| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0086/Э |
| Дугаар | 83 |
| Огноо | 2018-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Ж.Энх-Амгалан,
Хохирогч О.О
Шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Л.Цэндоо /ҮД:0004/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зээрд овогт Агийн М-д холбогдох 1708022420341 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн системийн инженер мэргэжилтэй, “...” ХХК-д менежер ажилтай, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо ...тоотод оршин суух,
2008 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Зээрд овогт Агийн М /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.Үүнд:
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Шүүгдэгч А.Мын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр утсаар О руу 13 цагийн үед залгаад үлдэгдэл мөнгөө хийхгүй бол би сандлаа авъя гэж хэлсэн чинь тэг тэг ирээд ав гээд уурлахаар нь утсаа тасалчихаад 15 цагийн үед гурвалжин барилгын материалын захаас “амжиргаа цагаан” гэж хэлдэг жижиг ачааны машин хөлсөлж аваад Оы ажиллуулдаг “РС” тоглоомын газар очсон. Би “РС” рүү нь ганцаараа орсон, жолооч гадаа машиндаа үлдсэн. Би “РС” рүү ороход тоглоомын цаг бүртгэж мөнгө авдаг касс хийдэг залууд Оы мөнгө төлөх талаар бичиж өгсөн цаасыг үзүүлээд үлдэгдэл мөнгөндөө ирж сандлаа ав гэсэн гэж хэлээд О байгаа юу гэж асуухад байхгүй гэсэн. Тэгэхээр нь би захирал руугаа ярьчих би сандал авах ёстой хүн байгаа юм, өөртэй нь ярьсан гэж хэлчихээд өөрийнхөө сандлуудаас 3-ыг нь авах гэтэл хүүхдүүд тоглоод дээр нь сууж байхаар нь өөр сандал авч өгөөд өөрийнхөө зарсан сандлыг зөөгөөд үүд рүү дөхүүлж байтал хойно байх өрөөнөөс О гарч ирээд миний өгсөн мөнгийг буцааж өг гэхээр нь ямар өгсөн мөнгө яриад байна гэтэл миний дансаар шилжүүлсэн мөнгийг өгөөд сандлаа аваад зайл гэсэн, тэгэхээр нь би тийм юм байхгүй, та нар бараг 1 сар гаран хэрэглэчихээд дээр нь надаас унааны мөнгө, тээврийн зардал гаргуулчихаад давхар шатахгүй, үлдэгдэл мөнгөндөө 3 сандлаа авна гэж хэлсэн. Тэгтэл утсаараа 1 хүн рүү залгаад хүрээд ир намайг дээрэлхээд байна гэх мэт сонин сонин юм яриад байсан. Тэгээд над руу орилж хашгичаад чамайг ёстой мэдэхгүй юм байна, хачин болгоноо чамайг харж байгаарай, чи хэнтэй орооцолдсоноо мэдэхгүй байна гээд байсан. Над руу хашгичиж байх үед би 3 сандлаа үүдэнд дөхүүлсэн байсан бөгөөд сандлаа 1, 1-ээр нь шатаар буулгаад гарах гэтэл багтахгүй бүргэд хаалганы хавтас нь цоожтой байсан. Би хаалганы 1 талын хавтсыг онгойлгох үед хөлсөлж авсан жолооч ирээд тусалсан, тэр хооронд О 1 хүн рүү утсаар яриад зогсож байсан бөгөөд байж бай чи, хүн ирэхээр учраа олно гээд байсан. Тухайн үед юу гэж хэлж ярьсныг нарийн сайн санахгүй байна. Тэгээд эхний сандлаа авчихаад 2 дахь сандлаа орж аваад машин дээр ачсан. Тэр үед жолооч машиныхаа хажууд хараад зогсож байсан. Тэгээд 3 дахь сандлаа очиж авах гээд явах үед О чамайг явуулахгүй гэж хэлээд ачсан байсан 2 сандлыг ачааны машин дээрээс татаж унагаад хажууд байсан жижиг машиныг сандлаараа цохиж байгаа харагдсан. Тэр үед би сандлаа буцаагаад машин дээр ачсан. Тэр үед жолооч бүргэд хаалганы гадаа зогсож байсан, бүргэд хаалга онгорхой байсан. ...куртикны зүүн талын мөрнөөс зуураад байхаар нь гараараа баруун гар руу нь хойшоо түлхээд тавиулсан чинь хөл алдаад шатанд бүдрээд зүүн талаараа унаад гараараа тулаад босож ирсэн. Шат руу унахаасаа өмнө намайг гараараа цохиж маажих гээд байхаар нь биеэ хамгаалаад түлхсэн юм. Шатан дээр уначихаад босож ирэхдээ чи намайг яахаараа зоддог юм гэж хэлээд орилж хашгираад байсан. Тэр үед ажлын газрын залуу нь гүйж ирээд намайг чи хүн зодлоо гээд өмдний тэлээнээс татаад тавихгүй байхаар нь тэр залууг багалзуурдаж аваад тавь гэж хэлээд гарыг нь тавиулсан. Тэгээд би хаалгаар нь гараад машиндаа суугаад 2 сандлаа аваад явсан. ... хохиролд 270,000 төгрөг нэхэмжилснийг төлсөн, би хөхний имплантыг гэмтээгээгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42, 43-46 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.2.Хохирогч О.Оы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...М ирчихсэн надад зарсан сандлаасаа 2 сандал гаргаад машин дээр тавьчихсан, дахиад 1 сандал зөөж байхаар нь чи ингэж болохгүй би чамд 210,000 төгрөгийн өртэй авбал 2 сандал ав, 3 сандал авбал зөрүү мөнгийг нь өгөх ёстой гэтэл тийм юм байхгүй чамд яахаараа мөнгө өгдөг юм гэж хэлэхээр нь чи бүх сандлаа аваад яв, миний өгсөн мөнгийг өг гэтэл хуц гэж хэлсэн. Би сандлаа өгөхгүй гээд нэг талаас нь зуураад, М нөгөө талаас нь зуураад булаацалдаад маргалдсан чинь миний хөл рүү өшиглөхөд нь би шат руу унасан. Унахдаа шат руу зүүн гараараа тулаад гулгасан. Би босож ирээд чи яахаар хүн зоддог юм гээд орилсон чинь цээжний баруун талд гараараа цохих үед би хойшоогоо шатны уруу нуруу хэсгээрээ унасан, тэр үед манай ажилтан Ц гарч ирээд та эмэгтэй хүн цохиод байхдаа яадаг юм гэж хэлээд Мыг бариад авсан. ...миний цээж рүү цохисны улмаас баруун талын хөх хагарсан талаар цээжний томографид харуулахад хэлсэн. Би Мыг цохих үед хагарсан гэж бодож байгаа. Яагаад гэвэл М цээж рүү гараараа цохисон. Тэгж их өвдсөн зүйл тухайн үед байгаагүй. Цохих үед хүчтэй цохилтын мэдрэмж төрсөн. Шүүх эмнэлэгт үзүүлэх үед хөхний инфлант хагарсан байх магадлалтай талаар хэлсэн, эмч дүгнэлтдээ тусгасан байсан. Гадны биет учраас энэ гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж хэлж байсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа, гэхдээ намайг цохисны улмаас миний баруун талын хөх хагарсан гэж үзэж байна. би хиймэл хөхөө Тайланд улсын нэрийг нь мэдэхгүй эмнэлэгт 2010 оны үед 2 хөх хосоор нь хийлгэсэн. Тухайн үед Монгол мөнгөөр хэдэн төгрөгөөр хийлгэсэн талаар мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар 10.000 ам доллар болсон байх, гэхдээ нарийн гаргасан баримт байхгүй. Тэгээд Тайланд улсад байх эмнэлэгт хандсан боловч хөх хийлгэсэн талаар мэдээлэл өгөхгүй байгаа. Хөх хийлгэсэн талаарх баримт одоо байхгүй. ...Би А.Мтой маргалдаж цохиулсны улмаас толгойн болоод цээжний томограф хийлгэсэн, 270,000 төгрөг болсон, рентген зураг 40,000 төгрөг /баримт байхгүй/, таксинд 100,000 орчим төгрөг зарцуулсан. 10,000 гаруй төгрөгийн эм авсан. /баримт бас байхгүй/. Мөн хиймэл хөхийг хагалсан учир үүнийг дахиж хийлгэх, хагалгаанд орох зардлыг төлүүлж авмаар байна. Хэдэн төгрөгний зардал гарах талаар мэдэхгүй байна. Энэ талаар ямар нэгэн баримт байхгүй. Би гомдолтой байна, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-21 х/,
1.3.Хохирогч О.Оы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би facebook дээр сандал 80,000 төгрөгөөр зарна гэсэн байхаар нь утсаар нь холбогдоод сандал авсан. Сандал авсан мөнгөнөөс 210,000 төгрөг төлөгдөөгүй байсан. Би дуудлага худалдаагаар 3 өрөө байраа 90 сая төгрөгөнд заруулаад амьдрал маш хүнд хэцүү байсан, Мөнхоргилд үнэн учраа хэлээд хүлээж байгаач үлдсэн мөнгийг нь өгнө, би бууз, прошки хийж зарж байгаа гэж хэлсэн. Тэгээд цаад өрөөндөө прошки хийгээд байж байтал М ирчихсэн надад зарсан сандлаасаа 2 сандал гаргаад машин дээр тавьчихсан, дахиад 1 сандал зөөж байхаар нь чи ингэж болохгүй би чамд 210,000 төгрөгийн өртэй авбал 2 сандал ав, 3 сандал авбал зөрүү мөнгийг нь өгөх ёстой гэтэл тийм юм байхгүй чамд яахаараа мөнгө өгдөг юм гээд элдэв өнгөөр хэлээд байсан. Би чамд ерөөсөө чиний хэлж байгаа шиг үг хэлээгүй, харин чи их муухай үгээр хэлж байсан, чи залуу хүн ингэж болохгүй, би 4 хүүхэдтэй, 3 нь эрэгтэй, надад чам шиг хүүхэд байна. Чи залуу хүн байж арай ингэж болохгүй. Тэгээд би сандлаа өгөхгүй гээд нэг талаас нь зуураад, М нөгөө талаас нь зуураад булаацалдаад маргалдсан чинь миний хөл рүү өшиглөхөд нь би шат руу унасан. Унахдаа шат руу зүүн гараараа тулаад гулгасан. Би босож ирээд чи яахаар хүн зоддог юм гээд орилсон чинь цээжний баруун талд гараараа цохих үед би хойшоогоо шатны уруу нуруу хэсгээрээ унасан, тэр үед манай ажилтан Ц гарч ирээд та эмэгтэй хүн цохиод байхдаа яадаг юм гэж хэлээд Мыг бариад авсан. ...миний цээж рүү цохисны улмаас баруун талын хөх хагарсан талаар цээжний томографид харуулахад хэлсэн. Би Мыг цохих үед хагарсан гэж бодож байгаа. М цээж рүү гараараа цохисон. Цохих үед надад их өвдөл мэдрэгдээгүй, хүчтэй цохилтын мэдрэмж төрсөн. Шүүх эмнэлэгт үзүүлэх үед хөхний инфлант хагарсан байх магадлалтай талаар хэлсэн, эмч дүгнэлтдээ тусгасан байсан. Гадны биет учраас энэ гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж хэлж байсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа, гэхдээ намайг цохисны улмаас миний баруун талын хөх хагарсан гэж үзэж байна. Би залуудаа муухай хүүхэн байгаагүй, гэхдээ 4 хүүхэд гаргасан болохоор хөх унжаад хэлбэргүй болсон болохоор нь Тайланд улсын эмнэлэгт 2010 оны үед 2 хөх хосоор нь хийлгэсэн. Баримт нь хараахан ирээгүй байна, би хүсэлт явуулсан байгаа. Эмч нар цус гарах юм бол амь насанд чинь аюултай гэж хэлсэн. Азаар одоогоор цус гараагүй, хэзээ цус гарахыг нь би мэдэхгүй байна. ...Би А.Мтой маргалдаж цохиулсны улмаас толгойн болоод цээжний томограф хийлгэсэн, 270,000 төгрөг болсон, рентген зураг 40,000 төгрөг, таксинд 100,000 орчим төгрөг зарцуулсан. Би хөхнөөс цус гарахаас нь өмнө дахиж хийлгэх, хагалгаанд орох зардлыг төлүүлж авмаар байна. Би гомдолтой байна, 270,000 төгрөг авсан. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
1.4.Гэрч Г.Цогбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Оаа эгч үүдний шатан дээрээс зодоод байна гэж орилохоор нь очих үед О эгч шатнаас унаад босож байсан, би очоод нөгөө залууг чи яагаад байгаа юм бэ гэтэл нөгөө залуу намайг заамдаж авснаа зүгээр байгаарай гэж хэлчихээд тавиад цаашаа 1 сандал бариад явсан. ...зүүн талаараа шатан дээр унаад дээшээ босож байсан, баруун гараараа шат түшээд дээшээ өндийж байгаа нь харагдаж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 28-29 х/
1.5.Шинжээчийн 13593 тоот дүгнэлт
“... 2017.10.28-ны өдрийн Цээжний хөндийн КТГ-д: ..., хоёр талын хөхөнд инфлант хийгдсэн ба баруун талын инфлантыг зүүн талтай харьцуулахад хэмжээгээр бага зэрэг жижгэрсэн, инфлантын гадаргуу жигд бус, гадаргууны гадна хэсгээр инфлантын шингэн тархсан өөрчлөлт тодорхойлогдоно./Инфлант хагарсан байх магадлалтай/.Зүүн талын инфлантын гадаргуу жигд, бүтцийн өөрчлөлтгүй гэжээ.
1.О.Оы биед зүүн бугалга, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдалтанд нөлөөлөхгүй”. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа /хх 32 х/,
1.6.Шинжээч Ш.Цэцэгмаагийн “... Оы биед үүссэн цээжинд цус хуралт гэмтэл нь цохилтын болоод уналтын аль алинд нь үүсэх боломжтой. ... баруун талын хөхний инфлант хагарсан байсан ч гадны биет учраас гэмтлийн зэрэгт хамаарахгүй ... ” гэх мэдүүлэг /хх 145-146 х/,
1.7.О.Оы Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх 3 х/,
1.8.Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 141 х/,
Хоёр:Хувийн байдлын талаарх нотлох баримтууд.
2.1.А.Мыг ажилд томилсон “ИННОВА” ХХК-ийн захирлын тушаал /хх 60 х/
2.2.А.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 65 х/
2.3.Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 66 х/
Гурав:Хохирлын талаарх баримт.
3.1.Толгой, цээжний КТГ-н төлбөрт 270,000 төгрөг тушаасан баримт /хх 23 х/
3.2.А.Моос 270,000 төгрөг О.Од шилжүүлсэн дансны хуулга /хх 161 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.
Шүүгдэгч А.Мын “...куртикны зүүн талын мөрнөөс зуураад байхаар нь гараараа баруун гар руу нь хойшоо түлхээд тавиулсан чинь хөл алдаад шатанд бүдрээд зүүн талаараа унаад гараараа тулаад босож ирсэн. Шат руу унахаасаа өмнө намайг гараараа цохиж маажих гээд байхаар нь биеэ хамгаалаад түлхсэн юм. Шатан дээр уначихаад босож ирэхдээ чи намайг яахаараа зоддог юм гэж хэлээд орилж хашгираад байсан. ...” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Гэм буруугийн талаар.
А.М нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 28-р байранд байрлах “Киев” РС тоглоомын газрын гадна үүдний шатан дээр О.Отай “урьд нь зарсан сандлуудын үнийг төлөөгүйн улмаас буцааж авна” гэх асуудлаас болж маргалдан түүнийг шатан дээр түлхэж унагаан эрүүл мэндэд нь “зүүн бугалга, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч А.Мын “...куртикны зүүн талын мөрнөөс зуураад байхаар нь гараараа баруун гар руу нь хойшоо түлхээд тавиулсан чинь хөл алдаад шатанд бүдрээд зүүн талаараа унаад гараараа тулаад босож ирсэн. Шат руу унахаасаа өмнө намайг гараараа цохиж маажих гээд байхаар нь биеэ хамгаалаад түлхсэн юм. Шатан дээр уначихаад босож ирэхдээ чи намайг яахаараа зоддог юм гэж хэлээд орилж хашгираад байсан. Тэр үед ажлын газрын залуу нь гүйж ирээд намайг чи хүн зодлоо гээд өмдний тэлээнээс татаад тавихгүй байхаар нь тэр залууг багалзуурдаж аваад тавь гэж хэлээд гарыг нь тавиулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42, 43-46 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч О.Оы “...М ирчихсэн надад зарсан сандлаасаа 2 сандал гаргаад машин дээр тавьчихсан, дахиад 1 сандал зөөж байхаар нь чи ингэж болохгүй би чамд 210,000 төгрөгийн өртэй авбал 2 сандал ав, 3 сандал авбал зөрүү мөнгийг нь өгөх ёстой гэтэл тийм юм байхгүй чамд яахаараа мөнгө өгдөг юм гэж хэлэхээр нь чи бүх сандлаа аваад яв, миний өгсөн мөнгийг өг гэтэл хуц гэж хэлсэн. Би сандлаа өгөхгүй гээд нэг талаас нь зуураад, М нөгөө талаас нь зуураад булаацалдаад маргалдсан чинь миний хөл рүү өшиглөхөд нь би шат руу унасан. Унахдаа шат руу зүүн гараараа тулаад гулгасан. Би босож ирээд чи яахаар хүн зоддог юм гээд орилсон чинь цээжний баруун талд гараараа цохих үед би хойшоогоо шатны уруу нуруу хэсгээрээ унасан, тэр үед манай ажилтан Ц гарч ирээд та эмэгтэй хүн цохиод байхдаа яадаг юм гэж хэлээд Мыг бариад авсан. ...миний цээж рүү цохисны улмаас баруун талын хөх хагарсан талаар цээжний томографид харуулахад хэлсэн. Би Мыг цохих үед хагарсан гэж бодож байгаа. Яагаад гэвэл М цээж рүү гараараа цохисон. Тэгж их өвдсөн зүйл тухайн үед байгаагүй. Цохих үед хүчтэй цохилтын мэдрэмж төрсөн. Шүүх эмнэлэгт үзүүлэх үед хөхны инфлант хагарсан байх магадлалтай талаар хэлсэн, эмч дүгнэлтдээ тусгасан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-21 х/
Гэрч Г.Цогбадрахын “...Оаа эгч үүдний шат дээрээс зодоод байна гэж орилохоор нь очих үед О эгч шатнаас унаад босож байсан, би очоод нөгөө залууг чи яагаад байгаа юм бэ гэтэл нөгөө залуу намайг заамдаж авснаа зүгээр байгаарай гэж хэлчихээд тавиад цаашаа 1 сандал бариад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-29 х/
Шинжээчийн 13593 тоот дүгнэлт
1.О.Оы биед зүүн бугалга, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 32 х/ гэх дүгнэлт /хх 32 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн асуудлаар болон О.Оы эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийн талаар маргаагүй боловч шүүгдэгч нь “хохирогч О.Оы хөхний инфлантыг эвдэлж гэмтээгээгүй”, өмгөөлөгч Л.Цэндоо “хөхний инфлантыг миний үйлчлүүлэгч эвдлээгүй учраас уг асуудалтай холбоотой хохирлын асуудлыг төлөх үндэслэлгүй” гэх тайлбаруудыг тус тус гаргасан.
Шинжээчийн 13593 тоот дүгнэлтэнд: “... 2017.10.28-ны өдрийн Цээжний хөндийн КТГ-д: ..., хоёр талын хөхөнд инфлант хийгдсэн ба баруун талын инфлантыг зүүн талтай харьцуулахад хэмжээгээр бага зэрэг жижгэрсэн, инфлантын гадаргуу жигд бус, гадаргууны гадна хэсгээр инфлантын шингэн тархсан өөрчлөлт тодорхойлогдоно./Инфлант хагарсан байх магадлалтай/.Зүүн талын инфлантын гадаргуу жигд, бүтцийн өөрчлөлтгүй гэж тусгагдсан,
Шүүгдэгч А.Мын “...куртикны зүүн талын мөрнөөс зуураад байхаар нь гараараа баруун гар руу нь хойшоо түлхээд тавиулсан чинь хөл алдаад шатанд бүдрээд зүүн талаараа унаад гараараа тулаад босож ирсэн. Шат руу унахаасаа өмнө намайг гараараа цохиж маажих гээд байхаар нь биеэ хамгаалаад түлхсэн юм. Шатан дээр уначихаад босож ирэхдээ чи намайг яахаараа зоддог юм гэж хэлээд орилж хашгираад байсан. ...” гэх мэдүүлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр хөхний инфлантны гэмтэл нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй.
Хөхний инфлант нь гадны биет учраас гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болох нь шинжээч эмч Ш.Цэцэгмаа /хх 145-146 х/-ийн тайлбараар тогтоогдсон.
Хөхний инфлантын гэмтэлтэй холбоотой гарах зардал нь гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт хамаарах тул хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич шийдвэрлүүлэх асуудлыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.
Хохирлын талаар.
Хохирогч О.О КТГ-н оношилгоо хийлгэсний төлбөрт 270,000 төгрөг зарцуулсан болох нь хавтаст хэргийн 23 дугаар хуудсан авагдсан төлбөрийн баримтаар тогтоогдож байгаа бөгөөд уг төлбөрийг шүүгдэгч төлсөн болох нь хавтаст хэргийн 161 дүгээр хуудсанд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон.
Хохирогч бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич шийдвэрлүүлэхийг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй гэж үзсэн.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.
А.М-д холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч учруулсан бодит хохирол 270,000 төгрөгийг бүрэн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн учраас эдгээрийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож өгнө үү гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Тухайлбал: Хохирогч КТГ-н оношлгооноос гадна эм тариа хэрэглэсэн, эмнэлэгт үзүүлэхэд унааны төлбөр зэрэгт мөнгө зарцуулсан, хөхний инфланттай холбоотой зардлын нотлох баримтуудаа гадны улсаас цуглуулах учраас бүрдүүлж чадаагүй гэх зэргээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирол, гэм хорын төлбөрүүд бүрэн төлөгдөөгүй, хохирогч нь шүүгдэгчтэй иргэний эрх зүйн хэлцлийн дагуу сандлын худалдаа хийж, уг эд хөрөнгө хохирогчийн мэдэлд бүрэн шилжсэн, өөрийн эзэмшлийн эд хөрөнгөө бусдын халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд төлбөрөө төлөөгүй удсан асуудлыг шүүгдэгч нь эв зүйгээр болон зохих хууль журмын дагуу шийдвэрлүүлээгүйн улмаас уг гэмт хэрэг гарсан нь хохирогчийн зүй бус үйлдэлтэй холбоогүй, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх боломжгүй учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй.
Ял шийтгэлийн талаар.
А.Мын гэм буруутайд тооцогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа.
А.М нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй зэргийг харгалзан үзээд түүнд шүүхээс 1,100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 төгрөгийн торгуулийн ял оноохоор шийдвэрлэж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг түүнд үүрэг болгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Бусад асуудлын талаар.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн куртикийг эзэмшигч болох А.Мд буцаан олгох нь зүйтэй гэж үзсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зээрд овогт Агийн М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Мыг 1,100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг А.Мд үүрэг болгосугай.
4.А.Мын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч импланттай холбоотой болон бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн куртикийг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч А.Мд буцаан олгосугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ