хүмүүсийн талаар огт дурдаагүй, дээрх хүмүүсийг шалгуулахаар хүсэлт гаргаж байгаагүй, нэр дурдсан хүмүүстэй холбоотой баримт авагдаагүй байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.И-, Д.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тухайн зүйл заалтад зааснаар Б.И-т 2 жил 6 сарын хорих ял, Д.Б-т 2 жил 1 сарын хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул хорих ялыг хөнгөрүүлэх тухай Д.Б-, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг, шүүгдэгч Б.И-, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Э.Шинэцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.И-, Д.Б- нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 91 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Шүүгдэгч Д.Б- нь хохирогч Д.Б-ийн Хаан банкны **** тоот дансанд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 3.000.000 /гурван сая/ төгрөгийг шилжүүлсэн баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/1030 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарын гаргасан болон шүүгдэгч Б.И-, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Э.Шинэцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Д.Б- нь хохирогч Д.Б-ийн Хаан банкны **** тоот дансанд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 3.000.000 /гурван сая/ төгрөг шилжүүлсэн болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-, Д.Б- нарын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 91 /ерэн нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН