Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ДШМ/144

 

 

 

 

 

2022              02            01                                       2023/ДШМ/144                        

 

Ө.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Одонтуяа,

яллагдагч Ө.О-ын өмгөөлөгч М.Өлзийцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/2131 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Ариунаагийн бичсэн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай эсэргүүцлээр Ө.О-т холбогдох 2203006030547 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

О-,

 

Ө.О- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цаг 05 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дугаар хороо, Өлзийт хорооллын замд “Toyota prius загварын **** УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7-т “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .../...мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас “Тоуоtа aqua” загварын ****УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгслийн зорчигч Б.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Г.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Ө.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадалгаа гаргаж болно мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно" гэж тус тус заасан бөгөөд мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгчийн магадалгаа нь шинжээчийн дүгнэлттэй нэгэн адил нотлох баримтаар тооцогддог болно. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгч...- ийн хувиар оролцсон бол” шинжээчээр оролцож болохгүй”, мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно" гэж тус тус заасан байхад энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Сүхбаатар нь зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэшсэн шинжээч, эсхүл тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч-шинжээчийг хуульд заасан журмын дагуу томилохгүйгээр, өөрийн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг бие даан үнэлэж “Мөрдөгчийн 1231 дугаартай магадалгаа” гаргажээ. Мөрдөгчийн 1231 дугаартай магадлагаанд “жолооч Ө.О-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн. “Тоуоtа Аquа” загварын ****УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна гэжээ. (хавтаст хэргийн 122-123 тал)

Зам тээврийн ослын хэрэгт холбогдсон жолоочийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхийн тулд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилгоор тусгай зөвшөөрөл бүхий шинжээчийг, эсхүл тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч-шинжээчийг томилж дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай бөгөөд томилогдсон шинжээч нь зохих тусгай мэдлэг, туршлагыг эзэмшсэн, гаргасан дүгнэлт нь шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлал, хууль ёсны нотлох баримтад тулгуурласан, тавигдсан асуултад бүрэн дүүрэн хариулт өгч чадсан эсэхээс хамаарч тухайн дүгнэлтийн нотолгооны ач холбогдол тодорхойлогдоно. Энэ хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай байх тул яллагдагч Ө.О-т холбогдох эрүүгийн хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Ө.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Ариунаа бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, ...гэж үзвэл магадлагаа гаргаж болно” гэж хуульчилсны дагуу Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Сүхбаатар нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой гэж үзэн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад үндэслэн 1231 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа”-г гаргасан. “Мөрдөгчийн магадлагаа”-гаар жолооч Ө.О- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .../... мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг тус тус зөрчсөн байна. Жолооч Г.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна гэсэн магадлагааг гаргасан. Хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн “Өлзийсайханы О-ын жолоодох эрх хасагдсан төлөвтэй байна” гэх 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23/2067 дугаартай албан бичгээр яллагдагч Ө.О- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь тогтоогдсон. Мөн тухайн зам тээврийн осол нь 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цаг 05 минутын орчимд гарсан бөгөөд хохирогч Г.А-ын “...Би тэр машиныг 200 орчим метрийн наанаас хараад сигналаа дарахад тэр чигээ өөрчлөхгүй урсгал сөрөөд л яваад байхаар нь би тэр чигт нь өөрийнхөө урсгалаар гаргах гээд нөгөө урсгал руугаа орсон. Яг тэр үед нөгөө жолооч гэнэт буцаад өөрийнхөө урсгалд ороод замын гол хэсэгт надтай мөргөлдсөн...” гэх мэдүүлэг, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүдээр нотлогддог. Мөрдөгчийн магадлагаа нь хэрэгт цугларсан үйл баримтуудтай харилцан хамааралтай, уялдаа холбоотой, хоорондоо зөрүүгүй тул түүнийг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй, мөн хэргийн оролцогч нарт танилцуулахад магадлагааг зөвшөөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шинжээч томилох шаардлагагүй гэж үзсэн болно. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д "шинжээч" гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг ойлгоно гэж тодорхойлсон бөгөөд мөрдөгч нь уг тодорхойлолтод хамаарахгүй этгээд тул “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж мөрдөгч магадлагаа гаргасан” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хавтас хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/2131 дүгээр захирамжийг хянуулж, хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...прокурор А.Ариунаагийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. ...” гэв.

 

Яллагдагч Ө.О-ын өмгөөлөгч М.Өлзийцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Хэргээ шийдвэрлүүлэх сонирхолтой байна. Хохирлыг бүрэн төлсөн. Заавал шинжээч томилж асуудлыг шийдвэрлэх шаардлагагүй. Буруутай юу, үгүй юу гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байдаг. Шинжээчийн дүгнэлтийг хохирогч хүлээн зөвшөөрдөг. Ямар нэгэн маргаан байдаггүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ө.О-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хангалттай цугларсан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн Ө.О-ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

 

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн бодит байдлыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Хэргийг мөрдөн байцаалтад буцааж, дахин шалгуулах шаардлагагүй талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

Давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүхийн гаргах шийдвэрийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд зохицуулсан бөгөөд уг зүйлийн 1.3 дахь заалт буюу “энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” гэснийг Улсын Их Хурлаас баталсан 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон ба энэ хууль мөн оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүчин төгөлдөр болсон байна.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тогтоох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/2131 дүгээр захирамжийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хэрэг прокурорт очтол Ө.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН